УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралд суудаггүй, ажлаа хийдэггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нарын хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээд маргаан үүсгэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэн хандлаа. Энэ үеэр хуульч Д.Миеэгомбоос УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой асуудлыг тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн ямар заалтыг үндэслэн гаргасан бэ. Цэцээс маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Цаашид яах вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлд УИХ-ын гишүүн нийт ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг. Мөн УИХ-ын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан нь УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн нь чуулганы болон байнгын хорооны хуралд сууж байж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг гэж ойлгогдоно. Чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь ард түмний төр барих эрхийг зөрчөөд зогсохгүй. Өргөсөн тангарагаа зөрчиж байна гэсэн үндэслэл юм. Эдгээр үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан энэ асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шалгасан. Өнгөрсөн баасан гарагт маргаан үүсгэхээс татгалзлаа гэсэн тогтоол гарсан байна лээ. Одоо энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн бага суудалд гомдол гаргах хууль зүйн боломж бий. Энэ боломжоо ашиглана. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаатай байж болзошгүй учир шалгаж буй цэцийн гишүүнийг сольж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан утсаар залгаж дарамталсан зүйл байгаа.
Ажлаа хийдэггүй УИХ-ын гишүүнд хууль эрх зүйн хүрээнд хариуцлага тооцох өөр боломж бий юу?
Улсын Их Хурлын гишүүн гэдэг хэн байх ёстой билээ. Тэр хүний ухамсар, ёс зүй, хууль дээдлэх байдал ямар байх ёстой билээ гэдэг байдлаас хандах юм бол байж болохгүй асуудал юм. Хэрвээ Үндсэн хуулийн зөрчил гэж үзээд уг асуудалд Цэцээс цэг тавих юм бол Монголын улс төрд, төрийн өндөр албан тушаалтнуудад жишиг тогтоосон үйл явдал болох юм. Нэг л зарчим дээр хуульчид нэгдсэн байгаа. Энэ асуудлын эцсийг үзнэ. Загас толгойноосоо эхэлж өмхийрдөг гэж үг бий. Монголын улс төрд яг ийм байдал харагдаж байгаа.
Г.Дугар shuurhai mn
24news.mn