2024 оны 12 сарын 14
Зочин
Б.Пүрэвсүрэн: Ямар ч гэгээлэг соёл иргэншлийн цаана соёлын хаалттай амьдрал байдаг

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй нүүдлийн болон суурин соёл иргэншлийн талаар ярилцлаа.

 


 

-Нүүдлийн соёл иргэншлийг өнөөдрийн монголчууд бид, залуу үеийнхэн юу гэж харж, тодорхойлох ёстой юм бэ. Нүүдэлчид гэхээр малаа дагаад нүүдэллэдэг хүмүүс ээ гэж л хүлээж авдаг. Тэгвэл нүүдэлчдийн философи гэж юу байдаг юм бол оо?

 

-Монгол орон бол нүүдэлчдийн өлгий нутгийн нэг. Нүүдэлчин олон ард түмний нэг гэж хэлэх нь зүйтэй. Учир нь Евро Азийн өргөн уудам нутагт их тал газарт голлож амьдарч ирсэн малч, тариаланч, анч гээд олон янзын хүмүүсийг бид нэлэнхүйд нь нүүдэлчин гэж хэлээд байгаа. Дээр нь нүүдэлчид гэж хэн бэ гэдгийг дэлхий дахинаа эргэж харах хэрэгцээтэй болсон юм шиг байгаа юм. Ялангуяа номадик гэж яриад байгаа энэ хүмүүс бидний ярьж байгаа нүүдэлчид, өрнө дахиныхны нүүдэлчид хоёр өөр байж болзошгүй.

 

Монголчууд бид таван хошуу малаа эргүүлж тойруулдаг малч удмын яг сонгодог нүүдлийн өвийг тээж яваа ард түмэн. Үүнээс гадна циганууд, Арабын сахарын цөлд амьдарч байгаа зэрэг нүүдлийн амьдралын хэв маягтай хүмүүс олон. Энэ дундаа бидний ярьж байгаа монгол нүүдэл гэж тусдаа ойлголт. Монгол нүүдэл дотор олон янзын хэлбэрүүд байна.

 

Өнөөдөр ийм сонгодог нүүдлийн хэв маяг харьцангуй буурч байна гэж судлаачид үздэг. Тэгэхээр бүрэн арилж устаж алга болоогүй ч ялангуяа манай баруун Монголд Алтайн уулс, бараг зарим нь өндрийн нүүдэл ч гэж нэрлээд байгаа өндөр уулын бүсэд нүүдэг нүүдэлчид гэж өвөрмөц амьдралын хэв маяг өнөөдрийн байдлаар оршиж байна. Мөн Хөвсгөлийн Дархадын бүс нутагт сарлаг хайнагаар голлож нүүдэг, нэлээд урт бартаат замын нүүдлийн амьдрал байгаа. Эдгээр нүүдлээс гадна ердийн, тал хээрийн, тэмээ мал морь хөсөг, машин унаагаар ч нүүж байгаа хэлбэрүүд бас бий. Тэгэхээр энэ нүүдлийн амьдралын хэв маяг цаашдаа хэр их зүй ёсоор хадгалагдах ёстой вэ, үгүй юу гэдэг асуудал ярьж байна.

 

Миний харж байгаагаар маш товчхоноор хэлэхэд энэ амьдралын хэв маягийг цаг үе, орчин үетэй нь хөл нийлүүлээд уугуул, суурь шинж чанаруудыг нь алдагдуулахгүйгээр цаашид тодорхой хувь хэмжээгээр хадгалж явах нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

-Чухал болохыг судлаач хүний хувьд тодорхойлж хэлбэл илүү итгэл үнэмшил, барьцтай юм болов уу?

 

-Олон талаас нь тайлбарлаж болно. Жишээ нь, энэ монгол нүүдэл гэдэг монгол соёлыг цогцлоож амьдруулж яваа гэдгээрээ онцгой чухал зүйл. Монгол соёл гэдэг өөрөө монгол соёл иргэншлийг бүрдүүлж байгаа хүчин зүйл, тогтолцоо. Монгол соёл нэн тэргүүнд хүн нь хүнтэйгээ харилцдаг хүмүүн харилцааны тогтолцоо. Хоёрдугаарт, хүн байгальтайгаа харилцдаг, дэлхийд бараг хамгийн чухал өвөрмөц үзэгдлийг тээж яваа хэлбэр. Тийм ч учраас монгол хүн бол өөрсдийгөө яагаад ч юм байгалийн үр сад гэдэг концепцийг цаанаа тээж явдаг.

 

Бүр энгийнээр бол би уул усны үр сад гэж ойлгож явдаг маш өвөрмөц харилцаа байгаа юм. Өнөөдөр ч гэсэн хүмүүс өөрийн төрсөн нутаг, аав ээжийн төрсөн нутгаараа овоглож, нэрлэж, засаг захиргааны нэгжүүдээ хүртэл өөрчилж чадахгүйгээр хадгалж яваа нь хүн байгальтайгаа харилцаж ирсэн унаган шинж чанар. Монгол соёлд хүн хүний бүтээлтэй харьцаж ирсэн гурван шинж монгол соёлын цаана агуулагдаж байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, бид нүүдлийнхээ амьдралыг цааш нь авч явахдаа өөрсдийнхөө бүтээсэн эмээл хазаар, ногт чөдрөөс эхлээд өөрийн амьдарч суурьшиж ирсэн монгол гэрийн бүх зүйлийг нийтийн үйлдвэрлэлээр биш өөрсдийн гар үйлдвэрлэл маягаар, уламжлалт монгол урлахуйн арга барил, урлахуйн өвөрмөц орчин нөхцөлд хийж бүтээж ирсэн явдал монгол соёлыг бүрдүүлж ирсэн. Үүний цаана олон зуун жил бидний амь амьдралыг авч тээж ирсэн нүүдлийн сонгодог мал аж ахуй, амь бөхтэй маш чанартайгаар оршиж өдийг хүрч ирсэн учиртай.

 

-Цаг үеэ дагаад бид өнөөдөр суурин соёл руу нүүж байна. Ард түмэн ч үүнийг хүсдэг. Суурин соёл иргэншилтэй улс гүрнүүдийн соёл, хөгжлийг дагах ёстой гэж үздэг. Үүний талаар ямар ойлголтыг бид онцлох ёстой юм бэ?

 

-Соёл иргэншлийн судалгааны ном зохиолуудад ангилахдаа хэлбэржилтээр нь нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил гээд маш ерөнхий ангилдаг. Гэхдээ энэ хоёр өөрөө яг хөдөлгөөний үүднээс аваад үзэхэд туйлын шинжтэй үзэгдлүүд биш. Нүүдэл гэхээр үргэлж нүүгээд байдаг юм биш. Суурьшмал гэхээр байнга гэртээ суугаад байдаг юм биш шүү дээ. Энгийнээр тайлбарлабал, бидний суурьшмал гэж ойлгоод байгаа хотжилт улам том болоод ирэхийн хэрээр нэг хотын захаас нөгөө захад гарч ажил амьдралаа зохицуулдаг, нэг хотоос нөгөө хот руу нүүдэллэж ажлаа хийдэг хүмүүсийн хувьд бараг нүүдэлчдээс илүү амьдралынх нь хоногийн ритм нь зам дээр өнгөрч байгаа.

 

Харин нүүдэлчдийн цаана мал нь хөдөлгөөнт шинжтэй байгаагаас биш ахуй амьдрал нь харьцангуй тогтвортой, суурьшмал өнгө аястай байдаг. Тиймээс үг хэллэгийн хувьд нүүдэл суудал гэдэг үг бол хосмолжин байдлаар хэрэглэгдэх нь илүү зохимжтой. Яахав, социал утгаар нь авч үзвэл нийгмийн хөгжлийн, хотжилтын, хүн ам зүйн төвлөрөл, 1000 м.кв-т орших хүн амын өсөлтөө дагаад улам л нэмэгдэж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл ирээдүй судлалын үүднээс цаашдаа дэлхийн хүн ам улам бүр л суурин байран, байшин сууцанд амьдардаг хэв маяг руу бүхэлдээ явж байна. Буурна гэсэн таамаглал байхгүй. Түүний нэг илрэл болж манай улсын хүн амын тал нь Улаанбаатар хотдоо суурьшчихаад байна. Ер нь хот гэдэг үг ч хүнийг татдаг байж болзошгүй. Тиймээс Монгол орны хөгжлийн хувьд цаашдаа хотуудыг бүсчлэн хөгжүүлэх, аймгуудыг бүсийн төв болгох ажлууд улам өрнөх ёстой. Ийм ч агуулгаар энэ удаагийн УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр хойд урд бүсүүдэд хуваагдаж анх удаа хийгдэж байгаа нь нэг талаар сайшаалтай. Гэхдээ эндээс гарах сөрөг үр дагавар удахгүй тодорхой болно. Сонгуулийн утгаараа ч тэр, хүн амын парламентад төлөөлөх байдлаараа ч тэр.

 

-Та юуг хэлэх гээд байна вэ?

 

-Одоогийн бидний сонгууль дандаа хүн, газар нутаг төлөөлөх зарчим дээр суурилж яваад байгаа юм. Сонгогдож байгаа процесс нь тийм ч гэсэн сонгогдсоныхоо дараа монгол төрийн түшээ болж байгаа гэдгээ огт ойлгодоггүй. Өнгөрсөн сонгуулиас хойш бүгд л манай аймгийн гишүүн, манайхаас гарсан хүн гэдэг явцуу үзлийн хүрээнд хандаж ирсэн. Тиймээс алс баруун аймагт сонгогдож байсан хүн Дорнодод, зүүн бүсэд нэр дэвшинэ гээд очвол бараг тэр хүнийг солиорсон байна гэж үзэх түвшинд манай улс хүрч, хуваагдсан байна. Ийм оюун санааны үнэт зүйлсийн хуваагдал алс ирээдүйд улс орны нэгдмэл байдалд маш хортой. Монгол соёл, Монголоо гэх сэтгэлийг иймэрхүү үйл явц, эрх зүйн зохицуулалтууд хуваагдмал байдал руу улам гүнзгийрүүлэх аюултай гэж таамаглаж байна.

 

-Нүүдлийн соёл иргэншлийг бид авч үлдэх ёстой, монгол соёл бол өвөрмөц нүүдлийн соёл гэж та онцоллоо. Даяаршлын үр нөлөө нүүдлийн соёлд гарч байна уу. Та бид өмнө нь ярилцаж байхад монгол хүн нэгнээ бодох, хайрлах сэтгэл үгүй болж байна. Амин хувиа хичээх үзэгдэл ихээр бий болжээ гэж тодотгож байсан?

 

-Хөдөөний иргэд амьдралын эрхээр суурьшмал газар орж ирээд амьдарч байна. Хотын түгжрэл, утаа униар, гэмт хэрэг, болохгүй бүтэхгүй бүх юм хөдөөнийхнөөс болж байна гэдэг хандлага түгээмэл болчихсон. Хамаг болохгүй бүхний үүр уурхай юм шиг ярьж сурталчилдаг явдал нэг талаар өрөөсгөл юм. Яагаад гэвэл тэдний амьдралын хэв маяг хотын соёл, нийтийн соёлд шууд орж ирэнгүүтээ дасна гэж байхгүй. Тэднийг дасгах, заах сургах зүйлүүд хэрэгцээтэй байхыг үгүйсгэхгүй. Хоёрт, Монгол орны хөгжилд яах аргагүй мал аж ахуй, уул уурхай, газар тариалан, аж үйлдвэр гэдэг дөрвөн салбарын хослол найрслыг зөв зохистойгоор авч явах ёстой. Цаашдаа бие биенээ үгүйсгэсэн дайсгаснасан байдлаар улам бүр өрнөөд байвал Монголын хөгжилд, Монголын соёл иргэншил, эцсийн эцэст бидний амьдралд хамгийн сөргөөр тусах нь дамжиггүй. Үүнийг гадна дотны оролцоотойгоор улам бүр дэвэргэх вий гэж болгоомжилж байна.

 

-Та суурин соёл иргэншлийн зүгээс нүүдлийн монгол соёлыг дүгнэж ярилаа. Эрсэг байр сууринаас харъя л даа. Нүүдлийн соёл иргэншлийн гол төлөөлөл болсон малчид, хөдөөний иргэд цаг үеэ, нөхцөл байдлаа дагаад өөрчлөгдөн хувьссан. Монголын хөдөөд өрөвч нинжин сэтгэлтэй, цайлган гэнэн иргэд байдаг гэдэг ойлголт байдаг. Гадныхан ч үүнд элэгтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ хандлагаар явсан гадны жуулчид, аялагчид Монголын хөдөөд эрсдэлд ордог аюул бий болсон. Бид зүгээр бусад улс орны иргэдтэй л адилхан. Өрөвч нинжин сэтгэлтэй, цайлган гэнэн гэдэг бол домог яриа төдий гэж харах ёстой юм биш үү?

 

-Манай хүрээлэнгээс хөдөөгийн амьдралын хэв маягийн суурь судалгааг олон жилийн өмнөөс хийж ирсэн. Малчид, орон нутгийн иргэдийн амьдралд нэлэнхүйд нь маш их өөрчлөлт гарч байгаа гэдэг нь судалгаанаас тодорхой харагддаг. Тэдний үздэг байсан үзвэр үйлчилгээ өөр болсон. Дээр үед соёлын үйлчилгээг явуулаар үзүүлдэг байсан бол бүгд өөрсдийн ахуйн хүрээнд мэдээллийг зайнаас авчихдаг боллоо. Гэсэн хэдий ч нөгөө талаас зарим иргэдийн хувьд хүн хүний хүрэлцээ муутай, хот руу шилжих, хөдөлгөөн их болсон. Өөрсдөө малдаа дарагдсан, түүндээ их ядарсан, түүртсэн. Түүнийгээ дагаад инээд баясал биш уур уцаар бухимдал, сэтгэл санааны дарамт газар авсан байна гэж харагддаг.

 

Таны асууж байгаачлан ийм зүйлүүд байгаа. Хэвлэл мэдээллээр харж байхад ч ажиглагддаг. Гэхдээ бас нэг сөрөг зүйл бол гадны жуулчин ч бай, судлаачид ч бай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орон нутгаар маш их тэнүүчилж, төр засгийн холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр судалгаа авдаг. Учир нь үл ойлгогдох, орчуулгын шинжтэй анкетаар хүнийг залхтал нь юм асуудаг. Хэт нарийн, хүний амьдралын дотоод нууц бүхий, хувийн нууцын шинжтэй асуулт асуудаг. Түүнээс болоод залхсан үзэн ядсан эсвэл урдаас нь мөнгө төгрөг нэхдэг, худлаа хариулдаг, зөвхөн шинжлэх ухааны судалгаа талаас нь харуулахад зохимжгүй зүйлүүд их байгаа юм.

 

Ямар ч хөгжингүй орон байлаа гэхэд өөрсдийнх нь уламжлалт зан үйлээс үлдсэн үзэгдэл хэв маягийг гадны хүнтэй нийлээд муулаад хамтраад судлаад, энэ нь ийм шүү, үүнийг дэлхий дахинд гаргаж тавья гээд явдаг хүн байдаггүй юм. Ямар ч гэгээлэг гял цал соёл иргэншлийн цаана соёлын табу буюу хаалттай амьдрал байдаг. Түүнийгээ монголчууд болохоор юм л бол гадны камер барьсан хүн бүрт харуулдаг, үзүүлдэг. Түүгээр нь дэлхий дахинд Монголыг төсөөлдөг явдал байгаа юм. Хөдөө орон нутгийн тэр олон хэрмэл тэнэмэл зарим бүлэг үүргэвчтэй аялагчдаас болгоомжлох ёстой, заримыг нь хязгаарлах ч ёстой. Зөвшөөрөлтэйгээр судалгаа авахуулах ёстой. Харин албан ёсны агентуудаар дамжуулаад аялал жуулчлал хийж, Монголд 1000-аас доошгүй доллар үлдээж байгаа тэр хүмүүстэй бид өндөр хүндэтгэлтэй, соёлтой, хоол хүнсний болон зочлох үйлчилгээний хамгийн өндөр технологийг харуулах ёстой. Түүндээ монголчууд суралцах хэрэгтэй, суралцаж ч байгаа. Нөгөө талаас жуулчны компаниудын үүрэг оролцоо ч энд бий.

 

Мэдээж ямар ч монгол оронд хууль ёсоор нэвтрээд ороод ирсэн хүнтэй хууль бусаар харьцаж болохгүй. Дээрэмддэг, тонодог, үзэн яддаг байж болохгүй. Өнөөгийн олон соёлт дэлхий ертөнцөд монгол соёл бусдын нэгэн адил мөр зэрэгцэж оршиж байх ёстой. Бид өөрсдөө "ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэж ярьдаг мөртлөө ялгаатай арьсны өнгө, хэл яриа бүхий хүмүүсийг гайхаж харах хэрэггүй. Бид ч өөрсдөө бусад соёлд очоод гайхагдаж, сайн муугаараа хэлэгдэж байгаа жишээ баримтууд дэлхийгээр нэг байгаа. Тийм болохоор бүх нийтийн соёлын болосврол чухал байгаа юм.

 

Б.ЭНХЗАЯА

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.