2024 оны 11 сарын 24
Зочин
Д.Ганболд: Соёл урлагаа мартах нь тулгын гурван чулууныхаа нэгийг гээсэнтэй адил

Ч.ГАНТУЛГА
Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч Д.Ганболдтой Монголын соёл, урлагийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
 
–Улсын хэмжээнд үндэсний гэсэн тодотгол­той ганц театр танайх. Монголын язгуур урлагийн өв, охь болсон энэ газрын урын сан хэр баялаг вэ?

-Үндэсний гэдэг утгаараа бидний хийж буй уран бүтээл, хэлбэр, байгууллагын бодлого үргэлж ардын урлагийн сайн сайхан, түүнийг хүмүүст түгээн дэлгэрүүлэхэд оршиж байдаг. Манай урын санд ихэвчлэн дэлхийн болон ЮНЕСКО-гийн оюуны биет бус, биет өвд бүртгэгдсэн бүтээлүүд бий. Тухайлбал, хөөмий, бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, уртын дуу, морин хуурыг нэрлэж болох юм.

–Эдгээр өвийг түгээн дэлгэрүүлэх тал дээр танай хамт олон ямар бодлого баримталдаг вэ?

-2010 оноос зөвхөн насанд хүрэгчид болон жуулчдад зориулсан тоглолт хийгээд зогсохгүй хойч ирээдүй болсон хүүхдүүдэд үндэсний урлагаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго тавин хүүхдэд зориулсан дуулалт жүжгийг цогцоор нь тавьж байна. Бид таван хошуу малын төл малаар нь уран бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан юм. 2010 онд “Ишиг хөөрхөн”, 2013 онд “Эрх цагаан унага”, 2017 онд “Ижил хоёр ботго” дуулалт жүжгийг хийлээ. Тодорхой хугацааны дараа хурга, тугал хоёрыг хийхээр ярилцаж байна. Ингэснээр бид зөв  монгол хүүхдийг хүмүүжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Өнөөгийн нийгэм, амьдрах орчин хэт технологижиж байгаа учир нүүдэлчин соёл ахуй бүдгэрч, мартагдахад хүрчээ. Хотын хүүхдүүд хонь, ямаагаа ялгахгүй, нохойны үүлдрийг сайн мэддэг хэрнээ ботго тормоо мэдэхгүй байгаа нь эмгэнэл.

–Монгол ахуйгаа мартана гэдэг таны хэлдгээр хамгийн том эмгэнэл. Дэлхийд биднийг таниулах нэрийн хуудас нь нүүдэлчин соёл юмсан?
-Бид үүх түүх, хэрхэн бий болсноо мартаж болохгүй. Би хувь хүнийхээ хувьд үүнд эмзэглэдэг. Тиймээс өөрийнхөө чадах зүйлээр буюу тайзан дээрээс, уран бүтээлээрээ хашгирахсан гэж хичээж байна. Зөвхөн соёл, урлаг ч биш үндэсний хувцсаа зөв өмсөх нь хүртэл монгол соёл шүү дээ. Үүнийг эх орноосоо хол явсан хүн л илүү ойлгодог байх. Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн монголчууд уртын дуугаа сурахсан, морин хуураа тоглож сурмаар байна гэж бидэнд ханддаг. Үүнээс гадна гадны контентууд, олон ангит савангийн дуурьт хяналт тавих цаг болсон. Өнөөдөр гараад харахад эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй залуус байна. Монгол эр хүний үнэлэмж ингэтлээ уначихсан байгааг харахад харамсах сэтгэл төрдөг. Тэр залуусаас очоод уртын дууны ганц бадаг аялаач гэхэд мэдэхгүй дээ. Хуриман дээр магадгүй солонгос дуу л дуулах байх. Ийм цаг ойрхон байна.

–Улс орон оршин тогтнох гол үндэс нь соёлын дархлаа гэдэг мөртлөө энэ салбар нь биеэ даасан яамгүй байна гэдэг өөрөө том асуудал юм даа?

-Бид өнөөдөр БСШУСЯ-ны шавхруугаар амьдарч байна. Манай уран бүтээлчид энэ талаар олон жил ярилаа. Даанч нэмэр алга. Монгол Улсын гавьяат жүжигчин хүн 400 мянган төгрөгийн цалин авч байна гэж бодохоор Монголын төр соёл, урлагийнхныгаа яаж дэмжиж байгаа нь тодорхой биз дээ. Томхон байгууллагын үүдний манаач ч ийм мөнгөөр амьдрахгүй. Төсвийн уран бүтээлчид хэдий гаднаа сайхан хувцастай ч бүгд 500 мянган төгрөгийн цалинтай. Бодит байдал нь цалингийн зээл, байрны лизин, зээлнээс зээлийн хооронд амьдарч байна. Зарим хүн та нар халтуур хийдэг, олсон мөнгө чинь цалингаасаа их байдаг гэж ярих юм. Байнга мөнгөөр дуулаад, оцойж овоолсон их мөнгө олоод оффшор дансанд хийчихсэн хүн төрийн хэвшлийн урлагийн байгууллагынхны дунд байхгүй. Харин урлагийнхан маань их даруухан. Хэрэв багш нар шиг ажил хаявал илүү хүчтэй хөдөлж чадна шүү дээ.

–Урлагийг яагаад нийгэм хоёрдугаарт тавьдаг юм бол?

-Манай төрийн өндөрлөгүүд урлагийнхныг эмч, багш шиг өдөр бүр чухал ажил хийдэггүй гэсэн өнцгөөс хараад байна. Үнэндээ өдөр бүр хэн нэгэн рүү залгахад ард нь явж байгаа дуу, өглөө бүр сэрээдэг төрийн дуулал, өдөр бүр өмсөөд гарч буй хувцас бүхэн урлаг байдаг. Хүмүүс цаг минут тутамд урлагаар амьдарч байгаа. Үүнийг ойлгохгүй байгаа нь өөрөө нийгмийн хоцрогдол. Үеийн үед энэ салбарыг удирдаж явсан төрийн өндөрлөгүүдийн баримтлах бодлого нь эхнээсээ алдаатай байсан учир өнөөдрийн урлаг үнэлэмжээ алдаад байна. Тусгаар тогтнолын тулгын гурван чулууны нэг нь соёл урлаг байтал энэ салбараа дэмжихгүй байж унасан машин, ухсан нүүрсээрээ дэлхийд танигдана гэдэг гонжийн жоо.

–Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, айлчин гийчид ирэхэд танай уран бүтээлчид л эх орныхоо нүүр царай нь болсоор ирсэн?

-Үе, үеийн төрийн тэргүүн, сайдуудын гадны оронд айлчлах, бусад орны төлөөлөгчид ирэхэд хамгийн эхэнд манай уран бүтээлчид нүүр тахалсаар ирсэн. Хүний нутагт очихоороо түүх, соёлоо саначихаад эх орондоо ирэхээрээ төмөр нүүрээ харуулдаг төртэй болоод удлаа бид. Айлчлал хийхээр явахдаа хэдэн дуучин авч явснаа дэлхийд монгол урлагаа сурталчилаад ирлээ гэж бид ч, төрийн өндөрлөгүүд нь бодох юм. Үгүй шүү. Үүнийг төрийн бодлогоор, цогцоор нь сурталчлах ёстой. Соёл урлагаа мартах нь тулгын гурван чулууныхаа нэгийг гээсэнтэй адил гэж би боддог. Хоёр хөлтэй тулган дээр цайгаа чанаад үз л дээ.

–Бид урлаг, соёлоо гадныханд алдаад дуусах нь. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бид соёл, урлагаа өмчлөхөөс илүү дэлхийд таниулж дэлгэрүүлэх нь чухал. Өнөөг хүртэл Японы мэргэжлийн сүмогийн тэргүүн оргилд яагаад монгол хүн байгаад байна вэ. Япончууд үндэсний спортоо ингэж дэлхийд сурталчилж, дэлгэрүүлж байгаа юм. Монгол аваргуудын хүчээр дэлхийн өнцөг булан бүрт сүмог сонирхох, хичээллэх хүн ихэсч байна. Харин манайхан гадны бөх ирээд барилдвал яаж муулж, хөөж явуулах бол. Үүнтэй адил бид урлагаа олон хүнд зааж, сургаснаар дэлхий хүлээн зөвшөөрнө шүү дээ. Бид “Хятадад манай морин хуурыг тоглож байна” гээд л бухимдах юм. Өөрсдөө халаасандаа хийгээд олигтойхон авч явж чадахгүй байж худлаа цээжээ дэлдэх хэрэг байна уу. Харин ч олон оронд энэ хөгжим тархаасай гээд залбираад сууж байх нь зөв гэж боддог.

–Тэгвэл уртын дуугаа дэлхийд сурталчилж, брэнд болгоё. Дэлхийн том театрт очоод зөвхөн үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн тоглолт хийе. Та бүхэнд юу хэрэгтэй байна?

-Төрийн бодлого хэрэгтэй байна. Манай салбарт дэлхийн том тайзыг түрээслээд нэг өдрийн тоглолт хийх хөрөнгө алга. Ойрхон хэдэн орон руу очоод дуулаад ирэх зардлын асуудлыг шийдэх гэж юу болдог билээ. Гэтэл зарим орны сайн дурын уран сайханчид, эмээ өвөөгийн чуулга ирээд манай тайзыг түрээслээд тоглолтоо хийчихээд явж байна. Тэдэнд хэдэн хүн үзэх нь хамаагүй. Зөвхөн үндэсний урлагаа дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилго өвөртөлж. Гэтэл манайхан Чингис хаанаа архины шилэн дээр зургийг нь нааснаа түүх соёлоо сурталчилж байна гэж хэлэх үнэндээ ичмээр санагдах юм.


–Урлагаа дэмжих хөрөнгийг хэрхэн босгох вэ?
-Монгол Улс уул уурхай түшиглэсэн эдийн засагтай. Энэ салбарт уралдаж буй олон том компани байна. Тэдний татварыг хөнгөлөөд 30-50 хувийг нь урлагийн салбартаа зориулбал өөрчлөгдөнө шүү дээ. Бидэнд техникийн шинэчлэл хэрэгтэй байна. Хувь хүнийх нь чадвар дэлхийн хэмжээнд хүрчихсэн хэрнээ бид техни­кийн дэвшлээр хоцрогддог. Өнөөдөр бид 1960-аад оны байшинд хоёр том театр үйл ажиллагаа явуулж байна. 60-аад орны барилгын чанар одоо ямар байх вэ. Онцгой байдлын газраас манайд нэгдсэн том үзлэг хийгээсэй гэж би хүсдэг. Техник аюулгүй байдлын төвшин доод хэмжээнд хүрчихээд байна.
–Театрын байрны асуудал дахиад хамхуул шиг хийсчихлээ. Танай хамт олон өөрийн байртай болно гэдэгтээ хэр итгэлтэй байна?

-Миний мэдэхээр энэ асуудлыг 20 жил ярьж байна. Засаг солигдох бүрт амлалт өгдөг. Өнөөдөр Монголын урлагийн гайхамшгийг үзье гээд ирсэн хүмүүсийн өөдөөс нүүр тахлах мэргэжлийн, зориулалтын театр алга. Уран бүтээлчид бидний цалинг овойж оцойтол нэмдэггүй юмаа гэхэд ядахдаа бэлтгэлээ чөлөөтэй хийх, төрийн баяр ёслолын арга хэмжээгээ хийчих байр бариад өгчихөж болдоггүй юм уу. Бидэнд “Барилга барих газар олдохгүй байна” гэ­сэн хариулт өгдөг. Гэтэл хрис­тийн сүм, цэнгээний га­зар барих болохоор газар ол­доод байгаад гайхаж байна.

–Бид яамтай байж үзсэн. Одоо л соёл, урлагийн салбар цэцэглэх нь гэсэн бодлоор олон уран бүтээлч тэтгэгдэж байсан байх?

-Төрийн бодлого хэрэг­жүүлэх яам нь тогтвортой байх шаардлагатай. Дор хаяж 8-12 жил болж байж өнөөх бодлого нь хэрэгжиж, үр дүнгээ өгнө. Гэтэл хоёр жил ч хүрэхгүй настай яамнаас бид юу хүлээх вэ. Бид агентлагийн хэмжээнд асуудлаа яриад үр дүн үзнэ гэдэг хэцүү. Нэгэнт л агентлаг гэж байгаа юм бол ядахдаа тэдэнд эрхийг нь өг л дөө.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.