Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшигтэй ярилцлаа.
-Та Элчин сайдаар томилогдоод нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоогоод 43 жил болж байна. Би өнгөрсөн оны хоёрдугаар сард томилогдож ирээд Кувейт улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт итгэмжлэх жуух бичгээ бариад ажилдаа орсон. Улмаар Монгол, Кувейтийн улс төр, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар болсон. Ингээд өнгөрсөн жил Монгол, Кувейтийн хоорондын анхдугаар хуралдааныг Кувейт хотод зохион байгуулсан юм. Манай талаас МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга оролцсон. Харин Кувейтийн талаас Сангийн дэд сайдын төлөөлөгч, бүх яамны төлөөллүүд оролцсон байдаг. Уулзалтаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан.
-Ойрын хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээр хийгдэхээр болсон. Манай талаас хөрөнгө оруулалт, санхүүжилт хүссэн бичгээ гардуулсан. Үүнийг Кувейтийн тал судалж байгаа. Мөн сэтгүүлчид солилцон сургалтад хамруулж байх асуудлыг ч ярьсан. Түүнчлэн Түлэнхийн төвийн санхүүжилтийн найман сая ам.долларын буцалтгүй тусламжийн асуудлыг шийдсэн байдаг. Мөн дөрвөн сая ам.долларын асуудлыг ярилцаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кувейт улсын Засгийн газар шийдвэр гаргаад Монголын талд хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байгаа. Ямар төсөлд санхүүжилт хийж, буцалтгүй тусламжаар авах вэ гэдгээ монголын тал шийднэ.
-Газрын тосны нөөцөөрөө дэлхийг тэргүүлдэг энэ орны хувьд иргэд нийгмийн халамжийн системээсээ их зүйл хүртдэг юм байна. Манай хоёр орны хувьд хэдийгээр алс хол байрлалтай ч гэсэн худалдаа наймааны хувьд хамтрах боломж байгаа юу?
-Арабын орнуудын иргэдийн хэрэгцээг Монголын ноолуураар хангах боломжтой. Энэ талаар холбогдох компаниудаас санал тавьсныг бид албан ёсоор Кувейтийн талд уламжилсан. Ер нь яриа хэлэлцээр хийгдээд явж байна. Манай Элчин сайдын яам Кувейтэд байрлалтай боловч булангийн хамтын ажиллагааны гишүүн зургаан орныг хариуцаад ажиллаж байгаа. Энэ зах зээлд Арабын 55 сая иргэн амьдарч байна. Саудын Араб, Бахран, Кувейт, Арабын нэгдсэн Эмират, Катар. Сэтгэлгээ нь ижилхэн, өмсөж зүүж байгаа нь ижилхэн учраас нэг зах зээлд орох боломжтой.
-Монгол Улс нефть боловсруулах үйлдвэр барих гэж байгаа. Тэгэхээр мэдээж энэ улсын газрын тосны салбарыг ихээхэн сонирхож байна. Кувейт улсаас ямар туршлага судалж болох вэ?
-Кувейт улс бага зардлаар ихийг олж чадаж байна. Үйлдвэр нь 1930-аад оноос үйлдвэрлэлээ эхэлсэн ч хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Газрын тосоо олборлохдоо хамгийн хямд зардлаар олборлодог. Тэгэхээр бид нэн тэрүүнд энэ туршлагыг нь судлах хэрэгтэй. Мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой. Элчин сайдын яамны зүгээс энэ асуудлаар ажиллаж, газрын тос импортлох хүсэлтээ тавьж байсан. Гэвч Кувейтийн талаас татгалзсан хариу өгсөн байдаг.
-Ямар учраас татгалзсан юм бол?
-Гурван учир шалтгааныг харгалзан үзэж татгалзсан байдаг.
Нэгдүгээрт, Монгол Улсыг нефть боловсруулах үйлдвэргүй
Хоёрдугаарт, тээврийн зардлаа яаж шийдэх нь тодорхойгүй, далайд гарцгүй орон.
Гуравдугаарт, Кувейт улс өөрөө газрын тос экспортлогч орнуудын АПЕК-ийн гишүүний хувьд олборлолтоо багасгасан байгаа учраас импортлох боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа.
-Кувейт улсад газрын тосны үнэ унаж, олборлолт багассанаас болж улсын төсвийн алдагдал нь 20 тэрбум ам.долларт хүрсэн гэх мэдээлэл байна. Газрын тосноосоо эдийн засгийнхаа 95 хувийг босгодог улсын хувьд энэ хүнд бэрхшээлийг хэрхэн яаж давдаг юм бол?
-Газрын тосны үнэ унаснаас болж, 2016 онд 21 тэрбум ам.долларын төсвийн алдагдалд орж байсан юм билээ. Тэгээд анх удаа 2017 оны нэгдүгээр сард 30 жилийн хугацаатай бонд гаргасан байдаг. Нийтдээ 83 тэрбум ам.доллар. Энэ мөнгөөр төсвийнхөө алдагдлыг нөхнө гээд хуримтлуулаад явж байна. Цаашид газрын тосны үнэ яах нь мэдэгдэхгүй. Энэ жилийн төсвийн төсөөллөөр газрын тосны үнийг 50 ам.доллар байна. Дахиад 20 тэрбум ам.долларын алдагдалтай төсөвтэй байх нь гээд төсөөлчихсөн байгаа. Гэхдээ өнөөдөр газрын тос 70 ам.доллар хүрчихсэн байна. Алдагдлаа нөхөхийн тулд бондноосоо гаргах уу, хойч үеийн сангийн мөнгөнөөсөө гаргах уу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь нөөц бол их. Олсон мөнгөө хойч үеийн санд байрлуулаад, мөн Кувейтийн хөрөнгө оруулалтын сан гэдэг байгууллагаараа дамжуулаад томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийгээд ашиг хүртээд явж байдаг.
-Хойч үеийн сандаа хэчнээн хувийг байршуулдаг вэ?
-“Кувейтийн хөрөнгө оруулалтын сан”, “Хойч үеийн сан” гэж хоёр тусдаа бий. Газрын тосноос олсон орлогынхоо 10 хувийг “Хойч үеийн сан”-даа байршуулдаг. Хөрөнгө оруулалтын газар нь олсон орлогыг төсөвт хуваарилаад үлдсэн орлогыг нь дэлхийн том компанийн хувьцааг худалдаж авах замаар ноогдол ашиг хүртдэг.
-Газрын тосны 200 жилийн нөөцтэй гээд байгаа. Хэрвээ газрын тосны нөөц нь дуусвал яах бол. Энэ асуудалд Кувейтийн тал хэр их санаа зовнидог вэ?
-Газрын тосны нөөц нь өнөөдрийн олборлож байгаа хэмжээгээр тооцвол 100 жилийн дараа дуусна гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэхдээ газрын тосны үнэ, олборлолтын хэмжээнээс шалтгаалаад эрх нь нээгддэг. Мөн батлагдсан нөөц нь 104 тэрбум баррель байна гэж үзээд байгаа. Батлагдаагүй нөөцүүд бий. Хайгуулын ажил маш их хийгдэж байна. Тэгэхээр ийм хугацаанд дуусна гэсэн зүйл байхгүй.
Гэхдээ Кувейт улс 2035 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Төлөвлөгөөндөө эдийн засгаа солонгоруулъя, булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудад санхүүгийн төв босгоё гэж байгаа. Тодруулбал, аялал жуулчлалыг дэмжих, жижиг дунд бизнесийг эхлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
-Манайд шатахууны үнэ үнэтэй бол энд хамгийн чанартай нь 800 төгрөг байдаг юм байна. Бараг ус нь илүү үнэтэй мэт санагдлаа. Тэгэхээр ус Кувейт улсын хувьд маш үнэ цэнэтэй юм байна?
-Халамжийн нэг хэлбэр нь шатахууны үнийг хямд байлгадаг. Худалдах зөрүү мөнгийг улсаас гаргадаг. Усны асуудал тулгамдсан асуудлын нэг. Кувейт улс бол ерөнхийдөө ус цэвэршүүлэх байгууламж бариад усаа хангадаг. Энэ технологи нь харьцангуй шинэ технологи юм байна лээ. Ундны ус хийдэг технологийг Эмиратад туршиж байгаа. Далайн усаа цэвэршүүлэх замаар усныхаа асуудлыг шийдэх зорилготой.
-Кувейт улсын халамжийн систем үнэхээр сайн юм. Халамжийн системийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Кувейтийн халамжийн системийн талаар ярихын тулд гурван зүйлийг бодох хэрэгтэй байх.
Нэгдүгээрт, Эрүүл мэндийн салбарт хэрхэн яаж халамж үзүүлж байна
Хоёрдугаарт, Боловсролын салбарт
Гуравдугаарт, Амьжиргааны түвшин доогуур, орлоготой багатай иргэддээ ямар халамж үзүүлдэг эсэх.
Боловсролын систем нь үнэ төлбөргүй байдаг. Сурч байгаа мэргэжлээрээ гадаадад сурах болвол улсаас тэтгэлэг олгоно. Мөн эрүүл мэндийн даатгал үнэгүй. Эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэнэ. Түүнчлэн гадаадад эмчлүүлэх шаардлага бол улсаас зардлыг нь бүрэн даана.
Халамжийн тухайд, хүүхдийн мөнгө олгоно, ажиллах чадвараа алдсан иргэддээ авч байсан цалинтай нь дүйцэх мөнгө олгоно. 2017 оны статистикаар нэг Кувейт өрх улсаасаа жилд 20 мянган ам.долларын халамж авсан байна.
-Энэ улсад баялгийн тэгш хуваарилалт явагдаж байна гэж харж байна. Хэдийгээр хаант засаглалтай ч их ардчилсан улс шиг санагдаж байна?
-Кувейт улсыг хаант засаглалтай орон боловч хагас ардчилсан гэж ярьдаг. Учир нь шийдвэр гаргах эрх мэдэл нь хаанд байдаг ч парламентын гишүүд нь иргэдээсээ сонгогддог. Арабын бүс нутагт парламентын гишүүдээ хаан нь томилдог. Харин Кувейтэд бол ард иргэд нь сонгодог. Парламентын гишүүд нь хууль тогтоох үүрэгтэй. Гэхдээ хуулийг эцсийн байдлаар хаан гарын үсэг зурж байж албажуулдаг. Мөн гишүүд нь хянан шалгах үүрэгтэй. Тийм болохоор хагас ардчилсан гэж үзээд байгаа юм. Баялгийн тэгш хуваарилалтын хувьд шүүмжлэл ихтэй. Зарим өрх худлаа өвдөж мөнгө авдаг, халамжийг хавтгайруулж байгаа гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг.
-Монголчуудын хувьд Кувейт улсад аялал жуулчлалын шугамаар ирэх боломжгүй байдаг юм байна. Харин сурч, боловсрол дээшлүүлэхээр ирдэг гэнэ. Суралцахаар ирж байгаа оюутнуудын хувьд ямар шаардлагыг хангаж байж ирэх вэ?
-Монгол Улс, Кувейт улсын хооронд Засгийн газрын хэлэлцээртэй. Энэ шугамаар жил бүр таван оюутанд бакалаврын чиглэлээр квот олгодог. Бакалаврын зэргийг авахын тулд араб хэлтэй байх шаардлагатай. Мөн Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд нэг юм уу хоёр жил их сургуульд сурсан байх ёстой. Одоо тус улсад Араб хэлний чиглэлээр хоёр монгол оюутан суралцаж байна. Ер нь шалгуур хангаад ирэх оюутан олддоггүй юм. Оюутнууд ирж суралцах нь Арабын ертөнцийг танина, хоёр улсын харилцаанд сайн нөлөөтэй.
-Бас нэг сонирхолтой асуулт байна. Саяхан энд “Авлигатай тэмцэх хороо” байгуулагджээ. Мэдээж баян оронд авлига цэцэглэж байгаа нь сонин санагдаж байна л даа. Ер нь Кувейт орон авлигатай хэрхэн яаж тэмцдэг юм бол?
-Авлигын асуудал Кувейт орны хувьд шинэ асуудал юм. Өнгөрсөн жил Авлигатай тэмцэх хороо байгуулсан. Олон улсын интернэшнл байгууллагаас нийт 180 орноос 85-д орсон байдаг юм билээ. Хороо байгуулсан шалтгаан нь 2016 онд 70 дугаарт байрт явж байсан бол одоо ухраад байгаа. Тиймээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон.
Кувейтэд авлигатай тэмцэх хууль байхгүй учраас нэн түрүүнд ашиг сонирхлын зөрчлийн хуулийг гаргах шаардлагатай гэж үздэг. Төрийн байгууллагын зарцуулалтыг аудитын байгууллага хянадаг. Аудит бол том эрх мэдэлтэй байгууллага юм. Цаашид авлигын хуулиа батлуулах байх гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.
Б.Батчимэг