Тавин сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Кембриж Аналитик компанид өгч, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн энэ долоо хоногт VOX агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Эрза Клэйн: Саяхан та “Фэйсбүүк компани энгийн компани бус Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсон” гэж хэлсэн. Энэ санаагаа баталж чадах уу?
-Марк Цукерберг: Мэдээж, Фэйсбүүкийн ашиглан хүмүүс улс төр, үзэн ядалт, хайр сэтгэл гэх мэт маш их хэмжээний мэдээлэл дамжуулж, хүлээн авч байна. Нэг дор оршиж буй хоёр тэрбум гаруй үзэл бодол, тэнд үүсэж буй маргааныг бид шийдвэрлэдэг. Үүний тулд бид Засгийн газартай адил, зохицуулах талбар, удирдлага бий болгон ажиллаж байгаа юм.
Гэхдээ энэ нь бидэнтэй тулгарч буй хамгийн том магадгүй философийн төвшинд яригдах асуудал болжээ. Хоёр тэрбум өөр сэтгэлгээ, соёлын эд эсийн үзэл болдыг нэгтгэж шийдвэрлэх хүнд үүрэг Калифорни дахь оффисын хэдхэн ажилчдад оногдож байгаа юм. Мөн бидэнд “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа тэдгээр хүмүүсийн хувьд хамгийн сайн засаглал юу болохыг олж тогтоож, хөгжүүлэх” гэсэн том асуулт тулгарч байгаа. Фэйсбүүк компани эдгээрт тохирох хамгийн эрх тэгш засаглалыг хөгжүүлэхээр хичээж ирсэн, цаашдаа ч хичээх болно. Мөн одоогийн засаглал хамгийн сайн биш байгаа нь миний санааг хамгийн их зовоож байна.
-Э.К: Сүүлийн жилүүдэд Фэйсбүүк компани хэтэрхий өргөн цар хүрээг хамарч, энгийн компанийн засаглалаар удирдах боломжгүй болоод буй мэт харагдаж байна?
-М.З: Бид ч энэ тухай хэлэлцэж байгаа. Дан ганц Фэйсбүүк ч биш, ерөнхий интернэтийн хэрэглээ өдөр ирэх тусам ихсэж, бид тасралтгүй шинэ сорилттой нүүр тулгарч байна. Бид өөрсдийн амжилтаа “Ямар ч асуудал тулгарахгүй” буюу хэр дардан зам туулж буйгаар бус, асуудал гарах тоолонд хэрхэн амжилттай шийдвэрлэж байна вэ? тухайн асуудал нь дахин гарч ирэх боломжтой юу? гэдгээр хэмжихийг хичээж байна.
-Э.К: Сүүлийн нэг жилийн дотор Фэйсбүүкийг тойрсон асуудал ихсэж, бүр хэтэрхий гэмээр даамжирч байна. Эхлээд хүмүүс хуурамч мэдээлэл гарч байна гэж байсан ч даамжирч, ОХУ-тай холбоотой мэдээлэл болон хувирсаар одоо хэдэн зуун сая хүнийг тойрсон асуудал гарч ирлээ. Бид Фэйсбүүкээр дамжуулан харж буй зүйлдээ итгэх боломжгүй болсон уу?
-М.З: Тийм ээ. Таны хэлж байгаа зүйл бол шударга шүүмжлэл юм. Фэйсбүүкийн зарим системүүдийн байршлыг хаана байгааг бүрэн тодорхойлж чадаагүй үед үнэн бодит байдлын асуудал яригдахад хүндрэлтэй байдаг. 2016 оны сонгуулийн үеэр бид маш олон зүйл дээр алдсанаа хүлээн зөвшөөрч байна. Одоо хуурамч мэдээллийн эсрэг Фэйсбүүкийн 14 мянган ажилчин тэмцэж, 2016 оны хэргийг дахин гаргахгүй байхаар ажиллаж байна. Эхнээсээ үр дүн ч гарч байгаа Францын сонгууль, Германы сонгуулийн үер бид бүх хүчээ дайчлан хэдэн зуун мянган хуурамч хаягийн эсрэг тэмцэж чадсан. Өнгөрсөн оны Албама мужийн захирагчийн сонгуулиас эхлэн худал мэдээлэл тараагч эх үүсвэрийг олж устгадаг шинэ хөгжүүлэлт хийсэн амжилттай болсон. Дахин хэлэхэд бидний хуурамч хаяг, мэдээллийн эсрэг тэмцэл бага багаар үр дүнд хүрч байгаа.
-Э.К: Фэйсбүүк компани 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн байх магадлал маш өндөр байгаа. Түүнчлэн Кембриж Аналитикт хэрэглэгчдийнхээ мэдээллийг тараасан гэдэг ч батлагдсан. Хэрвээ үнэхээр таны буй болгосон нийгмийн сүлжээ, улс орны засаглалын асуудалд ч нөлөөлөх болсон нь үнэн бол маш өндөр хариуцлага хүлээж, магадгүй Фэйсбүүк хаагдах ч асуудал яригдаж мэдэхээр байна. Худал мэдээлэл тараах асуудлын эсрэг таны хэрэглэх гол зэвсэг юу байна вэ?
-М.З: Фэйсбүүкээр тархаж буй хуурамч мэдээллийн гурван том ангилал бий. Бид тэдгээрийн онцлогт нь тохирсон арга хэмжээг авахаар ажиллаж буй. Нэгд,спамдагч, тэд хүссэн худал мэдээлэл, эсвэл Виаграны рекламаа тан руу мэйлддэг. Нэг үгээр бол, фэйсбүүкийн бүүст хийх системийг урвуугаар ашиглагчид гэсэн үг. Тэдгээрийн эсрэг бид нүүр хуудсанд гарч ирэх боломжийг хаасан үр дүнд нь реклам захиалж худал мэдээлэл тараагчдын тоо багассан.
Хоёрт, “Жүжигчид” буюу хуурамч аккаунтууд. Шуудхан хэлэхэд энэ хэсэг бол үндсэндээ ОХУ-ын оролцооны нэг хэсэг. Мөн хэрэглэгчдийн өөрсдийн хамгаалалт, хаягийн нууцлалтай шууд холбогдоно. Мэдээлэл хулгайлах, хулгайд алдаж, хуурамч хаяг үүсгэх асуудлыг зөвхөн Фэйсбүүк компани үгүй болгох боломжгүй.
Гуравт, хачирхалтай ч гэлээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтана. Хуурамч мэдээллийг хэн нэгэн хувийн хаягтаа бичсэн ч төдий олон хүнийг хамрахгүй. Харин үнэн худлыг бодитоор дэнсэлдэггүй олон төрлийн мэдээллийн хэрэгслүүд их нөлөөлдөг. Ихэнх хэрэглэгчид мэдээллийн хэрэгслээр гарч буй бүх зүйл үнэн бодит гэж үздэгээс эх сурвалжийг нягтлалгүй үнэмшиж, цааш түгээдэг. Тиймээс бид мэдээллийн эх сурвалжийг эрэмбэлэхээр олон жилийн турш оролдож байна. Хамгийн сүүлд гэхэд нүүр хуудсанд гарч ирэх мэдээллүүдийн судалгаа хийсэн. Ихэнх хүмүүс Волл Стрийт, Нью Йорк Таймс зэргийг уншдаггүй ч гэсэн тэднийг хамгийн бодит мэдээлэл түгээдэг гэж үзэж байв. Гэсэн ч Фэйсбүүк дээр үүссэн олон мянган дагагчтай хэн нэгэн блог хөтлөгчийн мэдээллийн нөлөө их байгаа юм. Тиймээс бид нүүр хуудсанд гарч ирэх хэвлэлүүдийн дарааллыг хүмүүсийн “Итгэж болох” гэж үзсэн судалгааны дүнгээр жагсаан гаргаж байхаар болсон.
-Э.К: Тэгэхээр энэ шийдвэр тань мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж буй шинэхэн хэвлэлд сөргөөр нөлөөлөх бус уу?
-М.З: Бид энэ тухай маш урт хугацааны турш хэлэлцэж энэ шийдвэрт хүрсэн. Ихэнх хүмүүс биднийг “Та нар зөвхөн хүмүүсийн хамгийн их таалсан, болон дарж үзсэн зүйлсээр л жагсаалт гаргасан байна” гэж хэлдэг. Гэхдээ энэ бол ташаа ойлголт. Хэрэглэгч бүрийн эхэлж харах жагсаалт өөр. Тэдний хаягаа хэрэглэсэн хугацаанд хамгийн чухал гэж үзсэн, хаягаа ашиглан хамгийн олон нэвтэрч орсон их хэмжээний хэрэглээний түүхийг ашиглан жагсаалт бий болдог. Нэг үгээр хэлбэл нүүр хуудсан дээр ямар мэдээлэл гарч ирэхийг бид биш, Хэрэглэгч өөрөө юу хамгийн чухал болохыг шийдвэрлэдэг. Тиймээс бид ердөө хэрэглэгчдийн хувьд ямар мэдээлэл хамгийн үнэ цэнэтэй, үнэн бодит болохыг илрүүлэх алгоритмыг боловсруулахыг хичээж ажиллаж буй хэрэг.
-Э.К: “Apple” гүйцэтгэх захирал Тим Күүк нэгэн ярилцлагадаа Фэйсбүүк компанийг “хэрэглэгчдийг худалдаж, орлого олдог” хэмээн буруутгасан энэ тухай та юу гэж үзэж байна вэ?
-М.З: Түүний хэлсэн үгнээс би “Хэрвээ төлбөр төлөхгүй бол, бид санаа тавихгүй” гэсэн үзлийг олж харьж байна. Энэ нь үнэнээс хол санаа гэж үзэж байна. Бидний зорилго бол дэлхий нийтийг холбосон үнэ төлбөргүй сүлжээ байгуулах байсан. Тэр нь ч биеллээ олсон. Харин эсрэг талд нь тэдгээрт хүмүүсийн хэрэглээнд суурилсан, хэрэгцээт мэдээлэл, худалдаа явуулдаг хүмүүст мэдээллээ хүргэх шаардлагатай байсан. Тиймээс хэвлэл мэдээллийн л адил зар сурталчилгаа дэмжигдсэн загвартай байх нь энэ үйлчилгээг хүмүүст хүргэж, хоёр талын хэрэглээг хангахад дэмжлэг болох цорын ганц оновчтой арга юм.Түүнчлэн, Фэйсбүүк компанийн хамгийн гол зорилго бол хүмүүсийг холбох, харилцааны хэрэгсэл болоход оршдог бөгөөд худалдаа сурталчилгааны асуудал үргэлж хоёрдугаарт тавигддагийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: Vox.com
24news.mn