2024 оны 11 сарын 24
Зочин
​П.Баярхүү: Замын цагдаагийн уулзварт гүүр барьснаар авто машины нэвтрэх чадамж 2 дахин нэмэгдэнэ

Авто замын түгжрэлийг сааруулах үүднээс нийслэлийн хэмжээн дэх авто замыг өргөтгөх, гүүрэн зам барих ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлээд байна. Зүүн дөрвөн зам болон дөрвөн замын уулзваруудад гүүр байгуулснаар  нэг төвшинд байгаа урсгалыг хоёр төвшинд хүргэснээр  цаашид түгжрэл буурч, дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүй болно гэж нийслэлийн удирдлагуудтооцож байгаа юм. Гэхдээ нөгөө талд заавал гүүрэн зам тавьж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй, гүүр биш нүхэн гарц барих замаар түгжрэлийг бууруулж болох талаар олон нийт санал, шүүмжлэлээ илэрхийлж байна. Ялангуяа Замын цагдаагийн уулзарт баригдах гүүрэн зам нь нийслэлийн усны ундарга байгаа учраас заавал гүүр барих шаардлагагүй гэж зарим судлаач байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүтэй ярилцлаа.

-Иргэдийн хувьд нийслэлээс санал болгож буй дугаарын хязгаарлалт хийх асуулгад нэлээд шүүмжлэлтэй байгаа. Хязгаарлалт хийхгүйгээр гүүр болон авто замын бүтээн байгуулалтын ажлыг хийх боломжгүй юу?

-Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд 2018 онд авто замын 234 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх олон нийтийн шүүмжлээд байгаа ганцхан амын цагдаагийн уулзварыг хаах тухай асуудал биш юм. Нийслэлийн олон газар авто замыг хэсэгчлэн хаана. Мөн долдугаар сарын 3-7-ны хооронд Зүүн Хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сайд нарын томоохон уулзалт Улаанбаатарт болно. Энэ уулзалтад гаднын 1200-1300 зочид төлөөлөгч ирнэ. Энэ хүрээнд тодорхой хэмжээний замын ачаалал нэмэгдэж, төрийн тусгай хамгаалалтууд авагддаг учраас замын ачаалал нэмэгдэнэ. Замын ачаалал эрс нэмэгдэх учраас иргэдээс хоёр асуудлаар санал авч байна. Нэгд, өнөөдрийн дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа бүсдээ тэгш, сондгойгоор явах уу, эсвэл зүүн дөрвөн зам, баруун дөрвөн замын гадна тойрогтоо дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор явуулж, бусад замаар дугаарын хязгаарлалтгүй зорчих уу гэдгийг иргэдээс асууж байна. Иргэд энэ хоёрын алийг нь  илүү дэмжинэ тэр санал дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл хэрэгжинэ.

-Замын цагдаагийн уулзвар дээр барих гүүрэн замын эдийн засаг болон нийгмийн өгөөжийг хэрхэн тооцсон бэ. Ер нь яагаад заавал гүүрэн зам барихаар шийдсэн юм бэ. Нүхэн гарц байгуулах боломжгүй байсан уу?

-Тооцоолол хийсний үндсэн дээр гүүр барих шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байна. Зарим хүмүүс бүтээн байгуулалтын ажлыг зогсоох, асуудлыг өөр тийш нь чиглүүлж байгаа улс төрийн хүчнүүд байна. Зарим нь өртөг үнэтэй, эвсэл хямдхан байна гэж шүүмжилж байна, зарим нь инженерийн шийдэл хүртэл дэвшүүлж байна. Аливаа асуудлыг эхлүүлэхэд шүүмжлэл байх ёстой гэдэг үүднээс хүлээн авч байгаа. Нэгэнт гүүр барих шийдвэр гарсан учраас төсөл хэрэгжинэ. Дунд голын орчимд хөрсний усны нөөц бий. Замын цагдаагийн уулзвар дээр усны ундарга байгаа. Усны ундаргыг хэрхэн яаж зайлуулах вэ гэдэг нь өөрөө инженерийн маш том шийдэл л дээ. Энэ бүхнийг зөв зохистой шийдээд явна. 

Харин Замын цагдаагийн уулзварын орчимд гүүрэн гарц барих боломжгүй гэж үзэж байгаа. Өнөөдөр Энхтайвны гүүрний зүүн талд нүхэн гарц байгаа. Уг нүхэн гарц нь жижиг тэрэг, суудлын автомашин гарахад зориулагдсан. Хэрвээ энэ орчимд ачааны авто машин, нийтийн тээвэрт зориулсан нүхэн гарч баривал 4.5 метр өндөртэй байх ёстой. Үүний барилгын ажлыг хийе гэвэл доошоо 9-10 метр ухна. Гэтэл өнөөдөр суудлын авто машин зорчиж байгаа нүхэн гарц борооны улирлаар машинууд живдэг. Өнгөрсөн жил хоёр ланд машин живсэн. Энэ бүсэд 4.5 метртэй нүхэн гарц барих боломжгүй гэж үзэж байгаа.

Нөгөө талаар нүхэн гарц барихад төмөр замын аюулгүй байдалд зөвшөөрөл өгөхөд хүндрэлтэй болж байгаа. Төмөр зам дээгүүр гүүр барихыг  зөвшөөрч байгаа. Харин төмөр зам доогуур гарахад аюулгүй байдлаа хангаж нүхэн гарцын зөвшөөрөл өгдөггүй. Харин нүхэн гарцыг Өгөөмөр захаас урагшаа Дүнжингарав руу гарах чиглэлд 4.5 метр өндөр нүхэн гарцыг хийхээр төлөвлөсөн.

-Тэгэхээр гүүр барих нь усны ундаргад нөлөөлөхгүй гэж үү. Ямар инженерийн шийдлээр усны ундаргын асуудлыг шийдэх юм бэ?

-Геологийн талаас барилга байгууламж, зам талбай барихад шаардлагатай бүх судалгааг мэргэжлийн хүмүүс хийсэн. Шаардлагатай бүх дүгнэлт, судалгаа гарсан. Энэ нь бүхэн нэг, хоёр хүний шийддэг асуудал биш. Маш олон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргадаг байгууламж.

-Гүүр барих нийгмийн өгөөжийг нь та хэлж өгөөч. Гүүрэн зам тавьснаар замын ачаалал хэдэн хувиар буурах юм бэ?

-Байгууламжийн хувьд маш их ашигтай бүтээн байгуулалт болно. Өнөөдөр Замын цагдаагийн уулзвар төмөр замтай огтлолцож нэг төвшинд байхдаа цагт 2500-2800 тээврийн хэрэгсэл явж байна. Амралтын өдрүүдэд цагт 1600 орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Харин уг зам дээр гүүр байгуулснаар хөдөлгөөний нэвтрэх чадамжийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж үүснэ. Учир нь, уг зам дээр огтлолцол үүсэхгүй буюу хөдөлгөөн зогсохгүйгээр явах боломжтой болно.

-Гүүрэн зам барихтай холбоотойгоор газар чөлөөлөх ажил хэр ахицтай байгаа юм бэ. “Замын цагдаагийн уулзвар дээр гүүрэн зам барихын оронд төмөр замын уулзварын цаана байрлах Home plaza-г нүүлгэчихэж болдоггүй юм уу” гэж зарим иргэн шүүмжилж байна. Ийм боломжгүй юу?

-Гүүрэн байгууламжийг барихад Home plaza огт нөлөөлөхгүй. Газар чөлөөлөлтөд ч орохгүй. Бүтээн байгуулалт эхлэхэд саад учруулж байсан шатахуун түгээх станцуудын барилгын газар чөлөөлөлтийн ажил хийгдээд дууссан байгаа. Дөрөвдүгээр сарын 15-наас гүүрэн замын барилгын хийц бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Ямар компани бүтээн байгуулалтын хийж гүйцэтгэх юм бэ?

-Уг байгууламж нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийнэ. “CRC 20” гэдэг компани гүйцэтгэгчээр шалгарсан. Уг нь компани нь Яармагийн гүүрийн ажлыг гүйцэтгэж байна. Уг бүтээн байгуулалтын ажлыг маш шуурхайн хийж байгаа бөгөөд Яармагийн гүүр 2018 оны аравдугаар сарын дундуур ашиглалтад орно.

-Өртгийн хувьд 47 сая ам.доллараар барина гэж тооцсон байсан. Энэ нь олон улсын жишигт нийцсэн дүн үү. Бүтээн байгуулалтын чанар стандартыг хэн хариуцах вэ?

-Олон улсын жишигт нийцсэн өртгөөр барина. Хэрвээ өртөг нь өндөр байна, луйвар хийж байна гэж хардаж байгаа бол шалгадаг байгууллагад нь хандах эрх бүгдэд нээлттэй байгаа. Гүүрэн зам барих нь хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ хэлэлцээртэй том бүтээн байгуулалтын ажил. Үүнийг хэн нэгэн этгээд дундаас нь үнийг нь өгсөх, өөрийн саналаар буулгах эрх байхгүй. БНХАУ-ын олгосон зээлийн хүрээнд гүүр барих зураг төслийн бүх ажлыг Хятадын компаниуд гүйцэтгэж байгаа. Бүх гүйцэтгэл, хийгдэж байгаа ажилд Нийслэлийн авто замын газар давхар хяналт тавьж байгаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.