2024 оны 11 сарын 24
Зочин
М.Оюунчимэг: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй байх ёстой

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс дараах тодруулгыг авлаа.

-Та Д.Гантулга гишүүний холбогдсон хэргийн талаар “Ямар нэг ажиллагаанд орсон байх вий, залуу хүний цаашдын хувь заяанд сөргөөр нөлөөлөх вий” гэж өмөөрч, хамгаалсан байр суурь илэрхийлсэн байна. Яагаад хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад түүнийг хэрэг хийгээгүй гэж та үзэж байгаа вэ?

-Уучлаарай, миний телевизд өгсөн яриаг зарим нэг улстөрийн намын пиарын ажил хийдэг хүмүүс, тухайлбал иргэн Б.Урантогтох хасаж, танан таны асуусан шиг ийм байдлаар ойлгогдохоор олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ.

Миний хувьд Улсын Их Хурлын гишүүн ч бай, жирийн иргэн ч бай Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол хуульд заасан хариуцлагыг 100 хувь хүлээх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байдаг. Ийм ч учраас үнэхээр ноцтой хүчингийн гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг нь баталгаа, нотолгоотой гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг хэлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Эрхэлсэн ажил, албан тушаалаас нь үл шалтгаалан хэн ч байсан  хуулийн хариуцлага хүлээх ёстой. Улс төрийн зорилгоор аливаа асуудалд хандаж болохгүй. Энэ л санал бодлоор би асуулт асуусан сэтгүүлчид хариулсан. Яриаг бүрэн эхээр нь харах юм бол энэ байр суурь маань ойлгомжтой байгаа.

-Та яриандаа “нөгөө хүмүүс нь ямар хүмүүс байгаа билээ” гэж хэлжээ. Яагаад тэр эмэгтэйчүүдийг буруутгаж байгаа юм бэ?

-Би яалаа гэж тэр хүмүүсийг буруутгах билээ дээ. Харин ч энэ асуудлын цаана эмэгтэй хүмүүс хохироод үлдчих вий гэж бодож байгаа. Хэргийг үнэнээр нь шалгаж шийдээсэй гэдгийг эмэгтэй хүний хувьд, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын  асуудлаар тууштай ажиллаж байгаагийн хувьд ч хүсч байна. Эмэгтэйчүүд, хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг хэрэгт миний байр суурь ямагт тэднийг хамгаалахад чиглэсэн байх болно. Хэрвээ тэр хүмүүст ч гэсэн миний зүгээс шаардлагатай туслалцаа байх юм бол би эх хүн, эмэгтэй гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар сонсоход бэлэн.

Дашрамд, Б.Урантогтохт хандаж, хэрвээ сэтгүүлч бол сэтгүүлчийн ёс зүйгээ баримталж, улстөрийн зорилгоор бусдын нэр хүндэд битгий халдаж байгаач ээ гэж захиж хэлье. Удаа дараа ийм үйлдэл гаргаж, бусдын нэр хүндэд увиагүй байдлаар халдаж буй учир Зөрчлийн хуулийн дагуу холбогдох байгууллагад хандана гэж бодож байгаа.

-Саяхан бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг төв талбайд жагсаал болж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-д тавьсан. УИХ шаардлагыг хүлээж авч, шийдвэрлэх боломжтой юу?

-Шаардлагатай танилцсан. Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт бүх насаар хорих ял оноох, өршөөл, уучлал үзүүлдэггүй байх,  гэмт этгээдээс нөхөн төлбөр гаргуулж хохирогчид олгох, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү уялдаатай зохион байгуулах зэргээр хуульд өөрчлөлт оруулахыг миний хувьд дэмжиж байгаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүүхэд хүчирхийлж байгаа асуудал, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг судалж, холбогдох байгууллагуудаас санал авч байна. Ингэснээр Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах асуудал удахгүй шийдэгдэнэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь энэ парламентад Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг наашлуулсан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан зэргээр хүчирхийллийн эсрэг идэвхтэй ажиллаж байгаа гишүүдийн нэг. Тэрбээр хүүхэд хамгаалахад зориулж эдийн засаг хүнд байсан 2017 онд Ерөнхий сайдын багцад  123 сая төгрөг тусгуулж, 2018 оны төсөвт энэ чиглэлийн зардлыг таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санаачилга гаргаж, шийдвэрлүүлэхэд идэвхтэй ажилласан юм.

Э.Болд

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.