Хэр баргийн эмэгтэй хүний зориглож орохооргүй их спортод амжилт гаргаж, эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа М.Нандинцэцэгийн ертөнцөөр аялалаа. Бүсгүй хүний бүх сайхан шинжийг агуулсан, их спорт шигээ эрэмгий зоригтой энэ бүсгүйтэй ярилцаж суухад чухамдаа спортын эмэгтэй хүнээс ямар их тэсвэр тэвчээр гардгийг мэдэрч байлаа. Монгол улсын арван удаагийн аварга, дайчин түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг М.Нандинцэцэг гэдэг. Эрдэнэт хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Айлын том охин, хоёр дүүтэй. Аав маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг. Ээж маань хувийн цэцэрлэгт тогооч хийдэг. Ер нь гэрийнхэнтэйгээ байх цаг хугацаа их хомс байдаг. Аав ээж хоёр маань хэдий 40 гарсан ч бие биенээ маш их хайрлаж, халамжилж байгаа нь надад үнэхээр сайхан санагддаг. Аймар том хаусанд амьдарч, эд хөрөнгөөр бялхаагүй ч миний гэр аз жаргалаар дүүрэн, хайр ундарч байдаг газар. Аав минь охиныхоо цом медалийг арчаад, ээж минь бэлтгэлийн хувцас угааж өгч надаар их бахархдаг. Тийм болохоор би илүү их амжилт гаргаж, тэр хоёрыгоо баярлуулахыг хүсдэг.
-Анх боксчин болъё гэдэг бодол яаж төрсөн бэ, танай гэр бүлд спортын хүн бий юу?
-Анх ерөөсөө боксд оръё гэж бодоогүй байсан. Гэтэл нэг өдөр манай сургуулийн биеийн тамирын Хүдэрбаатар багш чи бокс тоглоод үзээч гэдэг санал тавьсан. Би ч анхандаа их гайхсан. Хөөх эмэгтэй хүн бокс тоглож болдог юм уу гээд л. Би ер нь сургуульд байхдаа гүйж, харайсан их хөдөлгөөнтэй охин байсан болохоор багшийнхаа нүдэнд өртсөн байх гэж боддог. Надтай цуг таван охин анх шалгуулж орсон. Яваандаа ганцаараа үлдсэн. Манай аавын удамд их хурдан гүйдэг хүн байсан гэдэг. Өглөө гараад өдөр нь нөгөө сумандаа оччихсон байдаг, бараг морьтой зэрэгцээд гүйдэг байсан гэж аав ярьдаг. Мөн өвөөгийн аав барилддаг хүн байсан гэсэн.
-Боксчин болно гэхэд аав ээж, ойр дотныхон тань яаж хүлээж авав?
- Арван жилийн сурагч байж хичээлээ хийхгүй дээрээс нь эмэгтэй хүүхэд байж юун бокс гэж гэрийнхэн анхандаа их дургүйцэж байсан. Би гэрээсээ давтлагатай гэж худлаа хэлээд гардаг байсан. Тэгээд удалгүй нэг тэмцээнд ороод хүрэл медаль авчихаад ирэхэд гэрийнхэн бөөн баяр болж билээ. Хамаатнууд хүртэл ирж мялаасан. Тэр үеэс хойш аав бол бүрэн хүлээн зөвшөөрсөн. Харин ээжийн хувьд нэг их таашаадаггүй байсан. Хичээл номондоо анхаар гээд хэлнэ. Одоо бол аав ээж хоёр миний улаан фэн. Бэлтгэлээс ядраад ирэхэд массаж хийж өгнө, хувцас угаагаад тавьчихна. Хэд хоног бэлтгэл хийхгүй гэртээ амрахаар бэлтгэлээ хийгээч, яваач гээд зүгээр суулгахаа байсан. Нэг үгээр бол миний талын хүмүүс болсон. (инээв. сур) Багаасаа бэлтгэлээ ерөөсөө тасалдаггүй хүүхэд байсан. Ганц удаа явахгүй бол гэм хийчихсэн юм шиг санагдаад хэцүү байдаг. Одоо бол бэлтгэлээ ер тасалдаггүй.
-Хэдэн оноос хойш боксоор хичээллэж байна. Эмэгтэй хүнд хэцүү спортын төрөлдөө ордог гэсэн. Нүүрэндээ цохиулахаас авахуулаад гоо сайхны хувьд эрсдэлтэй шүү дээ.
-2003 оноос хойш өнөөдрийг хүртэл 13 жил болж байна. Хүн болгон л бокс тоглодог гэхээр муруй хамартай, бөгтөр нуруутай, хайш яйш биетэй мутант шиг л юм төсөөлдөг юм шиг байгаа юм. Үнэндээ боксын спорт чинь зодоон биш учраас өөрийн гэсэн онцлог техниктэй. Хүмүүсийн төсөөлсөн шиг тийм аймар байдаггүй. Ер нь бокс тоглодог залуус их соёлтой, царайлаг, цэвэрхэн байдаг шүү. Угаасаа эр эм гэлтгүй хэцүү спорт. Ээж маань одоо болтол үзэж чаддаггүй. Харин надад бол хэцүү байлаа гээд орхиё, больё гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. Хэцүүгийн ард гарна гэж үздэг. Спортынх, боксынх гээд эмэгтэйлэг байдлаа алдахыг хэзээ ч хүсдэггүй. Ер нь ажил, сонирхол нь өөр болохоос эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн шүү дээ. Багш маань энэ зааланд орж ирсэн бол эмэгтэй гэдгээ март. Эрчүүдийн адил бэлтгэл хийж, тэсвэр тэвчээр гаргаж байж амжилтад хүрнэ гэж хэлдэг. Тиймээс зааландаа ороод адилхан тамирчин болоод хувирдаг. Би эмэгтэй хүн. Намайг аяархан цохь, бэлтгэл бага хийе гэх бодол ерөөсөө төрдөггүй. Харин ч бүр илүү хийе, чадах ёстой гээд ордог. Энгийн охидуудын адил үс сэгсийж, нүүр улайчлаа гэх зэрэг илүү зан зааланд угаасаа зохидоггүй. Нүүр улайгаад хамраас цус гарвал 00-ын цаас чихээд, үсний боолт сулраад үс арзайгаад явж л байдаг. Би харин ч боддог юм. Тийм үед надад хайртай болсон хүний хайр хувирахгүй гэж. Гэхдээ мэдээж эмэгтэй хүн юм чинь гоёж гоодно, заалнаас гадуур рингнээс буугаад эмэгтэйлэг байхыг хүсдэг. Би хэдий эр зоригийн спортоор хичээллэдэг ч гэсэн эмэгтэй хүн шүү дээ.
-Анхны багш, анхны өрсөлдөгч, анхны ринг гээд анхны бүхнээ эргээд дурсахад ямар санагддаг вэ?
-Миний багш бол Л.Энхбаатар гэж хүн бий. Бид хоёр хамтарч ажиллаад арваад жил болсон. Миний хувьд аав ээж шиг, ах дүү, найз нөхөд шиг байж чаддаг тийм дотны хүн. Энгийн үед сайхан харилцаатай байдаг ч зааланд бол зад загнуулаад явж байдаг. Бидний төлөө бүх сэтгэл зүрхээ зориулдаг мундаг хүн бий. Миний хамгийн анхны тэмцээн 2003 оны улсын аваргын тэмцээн байсан юм. Тэр үед бэлтгэл хийгээд хоёрхон сар болж байсан. Гэтэл миний өрсөлдөгч "Алдар” спорт хорооны тамирчин Эрдэнэгэрэл гэж эгч байсан. Тухайн үед хамгийн мундаг тамирчдын нэг байсан. Рингэн дээр гараад юугаа ч ойлгоогүй байтал нэг мэдсэн тэмцээн дуусчихсан. (инээв.) Арав, хорин секунд л үргэлжилсэн байх. Тэр үеэс өөртөө маш том зорилго тавьж, заавал мундаг эмэгтэй боксчин болно гэж бодсон. Яг үнэндээ тэр үед тоглодог байсан эгч нарыгаа шүтдэг байлаа. Эрэгтэй хүнтэй тоглосон ч хождог ямар мундаг юм бэ гээд л. Харин одоо бол анхны өрсөлдөгч байсан Эрдэнэгэрэл миний хайртай эгч нарын маань нэг, байнга холбоотой байдаг.
-Өдөрт дунджаар хэдэн цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг вэ. Шантарч няцах үедээ өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?
-Энгийн үед өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд явах үед бол байрлаж бэлтгэл хийхээр өдөрт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Нэг хийхдээ хоёр цаг үргэлжилнэ. Гэртээ байх үе ховор. Ихэвчлэн байрлаад бэлтгэлд явчихдаг болохоор хоолоо идээд бэлтгэлээ хийгээд амрана гэсэн дараалалтай. Ганц бүтэн сайнд амрана. Тэр өдрөө хамт олноороо цуглаад кино үзнэ, эсвэл ном уншина. Бэлтгэлд гарахдаа зөндөө олон ном аваад явчихдаг, тэрийгээ сольж уншдаг. Удаан хамт байхаар нэг гэр бүл шиг болоод бие биеэ маш сайн ойлгодог болчихдог юм билээ. Мэдээж хүн л болсон хойно шантарч няцах үе гарна. Тэр болгоныг даваад гардаг. Тэр бол миний мөрөөдлийн хажууд юу ч биш, түр зуурын зүйл байдаг. Сайхан хамт олон, найз нөхөдтэй болохоор хэдэн минутын дараа зүгээр болчихсон гүйж явдаг юм. Манайх эмэгтэй хамтрагч цөөтэй болохоор ихэвчлэн эрчүүдтэй бэлтгэл хийдэг. Санаснаараа тоглож чадахгүй монжуулаад байхаар шарандаа уйлна. Гэхдээ бас хаа хамаагүй нулимсаа үзүүлээд байхгүй, рингнээс бууж байгаад нэг газар нуугдаж суугаад уйлчихна. Тэгээд онгойчихдог. Харин маргааш нь нөгөөхөөсөө заавал хариугаа авна гээд л үзчихнэ шүү дээ.
-Монголд эмэгтэй боксчид хэр олон байдаг вэ. Баг болж хамтарч бэлтгэл хийдэг үү?
-Манай Улсад эмэгтэй боксын төрөл хөгжөөд удаагүй байна. 2007 оноос Л.Энхбаатар багш маань клубүүдээс эмэгтэй тамирчдыг цуглуулж, шигшээ баг болгож бэлдүүлж эхэлсэн. 2008 онд Азийн аврагаас Монголын эмэгтэй боксын баг анх удаа хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргад анх удаа тавдугаар байрт шалгарч байлаа. Монголын эмэгтэй багийг 2010 оноос хойш дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэсэн багшдаа маш их баярлаж явдаг. Эмэгтэй бокс Олимпийн төрөлд багтаагүй, бид шигшээд байдаггүй, цалин мөнгөгүй, бидэнд хэн ч итгэдэггүй байхад багш маань бидэнд итгэж шантралгүй бэлдсээр байсан. Автобусны мөнгөгүй аав ээжээсээ гуйгаад, заримдаа хотын нэг захаас нөгөө зах хүртэл алхаад явах ч үе олон байсан.
Тэр үеийг давах урам зориг итгэлийг багш маань бидэнд өгч, урамшуулдаг байсан. Хэрвээ багш байгаагүй бол эмэгтэй бокс өдий зэрэгтэй байх үгүйг мэдэхгүй юм. 2010 онд долоон тамирчин хоёр багштайгаа шигшээ багт орж байлаа. Зааланд гучаад охин бэлтгэл хийнэ, улсын аврагаар дандаа багшийн дасгалжуулсан охидууд түрүүлдэг байсан. Гэхдээ тэр үед багшийг маань ажлаас нь чөлөөлөхөд олон охин дагаж, бэлтгэлээ орхисон. Шигшээ багтаа олимпийн гурван жингээр гурван тамирчин, ганц багш авсан. Тэр үед багшгүйгээр бэлтгэл хийнэ гэж төсөөлөгдөхгүй, санаад нүдэндээ нулимстай өнгөрөөсөн өдрүүд олон байсан. Гадаадад бол анхны багшийг нь тэмцээн болгон дээр нь аваад явдаг. Манайд бол тийм юм байхгүй. Шигшээгийн багштайгаа явдаг. Гэхдээ шийдвэр бол шийдвэр гээд нялцганахаа болиод Энхтайван, Буянаа багштайгаа ажиллаж эхэлсэн. Эхний үед муудалцах, санал зөрөлдөх зүйл зөндөө гарч байсан. Одоо бол сайн ойлголцдог болсон. Миний үеийн тамирчид цөөрч, доороос олон охидууд бокс сонирхож орж ирсэн. Тийм болохоор дүү нартаа сайн үлгэр дуурайлал болж, мэдэхгүй чадахгүйг нь зааж зөвлөж, агаар салхинд хамт гарч илүү нягт болохыг хичээдэг.
-Ямар тэмцээн уралдаанд оролцож ямар шагнал авч байсан бэ?
-2014 онд Азийн наадмын хүрэл медаль, 2010, 2015 онуудад Азийн аваргын мөнгө, хүрэл, 2013 онд Дэлхийн цомын мөнгөн медаль, "China open” олон улсын тэмцээнээс хүрэл, "Indonesia president cup” тэмцээнээс 2010 онд хүрэл, 2015 онд мөнгө, "Taipei city cup” тэмцээнд хоёр удаа хүрэл медаль, kipr out алт, Казакстан улсад зохиогдсон kipr out тэмцээнд алтан медаль мөн Монгол Улсын арван удаагийн аварга, 2008-2014 оны эмэгтэй боксчин шагналыг тус тус авсан. Мөн өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан "Улаанбаатар цом” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Он гараад гадагшаа олон тэмцээн зохиогдоно. Явах хүсэл их байвч зардал мөнгөний хувьд олдохгүй юм шиг байна.
-Боксоос гадна өөр ямар зүйлд сонирхолтой вэ. Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөх дуртай вэ?
-Ууланд аялах дуртай. Ер нь нам гүм, өндөрлөг газарт гарахаар сэтгэл сэргээд сайхан байдаг. Эрч хүчээ сэлбэдэг гэж болно. Экстрем зүйлд дуртай, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Бас ном унших бол миний хобби. Зав гарвал шагайгаад суучихна. Номын дэлгүүрүүдээр явах бас их сайхан байдаг. Уурлаж бухимдсан үедээ ер нь агаарт гарч тайвширдаг. Надад нэг сайн найз байдаг юм. Тэрэнд нэг сайн загнуулаад авахаар хийморийн сан тавиулсан юм шиг л сэргээд ирдэг. Тэгээд ч тэр болгон уурлаж бухимддаггүй, дорхноо тайвширчихдаг.
-Манай улсын боксын хөгжил ямар түвшинд явж байгаа гэж боддог вэ. Гадны тамирчидтай хамтарч ажиллах, туршлага солилцох зэрэг хамтын ажиллагаа хэр байна?
-Ялангуяа манай эрэгтэй боксчид дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Олимп, дэлхийн аваргатай, хүчтэй өрсөлдөгч олонтой. Харин эмэгтэй боксчдын хувьд сүүлд хөгжсөн ч гэлээ дэлхийд өрсөлдөх чадвартай мундаг тамирчид олон байна. Мэдээж тамирчин бүр гадны боксчидтой хамтарсан бэлтгэл хийх тусам тамирчдын амжилт нэмэгдэнэ. Манай "Хангарьд” клуб аль болох боломжоороо биднийг дэмжиж, уралдаан тэмцээнд хамруулдаг.
-Боксчин эмэгтэй гэдэг утгаараа залуучууд анх яаж хүлээж авдаг вэ. Тоглоом хийх аль эсхүл эсрэгээрээ айж бэргэх ч юмуу хөгжилтэй тохиолдол гарна л биздээ?
-Хүмүүс анх надтай танилцахдаа бокс тоглодог гэхээр итгэдэггүй. Тэгээд гар барихаар нээрээ чанга гартай юм байна, нэг үзчих үү гэдэг. (инээв. сурв) Бас найз залуугаа балгаад ирэхэд нам цохиод унтуулна биз гэдэг байсан. Эхэндээ иймэрхүү ярианд их дургүйцэж, уурладаг байсан. Харин одоо бол хүмүүс соёлтой, эмэгтэй боксын спортыг сайн мэддэг, үзэж дэмждэг болсон шиг санагддаг. Одоо бол хүмүүс намайг бокс тоглодог гэхээр маш гоё хүлээж авдаг. Эмэгтэй хүн байж бокс тоглоно гэдэг асар их тэвчээр гээд их хүндэлж харьцдаг болсон.
-Рингэн дээр гарахад яг ямар мэдрэмжийг мэдэрдэг юм бэ. Боксоор хичээллэхийн хамгийн сайхан нь юу вэ?
-Рингэнд гарахдаа үргэлж л өөрийнхөө юу чаддагийг харуулна гэж хичээдэг. Тэгэхдээ би чинь Чингисийн удам мах иддэг монгол хүн шүү гэж байнга боддог. Өнгөрсөн жил гадаадад нэг тэмцээнд оролцож эхний тулаанаа Японы тамирчинтай хийхээр болсон. Хүн болгон түүнийг дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин гэж магтаж, ярьж байсан. Гэхдээ би санаа зовж шатаагүй. Яагаад гэвэл тэр тамирчин 48 килограммын жинд хүрэл медаль авсан. "Миний жин 51 бол топ жин учраас чиний дэлхийн аваргын медаль надад хамаагүй. Харин топ жингийн тамирчин ямар байдгийг харуулаад өгье” гэж бодсон. Тэгээд би өөртөө хүргээгүй, илт давуу хожсон. Хүн бүр надад ирж баяр хүргэж байхад хамгийн сайхан байсан. Гэхдээ рингнээс ялагдсан ч бай, ялсан ч бай багшийнхаа хэлснийг хийж, санасандаа хүртэл тоглочих сайхан. Буугаад ирэхэд багш маань надаар бахархаж байгааг харах бүүр ч сайхан байдаг.
-Ингэхэд найз залуутай юу?
-Одоохондоо нууцалмаар байна.
-Гэр бүлийн амьдралаа яаж төлөвлөж байна. Ойрын хугацаанд хүүхэдтэй болъё гэсэн төлөвлөгөө бий юу?
-Хүүхэд үү. Бурхан бэлгээ хэзээ явуулна, тэр цагт тосоод л авна.
-Цаашдын төлөвлөгөө юу байна. Хамгийн ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Токиогийн Олимпийн циклийн тэмцээнүүд эхнээсээ эхэлж байна. Тийм болохоор маш сайн бэлтгэлээ хийж, урдаа байгаа тэмцээндээ амжилт гаргахыг зорьж байна.
Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сонинг уншиж байгаа бүх хүмүүст сайн сайхныг хүсье.
Эх сурвалж:
24news.mn