Ардын Заргын Товчоо”-ны төрийн бус байгууллагын УЗ-ийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаан?
-Эхлээд “Ардын Заргын Товчоо” ТББ-ынхаа талаар товч тайлбар хийсэн нь зөв болов уу. Нийгэмд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг долоон төрийн бус байгууллага, холбоо “Ардын Заргын товчоо” нэртэй нэгдэл байгуулсан. Иргэд болон нийгмийн өмнө тулгамдсан асуудлууд болон гомдлоор хэвлэлийн хурал хийх, шүүхэд өргөдөл гомдол гаргах, төр засгийн байгууллагад хандах зэргээр ажиллаж байна. Төр засгийн байгууллага, албан тушаалтнууд үйлдэл, эс үйлдлээрээ иргэдийг хохироож тэднийг өмгөөлөх, эрх ашгийг хамгаалах ажил хоосон орон зайг бий болгожээ. Иргэд ядуудаа биш шударга бус зүйлд бухимдаж байгаа юм. Нийгмийн өмнө тулгамдсан асуудал гэхээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ч юм уу, Таван толгойн 1072 ширхэг хувьцааны талаар асуулга тавьдаг. Олон нийтийн өмнөөс төр засаг, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх том зорилт тавин ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах үйл явц шүүх дээр гацсан байдлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үүднээс Улсын дээд Шүүхийн дарга С.Зоригт болон “Үндсэн хуулийн цэц”-д асуулга тавьсан. Шахалт үзүүлэх зорилгоор жагсаал хийж шүүгч нарын дургуйг хүргэн цагдаад дуудагдаад явж байх жишээтэй. Өнөөдрийн хэвлэлийн хурлын тухайд “Эрдэнэс Монгол” нэртэй компани одоогоос 12 жилийн өмнө байгуулагдаж стратегийн 39 ордыг эзэмшилдээ авсан. Энэ компани байгууллагдсан учир шалтгаан гэвээс уул уурхайгаас орж ирэх ашиг төсвийн алдагдал нөхөөд дуусах нь ээ. Тийм учраас тусдаа компани байгуулаад хөрөнгө төвлөрүүлэн хөгжлийн гарааны мөнгө босгох шийдвэр гарсан байдаг.
-“Эрдэнэс Монгол” компанийн томоохон уурхайнуудаасаа татаас аваад үйл ажиллагаагаа явуулдаг юм биш үү?
-Татаас авна гэдэг чинь буруу шүү дээ. “Эрдэнэс Монгол” компанийг хөл дээр нь босгох гэж үе үеийн Засгийн газрууд чармайж ирсэн. Захирал нь сар бүр 15 мянган ам.долларын цалин авдаг байлаа шүү. Гэтэл өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Гашуунсухайтын чиглэлд тавигдсан автозамаас татвар авч амьдардаг замын постын хэмжээнд амьдарч эхэлсэн байна. Нөгөө яриад байсан иргэдэд тараах хувьцааны ногдол ашиг, “Баялагийн сан” зэрэг байдаггүй. Тэр ч бүү хэл харьяанд нь байгаа уурхай, аж ахуйн нэгжүүд дампуураад эхэллээ.
-Тухайлбал?
-“Эрдэнэс-Багануур”, “Эрдэнэс-Шивээ Овоо” хоёр уурхайг нэрлэж болох юм. Энэ хоёр компани муу, сайн хэлүүлэн Улаанбаатар хотын дулаан, цахилгаан станцуудыг олон жил нүүрсээр хангаад ирсэн. Гэтэл одоо нийт тоног төхөөрөмж, техник хэрэгслийн 80 хувь элэгдэлд орсон, эвдрэлтэй байна. Дээр нь нэмээд асар их өртэй, нүүрсний нөөцтэй талбай-нуудаа бусдад алдчихсан байдалтай л сууж байна.
-“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уур-хайн үйл ажиллагааны до-голдолд “Эрдэнэс Монгол” компани ямар хамаатай юм бэ?
-Толгой удирдлага компани учраас “Эрдэнэс Монгол” хамаатай байлгүй яахав. Энэ хоёр компани цаг ямагт алдагдалтай, шахааны бизнестэй хүнд явж ирсэн. Гэхдээ энэ жил шиг хүнд байдалд орж байгаагүй юм. Яг өдийд хөрс хуулалтын ажлаа хийгээд эхэлчихсэн байх учиртай байтал санхүүгийн хүндрэл, элдэв маргаанаас болоод эхлээгүй байна. Тухайлбал, Багануурын уурхай л гэхэд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй. Юунаас болов гэхээр эзэмшил талбай дээр нь бусдад ашиглалтын тусгай зөвшөөрөл өгчихсөнөөс үүдээд шүүх дээр маргаан үүсээд таг гацчихаад байна. “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн хувьд цөмрөлт үүссэн, мөн ашиглалтын талбайнхаа 80 хувийг бусдад тусгай зөвшөөрөл хэлбэрээр хэдийнэ алдчихсан. Энэ хоёр уурхай шиг Улаанбаатарын дулаан, цахилгааны станцуудтай төмөр замаар холбогдсон уурхай бараг байхгүй гээд хэлчихэж болно. Тэгэхээр уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахгүй бол Улаанбаатар хот хөлдөх аюулд ойрхон байна.
-Ашиг орлого муутай уурхайнуудыг хувьд шил-жүүлье гэсэн санал санаа-чилга их явах юм?
-Тийм ээ. Энэ хоёр уурхайг хувьчиллаа гэж бодоход цахилгаан, дулааны үнэ гэрлийн хурдаар нэмэгдэх болов уу. Ерөнхийдөө бол төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, хүчгүйдүүлж байгаад хувьчилдаг байдал хүчээ аваад байна. Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 31500 төгрөгийн зардал гарган олборлоод 29700 төгрөгөөр цахилгаан станцуудад өгч байх жишээтэй. Энэ бүхнийг засч залруулах үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” компани өдий болтол хийсэнгүй.
-“Эрдэнэс Монгол” компани тэжээлгээд хэвтээд байдаг гэж үү?
-Захирал нь Ц.Түмэнцогт гэж хүн байдаг юм билээ. Сарынх нь цалин 6,000,000 төгрөг болон буурсан. Ерөнхийдөө бол “Эрдэнэс Монгол” компани тааруухан ажиллаж байгаа учраас цалин хөлс буурсан болов уу. Гэхдээ хангамж, эрх ямба нь нэмэгдсэн юм шиг байна лээ. Нийтдээ 80 ажилтнуудтай, үүнээс 30 нь захирал гэсэн албан тушаалтай гээд бод доо. Өнгөрсөн жил автомашин л гэхэд 1,036,000,000 төгрөгөөр авсан байх юм. “Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ойд зориулсан баримтат киногоо 50,000,000 төгрөгөөр хийлгэсэн байна. Компьютерийн дагалдах хэрэгсэлд 68,300,000, компьютерийн бусад тоног төхөөрөмж авахад 49,800,000 төгрөг зарлагадсан байх юм. Компьютерийг хэд хуваагаад мөнгө төгрөг үрэн таран хийж байх жишээтэй. Офиссын түрээсэнд 718,000,000 төгрөг төлдөг. Метр квадрат нь 43,000 төгрөгийн үнэтэй тансаг өрөөнд сууж байгаа. Төрийн өмчид байдаг метр квадрат 10-20 мянгад багтах хямдхан байр савнууд Улаанбаатар хотод дүүрэн байгаа шүү дээ.
-Арай л хэтэрчээ?
-Цааш нь ярих уу, болих уу гэдэг шиг. Хурал зөвлөгөөний зардалд 331,700,000 мэдээлэл, зар сурталчилгаанд 1,958,000,000 гадаад томилолтонд 486,200,000 төгрөг зарцуулдаг байх юм. Дээр нь цалин дээрээ урамшуулал нэмээд авчихдаг гэхээр монголчууд бид байгалийн баялагаараа хэнийг тэжээгээд байгаагаа ч ойлгохоо байлаа.
-Ийм их зардалтай “тэжээвэрүүд”-ийг зайлуулахаас өөр гарцгүй юм биш үү?
-Тийм шүү. Өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.доллар зээлсэн. Менежментээ сайжруулах нэрээр баахан цаас үйлдвэрлээд дууссан сураг байна. Уул уурхайг түшиглэсэн улс оронд хамгийн хэрэгцээтэй аж ахуйн нэгж байх ёстой байтал зайлуулчихмаар газар “Эрдэнэс Монгол” компани болчихоод байна.
-Нэг зүйл нэмээд асуучих уу. Өнгөрөгч долоо хоногт Багануур, Шивээ Овоо компаниуд ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч захирлууд нь шагнал гардсан шүү дээ?
-Ямар замаар шалгаруулалт явсан гэдгийг мэдэхгүй юм. Тоног төхөөрөмж эвдэрсэн, осол аваарь гарсан, өр ширэндээ баригдсан, ашиглалтын талбайгаа алдсан гэж урамшуулж ТОП-100-д шалгаруулаагүй байлгүй дээ.
Х.ТӨГӨЛДӨР
24news.mn