Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, АТГ-ын удирдлагуудыг солих эсэх асуудал, мөн Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн талаар хэлэлцжээ. Хаалттай хуралдааны талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-ХЗБХ хуралдаж, АТГ-ын дарга, дэд даргыг хууль зөрчин байж хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Үүнд АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Бүлэг байр сууриа хараахан нэгтгээгүй байна. Гэхдээ энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр олон талаас нь ярилцах ёстой гэж бодож байна.
-Ерөнхийлөгч АТГ-ын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа ч хуульчид арай өөр тайлбар хийж байна. Энэ асуудалд та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацааг хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа. Бүрэн эрхийг хугацааг зургаан жилийн хугацаагаар томилсон бол түүгээрээ нь л дуусгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дараагийн даргыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн мэдүүлдэг. Гэтэл манай улсад сонгуулийн өмнө шинэ бүрэн эрх эхлүүлдэг муухай практик манайд тогтох гээд байна. Энэ бол шударга бус. Төрийн ажилд байж боломгүй муу практикийг манайх нэвтрүүлэх гээд байна. Үүнийг УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Уг нь, АТГ-ын бүрэн эрх шинэ төрийн тэргүүн сонгогдсоны дараа жил нь дуусгавар болох ёстой. Бүрэн эрх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дуусах ёстой. Хэн сонгогдох нь мэдэгдэхгүй ч тэр сонгогдсон Ерөнхийлөгч л бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн хүнээ томилох, нэрийг нь УИХ-д оруулж ирэх ёстой. Тэр эрхийг урьдчилж харж, улмаар булааж аваад сонгуулиас өмнө тэр бүрэн эрхийг нь эдэлж байна. Үүнийг бид цаашид засахгүй бол хэзээ ч дуусахгүй. Чөтгөрийн тойргийг эхлүүлж байгаагаас ялгаагүй.
-Хаалттай хуралдаанаар С.Зориг агсны хэргийн талаар хэлэлцэв үү. Цензургүй яриа нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг уг хэргийн материалтай танилцсан байх боломжгүй. Хэрэв танилцсан бол албан тушаалаа урвуулан ашиглаж танилцсан байж магадгүй гэж Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ярьсан байна лээ?
-С.Зориг агсны хэрэгт УИХ дээр ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг ажлаа эхлүүлж чадаагүй л явна.
-Ямар учраас ажлаа эхлүүлэхгүй байгаа юм болоо. Ямар нэгэн дарамт, нөлөө байна уу?
-УИХ-ын 40 гишүүн энэ хэргийн асуудлаар түр хороо байгуулах санал гаргасан. Мөн өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж ажлын хэсэгт чиглэл өгөх байсан ч чадсангүй. Ийм шалтгаанаар цаг хугацаа алдсан. Энэ хооронд ажлын хэсгийн хоёр гишүүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдэгдлийг Ерөнхий прокурорын орлогч хийлээ. Энэ мэт асуудлууд гарч ирж байна.
-Ер нь энэ хэргийн талаар гишүүд хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Энэ хэрэгтэй танилцсан, мэдээлэл авсан нэг ч гишүүн байхгүй. Бүгд л хэвлэлээр гарч байгаа шиг л мэдээлэлтэй байна. Олон Улсын парламентын холбооны дүгнэлт хийж байгаа ажлын хэсгийнхэнтэй би уулзсан. Мэйлээр харьцаж байна.
-Тэгэхээр гишүүд мэдээлэлгүй байхад сэтгүүлчид бүх баримт очсон байна гэсэн үг үү?
-Тийм. УИХ-ын гишүүдээс хэд дахин мэдээлэл сэтгүүлчдэд байна. Ямартай ч нэг сэтгүүлчид лав байгаа юм билээ. Тийм гэдгийг нь телевизээр л анх харлаа шүү дээ, бид. Маш их шинэ мэдээлэл сонслоо.
-С.Зориг агсны хэргийн нууц материалууд сэтгүүлчид яаж очсон талаар хуралдаанаараа ярилцсан уу?
- Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоёр шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, нэвтрүүлгээр зөвхөн яллах талын танилцуулга явагдсан. Тиймээс УИХ-ын ажлын хэсэг өмгөөлөгчдийг нь ил тод сонсохоор боллоо. Хоёрдугаарт, прокурор хэвлэлд ярилцлага өгч байгаа юм чинь Хууль зүйн байнгын хорооны хуралд гишүүдэд мэдээлэл өг гэж тохирлоо.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг хориод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд АН-ын зүгээс ямар алхам хийв. Та бүхэн намынхаа гишүүнийг хамгаална гэж мэдэгдэж байсан?
-Намын асуудал нь тусдаа. Монгол улсын нэр хүндийн асуудал хамгийн чухал. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захиандаа дурдсан үндэслэлүүдийг хуулийн байгууллага шалгаж ёстой. Хамгийн гол улс төрийн захиалга байж болохгүй. Хэрвээ улс төрийн захиалга байвал бид эцсээ хүртэл явна.
Б.Анир
24news.mn