Монгол Улсад жилд 120-180 орчим хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Бөөрний дутагдалд орсон хүн яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх ёстой боловч, донор болох хүн хангалттай биш учир өдөр хоногийг шаналал дунд өнгөрөөдөг аж.
Тэдний төлөөлөл болсон Гемодиализийн эмчлүүлэгчдийн “Чандмань холбоо ТББ”-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Өлзийбаяртай ярилцлаа.
-Донорын тухай хуулийг шинэчлэх Эрүүл Мэндийн Яам дээрх эхний ажлын хэсэгт та ажиллаж байсан хүний хувьд саяхан батлагдсан хуулийн тухайд ямар бодолтой байна?
-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэхээр болоход би ярилцлага өгч байсан юм. Тэр үеийнхээс хэлэх үг, үзэл бодол маань өөрчлөгдсөнгүй. Харин өөрчлөгдсөн зүйл гэвэл тэр үед 500 гаруй хүн гемодиализын аппаратад орж байсан бол одоо жил хагасын дараа 600 гаруй хүн болчхоод байна. Донор хүлээж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр л...
Мөн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжиж эхлээд гурван сар өнгөрчээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай бүх хүмүүсийн нэрийн өмнөөс энэхүү хуулийг шинэчлэн найруулж баталсанд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн нөхцөл, иргэдийн өвчлөл, эрүүл мэндийн байдлаас харахад ч эс, эд, эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгалтын асуудлыг хуулиар бүрэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болсон.
Миний мэдэж байгаагаар эрхтэн шилжүүлэн суулгуулахаар донорыг тэсвэртэйгээр удаан хүлээж чадаж байгаа нь гемодиализ эмчилгээнд хамрагддаг хүмүүс юм. Халдварт бус өвчлөлийн 50 хувийг бөөрний өвчин эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг. Дэлхий нийтээрээ бөөрний өвчлөл нэмэгдсээр байна. Бөөр шилжүүлэн суулгуулбал эдийн засгийн дарамт багасч, бидний хөдөлмөрийн чадвар сэргэнэ гээд тоочоод байвал олон ач холбогдолтой. Зөвхөн бөөр шилжүүлэн суулгуулж эрүүл саруул болохыг хүсэж байгаа ч донор олдохгүй аппаратад орохоос өөр замгүй 600 гаруй хүн байна. Энэ хүмүүс бүгд шилжүүлэн суулгадаггүй юмаа гэхэд эдгээд эрүүл болчих юмсан гэсэн бодол хүн бүхэнд толгой дараалан бий. Би тэдний нэг нь.
-Бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 600 гаруй хүн байгаа гэж та хэллээ. Эдгээр хүмүүс хагалгаанд ороход ямар асуудал тулгарч байна?
-Бөөрний дутагдалтай өвчтөнд гэр бүлийнхэн, хамаатнууд нь донор болж, эдгэж байгаа хүмүүс бий. Гэтэл өвдөж шаналсан нэгэндээ өгье гэсэн ч цусны бүлэг, эд эс таарахгүй зовлон байгаа.
Донор болох хүн цоо эрүүл байх ёстой. Өнөөдөр Монгол хүний эрүүл мэнд ямар байгаа билээ? Цоо эрүүл хүн олох ч хүнд болсон байна. Зарим нэг нь ах дүү, хамаатан садан багатай учир таарах донор хүлээхээс өөр арга алга.
-Урт хугацааны турш диализийн эмчилгээнд орж, эмийн эмчилгээ хийлгэхэд санхүүгийн хувьд нэлээд бэрхшээлтэй гэсэн?
-Би гэхэд л диализийн эмчилгээг найман жилийн турш хийлгэж байна. Одоо ес дэх жил рүүгээ орлоо. Өвдөж шаналахын зэрэгцээ өөрийгөө, гэр бүл, хамаатан садан гээд ойр тойрныхноо санхүүгийн асар их дарамтад оруулж байна. Дээр нь сэтгэл санааны дарамт ирнэ. Энэ их дарамтаас гарах гарц нь цаг алдалгүй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орох.
Хамтдаа диализийн эмчилгээнд орж байсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгуулаад өнөөдөр эрүүл саруул болчихсон явж байгаа хүмүүс байна. Тэднийг харах ямар сайхан гэж бодно. Царай зүс нь гэрэлтээд, нүд нь сэргээд цаанаасаа л эрүүл харагддаг.
Эд эрхтний донорын асуудал тэр дундаа амьгүй(cadaver) донорын асуудлыг хаа хаанаа зөв ойлгож хүлээж авах хэрэгтэй. Эмчилгээний технологи, эрх зүйн зохицуулалтыг хөгжсөн улс орнуудынхтай адил түвшинд аваачвал илүү олон хүн эрүүл саруул болж ажиллаж хөдөлмөрлөж эхэлнэ гэж итгэдэг.
-Энэ удаагийн хуульд амьгүй донороос эрхтэн шилжүүлэх тухай заалт оруулсан байсан. Хууль батлагдсан болохоор донор хүлээх хугацаа богиносно гэж ойлгож болох уу?
-Сүүлийн үед дэлхий нийтээр аль болох амьд донороо хамгаалж, амьгүй буюу (cadaver) тархины үхэлтэй донороос эрүүл эрхтнийг шилжүүлэн суулгах хандлагыг илүүд үзэж байгаа.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ч ингэж зөвлөдөг болсон. Манай улсад 2008 оноос зургаан амьгүй донор гарч 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан. Хамгийн гол нь амьгүй буюу тархины үхжилттэй донорын тухай мэдээллийг нийт ард иргэдэд зөв өгөх, дээдийн дээд буянтай сайн үйлс гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Монголчуудын сэтгэл зүй, шашин шүтлэгийн онцлог гэж байна. Тиймээс өвдөж шаналсан олон хүний амийг аврах боломж амьгүй донорт байгаа гэдгийг ойлгох сэтгэл монголчуудад минь бий гэдэгт итгэдэг. Дэлхийн нийтийн анагаах ухаан, хүн төрөлхтөнд нэвтрээд хэрэгжээд ирсэн гэдгийг ойлгох нь маш чухал. Ийм донороос өвчнийхөө төгсгөлийн үе шатанд байгаа 4-8 хүнд шинэ амьдрал бэлэглэх боломжтой байдаг юм билээ. Тухайлбал, хоёр бөөр, элэг, зүрх, уушиг, нойр булчирхай, хоёр нүдний эвэрлэг бүрхэвч, ясны чөмөг, арьс гэх мэт.
Хууль батлагдах үед олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлүүдийг харахад нас барсан хүн болгоноос эрхтнийг аваад байх юм байна гэж ойлгох хандлага түгээмэл байсан. Энэ бол огт тийм биш юм. Тархины үхэл тогтоогдсон бусад эд эрхтнүүд эрүүл гэж ойлгох хэрэгтэй.
Жилд дээд тал нь 500-600, ер нь дунджаар доод тал нь 350 хүн ослоор нас бардаг гэсэн барагцаа тоо байдаг юм билээ. Дээр нь өөр шалтгаанаар цаг бусаар өнгөрч байгаа хүмүүсийн тоог нарийн сайн мэдэхгүй байна. Бөөр шилжүүлэн суулгах анхны амжилттай хагалгааг 1954 АНУ-д онд хийж байсан, харин манай улсад 2006 оноос эрхтэн шилжүүлэх хагалгаа эмчилгээг тогтмол хийж ирсэн. Тэгэхээр манай ард иргэд цусны донорын талаар сайн мэддэг, эд эрхтний донор, тэр дундаа амьгүй донорын талаар эерэг зөв ойлголт, хандлага нийтлэг биш байгаа юм.
Өнгөрсөн оны долдугаар сард Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон Улсын хоёрдугаар хурал болсон юм. Энэ хурал дээр АНУ-ын Калифорнийн Их сургуулийн мэс заслын профессор, Эрхтэн шилжүүлэн суулгах Дэлхийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, хатагтай Нэнси Ашер тавьсан илтгэлдээ “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хэрэгжүүлэх хөтөлбөрүүд” гээд хэд хэдэн зүйлийн дурдсан байсан нь нийт ар иргэд, Эрүүл мэндийн яам, эмнэлэг, мэргэжилтнүүд анхаарвал зохих асуудал байна гэж бодогдсон.
Үүнд ард иргэдэд эрхтэн шилжүүлэн суулгах талаар боловсрол олгох, Засгийн газар ба Эрүүл мэндийн яамны харилцааг сайжруулах, хамтран ажиллах, Эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжилтнүүд чин сэтгэлээсээ ажиллах, хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх, шашны удирдагчид гэх мэт нийгмийн гол төлөөлөгчдийн дэмжлэгийг авах, эрүүл мэндийн мэргэжилтнүүд хууль боловсруулагч нартай нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж байх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах гэсэн хөтөлбөрүүд байсан.
-Эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгааны дараах эмчилгээний үр дүн хэр байна?
Хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм ууна. Маш сайн гам барина. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүний насжилт ямар байх нь ганцхан хагалгаа яаж хийгдсэнээс хамаарахгүй. Дараагийн хяналт, эмчилгээ, амьдрах орчин, хоол хүнс, тухайн хүний бусад эд эрхтний эрүүл байдал гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаална.
Магадгүй хувь хүний тавилангаас ч хамаарах байх. Гадаадад ч тэр эх орондоо ч тэр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эрүүл саруул болоод олон жил сайхан амьдраад явж байна.
-Гемодиализийн эмчлүүлэгчдийн “Чандмань холбоо ТББ”-ынхаа тухай танилцуулаач?
-2015 оноос холбоогоо байгуулж энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүс, тэдэнд тулгарч буй асуудлын талаар эмнэлэг, яамныханд, шийдвэр гаргагч нарт дуулгахыг хичээж ажиллаж байна. Бидэн шиг асуудал нь аминд нь тулчихсан хүмүүс л нэгнийхээ төлөө сэтгэлээ гаргаж явдаг юм байна.
Эмчилгээний өртөг өндөр, мөн эм тариа улсын бүртгэл, даатгалд орохгүй байна гэх зэрэг асуудлаар байнга чихэнд нь хонх уяж байгаа. Бид чинь эрүүл хүмүүс шиг үргэлж бусадтай уулзаад яваад байж чаддаггүй. Долоо хоногт гурван удаа диализийн аппаратад орно. Ядарна, заримдаа бие муудаад хэвтэнэ гээд асуудал их байна.
Гемодиализ эмчилгээнд орж буй бүх хүмүүс бөөр шилжүүлэн суулгах боломжгүй ч донорын асуудал, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа (элэг болон бусад Монголд цаашид шилжүүлдэг болох бүх эрхтэнд хамаарна)-ны төлбөрийн асуудал нааштай байвал хагалгаа хийлгэх сонирхолтой хүмүүс чамгүй олон болох байх.
Шилжүүлэх нь шилжүүлээд, диализдаа орох нь ордгоороо ороод дээр нь гемодиализ эмчилгээний чанар, хүртээмж нь тогтворжиж, уудаг эмүүдээ улсын бүртгэлд оруулж, даатгалын хөнгөлөлтөд хамруулахыг ч хүсэж, чадлынхаа хэрээр хөөцөлдөж байгаа даа.
-Бөөрний дутагдал өвчнөөр зовж байгаа хүмүүсийн нэг нь та. Тэгэхээр уншигчиддаа анхааруулга болгож юуг онцолж хэлмээр байна?
-Бөөрний дутагдал гэх энэ өвчнөөс урьдчилан сэргийлж аль болох өвдөхгүй байх нь чухал. Энэ өвчнөөр олон жил өвдөж шаналж буй гашуун туршлагатай хүний хувьд хэлэхэд халдварт бус өвчин бол хэлж ирдэг. Манай Монголчуудын дунд “Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэсэн зүйр үг байдаг.
Халдварт ч юм уу удамшлын гаралтай өвчин бол хэлэхгүй ирдэг байх л даа. Хоолны зөв дэглэмтэй, хувцсаа тохируулж өмсдөг, урьдчилан сэргийлэх үзлэгт ордог, хоолой өвдөж ханиад хүрвэл цаг тухайд нь эмчлүүлдэг, шүд цоорохоос урьдчилан сэргийлж шүдний эмчид тогтмол үзүүлдэг байх, ажил амралтаа зөв зохицуулж хэт ачаалалтай ажиллахгүй байх гэх мэт.
Хамгийн гол нь гемодализийн аппаратад оруулдаг бөөрний архаг өвчин дүлий болохоор их аюултай. Нэг өдөр унахад л аппаратад орох хүртлээ хүндэрсэн байдаг. Тиймээс жил бүр цус, шээсний шинжилгээгээ хийлгэж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Одоо өвдсөн хойноо эргээд харахад сэргийлж болохоор байсан юм шиг санагддаг. Энэ зөвхөн миний л бодол шүү. Манай улс жилийн дөрвөн улиралтай, хүйтэн сэрүүн. Дээр нь монголчууд уламжлалт хоол, хувцаснаасаа татгалзаж гадаадын олон орноос хүнсний бүтээгдэхүүн импортолж хэрэглэдэг болж. Энэ бүхэн ихээр нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс дулаан хувцаслах, хүйтэнд малгайгаа тогтмол өмсөж сурах, чиг татдаггүй дулаан гутал өмсөж, артерийн даралтаа тогтмол байлгахад анхаарч байгаарай.
24news.mn