Техник технологи хөгжсөөр ном зохиол, сонин сэтгүүлүүд цахим хэлбэрт шилжсээр байгаа билээ. Монголын сор бүтээлүүд болох 150 гаруй ном, сэтгүүл, аудиог өөртөө багтаасан M Plus /M+/ аппликэйшн нээлтээ хийсэн юм.
Энэхүү цахим номын сангийн талаар Woovoo ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаярыг ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор урьж, ярилцлаа.
-Их ажлын ард гарсан танай хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Сүүлд ямар ном уншив?
-Сарын өмнө Элон Маскийн Теслаг хэрхэн бүтээсэн тухай номыг уншсан юм байна. Гэхдээ У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ”, Ж.Тэгшжаргалын 25, М.Сугар-Эрдэнийн орчуулсан Михайл Булгаковын Нохойн зүрх, Закийн орчуулсан Шөнө, н.Ганзоригийн орчуулсан Бенжамин Баттоны "Миний намтар" гээд таван ном худалдаад авчихсан байгаа.
-Таны номын сан хэдэн номтой вэ?
-Ном уншдаг хүмүүсийн хажууд ичмээр ч гэсэн одоогийн байдлаар 100 ном л байгаа. Гэхдээ ном уншдаггүй хүмүүсийн хажууд уншчихдаг хүн шүү. Одоо бол тухтай суугаад уншихаас илүү онгоцонд явахдаа л уншиж байна.
Нийгэм өөрөө их хурдтай байгаа учир ном, зурагт уруу анхаарахаас илүү дижитал болон сонсдог номыг түлхүү сонгож байна. Машинтай явахдаа сонсдог номоо эхлүүлчихлээр өглөө оройдоо бага хэмжээний ном уншчихаад байгаа юм.
-Та ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ. Номын сонголтын талаар?
-Би бага байхаасаа эхлээд хүмүүсийн намтар их уншдаг байлаа. Учир нь хүмүүсийн амьдралд үүссэн асуудал, хүндхэн үеийг хэрхэн давсан тухай уншиж, олон зүйлийг суралцан, гаргасан алдааг нь давтахгүйгээр зөв байж, амжилтад хүрч болох юм байна гэдгийг ойлгон, хүмүүсийн амьдралын тухай өгүүлсэн номыг түлхүү сонгодог.
-Зарим хүмүүс ном унших дуртай байдаг. Гэтэл нэг хэсэг нь ном бүтэн уншиж чаддаггүй. Сайн уншигч болохын тулд яах ёстой вэ. Тусгай арга байдаг уу?
-Саяхан манай М плас /М+/ аппликэйшнд Шагж Гэлэн залуугийн “Жорлонд унших ном” орсон. Уншигчдад эвгүй сэтгэгдэл төрж магадгүй. Гэхдээ миний ном уншдаг газар гэвэл энэ. Бага байхаасаа эхлэн ном унших хамгийн дуртай орчин минь тэр байсан. Ямар сайндаа л аав маань дургүйцэж, их л загнадаг байлаа.
Гэвч надад тэнд л ном уншихад хамгийн сайхан байдаг. Хоёрдугаарт номоо зөв сонгоод уншчихвал хэн ч бай сайн уншигч болж чадна. Би олон ном уншдаггүй ч, цөөн номыг давталттайгаар уншдаг.
Өөртөө таалагдсан нэг номыг барьж аваад хэдэн ч удаа хамаагүй уншдаг төрлийн хүн. Миний ном уншихдаа баримталдаг зарчим бол хурдтай уншаад дуусахаас илүү, уг номын агуулга дундаас хэрэгтэй зүйлсээ олох гэж хичээдэг. Зарим хүмүүс уншсан номоо хурдан мартдаг бол, би мартдаггүй хүмүүсийн нэг.
Тухайлбал, 2006 онд Т.Бум-Эрдэнэ ахын гаргасан “Сэмэрч үл барагдана” анхны уншигч нь би болж билээ. Одоо ч гэсэн магадгүй зохиолчоос нь илүүтэй өгүүллэгийг нь цээжээр ярьж чадах байх.