Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж цөөнгүй асуудал шийдвэрлэлээ. Тухайлбал, асрамж, халамжийн төвүүдтэй холбоотой дөрвөн асуудал хэлэлцэв. Ингэхдээ “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвийн засварт 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж өгөхөөр болсон бол Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Эдгээр асуудлын талаар болон хүүхдийн мөнгийг хэзээнээс, хэрхэн олгож эхлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэв.
Тэрбээр мэдээллийн эхэнд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургаадугаар сарын 1-нд ХНХЯ-ны харьяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан.
Тус төвд 185 хүүхэд амьдардаг бөгөөд бүтэн өнчин болон эцэг эх байх эрхээ хасуулсан, аав, ээж нь хорих ангид ял эдэлж байгаа айлын хүүхдүүд хүмүүждэг. Ерөнхий сайдад тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой 100 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөх хүсэлт тавьсны дагуу ийнхүү шийдвэрлэлээ. Уг мөнгөөр хүүхдийн төвийн барилгын дээврийг засахаас гадна олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн 22 сая төгрөгийн өр зэргийг барагдуулна. Мөн 185 хүүхэд дотор тусгай асаргаа шаардлагатай, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй нэг дор байх нь стандартын шаардлага хангахгүйгээс гадна үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж, халамжийн төв байгуулах асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ерөнхий сайд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. “Эрдэм” асрамжийн төвийг хувийн хэвшлийн байгууллага ажиллуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй барилга нь нийслэлийн өмчийн харьяанд байдаг. Уг барилгыг нийслэлийн өмчид буцааж авах асуудлыг хөндөх болсон. Тиймээс өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар уг барилгыг “Эрдэм” төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барихад шаардах 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн барилгатай болгоход анхаарах шаардлагатай болсон” гэж хэллээ. Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Хүүхдийн мөнгийг өмнө нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаад 80 хувьд өгөх шийдвэр гаргасан. Хэзээнээс, хэрхэн олгож эхлэхээр болсон бэ?
-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тогтоол баталсан. Хүүхдийн мөнгөнд нэмж хамрагдах 20 хувьд дөрөвдүгээр сарын нэгнээс тооцон олгоно. Ингэхдээ зургаан сарын хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож байгаатай холбоотой өрхийн амьжиргааны төвшний судалгаанд үндэслэнэ. Одоо үйлчилж байгаа 560 гэсэн босго оноогоо өөрчилж 670-аар шугам татахаар ажиллаж байна. Цаашдаа эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжрахтай уялдуулаад хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох амлалтаа хэрэгжүүлнэ. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан зүйл. Энэ оны төсөвт нийт хүүхдийн 60 хувьд олгохоор тусгасан. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, төсвийн орлого давж биелсэнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөний хамрах хүрээг тэлж, 20 хувийг хамруулснаар нийт хүүхдийн 80 хувийг хамрууллаа. Ирэх оноос бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана.
-Бүх хүүхдэд мөнгө олгохын тулд эхлээд ОУВС-гийнхантай тохиролцох хэрэг гарна биз дээ?
-Ирэх наймдугаар сарын 1-нээс ОУВС-гийнхан манай улсад ирж ажиллана. Энэ үеэрээ хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээр хийхээр бэлтгэлээ хангаж байна. Ингээд ирэх оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр Засгийн газар ажиллах юм.
-Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны мэдээллийн санд хамрагдсан айлын хүүхдүүдийн 80 хувьд олгож байгаа. Өрхийн амьжиргааны ийм судалгаанд хамрагдаагүй айлын хүүхдүүдэд мөнгийг нь яаж олгох вэ?
-Хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газар баталсан. Журмын дагуу өрхийн амьжиргааны судалгаанд зайлшгүй хамрагдсан байх ёстой. Одоогоор 100-гаад мянган хүүхэд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй гэсэн тоо, судалгаа байдаг. Эдгээр айл өрх өөрсдөө материалаа бүрдүүлээд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй. Ингээд босго оноондоо багтаж байгаа бол хүүхдийн мөнгө авах эрх нь нээлттэй гэсэн үг.
-Тэгэхээр дахиад судалгаанд хамрагдах ёстой гэсэн үг үү?
-Тийм. Нэгдүгээрт, өрхийн амьжиргааны судалгаандаа хамрагдана. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн буюу харьяаныхаа Хөдөлмөр халамжийн газарт гаргана.
-Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохдоо, хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй 40 хувийн мөнгийг амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд хүнсний талон болгон тараана гэж байсан. Тэгэхээр хүнсний талоныг үргэлжлүүлж олгох уу?
-Өнгөрсөн оны төсөвт тодотгол хийхдээ хүнсний талонд хамрагдаж байгаа иргэдийн хамрах хүрээг нэмсэн. Ядуурлын төвшин нэмэгдэж байгаатай холбоотой хүнсний талонд хамрагдаж байгаа иргэдийн тоо хоёр дахин өслөө. Мөн нэг иргэнд очиж буй тэтгэмжийн хэмжээг ч 20 хувиар нэмсэн. Хүнсний талонд хамрагдаж байгаа иргэд батлагдсан журмынхаа дагуу оноогоо аваад явах юм.
М.Өнөржаргал
24news.mn