2024 оны 11 сарын 24
Зочин
Б.Бат-Ирээдүй: Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 15 хүүхэд бий

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, анагаах ухааны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй эмч Б.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

–Сарын өмнө дөрвөн настай хүүхэд элэг шил-жүүлэн суулгах мэс засал хийсэн. Хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?

-Дөрвөн настай эмэгтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Энэ хүүхэд маань ЭХЭМҮТ-д төрөлхийн цөсний замын битүүрэлтэйн улмаас гэдэс залгуулах мэс заслыг анх хийсэн. Үүнээс хойш элэг хатуурч хэвлийд ус үүсэх, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон байдалтай мэс засал хийх заалт гарсан. Энэ мэс заслыг өнгөрсөн сарын 4-нд Солонгосын АСАН-ы баг, ЭХЭМҮТ-тэй хамтарч хийсэн. Өнөөдөр хүүхдийн биеийн байдал тогтвортой эмнэлгээс гараад эмчийн хяналтад байгаа.

–Донорын хувьд?

-Шинэ хуулиар заа¬вал гэр бүл, төрөл төрөгсдөөс нь эрхтэн шилжүүлэн суулгах заалт гарсан. Тиймээс ээжийнх нь бүлэг өөр байсан учраас аавыг нь сонгож, элэгний зүүн дэлбэнг авч суулгасан байгаа. Өмнө нь гурван хүүхдэд эрхтэн шилжүүлж байсан.

–Өвчтөн эмнэлгээс гарсан ч гэсэн эмчийн хяналтад байх уу?

-Насан туршдаа хяналтад байна. Өмнөх хүүхдүүд ч гэсэн байнгын хяналтад байгаа. Шинжилгээгээ тогтмол хугацаандаа өгөөд явна. Хэрэв шинжилгээнд өөрчлөлт гарвал эмнэлэгт хэвтүүлж эмчилгээнийхээ аргыг өөрчилнө. Өмнө нь мэс засал хийлгэсэн гурван хүүхдийн биеийн байдал тогтвортой, хичээлдээ явж байгаа.

–Хүүхдүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах шалтгаан нь юу байна. Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Төрөлхийн цөсний замын битүүрэл, элэгний хатуурал, вирусын гаралтай хатуурлын улмаас элэг хатуурч элэгний эмгэгийн төгсгөлийн шатандаа орж байна. Гуравдугаарт, шалтгаан нь тодорхойгүй элэгний хатуурал байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эмнэлгээс гараад цэвэр орчинд байх ёстой. Яагаад гэвэл дархлаа дарангуйлсан байдаг. Дархлаа дарангуйлна гэдэг нь халдвар авах эрсдэлтэй. Дархлааг өндөр дарангуйлж байгаа тохиолдолд ханиад томуу, хоол ундны хордлого, бохир гарын өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй. Энгийн хүнээс хэд дахин дархлаа дарангуйлдаг. Тиймээс эмчийн заавар, зөвлөгөөний дагуу эм хэрэглэнэ.

–Манайд ийм өвчтэй хүүхэд хэр олон байдаг юм бол?

-ЭХЭМҮТ-ийн эмч нарын албан бус тоогоор 70-аад хүүхэд байгаа гэсэн. Үүний 20 гаруй нь бүртгэлтэй. Эрхтэн шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 15 хүүхэд байгаа. Донороо өөрсдөө олно. Шинэ хуулиар заа¬вал төрөл төрөгсдөөсөө донор нь тэнцэх ёстой. Манайх 2011 оноос хойш ажилласан багаж, тоног төхөөрөмжөөрөө сэлгэлтгүй явсан учраас шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ нь манай тулгамдсан асуудал болж байгааг ЭМЯ, Засгийн газарт мэдэгдсэн.

–Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүүхдүүдэд хөдөлгөөн хорьдог уу?

-Хүүхэд болсон хойно хөдөлгөөнтэй байна. Тэр хөдөлгөөнийг эцэг эх болон тухайн сургуулийн багш нар сайн анхаарч байх хэрэгтэй. Үсэрч харайх, цохих, нэдрэхэд эрсдэлтэй. Энэ сарын 23-нд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын III наадмыг зохион байгуулна. Үүнд манай элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс, тэдний хүүхдүүд оролцдог уламжлалтай. Хүүхдүүд богины зайд гүйдэг.

–Энэ мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг юм бэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй болохоор том хүн, хүүхэд гэлтгүй багаж, тоног төхөөрөмж буюу нэг удаагийн хэрэглэлийн 25 хувийг төлдөг.


Р.Оюун 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.