Манай Улсын Ерөнхийлөгчийн “ивээлд” байдаг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн шинэхэн дугаарын зочин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, геологийн ухааны доктор Ц.Хурц байлаа.
Олон сайхан түүх хүүрнэсэн тус нэвтрүүлгийн дунд “хурц” үгс ч бас явж байв. Тэрний нэг нь Ц.Хурц баатарын хэлсэн Цагаансуваргын ордыг төрд авах тухай юм. Түүний энэ үг зүгээр ч нэг нэвтрүүлгийн үеэр ам халаад хэлчихсэн үг биш. Магадгүй төрийн тэргүүний байр суурь нэвтрүүлгийн үеэр шигтгээ болон орсон ч байж болох юм. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр, ”Өнөөдөр Цагаан суварга “МАК” ХХК-ын мэдэлд очихоод байна би мэдэхгүй юм шиг, дуугуй хараад л сууж байгаа. Монголын хувийн компанид Цагаан суваргыг өгч чадсан юм чинь буцаан авч чаддаг төр байх хэрэгтэй. Үүнийг л төр гэдэг юм. Төр мөнгөтэй байж Монголыг тэжээнэ. Төр ард түмний бүгдийнх нь тусын тулд төр үйлчилдэг байна уу гэхээс биш 10 хүний тусын тулд үйлчилдэг төрийн бүтэцтэй байж болохгүй. Тэгэхээр өнөөдөр Тавантолгойн хувьцаанаас бидэнд өгч байгаа зургаан хуушуурийн мөнгө өгөөд яах юм бэ, наадхыгаа хуримтлал болгоод үйлдвэрийг сайжруулж, төмөр зам тавь гэж Монголын ард түмэн дугарах ёстой” гэж ярьж байсан.
Ер нь Ц.Хурц баатар Цагаансуваргын ордын талаар үг хэлэх эрхтэй нэгэн. Учир нь, Хурц гуай 1963 оны наймдугаар сард Цагаан суваргын ордыг анх нээж байсан юм. Тэрбээр ярихдаа “Пээ цэл ногоон тал метр, өнөө Цагаан суваргын орд дээр давхиад ирж” хэмээн анх хараад уулга алдаж байсан гэдэг. “Буугаад бушуухан чулуу аваад хагалсан исэлдсэн зэсийн ногоолон гэдгийн малахид гэдэг эрдэс зөндөө, цааш жалга дагаад 20-д метр явахад зэсийн бүх төрлийн исэлдсэн эрдсүүд зөндөө байв. 700 метр яваад би Цагаан суваргынхаа захад гарсангүй. Эргэн тойрон тэр чигтээ зэсийн хүдэр харагдаж байлаа. Тэгээд л анх удаа Цагаансуваргын ордыг нээж байлаа” хэмээн хуучилж байв. Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг. Гэвч зэсийнхээ нөөцөөр Эрдэнэт, Оюутолгойн дараа бичигддэг Цагаан суврагын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг “Монголын алт компани” (МАК ХХК) өөрийн хөрөнгөөр 2001-2008 онд хийсэн гэсэн шалтгаанаар “МАК” ХХК мэдэлдээ авчээ. Үүнийг 2014 оны УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар баталж шийдвэрлэсэн юм.
Нарийвчилбал, Ашигт малтмалын тухай хуулиар “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заажээ. Тухайн үед төслийн нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох гурван 350600 ам.долларын (төслийн нийт хөрөнгө оруулалт 1031.2) санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд оруулах, Мөн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг Эдийн засгын байнгын хороо дэмжсэн юм. Ийнхүү Цагаан суваргын ордод төр эзэмшлийн хувь тогтоогоогүй юм. Тухайн үед Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг “Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалтын ажил нэлээд идэвхижсэн. Тус компани төслийн санхүүжилтийн зээл авах гэж байгаа учир төр хувь эзэмших, эсэхийг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Төр хувь эзэмшинэ гэдэг хамтарсан компани байгуулах ёстой болно” хэмээн чуулганаар ярьж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Зарим уурхай нь стратегийн орд газарт орох гээд, эсвэл нэг хэсэг нь болих гээд хөөцөлдөөд эхэллээ. Уул уурхайн яам яагаад ийм эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Эрдэнэс-Тавантолгой 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Одоо Цагаан суваргад 350 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм хөрөнгө оруулалт хийх мөнгө байгаа юу. Улсад юмаа зарах гэсэн сонирхол нэлээд байна. Ийм үнээр хувь эзэмшлээ гэхэд улсад ямар ашигтай вэ. Төр ингээд авчихвал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Улстай өрсөлддөг хувийн компани гэж байхгүй шүү дээ” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Цагаан суваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар шийдсэн. Учир нь, хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ойрын арван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тооцоо гарч байгаа” хэмээж байсан юм. Цагаан суварга нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. “Цагаан суваргын зэс молибдены ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулснаар 1.316.000 тонн зэсийн, 4400 тонн молибединий баяжмал боловсруулахаас гадна 1128 шинэ ажлын байр бий болно. Мөн уг орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй байна” хэмээн 2013 онд Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав “Монголын алт” компанийн бүтээн байгуулалтын төслүүдийн ажлын явцтай танилцаж байх үеэр танилцуулсан байдаг. “МАК” ХХК нь 1993 онд байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Дан ганц уул уурхайн чиглэлээр бус мөн барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагын захирал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн бөгөөд бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир. Хэдийгээр Цагаан суваргын орд одоохон доо МАК-ийн мэдэлд байгаа ч төрд авах санаархал энэ засгийн үед, энэ Ерөнхийлөгчийн үед дахин сэргэж мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн ивээл дэх Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн үеэр тэр санааг Ч.Хурц баатар хурцаар илэрхийлснээс харвал шүү дээ.
Р.Хишигжаргал
24news.mn