2024 оны 11 сарын 24
Зочин
Д.УХААНЗАЯА: СЭТГЭЛИЙН СЭВ МААНЬ ЦЭВЭР АРИУН БАЙХ ЮМ БОЛ БУЯН ХИШИГ АЯНДАА ТОГТОНО

Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Доржнамжинын Ухаанзаяатай ярилцлаа.

-Таныг энэ сарын 14-нд бумбаны нэгдсэн тахилга хийх гэж байгаа тухай сонслоо. Бумбаны тахилга гэдэг нь ямар учиртай болохыг хэлж өгөхгүй юу?

-Энэ нь монголчуудын эртнээс уламжлалтай зан үйл юм. Миний хувьд гурав дахь удаагаа бумбаны тахилгыг хийх гэж байна. Бумба маань олон төрөл байдаг. Энд тэнд Намсрай, Замбал, Гонгор гээд бумбуудыг тахидаг. Харин энэ сарын 14-нд болох арга хэмжээ бол бумбаны нэгдсэн тахилга юм. Өөрөөр хэлбэл, Намсрай, Гонгор, Замбал, Дарь-Эхийн бумбуудын нэгдсэн том тахилга Монголд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бумба тахихын зан үйл нь ямар учиртай юм бэ гэвэл буян хишгийг дэлгэрүүлж тогтоох, эдийг арвижуулах ач холбогдолтой юм. Бумба гэдэг нь зайны хүчээр шүтэж тухайн айл гэрт буян хишгийн энергийн урсгалыг тогтоон барьдаг гэсэн ерөнхий утгатай л даа.

banner2 Д.Ухаанзаяа: Сэтгэлийн сэв маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно
 
Сурталчилгаа

-Энэ удаагийн бумбаны тахилга ямар онцлогтой вэ?

-Ер нь бумбаны тахилга болоход лам нар номоо уншаад дуусчихлаг. Харин бумбаны нэгдсэн тахилга нь зан үйлээ хийснийхээ дараа бумбаны эзэн бурхадуудын утга учир хийгээд бумбыг тахисны ач тус гэж юу юм, бумба гэдэг нь хэдэн төрөл байдаг юм, дотор нь яг юу оршдог юм, гэр орондоо бумбыг яг аль зүгт залдаг юм, бумбыг залснаар ямар ивээл, ач тус гарах вэ, бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ зэрэг нарийн мэдээллийг өгсөн нэг цаг гаруй лекц уншина. Бумбаны тахилгад ирсэн цөөхөн хүмүүст зориулаад зогсохгүй нийт монголчуудынхаа буян хишгийг дэлгэрүүлэхийн тухайд буянаа зориулах үйл ажиллагаа юм.

-Бумбыг хэдийд тахидаг юм бэ. Зарим газар зуны дэлгэр цагт тахиж байгаа харагддаг л даа?

-Бумбыг тахидаг улирал гэж бий. Гэтэл манай ёс уламжлал алдагдсанаас болж зарим газар буруу улиралд тахидаг болсон нь анзаарагдах юм. Ихэнх хийд зуны адаг сард бүгд бумба тахиад дуусчихдаг. Номондоо бол намрын эхэн сарын шинийн 1-15-ны хооронд

буюу 3, 8, 14-ний өдрүүдэд тахидаг. Миний хувьд энэ уламжлалаараа намрын эхэн сарын шинийн 3-ний цогийн наран буюу балжиннямтай, бурхны адислагатай өдөр зохион байгуулах гэж байгаа.

-Зорьж очих хүмүүс юу бэлдэх ёстой вэ?

-Бумбаны тахилгад ирэх хүмүүс маань бумбаа бүртгүүлэх ёстой. Тахилгын өмнөх өдөр нь бүртгэл явагдана. Томоохон хийд газрууд бумбаа 2-3 өдөр бүртгэж авдаг л даа. Бүгдийг нь нарийн нягт бүртгэх учраас урт очер дараалал үүсч, хүмүүс ядарна. Иймд бумбыг хоёр хувааж авч байгаа. Яг тахилгынхаа өдөр бүгдийг нь бүртгэнэ гэвэл амжихгүй. Тийм учраас наймдугаар сарын 13-ндаа бумбануудаа 09.00-19.00 цаг хүртэл бүртгэнэ. Мөн 14-ндөө 09.00-13.00 цаг хүртэл бүртгэнэ. Өмнө бумбаа өгчихсөн хүмүүс шууд 13 цагтаа ирж болно. Үйл ажиллагаа маань дөрөв таван цагийн ажил болно.

-Та тахилгын дараа бумбынхаа бурхадуудын тайлбарын тухай лекц уншина гэж дээр хэллээ. Ингэхэд бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ?

-Бумба гэдэг бол буян хишигтэй холбоотой зан үйл. Ер нь хүн болгон сайн сайхан амьдрахыг зорьж байна шүү дээ. Буян хишгээ чуулуулаад, амар амгалан байхын тулд хүн юуг сэтгэлдээ анхаарах ёстой юм бэ. Сэтгэлийн энэ сав маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно. Хэрэв тэр сав нь бузартчихсан байвал бурхан бууж ирээд рашаан хийгээд өгсөн ч барьж тогтоож чадахгүй. Тиймээс сэтгэлийнсаваа цэвэрлэж, яаж буян хишгээ тогтоон барих аргыг энэхүү лекцээрээ зааж өгөх юм. Бумба гэдэг маань нэг зан үйл нь. Тэрнээс шинээр зохиогдож, гаднаас аваад ирсэн юм биш. Монголчууд маань буянаа тогтоох уламжлалт зан үйлүүд олон байдаг. Сахиусан хүрд, буян хишгийн сав, даллаганы уут гэж байна. Тухайн айл гэрт даллаганы уут байхгүй, бумба байхгүй бол энэ айлд ирж буй буян хишиг нь тогтохгүй. Жишээлбэл, Дорж гэдэг айлд сайхан ерөөлөөрөө буян хишгийн урсгал ирлээ гэж бодъё. Тэрийг тогтоон барьж авах шүтэгдэхүүнүүд байх ёстой. Эдийн тэнгэр бурхан Гонгорын бумба байхгүй, байсан ч буруу бүтээгдсэн байлаа гэж бодъё. Эсвэл даллагын уут нь буруу бүтээгдсэн бол тэр энергийн урсгал тогтохгүй. Харин ч хажуу айлын Дондогийнх номоор нь эдийн тэнгэрээ сайхан тахидаг, даллаганы уутаа зөв бүтээчихсэн, өөрсдөө оёод хийсэн, бумбаа залчихсан байвал тэр энерги эднийд очно. Тийм учраас өөрт ирж байгаа буян хишгийг өөртөө авахын тулд эртнээс уламжлагдаж байгаа зан үйлийг номын дагуу зөв хийх ёстой. Тэгвэл эрдэм аяндаа гарна.

-Ингэхэд шашны зан үйлийн хэрэглэгдэхүүнүүд худалдаанд элбэг байдаг нь хэр зөв бэ. Даллаганы уут гэхэд есөн эрдэнийг орлуулаад хийчихсэн байдаг. Энэ нь буян хишгийг тогтоож чадах уу?

-Буруу хийсэн юмуу, сэтгэл гаргаагүй бол ямар ч эрдэм гарахгүй. Цагийн гарз. Худалдаанд байгаа даллаганы уутанд есөн эрдэнэ зөв байхгүй хуурамч, орлуулсан байдаг. Бид аливаа нэгэн шашны зан үйлд сэтгэлээсээ хандахгүй бол эсэргээрээ буянаа барах болдог. Ямар ч үр дүнгүй. Тэгэхээр даллаганы уутандаа есөн эрдэнэ гэвэл орлуулах бус жинхэнэ есөн эрдэнэ авч хийх ёстой. Бас 25 эд зүйлийн идээ цагаа хийгээд юу юу хийх ёстойг миний бие номынхоо ард дандаа хэлж өгдөг юм. Энэ удаагийн бумбаны нэгдсэн тахилга дээр тухайн бумбыг лам хуваргууд маань номоор нь адислаад өгөхөөс гадна утга учрыг нь тайлбарлана. Ном адилслахад түвд хэлээр уншигдана. Яг юун тухай уншигдаад байна, яаж миний бумбанд адислага оршиж байна, энэ нь юу гэсэн утгатай болох, бумбаа яаж шүтэх ёстой гээд тэр болгоны тайлбарлаж ойлгуулж өгөх юм бол тухайн хүнд ухаарал, үнэн адислага төрнө. Хүн мэдэхгүй, ойлгоогүй зүйлийнхээ дайсан нь байдаг шүү дээ.

-Ингэхэд бумбагүй хүмүүс энэ арга хэмжээнд очиж болох уу?

-Бололгүй яахав. Бүх хүнд нээлттэй. Залуу хосууд, гэр бүлүүд маань бумба аваагүй байсан ч ирээд миний лекцийг сонсч, номд даган баясч болно. Тэгэхээр бид залуу хосууд цаашид олон үр хүүхэдтэй болно. Тэдэндээ буянаа тогтоож, дэлгэрүүлэхийн тухай тун цэгцтэй ухаарлыг авна.

-Бумбанд юу, юу байдаг вэ. Худалдаанаас бумба авах нь зөв үү. Хүмүүс өөрсдөө бүтээх боломж байдаг уу?

-Дотор нь юу байдгийг лекцэн дээр хэлж өгнө. Гадуур худалдаанд элбэг байдаг 10 мянга гэдэг бумба бол энгийн, газарт оршоодог, гэртээ шүтдэггүй бумба. Харин миний яриад байгаа Гонгор, Замбал, Намрайн бумбануудыг гэртээ залах ёстой. Зэс, мөнгө, алт, шавар, шаазан гэсэн материалаар хийдэг. Эдгээр бумбануудыг хувь хүн өөрөө бүтээх боломжгүй. Хэрэв бүтээе гэвэл ямар нэг бурхны нинчинд суусан, Гонгор бурхны тарнийг арван дүнчүүр тоолсон байх ёстой. Өөрөө шашны өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Энгийн хүн бол тийм боломжгүй. Бумбыг бол буух эзэнтэй, буцах хаяг нь тодорхой хийдүүдээс авна. Сайны хажуугаар саар гэгчээр урдаас муу, хямд бумба орж ирж байна. Гадуур манай хийдүүдийн урладаг сайн бумба 350-550 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Худалдаанд байгаа хятадын бумба бол 150-180 мянган төгрөгийн хооронд байдаг. Манай нэг шавь худалдаанаас их үнэтэй бумба авч л дээ. Нэг өдөр санаандгүй байдлаар ам нь нээгдчихэж. Гэтэл дотор нь арцнаас өөр юу ч байгаагүй. Нэг ч судар, ном байгаагүй. Бумбыг онголгож үзээд дотор нь ийм ийм юм байна гээд авч болдоггүй. Тэгэхээр сэтгэлд сэвгүйгээр хийдүүдээсээ бумба авах нь зөв. Манай хийдүүд одоо бумбаа сайхан хийдэг болсон. Заавал торогоор амыг нь таглаад таван өнгийн утсаар ороогоод лацдаг. Тэгэхээр хийдүүд өөрсдөө хэзээ ч буруу бумба хийхгүй. Буянаа барна шүү дээ. Бумбыг нэг л удаа авч, үе дамжуулдаг. Миний лекцэнд сууснаар бумбаныхаа утга учрыг мэдээд үр хүүхдүүддээ ярьж өгөх нь байна шүү дээ. Энэ дотор ийм ийм байгаа, нам доор тавихгүй, бурханыхаа ард тавьж, урд нь тахил өрнө гээд буян хишгийнхээ номлолуудыг зааж өгнө. Ингэснээр буянаа мөнхөд үе дамжин өвлүүлэхэд зан үйлийг нь зааж өгнө гэсэн үг.

-Хүмүүс бурхны зурагтай хатгамал оёж урлаад аравнайлуулчихаад тахиж шүтээд байдаг. Бурхан урлаач хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хятадаас бурхны зурагтай хатгамал оруулж ирээд хүмүүс лангууныхаа ард суугаад оёод, бүх хүн бурханч болчихсон. Миний эрин байх хэрэггүй болж байна шүү дээ. Би арваад жил багшаасаа авшиг авч, бясалгал хийж суралцаад одоо л багшаасаа бурхан урлах эрхээ авч байхад зүгээр нэг жирийн иргэн бурхан оёод сууж байгаа нь номд зохилдохгүй. Тэрийгээ надаар аравнайлуулах гэж олонтаа ирдэг л дээ. Би нэгийг нь ч аравнайлдаггүй. Дандаа алдаатай, буруу байдаг. Тухайн хүмүүс мэргэжлийн бурхан урлаач хүн биш учраас тэр нь алдас болно. Буянаа барна. Харин тогос шувуу оёж болно.

-Буян хишгээ арвижуулж тогтоохын тулд бурхнаас юу гуйх ёстой вэ?

-Хүмүүс бурханаас ихэвчлэн эд таваар, мөнгө хүсдэг. Бурхны өгдөг хамгийн дорой юмыг хүмүүс гуйгаад байдаг л даа. Эд таваараас гадна хутагтын долоон эрдэнэ гэж бий. Үүнийг л гуйх ёстой. Тэр нь сүжиг, билгүүн, сонсох, шагшааваадын, ичгүүрийн эрдэнэ юм. Эдгээрийг бурхнаас гуйснаар мөнгө аяндаа ороод ирдэг. Тодруулбал, сэтгэлээ засах, гэгээрэх, хутагтын дээд зэрэглэл рүү очих, сэтгэл оюун ухааныг дээд түвшинд очих тэр мэдлэгийг гуйж байхад аяндаа мөнгө ороод ирнэ. Түүнээс биш мөнгө гуйгаад байх юм бол боломжгүй. Тэрийг өгөхгүй. Өгсөн ч бага ирнэ. Тиймээс бид буян хишгийг дэлгэрүүлэхийн тулд бурхнаас “Надад зөв зүйлийг сонсч тэрийг дотроо баринтаглаад авах тэр эрдэнийг хайрлаач.

Ичгүүрийг мэдрэх тэр эрдэнийг хайрлаач, сүсгийн эрдэнийг хайрлаач” гэж гуйх ёстой. Хүмүүс сүсэглэж чадахгүй байна. Юманд итгэж чадахгүй учраас эрдэм гарахгүй байгаа юм. Эрдэм гарахгүй учраас амьдрал нь дээшлэхгүй, бахь байдагтаа байдаг. Хэн эрдэмд толгойгоо ажиллуулж, гэгээрлийн зам мөр рүү орж, дотоод сэтгэлээ ариусгаж, буян хишгийг дуудах зан үйлийг ойлгож, Монгол ёс уламжлалаа дээдэлж, нарийн мэдэж авна тухайн хүн л буян хишгээ тогтоож гарз гарахгүй. Аливаа материаллаг зүйл рүү шунахаа больё. Материаллаг зүйлээр амар амгаланг зольж авна гэдэг бол маш буруу төөрөгдөл. Тэрний оронд оюун санаагаа гэгээрүүлж, ном эрдэмд шамдъя. Өглөгийг дадуулъя. Ямар сэтгэлийг дадуулбал надад буян хишиг хурдаг юм, ямар сэтгэлийг дадуулаад байхаар буянаа бардаг юм бэ, мөнхийн гуйланч амьдралаар амьдрах уу, буян хишгээ тогтоогоод үр хүүхдүүд гэр бүл маань өвчин зовлонгүй эрүүл байх уу.

Баян байна гэдэг асуудал их нарийн. Асар их мөнгөтэй, олон хаустай, тарган цатгалан хүнийг хэлэх үү. Баян гэдэг ойлголт нь хүн хүний түвшинд өөр, өөр. Эрүүл байна, элэг бүтэн байна, аливааг ялгаж, салгаж ойлгодог эрүүл ухаантай байна гэдэг баян. Би хүнд урмын үг хэлж чадаж байна гэдэг бол баян. Сэтгэл дотроо хүнийг сайхнаар бодож болно. Хүмүүсийг бие биедээ юм өг гэхээр “Надад мөнгө байхгүй” гэдэг. Тэгвэл сайхан урмын үг хэлж болно. Бүр хэлж чадахгүй бол сэтгэл дотроо бодож болно. Энэ мэтчилэн хүнд өгөх олон юм байгаа. Ер нь энэ сарын 14-нд болох лекцээрээ дадуулгыг зааж өгнө. Буянаа тогтоох, буянаа барах сэтгэлийн ямар, ямар анхааруулга байна, ямар ,ямар зан үйл байдгийг тогтоогоод авчих юм бол буянаа тогтоож, гарз гарахаа болино. Мөн бумбаны утга учир бүх ялгамжаа, тайлбарыг мэдэж авах боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.