2024 оны 11 сарын 24
Зочин
Б.Энэрэл: Зүүн өмнөд Азийн орнуудаар таван сар ганцаараа аялсан

Интерьер дизайнер, фэйшнист Б.Энэрэлтэй ярилцлаа.

“Made in Enerel” студийг үүсгэн байгуулагч, интерьер дизайнер Б. Энэрэл Зүүн өмнөд Азийн орнуудаар ганцаараа таван сар аялаад иржээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йоркод интерьер дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн. Хүүхэд байхдаа хувцас зохион бүтээгч болно гэж боддог байсан ч дунд сургуульд интерьерийн хичээл үзээд, сонирхол нь шууд өөрчлөгджээ.

-АЯЛАЛ БҮРЭЭСЭЭ АЖЛЫН СОДОН САНААНУУД ОЛЖ ИРДЭГ. ЭНЭ УДАА ЗҮГЭЭР 
Л ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХЫГ ХИЧЭЭСЭН-

-Зүүн Өмнөд Азийн орнуудаар таван сар ганцаараа үүргэвчтэй аялах санаа хэрхэн төрж байв. Эцсийн шийдвэр гаргахад хэр хугацаа шаардсан бэ?

-2003 Макаод усанд сэлэлтийн тэмцээнд очсоныхоо дараа хэлнийхээ бэлтгэлийг сайжруулах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Англи хэлний сургуульд суралцдаг ч ярих, ойлгоход хүндрэлтэй байсан. Энэ үүднээс гадагшаа явж суралцах хэрэгтэй гэж бодсон. Үүргэвчтэй аялал гэх зүйлийг өмнө нь хүмүүсээс их сонсож байсан ч өөрөө зориглож байгаагүй. Өмнө нь ийш тийш олон удаа явдаг байсан ч өнгөрсөн жилийн 11 сараас аялах хүсэл төрж эхэлсэн. Хамгийн сүүлийн төслөө “Шангрила молл”-д хийж дуусгаад, шууд цүнхээ шүүрч аваад гарсан даа. Гол нь ямар ч төлөвлөгөөгүй гарсан. Маршрут ойлгомжтой байсан. Вьетнамаас Филиппин хүрнэ гэж бодсон. Энэ тухай өмнө нь маш олон блог, номуудаас харж байсан юм. Явж байх хугацаандаа тухайн газруудаасаа их сургамж авдаг юм билээ.

-Тухайлбал?

-Аялахад хэрэг болох болов уу гэсэн үүднээс хэд хэдэн чухал зүйлийг хэлмээр байна. Вьетнамд явж байгаад өөрийгөө дугуй унаж чаддаг юм чинь скүүтэр мотоцикль унаж чадна гэж бодсон. Энэ маш том алдаа болсон. Огт өөр орчинд туршлагагүйтэж, олон удаа унасаар очих газраа очтол хоёр гар, өвдөг аймшигтай шалбарсан. Вьетнамд III-XIII зууны үед хинду шашныг үүсгэж байсан гайхамшигтай газрыг үзэхийн тулд шүү дээ. Дараа нь Лаосын Луанг Прабан хот руу каяакаар гурав хоногийн аялал хийсэн. Тэнд очоод шалба норсон. “Drive bag” буюу хуурай байлгагчийг мэдэхгүйгээсээ болж нороод, тэнд байсан хүмүүсээс бүх л юмыг гуйх хэрэг гарсан. Хооллолт нь надад их таалагдсан. Бананы том навчит модон доор хоолоо бэлдээд л иддэг юм билээ. Явсан газар бүртээ би буудалд тэдэн төгрөг, хоолонд тэдэн төгрөг үрэх байсан гэх тооцоо гаргаж, тэр бүхнийг хямд төсрөөр шийдвэрлэж үрэх байсан мөнгөө дугтуйнд хийж хадгалж байсан.

-Олон улс орноор аялахад гаднах орчин янз бүрээр өөрчлөгдөж байсан бол чиний дотоод ертөнцөд чухам яг юу өөрчлөгдсөн бэ?

-Аялах болсон шалтгаан минь маш энгийн. Дотор давчдаад, нэг л хүнд байдалд яахаа мэдэхгүй байдаг байсан. Өдөр бүр нэгэн хэвийн ажил хийгээд байх нь ядаргаатай санагдсан. Тэр нэг хэвшмэл байдлаасаа салахын тулд аялсан болохоор очсон, харсан газар бүхэн минь надад таалагдсан шүү. Хамгийн гол нь эрх чөлөөтэй байсан. Өмнөх аяллуудаасаа би дандаа янз бүрийн ажлын санаа олж ирдэг байсан юм. Гэтэл Зүүн өмнөд Азийн улс орнуудаар таван сарын турш аялахдаа ажлын тухай юу ч бодоогүй, зүгээр л өөрийгөө эрх чөлөөтэй байлгахыг хүссэн.

-Аялалд гарахаасаа өмнө юуг хамгийн ихээр анхаарвал зохих вэ?

-Аялах гэж буй газруудынхаа шашин, соёл, түүхийг урьдчилан судлаад мэдчихсэн байвал зүгээр юм шиг санагдсан. Би Вьетнамаас аяллаа эхлүүлээд Малайз хүрсэн. Тэд муслим шашинтай улс үндэстэн болохоор миний өмсөж зүүх хувцас хунар хүртэл орчноосоо хамааралтай болж эхэлсэн. 

-Мэдээж өөр орноор аялахад хоол хүнсний асуудал ямагт тулгардаг байх. Өөрт чинь хамгийн их таалагдсан хоолыг нэрлэвэл?

-Лаосын хоол хамгийн их таалагдсан. Тэнд шөнийн маркетуудад гурван доллар төлөөд хязгааргүйгээр хүссэн бүх хоолоо сонгож идэх боломжтой байдаг. Загас, тахиа, гурил, мах гээд хүссэн бүгдийг уутлаад өгдөг. Лаос надад бусад орноос илүү ихээр таалагдсан улс юм.

-Аялахдаа санхүүгийн тооцоогоо хэрхэн төлөвлөсөн бэ. Хэр их мөнгө шаардлагатай байдаг вэ?

-Би ерөөсөө тооцоолоогүй. Хамгийн сүүлийн төслийн ажлаа хийж дуусгаад шууд гараад явсан. Замдаа буудалласан буудлууддаа ресейпшнээр ажиллаж, нэг хоног үнэгүй буудаллах, хоол идэх гэх мэтээр тохирч зохицуулдаг байсан. Би анхнаасаа бүх зүйлийг хямд төсөр аргаар шийдвэрлэж, бүгдийг өөрийнхөө гараар хийж туулж үзсэн. Тэрнээс биш агааржуулагчтай машин, онгоцонд суугаагүй.

-Нууц биш бол таван сарын аялалд хичнээн төгрөг зарцуулаад ирэв?

-Гурван мянган доллар зарцуулсан.

-ЯНЗ БҮРИЙН ХУВЦСЫГ НИЙЛҮҮЛЭЭД ЯМАР Ч СТИЛЬ ГАРГАЖ БОЛНО-

-Ямар бэрхшээлүүд тулгарч байв?

-Бусад улс орноор аялсан шигээ Малайзад ч бас замын машинд дайгдах маягаар мөнгө хэмнэчихнэ гэж бодсон. Энэ нь алдаа байсан. Түрүүн хэлсэнчлэн шашнаас нь хамаараад хувцаслалтаа анхаарах хэрэгтэй юм билээ. Байрлаж байсан буудлаасаа усан онгоцны буудал хүрэхэд 25 доллар үрэх байлаа. Усан онгоцоор өөр газар луу явахад гурав дахин үнэтэй байсан учир замын машин тосохоор шийдсэн. Гараа өргөөд хоёр цаг гаруй зам дээр зогссон. Тухайн үед маш халуун байсан. Би задгай майк, богино шорт өмссөн байсан. Гэтэл тэнд муслим шашинтай эмэгтэйчүүд нь задгай хувцаслаад байдаггүй учир ганц бие задгай хувцасласан эмэгтэй их л сонин санагдсан байх л даа.

Тухайн үед нэг эрэгтэй намайг машиндаа суулгасан. Тэр хүнээс би ямар ч айх мэдрэмжгүйгээр одоо хичнээн минутын дараа усан онгоцны буудалд хүрэх вэ гэх мэтийн зүйл асуухаар бодчихсон явж байсан (инээв.сурв) Гэтэл надаас “Чи ганц бие үү, яагаад ганцаараа явж байгаа юм бэ” гээд л асууж эхэлсэн. Хариуд нь би “Нөхөр маань намайг усан онгоцны буудал дээр хүлээж байгаа” гэх мэтээр зохиож ярьсан. Дараа нь биед хүрэх, үнсэх гэж дайрах оролдого хийж эхэлсэн. Усан онгоцны буудал дээр ирээд үүргэвчээ шүүрээд л, үсрэх шахуу бууж зугтсан юм. Дараа нь бодоод байхад би гэрлэн дохион дээр буугаад явчихгүй ямар тэнэг юм бэ гэж л бодогдсон доо.

-Энэ бүхнээс ямар сургамж авав?

-Чи үүргэвчтэй аялагч байж болно. Чи хямдханаар аялах гэж байж болно. Гэхдээ тухайн газрынхаа тухай маш сайн судалж байж аялах ёстой юм байна гэж бодсон шүү. Аялахад хамгийн хэрэгтэй зүйлийн нэг бол усны сав. Бид суурин газар байхдаа усны савыг төдийлөн ойшоодоггүй байсан. Ялангуяа халуун орноор аялахад хамгийн хэрэгтэй зүйл бол усны сав байдаг. Надад эвхэгдээд жижгэрчихдэг усны сав хамгийн их хэрэг болсон. Төвөггүй, зай талбай эзэлдэггүй юм билээ. Эхлээд юу ч мэдээгүй, харин замдаа явж байхдаа бүгдийг нь цуглуулсан шүү. Мөн ууланд авирах байх гээд том гутал аваад явсан ч надад ерөөсөө хэрэг болоогүй, харин ч ачаа болж байсан. Тэрний оронд “hiking” хийх зориулалттай сандаал байдаг юм билээ. Тэр л их хэрэг болсон.

-Үүргэвчтэй аялалд хамгийн чухал зүйл юу вэ?

-Үүргэвчээ зөв сонгох нь хамгийн чухал. Хүмүүс ихэвчлэн өнгө үзэмж, хэлбэрийг нь хараад сонголтоо хийчихдэг. Мөрөн дээрээ ачаалал авах ёсгүй. Харин ташаан дээр үүргэвчний бүс таарсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, мөр өвдөөд эхлэхэд ташаан дээр үүргэвчний хамаг жин төвлөрч байх ёстой юм шүү гэдгийг сануулмаар байна. Манай улсад үүргэвч авъя гэхэд нэг их ач холбогдол өгч анхаарал хандуулдаггүй. Харин гадаадад биеийн өндөр, жинг асууж байгаад үүргэвч сонгож, тааруулж өгдөг юм билээ.

-Эмэгтэй хүн ганцаараа аялна гэдэг нь нэг талаараа дэндүү осолтой. Ганцаараа аялах зориг хаанаас гарсан бэ. Шантраад замын дундаас буцъя гэж бодсон уу?

-Буцъя гэх тохиолдол ерөөсөө гараагүй. Улам цаашаа явмаар санагдаад байсан. Явах ёстой бүх газраа дуусгачихаад “Өө одоо яаж Монгол руу буцах вэ. Австрали руу явж жимс түүж, мөнгө олоод дахиад аялдаг юм бил үү?” гэж бодож байсан шүү(инээв.сурв). Өмнө нь олон газраар ганцаараа аялж байсан ч таван сар буюу удаан хугацаагаар аялж байгаагүй. Очиж байсан газар бүртээ аймаар зүйлтэй таарч байгаагүй болоод ч тэр үү айдас төрөөгүй. Аялах тухай бодож судалж байхад олон хүн сайхан аялахыг хараад би яагаад чадахгүй гэж, яагаад гэртээ суугаад байх ёстой гэж бодсон доо.

-Таны стиль, имиж их содон. Хувцаслалтыг чинь олон хүн сонирхдог уу?

-“Life is too short to wear a boring clothes” гэсэн үг надад их нөлөөлсөн. Ганц амьдрах амьдралдаа би уйтгартай хувцас өмсмөөргүй байна. Би хувцасны стилиэрээ өөрийгөө илэрхийлдэг. Янз бүрийн хувцсыг нийлүүлээд ямар ч стиль гаргаж болно. Интерьер дизайны сургуульд ороход эргэн тойрныхон ихэнх нь гей хүмүүс байсан. Тэдний байгаа байдал, хувцаслалт, ертөнцийг үзэх үзэл их өвөрмөц, өөр сэтгэхүйтэй. Тэр надад бас их нөлөөлсөн.

-Одоо та ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Интерьер дизайнерийн чиглэлээр ажилладаг.

П.УРНАА

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.