Энэ удаагийн “Өөр зочин”-оор УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргалыг урилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн саруудад амралттай байлаа. Таны хувьд энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-“Зууны мэдээ" сонины уншигчид болон танай хамт олонд зуны дэлгэр сайхан өдрийн мэндийг хүргэе. Манай уран бүтээлчид Улсын баяр наадмын үйл ажиллагааг дуусгаад амарч эхэлсэн. Бусад улиралд байнга тоглолттой, ажлын ачаалалтай байдаг учир энэ хэсэгхэн амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг.
Уламжлалынхаа дагуу гэр бүл, найз нөхдийн хамт агаар салхинд гарч, байгалийн сайхныг бишрээд ирлээ. Мөн энэ намар хийх шинэ уран бүтээлийнхээ судалгаагаа ч хийж амжсан.
-Хамгийн сүүлд та “Адууны түүх” жүжгээр тайзнаа гарсан байх аа?
-“Адууны түүх” жүжигт Ардын жүжигчин С.Сарантуяа эгчийнхээ залуу насны дүрд тоглолоо. Энэ бүтээл Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн хамгийн сүүлчийн бүтээл болсон нь үнэхээр харамсалтай. Биднийгээ арай л эрт орхиод явчихлаа. Энэ жүжигт тоглосон уран бүтээлчид найруулагчаасаа их олон зүйлийг сурсан.
-Хулангоогийн дүрийг та юу гэж харсан бэ?
-Энэ жүжиг адууны хэлээр хүмүүний амьдралыг илэрхийлсэн. Жүжгийн гол дүр нь Холстомер. Хулангоо бол түүний эсрэг эмэгтэй Холстомер гэж би ойлгосон. Судалгаагаа ч энэ өнцгөөс хийсэн. Энэ дүрээр амьдрахдаа ариун нандин хайрыг л илэрхийлэхийг хүссэн.
-Магадгүй тэр их хайрын илэрхийлэл хөгшин Холстомерийг зөвхөн Хулангоо таньж буйгаар илэрхийлэгдсэн байх?
-Холстомерийг адуу бүхэн сүргээсээ хөөж, шоовдорлож байхад Хулангоо л түүнийг таньж, халамжилдаг. Магадгүй тэр хоёрыг хүн гэж бодвол их сайхан гэр бүл болох байсан байх. Олон жилийн дараа ч хайр нь хөрөлгүйгээр залуу насны сайхан дурсамжаа ярьж буйгаар жүжиг эхэлдэг шүү дээ.
-“Би эндээс явахгүй” жүжигт таныг тоглох байх гэж бодож байсан ч оролцоогүй. Тухайн үед өөр уран бүтээл дээр ажиллаж байсан юм уу?
-Манай театр жил бүр "Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил .Э.Оюун багшийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Эрхэм хүмүүний дурсгалд зориулж түүний бичсэн “Би эндээс явахгүй” жүжгийг ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тоглосон.
Миний хувьд энэ жүжгийг тоглох үед ажлаасаа түр хугацаанд чөлөө авчихсан байсан. Түүнээс хойших уран бүтээлүүдэд оролцож. Энэ жүжгээс гадна театрынхан жил бүр хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ зориулж, бригадаар явдаг. Энэ уламжлалынхаа дагуу хаврын бригадаар явсан.
-Таны тайзнаа тоглосон бүтээлүүдийг үзэхэд үргэлж эерэг талын дүр байдаг. Одоо эсрэг талын дүрээр л хармаар байна?
-Жүжигчин бүхэн өөрөөсөө өөр дүр бүтээхийг хүсдэг. Миний хувьд ч ялгаагүй илүү характертай, эсрэг дүр бүтээх сэн гэсэн хүсэл бий. Илүү хатуу, ширүүн ч юм уу. Хараахан хүслээ биелүүлж амжаагүй байна. Гэхдээ удахгүй эсрэг дүрээр үзэгчидтэйгээ уулзана гэдэгтээ итгэлтэй байна.
-Өөрөөсөө өөр хүн гаргана гэдэг л жинхэнэ жүжигчний авьяас, хөдөлмөр байх л даа. Тийм учраас эсрэг дүр үзэгчдийн сэтгэлд их хүчтэй нөлөөлдөг, үлддэг байх гэж бодож байна?
-Эсрэг дүр жүжигчнийг их задалдаг. Тиймээс тухайн жүжигчин тэр дүрээс их зүйл суралцдаг. Мөн өөрөөсөө өөр дүр гаргана гэдэг сонирхолтой шүү дээ. Мэргэжилдээ дурлах бас нэгэн шалтгаан болно.
-Тухайн жүжигт тоглоно, дүр бүтээнэ гэдэг хоорондоо их ялгаатай. Та үүнийг хэрхэн ойлгодог вэ?
-Дүр бүтээнэ гэдэг тусдаа асуудал. Манай Сувдаа эгчийн Мандухай цэцэн хатан ч юм уу. Үзэгчдийн сэтгэлд хүрчихсэн, хэзээ ч, хэн ч, тухайн жүжигчнээс илүү тоглож чадахааргүй тийм л бүтээл. Харин залуу жүжигчин бидний хувьд дүр бүтээлээ гэж ярихад хэцүү шүү дээ. Сурах зүйл их байна. Цаашдаа олон уран бүтээлд өөрийгөө сорино.
-Театрын уран бүтээлээс гадна танд киноны санал их ирдэг байх даа?
-Киноны санал их ирдэг. Зарим нь таалагдана. Таалагдахгүй нь ч байна. Хамгийн сүүлд найруулагч Б.Чингүүний шинэ уран бүтээлийн нэгээхэн хэсэгт орсон. Их содон, сонирхолтой бүтээл болно гэж найдаж байгаа. Удахгүй үзэгчдэд хүрэх байх.
-Түрүүн би дурссан. Тайзан дээр бол та эерэг ертөнц. Магадгүй театрын найруулагчид таныг тэр өнцгөөс хардаг байж болох. Харин киноны хувьд танд ихэвчлэн ямар дүрийн санал ирдэг вэ?
-Найруулагч нар эхлээд зохиолоо задалж, ярилцана. Дүрээ сонгохдоо энэ жүжигчин энэ дүрд л тохирох юм байна гэж сонголтоо хийдэг. Зан ааш, характер, гадна төрх гээд олон зүйлийг нь хардаг байх. Надад ихэвчлэн зөөлөн дүр л санал болгодог. Гэхдээ эерэг дүр өглөө гээд би энэ бүтээлд тоглохгүй, дандаа л ийм дүр өгч байх юм гэсэн сөрөг хандлага уран бүтээлч, жүжигчин хүнд байх ёсгүй гэж би боддог. Дүр судлахдаа өмнө нь тоглож байсан бүтээлээ давтахгүй арай өөр өнцгөөс нь гаргахыг илүүд үздэг.
-Таны анхны дэлгэцийн бүтээл “Хайрлаагүй амь” байх аа. Тэр үеийн дурсамжаас дэлгээч?
- Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн уран бүтээл. Тухайн үед их том аваар гарсан юм. Тиймээс хүмүүст сэрэмжлүүлэх зорилготой кино байсан. Мөн Онцгой байдлын албаныхны ажлын онцлог, ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдгийг олон нийтэд таниулсан бүтээл болсон. Анхны бүтээл болоод ч тэр үү эргээд бодоход сэтгэлд их сайхан байдаг. Энэ бүтээлд оролцохдоо онцгой байдлынхны ар гэрийнхнээр бахархах сэтгэл төрж билээ.
-Танд бүтээх сэн гэсэн мөрөөдлийн дүр бий юу?
-Уран бүтээлч хүн их шунамтгай болдог. Нэг дүрээс нөгөө рүү. Өнөөдөр би багшийн дүрд тоглолоо гэхэд маргааш нь эмч болдог. Тайзан дээр би хүүхэд боллоо гэхэд дараагийн өдөр нь хижээл насны бүсгүй болох жишээтэй. Тиймээс мэргэжил бүхнийг судлах хэрэгтэй болно. Тэр хэрээр өөрийгөө задална.
Миний хувьд түүхэн бүтээлд дүрээ мөнхлөх сөн гэсэн нууцхан хүсэл бий. Одоо тавьж байгаа уран бүтээлийн саналуудад сайхан дүр байгааг. үгүйсгэхгүй. Гэхдээ түүхэнд нэрээ мөнхөлсөн хүний дүрд тоглох хувь заяа удахгүй ирэх байх гэж бодож байна.
-Та насны ханиараа уран бүтээлч хүн сонгосон. Ханьтайгаа хэрхэн танилцаж байв?
-Манай гэр бүлийн хүн найруулагч мэргэжилтэй Сүхболд гэж хүн бий. Бид анх ӨМӨЗО руу кино зураг авалтад хамт явж таарсан. Бие биеэ анх вагонд харж байлаа. Хоёулаа уран бүтээлч байхын давуу тал их. Бие биеэ ойлгоно, ажилд нь зөвлөгөө өгнө гээд л.
-Ямар зан чанар нь таныг татсан бэ?
-Манай хүн бусадтай их нийтэч. Шулуун, шударга зантай. Анх ӨМӨЗО-д оччихоод өвөрмонголчуудад онигоо ярьж өгөөд л. Бид нар ширээгээ тойроод суучихсан. Ярих бүрт нь инээж байснаа мартдаггүй юм. Хань минь тэр кинонд анх зураачаар явж байсан юм. Их гоё зурдаг, юмхнаар юм хийчихдэг гээд олон чанар нь намайг татсан.
-Та эхнэр хүн, эмэгтэй хүн байхын утга учрыг юу гэж ойлгодог вэ?
-Эмэгтэй хүн өөрийн гоо сайхантай байх ёстой гэж боддог. Ялангуяа дотоод гоо сайхан. Өөрийгөө зөв авч явах, бусадтай чин сэтгэлээсээ харилцах гээд л. Харин эмэгтэй хүн болж төрөөд эх хүн, эхнэр хүн болно гэдэг бурхнаас заяасан бэлэг юм. Айл гэрийн эзэгтэй хамгийн эхэнд ханиа хүндэлдэг, халамжилдаг “Эх нэр” гэдэг үгийг өндөрт өргөж явах ёстой гэж би боддог.
-Та гурван хүүтэй, дархан бэр. Хүүхдүүдээ өсгөхдөө юуг илүү анхаардаг вэ?
-Гурван хүү минь тав, таван насны зөрүүтэй. Том хүү минь дүү нараа харчихдаг. Дүү нар нь ч ахаасаа их үлгэр дуурайл авна. “Агаа ингэж байгаа юм чинь би энийг хийчихье” гэх жишээтэй. Ер нь эрэгтэй хүүхдүүд бие биедээ их түшигтэй юм шиг ээ. Ямар ч үед бие биеэ өмөөрнө, хамгаална. Харин тэднийг өсгөхдөө амьдралын хаттай, аливаад сөхрөөд байхгүй чанга хүн болгох сон гэж хүсэж байна.
-Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ?
-Би нэгдүгээрт амьдралынхаа ханийг зөв сонгожээ. Намайг хайрладаг, халамжилдаг, миний төлөө байж чаддаг тэр хүнийг сонгож чадсан минь амьдралын минь хамгийн үнэт зүйл. Мэдээж дараагийнх нь миний ажил мэргэжил. Сургуулиа төгсөөд УДЭТ хэмээх их айлд орно гэж боддог байсан зорилгодоо хүрсэн.
Зууны мэдээ
24news.mn