Монголын зохиолчдын эвлэлийн Дорноговь аймаг дахь “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяртай уулзаж дурсамж яриа өрнүүллээ. “Сэтгэлийн хураангуй”, “Зүрхний хураангуй” номуудаа уншигчдад өргөн барьсан тэрээр сод билэгт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой нэг ангид хамт суралцаж байсан унаган багынх нь анд билээ.
-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг та гурав сурагч ахуйн нэг ангийнхан байх аа?
-Би Дорноговь аймгийн Мандах сумын сургуульд гуравдугаар ангиа төгсөөд Сайншанд хотын нэгдүгээр арван жилийн сургуульд дөрөвдүгээр ангидаа шилжин ирсэн юм. Энэ наян дөрвөн оноос хойш Ээгий (Арлааны Эрдэнэ-Очир. сур)-тэйгээ үерхэж нөхөрлөсөн. Эрдэнэ-Очир, яруу найрагч Мөнхцэцэг бид гурав дөрвийн Г ангиас арваа төгстөл хамт суралцсан. Бид ийм л хар багын найзууд. Намайг дөрөвдүгээр ангид шилжиж ирэхэд манай Эрдэнэ-Очир биднээс нэг хоёр ах болохоор ч тэр үү ангийнхнаасаа нэлээд биерхүү, ном уран зохиолд дуртай, хүнийхээ хувьд нэг тийм сайхан дүнжгэр, нөхөрлөчих хөвгүүн харагдаж байсан. Миний мэдэхээр тавдугаар ангиасаа шүлэг бичиж байсан. Намайг ном их уншдаг байснаас ч тэр үү анд маань хань бараа татна. Би зургадугаар анги төгсөх жилээ шүлэг бичиж эхлэхэд анхны шүлгийг маань уншиж “Чи хоёр гурван шүлэг биччих. Чамайг аймгийн утга зохиолын нэгдэл дээр дагуулж очъё” гэж байлаа. Хорь гучин шүлэг биччихсэн хүн чинь намайг бодвол зохиолчийн зангараг суугаад зүгширчихсэн, наддаа нэлээн том яруу найрагч шиг санагддаг байсан.
-Шүлгээ бичсээр утга зохиолын нэгдэлд очив уу?
-Аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч нь яруу найрагч Хандын Цэрэндорж багш минь байв. Ээгий намайг дагуулж очих үед Мөнхцэцэг маань надтай зэрэг шүлэг бичиж эхэлсэн байх. Манай ангийнхан чинь бүгдээрээ шүлэг бичдэг их сонин анги байсан гэж байгаа. Ардын уран зохиолч Балжирын Догмидын охин Содчимэг, Хөгжилмаа гээд охид байна. “Арай онцгой анги байсан учир ийм хэмжээний хүмүүс төрөх нь аргагүй” гэж багш нар ярьдаг юм.
-Найрагч маань ямар зан байдалтай хүүхэд байв?
-Манай Эрдэнэ-Очир чинь дэггүй гэх нь хаашаа юм, их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Аав Арлаан гуай нь хүүгээ их сайхан хүмүүжүүлсэн байх. Бас их ч эрхлүүлсэн. Манай хүн чинь зургадугаар ангидаа “ИЖ” мотоцикль унаад давхидаг хүүхэд байлаа. Наймдугаар ангид байхдаа охидоо сундлаад давхина.
-Хүүдээ хайртай аав байжээ?
-Аймгийн номын дэлгүүрт ирсэн хамгийн сүүлийн үеийн уран зохиолын гайхамшигтай номуудыг аав нь хүүдээ мөнгө хайрлахгүй авч өгнө. Заримдаа намайг дагуулаад явна. Арлаан гуай чинь бор халзан зуут гаргаж ирээд л хүүгийнхээ хүссэн номыг авч өгнө гээч. Хүүгээ бичгийн хүн болно гэдгийг аав нь аль эрт мэдчихсэн хүн байлаа. Би сайн санадаг юм, нэг удаа 25 төгрөгийн үнэтэй сумтай цагаан үзэг авч өгч байсныг. Эрдэнэ-Очирыг зохиолч Догмид ахад дагуулан очиж шавь оруулж байсан. Мөнхцэцэг бид хоёрыг манай Эрдэнэ-Очир л үндсэндээ уран зохиолын замд хөтлөн оруулсан даа. Арлаан гуай ерээд онд бурхан болсон. Яагаад ч юм надад “Хойшид намайг байхгүй болох үед найзыгаа түшиж тулан оонын эвэр шиг явах хүн чи шүү” гэж гэрээс ч юм шиг үг үлдээж байсан. Эрдэнэ-Очиртоо зориулж 2014 онд нэг шүлэгтээ энэ тухай оруулсан.
-Бараг багш тань гэж хэлж болох нь байна шүү дээ?
-Яах аргагүй бидний түүчээ. Ядахдаа биднээс нэг хоёр жилийн өмнө шүлэг биччихсэн гэдгээрээ ч том шүү дээ. Их сайхан шүлгүүдтэй. Бид хоёроос өмнө “Пионерын үнэн” сонинд хэд хэдэн шүлэг нь хэвлэгдчихсэн болохоор бид хоёрын түүчээ л юм даа.
-Эрдэнэ-Очир найрагч гэгээн сайхан сурагч насны гэрэлт хайрын тухай олон шүлэг бичсэн байдаг. Бодит ахуйгаас сэдэвлэж л бичсэн байлгүй?
-Манай ангид Ариунболд гэдэг хүү, Батхишиг гэж охин байлаа. Тэр Ариунболд маань Батхишигт их сайн. Тэр хоёрт зориулаад
“Алхаанд нь цэцэгс мэхийн ёсолдог
Нүдэнд нь хөвгүүд тогтож эргэлддэг
Ангидаа бодолд дарагдаж чимээгүйхэн суудаг
Ариунболдыг урдаа суулгаж арагшаа харуулсан Батхишиг” гэсэн дөрвөн мөрт шүлэг хүртэл зориулсан байдаг.
-“Миний цуглуулсан хорвоо” түүврийнх нь хамгийн эхний “Батхишиг” гэсэн шүлэг байна шүү дээ?
-Наян найман онд бичсэн шүлэг гэдгийг би сайн санаж байна. Сурагч насныхаа гэгээн гоё үе, нутаг орныхоо тухай утга уянгын сайхныг их бичсэн дээ. Биднийг олон шүлэгтэй болоход Цэрэндорж багшийн маань зөвлөгөө их тус болж, Эрдэнэ-Очир маань бид хоёрыг их шахаж шаардсан ч нөлөөлсөн. “Гурвуулаа номоо гаргая. Багш нар ч их юм хүлээж байна” гэж Эрдэнэ-Очир маань бид хоёрыг удирдсанаар “Бэхэн цэнхэр өдрүүд” хамтын номоо есдүгээр ангид сурч байхдаа 1990 онд гаргасан. Дорноговийн “Ялалт сонины сурвалжлагч Ц.Бандихүү хэвлүүлж, манай сургуулийн захирал Чойбаатар гурван мянган номын үнийг төлж байсан. Цэрэндорж багш маань өмнөх үгийг нь бичсэн. Тэр жил Эрдэнэ-Очир улсад “Найргийн даага” наадамд, Мөнхцэцэг “Хүрэл тулга”-д, би аймгийнхаа “Алтан бийр” наадамд түрүүлж байлаа.
-Нэг ангид гурван наадмын түрүү магнай, аваргууд нэг жилд төрж байж шүү дээ?
-МЗЭ-ийн дарга Бавуугийн Лхагвасүрэн гуай биднийг утга зохиол сурталчлах өдөрлөгт оролцуулахаар их дуудна. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт биднийг хариуцдаг байлаа шүү дээ. Б.Ичинхорлоо ерэн онд “Болор цом”-д түрүүлчихсэн. Яруу найрагч Нямбуугийн Билгүүн, Базаррагчаагийн Бат-Орших бид чинь нийлээд Улаанбаатар хотын байгууллагууд, аймгуудад очиж шүлгээ их уншсан шүү. Аравдугаар анги төгсөх гээд байдаг. Биднийг үе үе дуудах. Хичээл нэлээд цалгардсан шүү. Багш нарынхаа дэмжлэгээр л аравдугаар ангиа төгсөж байлаа. Сургуулиа төгсүүт нөгөө хоёр маань УБДС дээр нээгдсэн утга зохиолын анхны ангид элсэж, би МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон. Оюутан байхдаа гэрээс ирсэн боов боорцгоо хуваалцах гэж бие биеэ хайж гүйдэг дотнохон амьтад байв даа. Арван төгрөг байсан ч тав таваар нь хувааж авна. Бид гурав чинь “Ялалт” сонинд мэдээ бичдэг өсвөрийн сурвалжлагчид байлаа. “Сурагч бичиж байна” булан хөтөлнө, бид гурвыг урамшуулж бүтэн нүүр ч гаргаж өгнө. Багаасаа л сонины редакци, хэвлэх үйлдвэрээр эргэлдчихсэн хүүхдүүд байсан даа. Манай ангид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, “Хүрээлэн” төслийн М.Буянбадрах, модернист Ч.Мөнхбаяр, “Аз хур” хэвлэлийн компанийн орчуулгын редактор Б.Бат-Амгалан, Цэдэнбал даргын хувийн зурагчин байсан Цэрэнжамц гуайн хүү Онон, “On@off” продакшны Нансалмаа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, “МОНЦАМЭ”-гийн сэтгүүлч Туул, “News.mn”-ийн Цээпилмаа нар суралцаж төгссөн.
-Та нар “Хурмаст тэнгэр” утга зохиолын нэгдэлд явж байхдаа Говийн догшин ноён хутагт Равжайгийн музейд хонож өнжин шүлэг найргаа уншдаг байсныг бурхан болооч их ярьдаг сан…
-Манай утга зохиолын нэгдэл 1954 онд байгуулагдсан түүхтэй. Цэрэндорж багш, аймгийн Засаг дарга Л.Одончимэд гуай нарын санаачилгаар 1992 онд “Хурмаст тэнгэр” төв гэсэн оноосон нэртэй болсон юм. Ерэн нэгэн оны наадмаар Равжайн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захьж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ. Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөж, малгайг духдуулж “Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа. (инээв. сур)
-Хүний гавлын ясаар хийсэн номын аяганаас нь дарс хүртэж байсан гэдэг бил үү?
-Бид хүүхэд байсан. Томчуул л гавлын ясан аяганд нь архи сөгнөж уусан байх. Барьж үзэхийн хувьд хамаагүй барьж үзнэ. Сүүлд харин хаш аягаар нь рашаан хүртэж л байсан. Музей бидний хувьд хэзээд нээлттэй байдаг байсан.
-Би энэ бүхнийг сайндаа ч мэдээд байгаа юм биш л дээ. С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн нэг ангийн оюутан найз яруу найрагч Х.Сүглэгмаа, Анандын Байгалмаа хоёр “Хурмаст тэнгэр” төвийн гишүүд байсан гээд ярьдаг байснаас л иймэрхүү ойлголттой болсон хэрэг?
-Бид яг нэг үеийн гишүүд. Байгалаа, Сүглэг хоёр маань тэр үед бидэнтэй л хамт байсан. Манай утга зохиолын нэгдлээс чинь 13 хүн Монголын зохиолчдын эвлэлд элссэн. МЗЭ-ийн шагналтай уран бүтээлчид гэхэд 15 хүн байна.
-Эрдэнэ-Очир найрагч “Саран хөхөө” театрын даргаар нэгэн үе ажилласан даа?
-Манай хүн чинь УБДС-ийг төгсөж амжилгүй нутагтаа очсон. 1998-2000 хүртэл “Саран хөхөө” театрын орлогч даргаар ажилласан. Би ерэн таван онд сургуулиа төгсөж очоод “Ялалт” сонины эрхлэгч болтлоо ажилласан. Хоёулаа “Нутгийн амьдрал” гэж сонин гаргаж, эрхлэгчээр нь Эрдэнэ-Очир ажиллаж овоо ч захиалгатай болж байсан. “Нутгийн хүүхдүүд” гэж сониноо үргэлжлүүлэн гаргаж дөрөв таван жил амжилттай ажилласан. Сүүлдээ “Нутгийн хүүхнүүд” гэсэн сонин гаргая гэж марзаганацгааж л байлаа. (инээв) Шинэ мянганы сонгуулиар Ээгий маань Улаанбадрах сумандаа МАШСН-аас нэр дэвшиж ялалт байгуулан сумын Засаг даргаар ажиллах болсон ч аймгийн МАХН-ынхан батлаагүй учир нийслэл рүү шилжсэн дээ.
-Ангийнхантайгаа аль хэр холбоотой байв?
-Манай ангийнхан чинь их ээнэг. Ойрмогхон гэхэд төгсөлтийн хорин жилийн ойгоо 2013 онд Заан Тэрэлжид тэмдэглэж, 2016 онд бас уулзацгаасан. Мөнхцэцэг маань “Намайг гишүүн болоход та нар маань их зүтгэсэн” гэж ангийнхнаа хотод хүлээж авсан юм. Эрдэнэ-Очирыгоо “UB palace”-д хоёр тоглолт хийхэд бид бүгдээрээ л ирсэн. Жаргал, зовлон бүхнээ л хуваалцаж явлаа. Эрдэнэ-Очирынхоо гурван Уул хөвгүүдийг төрөхөд эмнэлэг дээр дандаа л хамт үүр цайлгаж хүртэл явсан даа. Одоо бид Дорноговиос арван наймуулаа ирчихээд байна.
-Зохиолчдын байгууллагыг танай ангийн хоёр удирдана гэдэг яах аргагүй бахархал шүү?
-МЗЭ хэмээх энэ том байгууллагыг Мөнхцэцэг, Эрдэнэ-Очир хоёр маань удирдлаа. Миний хувьд “Хурмаст тэнгэр” төвөө тасралтгүй 22 жил удирдаж явна. Цэдэнбал даргын рекордыг л бараг эвдэх нь дээ.
-Цэл залуухан андаа та нар тэнгэрт дэвшчихнэ гэж яаж ч мэдэх билээ дээ?
-Долоо хоногтоо хоёр гурван удаа ярих энүүхэнд. Цахимаар байнга л холбоотой байлаа. Дорноговьд манайд очно. Улаанбадрах сумын сургуулиас урихад анддаа бараа болж төрсөн нутагт нь очиж, угаасан уснаас нь амсаж л явлаа. Тэр үед олон адуу худаг дээр шавсан нь их бэлгэшээлтэй санагдаж бид усалж байсан. Яруу найрагч Эрдэнэдалай, ууган хүү Цагаан-Уултай нь хэчнээн сайхан явлаа даа. Найзтайгаа цагаан сарын өмнө хотод уулзан тэднийд хонож өнжсөн минь сүүлчийнх байж. Бурхан болсон орой нь Сайншандад байгаа ээжийнд очиход их халуухан байсан. Ээж нь уг нь Хамрын хийдийн ойр тэмээ малаа адгуулан суудаг юм. Намайг хүүгээ л гэж боддог шиг санагддаг. Миний ээж Сүрэндаваагаар ч Ээгий маань анх орос хэл заалгаж байсан. Ээж минь Эрдэнэ-Очирт хайртай гэж жигтэйхэн. Тэр өдөр ээж нь аймгийн төв дээр байсан. Ээж нь дууг минь сонсоод сандарч мэгдсэн. Одоо яалтай ч билээ, андынхаа ээжийн өвдгийг тэврээд л сөхөрсөн дөө. Хэцүү байсаан, хэцүү байсан.
-Таны дүү хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай Эрка маань олон уран бүтээл хамтарч хийсэн биз?
-Тэр хоёр олон сайхан дуу бүтээсэн. Эрдэнэ-Очир маань нэг удаа “Найз нь симфонитой болчихлоо” гэж баярлан ярьж байсан. “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” шүлгийг дүү уншаад “285 дугаар галт тэрэг” гэсэн симфони бичсэн юм билээ. Дүү маань их гашуудаж байна.
-Оонын хоёр эвэр шиг ижилдэж яваад орчлонд торойтол үлдээдэг жам гэдэг хэцүү юм даа?
-Хэцүү юм аа. Хоёр хоног хоолойгоор ч юм давсангүй. Ганц цурамхийсэнгүй. Хүн хоёр хоног уйлахад нулимс барагддаг л юм байна. Зүрх шимширч байна. Анандын Амар сайдын хэлсэн “Зүрх хагарах лугаа” гэдэг шиг л байна. Энэ хүнд гашууг яаж давж гарна даа, хөдөөлүүлэхэд нь яана даа л гэж эмтэрч байна. (хоолой нь зангираад ярьж чадахаа байснаар бидний яриа өндөрлөв.)
Л.Батцэнгэл (“Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаарт хэвлэгдэв)
24news.mn