“Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хамтран нэгэн сонирхолтой киноны зохиол бичсэн нь дэлгэцийн бүтээл болон тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. “Алтан өндөг” нэртэй тэдний шинэ кинонд Өвөрмонголын уран бүтээлчид хамтран тогложээ.
-“Алтан өндөг” киноны зохиолыг та гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хамтран бичсэн. Юунаас сэдэвлэн уг кино зохиолыг бичих санаа төрөв?
-“Солиот эх”, “Х ТҮЦ” продакшныхны бүтээсэн “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр” зэрэг бүтээлд хамтран ажилласан Мөнхбат гээд залуу байдаг. Энэ найзтайгаа Одноо бид хоёр ярилцаж шинэ уран бүтээл хийх сэдэл төрсөн. Тухайн үед бидэнд кино зохиолын дөрвөн санаа байснаас “Алтан өндөг” хамтран ажиллах залуучуудад таалагдаж кино зохиол бичихээр болсон юм. 2015 онд “Танхай тээгч” киногоо хийсний дараа намар зураг авалтаа эхлүүлсэн. Киноны зураг авалтын 90 хувийг Өвөрмонголын Хөх хотод, үлдсэн 10 хувийг нь Баянчандманий “Баян өндөг” тахиан фермэд хийсэн.
-Киноны зургийг Хөх хотод бүрэн авах боломжтой байтал яагаад Баянчандманьд үргэлжлүүлсэн юм бэ?
-Хөх хотоос цагаан тахиатай шувуун ферм хайгаад олдоогүй юм. Ихэвчлэн бор тахиатай учир зураг авалтаа хийх боломж байгаагүй. Өнгө үзэмжийн хувьд ч бор тахиа цагаанаасаа гоё харагддаггүй юм билээ. Тэгээд ч анхнаасаа цагаан тахиа гээд бодчихсон байсан учир Монголд зураг авалтаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Киноны гол үйл явдлын хэсгийг Баянчандманьд авсан.
-Инээдмийн жанрын энэ бүтээлд юуны тухай өгүүлэх вэ?
-Хүн мөнгөгүй байх дургүй. Үр хүүхдээ сайн явуулахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Энэ хүсэл мөрөөдөл ихдэхээр юунд хүргэдэг, хүн чанараа хэрхэн алддаг талаар “Алтан өндөг”-ийн зохиолд түлхүү оруулъя гэж бодсон. Магадгүй энэ санааг драмын төрлөөр илүү гаргаж болно. Гэхдээ бид инээдмийн жанрыг сонгосон. Учир нь, залуучууд инээдмийн, адал явдалтай кинонд дуртай шүү дээ. Жүжигчид бид уран бүтээлээрээ дамжуулан залуустаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Энэ үүргээ “Алтан өндөг” киногоороо биелүүлж байна.
-Та өвөрмонгол жүжигчинтэй хамтран гол дүрийг бүтээжээ?
-Би киноны гол дүрд Өвөрмонголын алдарт дуучин Д.Халинтай хамтран тоглосон. Кинонд мөн Өвөрмонголын алдарт жүжигчин, “Гаадан мээрэн”-д тоглосон Б.Баян-Ерөөлт дүр бүтээсэн. Энэ хүний эхнэр нь бас Хятадын алдартай жүжигчин. Б.Баян-Ерөөлт жүжигчинтэй хамт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр нэг баг болон оролцсон. Түүнчлэн манай кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин Б.Баатархүү, А.Туяа нар оролцон тоглосон.
-Гурван жилийн өмнө эхлүүлсэн ажлынхаа үр дүнг удахгүй харна. Цаашид гаднын зах зээлд гаргах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Тиймээс “Алтан өндөг”-ийг олон улсын стандартад нийцсэн бүтээл болгохын төлөө хичээсэн. ОХУ, Украин улсад киноны дуутай холбоотой бүх асуудлыг шийдсэн. Бид дэлхийн стандартад нийцсэн уран бүтээл хийхийг зорьсон учраас киноны өнгөний программыг Бээжинд хийлгэсэн. Гурван жилийн хугацаанд хийсэн энэ бүтээлээ гаднын зах зээлд гаргаж, Монголын уран бүтээлчдээ танилцуулах нь бидний зорилго юм. Тиймээс ч Өвөрмонголын жүжигчидтэй хамтран киногоо бүтээсэн гэж ойлгож болно. Киног Хятадын зах зээлд гаргахын тулд бид бүхий л нөөц бололцоогоо ашигласан.
-Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг киноны найруулагч, зохиолчоор ажилласан болохоор энэ удаагийн бүтээлд дүр бүтээсэнгүй юү?
-Одноо маань киноны зохиолыг бичсэнээс гадна ерөнхий найруулагчаар ажилласан. Түүнээс гадна туслах дүр бүтээсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн ахтай хамтран эхнэр, нөхрийн дүр бүтээсэн. “Солиот эх” киног өөрөө найруулаад гол дүрд нь тоглосон учир нэлээд ачаалалтай ажилласан. Хэдийгээр одоо туслах дүр бүтээгээд ачаалал нь гайгүй мэт санагдаж байгаа ч хүний нутагт зураг авалт хийхэд Монгол шиг чөлөөтэй байж чадахгүй шүү дээ. Тэнд бүх зүйл дүрмийн дагуу учир хэцүү асуудал олон байсан.
-Киноны нээлтийг Өвөрмонголд зэрэг хийх үү?
-Нээлт хийх албан ёсны эрхээ аваагүй байна. Гэхдээ киноныхоо нээлтийг Өвөрмонголд удахгүй хийх байх. Монгол хүн гурвын тоог бэлгэшээдэг. Бид киногоо хийгээд гурван жил болсон учир хугацаа алдахыг хүссэнгүй. Тиймээс Өвөрмонголд киноны нээлтийг хийхээс өмнө Монголдоо хийхээр болсон. -“Алтан өндөг” киноны дууг та дуулсан. Дууны шүлэг, хөгжмийг хэн зохиосон бэ? -“Амьдрал сайхан байгаасай” нэртэй дууг би дууллаа. Дууны хөгжим, шүлгийг Б.Наранзун зохиосон. Кино үйлдвэрт чингэлэг барьж, клипийн зургийг авсан. Клипээ дүрсжүүлэхэд “Боловсрол суваг” телевизийн хамт олон дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Амьд хөгжимтэй зураг авалт болсон учир сонирхолтой байлаа.
-Сүүлийн үед танай уран бүтээлд “Тэнгэр” продакшны талаар дурдах болсон. Энэ продакшныг шинээр байгуулсан уу?
-Бид “Фокус” фильмийн нэрийг сольж “Тэнгэр” продакшн болгосон. Санаж байгаа бол “Худалч залуу”, “Танхай тээгч” киног “Фокус” фильмийн нэрээр хийсэн. Тэнгэр нэрийг яагаад өгөв гэхээр Одноо бид хоёрыг харсан тэнгэр байдаг гэж бид боддог. Бидний болж бүтэхгүй зүйлийг цаанаас нь зохицуулж, замыг нь заагаад өгдөг юм шиг санагддаг. Энэ бүгдийг бодолцож бэлгэшээн продакшныхаа нэрийг “Тэнгэр” болгосон. Бид энэ нэрээрээ цаашид олон улсын кино наадамд оролцоно.
-Та гэргийтэйгээ Чиндаогийн олон улсын наадамд амжилттай оролцсон. Энэ үеэр мөн өмнөд хөршид киногоо гаргах эрхтэй болсон. Энэ талаар уншигчдад сонирхуулаач?
-Бид “Солиот эх” киногоороо Чиндаогийн олон улсын наадамд оролцож Одноо маань “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн. 10 гаруй улсын 55 бүтээлээс наймыг нь шалгаруулж Хятадад киногоо гаргах эрх өгсөн. Тэдгээр киноны нэг нь “Солиот эх” байгаа юм. Анх удаа албан ёсоор Бүх Хятадад бүтээлээ борлуулах эрхтэй болсон нь манай бүтээл боллоо. Бид үүнээс өмнө “Алтан өндөг” киног олон улсын зах зээлд гаргана гэж төлөвлөсөн. Гэвч цаг хугацааны хувьд “Солиот эх” түрүүлж олны хүртээл болсон.
-“Яг түүн шиг” шоугаар та өөрийгөө чадварлаг дуучин гэдгээр харуулж уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсныг сонссон. Тэр ажил бүтэмжтэй юү?
-Дуучин болох миний багийн хүсэл мөрөөдөл л дөө. Арван жилийн сурагч байхаасаа л хамтлаг байгуулахаар Пеонерын ордонд явж байсан. Тэр үеийн хүсэл мөрөөдөл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсоноор улам буцалж намайг хөглөсөн. Олон хүн “Дуу дуулаач” гэсэн учир энэ салбарт хүчээ үздэг юм уу гэж бодсон. “Яг түүн шиг” шоунаас хойш гаргасан бүтээл бол “Алтан өндөг” киноны “Амьдрал сайхан байгаасай” дуу болж байна. Энэ дуунаас өмнө гэргий, охинтойгоо “Жаргалтай гэр бүл” дуу хийсэн. Дууны шүлэг, хөгжмийг Б.Наранзун зохиосон. Гэхдээ энэ дуугаа олны хүртээл болгож хараахан амжаагүй байна. Сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгчтэй хамтран дуэт дуу бүтээхээр бэлтгэл ажилдаа орчихсон явна.
-“Тэнгэр” продакшны хэтийн төлөвлөгөөний талаар асууж ярилцлагаа өндөрлөе.
-Өмнө нь дурдсанчлан олон улсын зах зээлд киногоо танилцуулна. Түүнчлэн бид сайн зохиолын эрэл хайгуулд гараад байна. Сайн зохиолтой, шинэлэг санаа байвал үнэ хайрлахгүй авна. Бүр зураг авалтын ажилд шууд ороход ч бэлэн байна.
Б.СЭЛЭНГЭ
24news.mn