Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх журам”-д “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэхээр заасан байдаг. Энэ тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбаттай Татварын албаны үйл ажиллагаа, улсын төсвийн орлого бүрдсэн эсэх болон зарим асуудлаар ярилцсанаа хүргэе.
–Өнгөрсөн амралтын өдөр “Үндэсний татварын албаны ажилтны өдөр” болж өнгөрлөө. Татварынхан албаныхан тэмдэглэлт өдрөө ямар амжилтаар угтав?
-Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн намар есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрийг “Үндэсний татварын албаны ажилтны өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Энэ өдөр татварын албаныхан ажлаа дүгнэж цэгнэх, өнгөрсөн жилтэйгээ харьцуулж, алдаа оноогоо хэлэлцэх, мөн урлаг соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулж, албад маань шилдгүүдээ шалгаруулж, нэг нэгэнтэйгээ туршлага солилцох зэргээр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд Татварын албаныхан маань оны эхний найман сарын үзүүлэлтээр улсын төсвийн орлогоо бүрэн биелүүлсэн амжилттайгаар “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-өө угтлаа. Тодруулбал, бид 2018 онд улсын төсөвт хоёр их наяд 375 тэрбум төгрөгийн татварын орлогыг бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Эхний найман сарын дүнгээр хоёр их наяд 399 тэрбум төгрөгийг төсөвт бүрдүүлсэн байна.
Энэ нь улсын төсвийн жилийн орлогыг эхний найман сардаа бүрэн биелүүлсэн гэсэн үг. Үүнээс хойш он дуустал үлдэж байгаа хугацааны улсын төсвийн орлогын гүйцэтгэл нь жилийн төсвийн төлөвлөгөөнийхөө давсан дүн болно. Энэ жил зуншлага сайтай зун болсон шиг эхний найман сарын үзүүлэлтээр улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 100 хувь биелүүлнэ гэдэг Татварын албаны түүхэнд байгаагүй амжилт. Энэ амжилт мэдээж татвар төлөгч, татварын байгууллагын хамтын ажиллагааны үр дүн. Ер нь төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэг төрийн албан хаагчийн нэр төрийн хэрэг.
Тиймээс татварын байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд “Зууны мэдээ” сониноор дамжуулан татварын албаны нийт хамт олондоо талархал илэрхийлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлэн албандаа үнэнч, сайн ажиллахыг хүсэн ерөөе. Мөн амжилтаа цаашид улам бататгана гэдэгт итгэж байна. “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийн хүрээнд татварын албаны хэмжээнд “Урлагийн II наадам”-ыг зохион байгуулж, авьяастнуудаа тодрууллаа. Дуу хуур цалгисан газарт сайхан орчин бүрдэж, хүмүүст баяр баясал, ажлын эрч хүчийг нэмэгдүүлж, хамт олны зөв соёлыг бий болгоход түлхэц болж өгдөг байх аа.
Татварын албанд маань урлагийн авьяастай залуус олон байдаг юм байна. Нэг жилд нь спортын тэмцээн уралдаан, дараа жил нь урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан бол цаашдаа ажил мэргэжлийн уралдаан, татварын албаны хүрээнд онол практикийн бага хурал зохион байгуулах зэргээр хийх шаардлагатай ажлууд бий. Мөн энэ дашрамд, татвар төлөгчдөдөө баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.
Та бид Монгол Улсын 2018 оны улсын төсвийн орлогод татварын албаны оруулах үүрэгтэй орлогын жилийн гүйцэтгэлийг бүрэн хангаж чадлаа. Цаашдаа ч та бүхэн минь татвараа цаг хугацаандаа илүү идэвхтэй төлж байгаарай. Та бүхэнд татварын байгууллага хууль, журмын хүрээнд төрийн үйлчилгээг үзүүлэхэд цаг ямагт бэлэн байлгах талаар анхаарч ажиллаж байна.
–Татварын албыг хүмүүс аж ахуйн нэгж, иргэдээс татвар хураадаг газар л гэж мэддэг. Тэгвэл Татварын албаны үндсэн чиг үүрэг нь ямар байдаг юм бэ?
-Татварын албаны чиг үүргийг хуулиар тодорхойлсон байдаг. Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татвар төлөгчдөд татварын хуулийн талаарх сурталчилгаа, зөвлөгөө, сургалт явуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Татвар төлөгчид рүүгээ хандсан бүхий л төрлийн үйл ажиллагаагаа чанартай, хүртээмжтэй хүргэх үүднээс ажиллаж байна.
Нийгэм дэх татварын талаарх сөрөг ойлголтуудыг багасгах, иргэдийг зөв ойлголттой болгохын тулд нийгэмд мэдээлэл түгээдэг гол хүч болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүн дотроо Монголын өдөр тутмын сонинуудын холбоотой нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд сэтгүүлчдэд татварын талаарх мэдлэг мэдээллийг өгч, мэргэшүүлэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Сэтгүүлчид маань татвар төлөгчдийн боловсролыг нэмэгдүүлэх, татварын талаарх ойлголтыг олон нийтэд өгөхөд бидэнд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Татварын хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулж байхын тулд бид хууль, эрхзүйн орчноо нэлээд өөрчилж байгаа. УИХ-ын намрын чуулганаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар хууль мөрдөх, хэрэгжүүлэх ажиллагаа нэлээд нарийвчлагдсан зохицуулалттай болно. Тухайлбал, татвар төлөгчийн татварын өрөө төлөх хугацааг одоогийн хуулиар хоёр сар хүртэл сунгаж болохоор байгаа бол шинэ хуулийн төсөлд 24 сар хүртэл байхаар тусгасан. Энэ нь татвар төлөгчдөд татварын өрөө төлөх хугацааг боломжтой болгож байгаа хэдий ч дээр дурдсан хугацаанд татварын өрөө зайлшгүй төлсөн байхыг зохицуулж, хуулийг заавал мөрдөж, хэрэгжүүлдэг байхыг хуулийн төсөлд тусгаад байна.
Мөн татварын хяналт шалгалтыг татвар төлөгчийн эрсдэлд тулгуурлан зохион байгуулан хийж байна. Татвар төлөгч эрсдэлгүй бол заавал шалгах шаардлагагүй гэсэн үг. Иймд татвар төлөгчийн эрсдэлийг үнэн зөв, бодитой тодорхойлох асуудал чухлаар тавигдаж байна. Энэ хүрээнд татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг ирэх оноос нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Системийн нэгдсэн программыг “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв”-өөр хийлгэж, техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр болсон. Төсөл бүрэн хэрэгжсэнээр бүх шатны албаны байцаагчид адил төвшний хэрэглээний системд ажиллах, тэдний ажлыг хянах, дүгнэх, системийн шийдлээр мэдээлэл харилцан солилцох, татварын албаны бүх төрлийн мэдээлэл улсын хэмжээнд нэгдсэн байдлаар нэг цаг хугацаанд гарах, улмаар татварын үйл ажиллагааны менежмент сайжрах, татвар төлөгч өөрсдийн мэдээллийг харах, хянах боломжтой болох юм. Мөн байцаагч нараа мэргэшүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх үүднээс гадаад, дотоодын сургалтад үе шаттайгаар хамруулж байна.
–Улсын хэмжээнд хэчнээн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн байдаг вэ. Бүгд татвараа төлдөг үү?
-Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн баазад 186 мянган ААН, байгууллага, 1.1 сая иргэн бүртгэлтэй байна. Гэхдээ бүртгэлтэй бүх татвар төлөгч татвар төлж байгаа гэсэн үг биш. Уг нь орлого олж байгаа бүх татвар төлөгч татвараа төлж байх ёстой. Иймээс татварын байгууллага байгаа юм. Засгийн газар татварын хувь хэмжээг нэмж биш татварынхаа суурийг өргөжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зарчим барьж ажиллаж байгаа.
Өөрөөр хэлбэл, орлого олж байгаа бүх татвар төлөгч татвар төлж байгаа эсэхийг татварын байгууллага тодорхойлж, хянах ёстой юм. Тэгэхээр хамгийн түрүүнд татвар төлөгчдийнхөө бүртгэлийг сайжруулах нь чухал юм. Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил өнөөдөр бидэнд ажлаа зөв зохион байгуулж, түргэн шуурхай ажиллах боломжийг олгож байгааг сайн ашиглах хэрэгтэй.
–Нэг үеэ бодвол бизнес эрхэлж, орлого олж байгаа хүмүүс татварын албанд тайлангаа өгөхийн зэрэгцээ иргэдэд е-баримт олгодог болсон. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлэхэд Монгол Улс гурван сая татварын байцаагчтай боллоо гэж байсан шүү дээ?
-Бидний хийж байгаа ажлуудаас нэг чухал ажил бол е-баримт болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт. Е-баримтыг гурав дахь жилдээ олгож байна. Энэ ажлын үр дүнд татварын орлогын бааз суурь эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, бид орлого бүртгэж авах ажлаа сайн зохион байгуулж байна гэж харж байгаа. Гэхдээ үүнийг дагаад шинээр сөрөг хандлага, зөрчлүүд их гарч, тэр хэмжээгээр бидний ажлын ачаалал нэмэгдэж, зөрчил шийдвэрлэх ажиллагаа төвөгтэй болж байна.
Үүнийг шийдвэрлэхийн тулд бид нөхцөл байдлыг сайн судлаж, зөрчлийг гаргахгүй байлгах зохицуулалтыг хууль, эрх зүйн орчиндоо тусган хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Хяналтыг ямар хүрээнд хэрхэн зохион байгуулж, хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Үүндээ бид худалдан авагчидтай хамтран ажиллах зорилгыг тавьж байгаа.
–Сүүлийн үед Засгийн газраас төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар нэлээд ярьж байна. Энэ талаар танай алба ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар гаргасан. Татварын алба “Чадварлаг хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд татвар төлөгчдөд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын харилцааны ур чадвар, сахилга дэг журмыг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Төрийн албан хаагчдын ёс суртахуун, сахилга хариуцлага, ажлын бүтээмж тал руу нь нэлээд анхаарч ажиллах ёстой. Сахилга хариуцлага, дэг журамтай байдал амжилтын үндэс гэж би хувьдаа боддог. Энэ зарчмаа ч баримталдаг. Энэ хүрээндээ татварын байцаагчдын харилцаа хандлага, ур чадвар, иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа болон ёс зүйн талаарх иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авах зорилгоор 1800-1212 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. Ажилтан, албан хаагчидтайгаа сахилга хариуцлагын талаар гэрээ байгуулан, үр дүнгийн гэрээний үзүүлэлтийн нэг шалгуур болгоод байгаа.
Ажилтан, албан хаагчдын зан харилцаа, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах чиглэлээр албаны хэмжээнд үйл ажиллагаа тогтмол зохион байгуулан явуулж, хэрэгжилтийг тайлагнаж байх талаар албадын удирдах албан тушаалтнуудад чиглэл хүргүүлэн, хэрэгжилтийг хянаж, дүгнэн ажиллаж байна. Мөн татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээгээ чанартай байлгахын тулд албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахаар холбогдох сургалт, семинарт хамруулж байна.
–Олон улсын татвар гэж нэлээд ярих болж. Татварын байгууллагын гадаад харилцаа ямар төвшинд байдаг вэ?
-Татварын үйлчилгээг яаж үзүүлдэг, татвар төлөгчид татвараа цаг хугацаандаа хэрхэн төлдөг болж төлөвшдөг вэ. Татвараас зайлсхийх гэх зэргийн асуудлуудтай татварын байгууллага хэрхэн тэмцдэг, татварын хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх зэрэг асуудал хөгжингүй орнуудын хувьд олон зуун жилийнхээ хөгжлийн явцад улам бүр сайжруулсаар өнөөдрийн төвшинд хүрсэн татварын боловсронгуй тогтолцоотой болжээ.
Хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийж буй томоохон татвар төлөгчид тухайн орны татварын чадамж сулыг ашиглаж, татвараас зайлсхийж, татвараа бүрэн төлөхгүй байх хандлага ихээхэн илэрч байдагтай холбогдуулан олон улсын Татварын байгууллагууд харилцан мэдээлэл солилцдог байя гэдэг асуудлыг сүүлийн жилүүдэд маш хүчтэй тавьж эхэлсэн. Үүний тод илрэл нь Европын холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-д бүртгэсэн явдал.
Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумд нэгдэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлж, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Цаг үе Монголын татварын албаны үйл ажиллагаа хөгжингүй орнуудын татварын албаны үйл ажиллагаа руу зайлшгүй орох шаардлагатайг харуулж байна.
Энэ бүхэнтэй холбогдуулан бид Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран 2017-2020 он хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон Олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байна. Мөн ОУВС-гийн зөвлөхүүд ажиллаж байна. Тэдний зөвлөсөн сайн туршлагаас маш хурдан суралцах, татварын орчноо сайжруулах тал дээр мэдээлэл харилцан солилцох боломж, гадаад харилцаа бүрэн бүрдсэн гэж ойлгож болно. Үүнээс гадна бид хөрш орнуудтайгаа татварын хамтын ажиллагаагаа сайн байлгах хэрэгтэй. Бид ОХУ-тай татварын талаар харилцан мэдээлэл солилцох гэрээтэй ажилладаг.
Одоо БНХАУ-тай татварын мэдээллээ харилцан солилцох гэрээ байгуулан ажиллах нь чухал байгаа юм. Татварын бааз сууриа өргөжүүлэхэд зайлшгүй байх ёстой хамтын ажиллагаа. Үүний цаана ямар нэг татвар төлөгчид бизнесийн хохирол учруулахгүй байх боломжийг хангаж байгаа юм. Хэрэв мэдээлэл дутуу байх юм бол авах ёсгүй татварыг нь авах гэж татвар төлөгчдөд нэмэгдэл зардал чирэгдэл гаргах, хүндрэл учруулах эрсдэлтэй. Хуулиа зөв, сайн хэрэгжүүлэхэд мэдээлэл харилцан солилцох асуудал зайлшгүй чухал.
–Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна гэх шүүмжлэл сошиал орчинд маш их байдаг. Яг үнэндээ татвар төлөгчдийн мөнгийг аль салбарт түлхүү зарцуулдаг юм бол. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Манай ажлын чиг үүрэг улсын төсвийн орлого талдаа хамааралтай тул зарлага талын нарийн мэдээлэл байдаггүй. Энэ бол байх ёстой шүүмжлэл хэдий ч бодит байдал дээр зардлын талаар шүүмжлэгчид хэр сайн нарийн мэдээлэлтэй байгаа эсэх нь эргэлзээтэй харагддаг.
Нөгөө талаар эдийн засгийн болон төсвийн талаарх мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой гарч ирж байгаа шүүмжлэл байх. Сүүлийн үед төсвийг үр ашиггүй зарцуулдаг юм чинь татвар төлөөд яах юм гэсэн зүйл яригддаг боллоо. Тэгэхээр төсвийн зарцуулалтын талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтэд байнга мэдээлж байх нь зөв болов уу.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
|
24news.mn