2024 оны 11 сарын 24
Зочин
Б.Батгэрэл: М.Бундмаа гавьяаттай “Токио 2020”-д хоёр тамирчин оролцуулах зорилготой

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотод болж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-нд манай шигшээ багийнхнаас гадна гадаадын орны нэр дээр монгол тамирчид зодоглож буй. Мөн гадаадын тамирчдын дасгалжуулагчаар манай жүдочид ажиллаж байна.

Өнгөрсөн жил Хонконгийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар гавьяат тамирчин М.Бундмаа болон олон улсын хэмжээний мастер Б.Батгэрэл нар явсан билээ. Хонконгийн шигшээ багийнхан өмнө нь олимп, ДАШТ, тивийн АШТ, гранпри зэрэг тэмцээнүүдээс медаль авч байгаагүй бөгөөд манай хоёр дасгалжуулагчийг очсоноос хойш эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн жүдоч Тайваны нээлттэй тэмцээнд мөнгөн медаль, Хонконгийн нээлттэй тэмцээн хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад буй.

Шавь нартайгаа ДАШТ-ийг зорьж буй энэ үед Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Б.Батгэрэлтэй холбогдож ярилцаа. Тэрээр Бакуд Монголын шигшээ багийнхантайгаа уулзана хэмээн догдолж буй талаараа ярьсан юм.

-Анх жүдо бөхөөр хичээллэх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-2004 оны нэгдүгээр сараас эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Ер нь хөдөлгөөнтэй, сахилгагүй, янз янзын асуудалд орох гээд байдаг хүүхэд байсан болохоор ээжийн маань том ах жүдогоор барилдаж, нэг зүйлдээ тууштай, зүтгэл, тэмүүлэлтэй болог гэж клубд оруулж байсан.

-Жүдогоор хичээллэсэн хүүхэд бүрт нээгдэхгүй хаалга бол шигшээ баг. Монголын жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэрхэн орж байсан бэ?

-2010 оны Насанд хүрэгчдийн УАШТ-д -66кг жинд хүрэл медаль авснаар шигшээ багт орох үүд хаалга маань нээлттэй болсон.

- -66 кг-ийн жинд олон амжилт гаргаж байсан. Тухайлбал, Тбилисийн Гранпригээс хүрэл, Ташкентийн Гранпригээс мөнгөн медаль хүртэж байсныг санаж байна. Хамгийн хэцүү барилдаануудынхаа тухай эргэн дурсахгүй юу?

-Ер нь бол бүх л барилдаанууд хүчтэй, хэцүү санагддаг байсан. Бүгд л бие биенээ хожих гэж дэвжээнд гарч ирдэг шүү дээ.

-Ер нь бол багш болох нас хараахан болоогүй байсан. Багш болооч гэсэн урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх 2017 оны нэгдүгээр сард Хонконг улсын жүдо бөхийн холбооноос манай улсад дасгалжуулагчаар ирж ажиллах сонирхол байна уу гэж гавьяат тамирчин М.Бундмаа эгч бид хоёрт санал ирүүлсэн. Тэр үед би үндэсний шигшээ багийн тамирчин байсан болохоор шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням багшаас асуусан. Багш эхлээд “Дахиад хэдэн жил барилдсан нь дээр биш үү” гээд надаас асууснаа “Миний хүү, чи өөрөө яамаар байна. Өөрийнхөө хүсэл сонирхол мөрөөдлөө дага” гэж хэлсэн. Тэгээд долоо хоног бодсон л доо. Хонконгт очвол надад юу нь ашигтай вэ, би юу сурч мэдэх үү, надад ямар өөрчлөлт гарах уу гээд зөндөө бодсон. Бас М.Бундмаа эгч болон Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ахтай ярилцаад хамтдаа явахаар зөвшөөрсөн хариуг Хонконгийн жүдо бөхийн холбоонд өгсөн. 2017 оны хоёрдугаар сарын 7 нд Хонконг улсыг зорьж ирсэн дээ.

-Анх Хонконгт очиход ямар байдал угтсан бэ. Манай тамирчдын бэлтгэл хийх, амьдрах орчноос өөр, ялгаатай зүйл байна уу?

-М.Бундмаа эгч бид хоёрыг Хонконгт ирэхэд сайхан уур амьсгал, найрсаг хамт олон хүлээж авсан. Манай Монголын жүдо бөхийн шигшээгийн тамирчид Хонконгийн жүдо бөхийн тамирчид тэнгэр газар шиг ялгаатай. Манай Монголын тамирчид бол зөвхөн бэлтгэлдээ л анхаардаг. Өдрийн хоёр удаа хийдэг. Гэтэл Хонконгт бол тамирчид нь жүдо бөхөө хоёрдугаарт тавьдаг. Нэгт сургууль, ажил байдаг юм байна лээ. Ихэнх тамирчид маань сургууль, ажлаа тарьж ирээд бэлтгэлээ хийдэг. Цөөн тооны хэдхэн тамирчин яг ганц жүдогоороо дагнаж, холбооноосоо цалинжиж, өдрийн хоёр удаа бэлтгэл хийж байгаа.

-Хонконг бол манайхаас өөр уур амьсгал, амьдралын орчинтой газар. Дасах гэж удсан уу?

-Манай Монгол улс Хонконг улс хоёр уур амьсгал, хоол хүнсний тал дээр маш их ялгаатай. Анх Хонконгт ирээд маш халуун, хэцүү байдаг байсан. Одоо бол халуунд нь дассан. Хоолны хувьд гэртээ монгол хоолоо хийгээд идчихдэг болохоор дасаад байх зүйл гайгүй байсан шүү.

-Хонконгийн баг өмнө нь томоохон амжилт гаргаж байгаагүй нь жүдо бөхийн төрөлдөө анхаарал тавихгүй байна уу эсвэл тамирчдын чадвар сул байна уу. Амжилт гаргахгүй байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Хонконгийн жүдо бөхийн хувьд олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга, Азийн наадам, гранпри, их дуулга тэмцээнүүдээс медаль авч үзээгүй юм байна лээ. Хонконг улс газар нутгийн хэмжээ жижиг, дээрээс нь жүдо бөхөөр төдийлөн амжилт гаргаж чадаагүй байгаа болохоор Засгийн газраас нь албан ёсны бэлтгэлийн бааз дээр заал танхим шийдэж өгдөггүй юм байна лээ. Дан ганц жүдо бөхийн холбоо нь өөрсдөө тамирчиддаа бэлтгэл хийх заал танхим түрээслэн өгч бэлтгэл хийлгэдэг. Амжилт гаргахгүй байгаа нь өөрсдийн гэсэн заал танхим болон дотоодын өрсөлдөөн хүчтэй биш болохоор ахидаггүй байх гэж бодож байна. Одоо гэхдээ өөрчлөгдөж байгаа. Тамирчин хүүхдүүд маань хүсэл тэмүүлэлтэй урам зоригтой бэлтгэлээ сайн хийж байгаа. Бид хоёрыг ирсэнд хүүхдүүд маань их баяртай байгаа. Хичээл зүтгэлтэй болсон.

-Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад ямар амжилтад хүрэхээр зорьж байна вэ?

-Өмнө нь Хонконг жүдо бөхөөр олимпд оролцож байгаагүй юм байна лээ. Тэгэхээр Бундаа эгч бид хоёрын зорилт бол “Токио-2020” олимпын наадамд нэг тамирчин, боломж байвал хоёр тамирчин оролцуулах хүсэл, зорилготой ажиллаж байгаа.

-Манайд бол бага жингүүдэд өрсөлдөөн их байдаг. Наана чинь ямар вэ. Ер нь ямар жингийн бөхчүүд амжилт гаргах боломжтой юм шиг санагдаж байна вэ?

-Энд бол том жингийн тамирчид эрэгтэй, эмэгтэй алинд нь ч байхгүй. Ерөнхийдөө бол эрэгтэй  -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингийн тамирчид бэлтгэл хийдэг. Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн тамирчин охин маань дэлхийн чансааны 32-т эрэмбэлэгдэж байгаа. Өнгөрсөн жил Тайваний нээлттэй тэмцээнд мөнгөн медаль, Хонконгийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ охиндоо их найдлага тавьж байгаа. Бас -52 кг, -60 кг, -73 кг тамирчид маань их сайжирч байгаа.

-Монголын жүдо бөхийн холбооноос тамирчдынхаа амьдрал, нөхцөл байдлаа бодолцоод гадаадын нэр дээр барилдуулах, гадаадын дасгалжуулагчаар ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаад ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Энэ маш зөв шийдвэр гэж бодож байгаа. Тамирчин хүн бүр олимпд оролцож медаль авах сонирхолтой, хүсэлтэй байдаг. Гэвч нэг жинд ганцхан л тамирчин оролцдог болохоор үлдсэн тамирчид маш их хохиролтой, харамсалтай. Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд гадны орноос санал хүлээж авсан тамирчныг явуулах эсэх талаараа багш дасгалжуулагчидтай ярилцаж, зөвлөлдөөд явуулж байгаа байх. Дасгалжуулагчдын хувьд гадаадын өндөр хөгжилтэй улсад ажиллаж, сурч боловсроод, мэдлэг ур чадвараа  дээшлүүлчихээд эргээд Монголдоо ирж олон олон олимп, дэлхийн аваргууд төрүүлэх үйлст хувь нэмрээ оруулах байх гэж боддог. М.Бундмаа эгч бид хоёроос гадна гадаадын том хотууд болон улсад жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй байгаа. Тухайлбал, Жүдо бөх сонирхогчдын сайн танил Д.Энхбаатар багш /-48кг Отгонцэцэгийн багш/ Казахстан улсын эмэгтэй шигшээ багт, ОХУ-н Эрхүү хотын жүдогийн шигшээ багт ОУХМ У.Эрдэнэбаатар ах, манай улсын шилдэг тамирчдын нэг Олимп, дэлхийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Ням-очир ах гэр бүлийн хүн болох ОУХМ П.Лхамдэгдтэй хамт АНУ-ын Техас мужийн шигшээ багт, гавьяат тамирчин С.Мияарагчаа ах АНУ-ын Чикаго хотын шигшээ багт жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Бакуд Монголын шигшээ багийн тамирчидтайгаа уулзах нь...

-Тэрийг л хүлээж байна.

-Энэ удаагийн ДАШТ-нд Хонконгоос хэдэн жүдоч зодоглож байна вэ. Ямар тамирчиндаа найдлага тавьж байна вэ?

-Найдвар тавьж байгаа тамирчин гэж онцолж нэр цохож хэлмээргүй байна. Дасгалжуулагч хүн бүх л тамирчиддаа итгэл найдвар тавьдаг. Манай баг энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй -60 кг, -73 кг, эмэгтэй -52 кг, -57 кг жинд хүч үзэж байгаа. Зорилт гэвэл -57кг жинд барилдаж байгаа тамирчнаа шилдэг наймд шалгараасай гэж хүсэж байгаа. Бусад гурван тамирчны хувьд хоёр, хоёр ялуулах зорилттой байгаа.

-Тамирчидтайгаа англиар ойлголцож байна уу. Хэлний мэдлэг нь сайжирч байгаа байх...

-Тамирчидтайгаа англиар ярьдаг. Англи хэл маань тийм сайн биш болохоор яг зуун хувь сайн ойлголцож чадахгүй байгаа. Хэлээ цаашид сайжруулна гэж боддог.

-ДАШТ-ний дэвжээн дээр шавь тань монгол тамирчинтай таарчихвал алийг нь дэмжих бол оо?

-Хэдийгээр би Монгол хүн ч гэсэн Хонконгт ажиллаж байгаа учраас өөрийнхөө бэлдэж буй тамирчнаа дэмжих байх гэж бодож байна. Миний ажлын үр дүн гарах болохоор.

-Нууц биш бол хэдий хэрийн цалин авдаг вэ?

-Нууц байсан нь дээр байх гэж бодож байна. Хувь хүний л орлого шүү дээ.

-Гэрээ санаж байна уу?

-Саналгүй яахав. Гэрийнхнээ, ээжийгээ, найз нараа, жүдогийн хамт олноо маш их санадаг шүү.

-Сошиалаар харж байхад жүдогийн найз бүсгүйгүй олон сайхан залуусын нэг та. Хэзээ эхнэр авахаар төлөвлөж байна вэ?

-Дэлгүүрээс гүйж очоод авчихдаг зүйл биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Цаг нь болоод учрах ёстой эмэгтэй маань гараад ирвэл гэрлэнэ гэж бодож байгаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.