2024 оны 11 сарын 24
Зочин
Д.Доржготов: Хөрсний доройтол 2-3 дахин нэмэгдсэн

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа, Ази тивээс энэ шагналыг хүртсэн хоёр дахь хүн, академич Д.Доржготовыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

–Дэлхийн нэр хүндтэй шагналыг монгол хүн анх удаа хүртлээ. Танд баяр хүргэе?

-Баярлалаа.

–Энэ шагналыг газар зүйн шинжлэх ухаанд нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэнд хоёр жилд нэг удаа олгодог гэж сонссон. Түүхийг нь манай уншигчдад хэлж өгөөч?

-Анх 1946 оноос эхлэн олгосон байдаг юм билээ.

Түүнээс өмнө мөнгөн медаль, тусгай шагнал олгож байсан. Алтан медаль олгох болсноор, түүнийг хүртсэн анхны хүн нь Монголд ажиллаж байсан Оросын эрдэмтэн, газарзүйч Э.М.Мурзаев гуай юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30-аад хүнд олгосон байдаг. Гол нь Төв Ази, Монгол Улс, манай хөрш зэргэлдээ орнуудад судалгаа хийсэн эрдэмтдэд өгдөг шагнал юм. Миний өмнө энэ шагналыг хүртсэн хүн бол БНХАУ-ын хөрс судлалын эрдэмтэн байсан.

–Монголчууд таныг “Монгол орны үндэсний атлас”-ыг хийснээр сайн мэддэг. Бас “Монгол орны үндэсний нэвтэрхий толь” байна. Гэхдээ та хөрс судлалын чиглэлээр ихэнх бүтээлээ хийсэн байх аа?

-Би хөрс судлаач хүн. Гол ажил маань хөрсний чиглэлээр, хөрсний ангилал, үржил шим, нөөц, чанар гээд олон хэсгээр судалгаа хийсэн. Оросуудтай нэлээд олон жил хамтарч ажилласан. 1970 оноос хойш Монгол-Оросын геологийн экспедиц гэж байсан, одоо ч бий. Сүүлийн 50 –аад жил тэдний бүрэлдэхүүнд орж, хөрс судлалын чиглэлээр хийсэн ажлаа орос, монгол хэлээр ном болгож хэвлүүлсэн. Хоёр дахь ажил маань зайлшгүй шаардлагаар Монгол орны газарзүйн чиглэлээр хийсэн судалгаанууд юм. Монгол орны үндэсний атласыг хийхэд гар бие оролцсон. Тэрийг хийхэд би залуу ч байж, гол ачаа үүрэлцэж явлаа. Дараа нь 2008-2009 онд мөн Монгол орны үндэсний атласыг хэвлүүлэхэд ерөнхий редактороор ажилласан. “Монгол орны үндэсний нэвтэрхий толь”-ийн гурван ботийг гаргахад гар бие оролцсон. Сүүлд Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын сав газрын экологийн атласыг хийхэд Монголын талаас оролцож, зөвхөн хөрс судлалын гэлтгүй газарзүйн чиглэлээр ажилласан. Тухайн үед би ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм. Мөн Хятад улс, ӨМӨЗО-ны эрдэмтэн, судлаачид “Монгол судлалын нэвтэрхий толь” гэж том ном хийхэд газарзүйн боть дээр хамтарч ажилласан.

–Анх эхэлж байсан замаа өнөөдөр эргээд харж байхад Монгол орны газарзүй, хөрсний бүтэцэд ямар өөрчлөлт харагдаж байна?

– Би энэ салбарт ажиллаад 56 жил болж байна. 1962 оноос өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Энэ хугацаанд олон судалгаа хийгдсэн. Монгол орны хувьд хөрсний чиглэлээр судлагдаагүй газар нутаг бараг байхгүй. Ихэнх аймаг, сумдад судалгаа хийгдсэн. Ганц Монгол орон ч биш, аль ч улс оронд байгаль орчны өөрчлөлт их гарсан. Жамаараа өөрчлөгдөж байгаа нь ч байна, техник технологийн дэвшил, уул уурхай, газар тариалангийн нөлөө их байна. Манай орны хувьд хүн ам цөөн, ажил үйлдвэр хүчтэй хөгжөөгүй. Гэсэн ч сүүлийн үед өөрчлөлт их гарч байна. Малын тоо толгой хэд дахин өссөн, 1990-ээд онд 20 гаруй сая толгой малтай байсан шүү дээ. Өнөөдөр тэрийг хэдийг нугалсан. Дээр нь олон зуун уул уурхайн хайгуул, олборлолтын компани бий болсон. Газар идэгдэж, эвдэрч байгаа нь ч их. Автозам газрыг маш их сүйтгэж байна. Хөдөө машингүй айл алга. Нэг малчин айл гэхэд ачааны, суудлын хоёр машинтай, 2-3 мотоцикльтой. Малаа машин, мотоциклиор хариулдаг. Үүнээс үүдээд замын сүлжээ бий болчихсон. Айлуудын хооронд, сумын төвийн хооронд гээд энэ хэдэн зуун салаа зам бий боллоо. Хөрсний доройтол, бэлчээрийн доройтол үүнээс үүдэж байна. 1980-аад оны сүүлээр бүх замын талбайг бодож, тооцоо гаргаж байсан юм. Тэр үед 600 орчим мянган га газар байсан. Одоо түүнээс 2-3 дахин өссөн. Тэгэхээр хэдэн арван жилд эдгэрэхгүй ул мөр гарна. Дараа нь тэр замаар үерийн ус урсана, үер бууна, жалга гуу үүснэ. Хажуугаар дахиад шинэ зам бий болно. Энд зохицуулалт алга. Энэ бүхэн хөрсний бохирдол, бэлчээрийн доройтол гэх мэт санаа зовоосон асуудал болоод байна.

–Хөрсний өөрчлөлт яах аргагүй санаа зовоосон асуудал болоод байна. Төрийн бодлогод тусгах ямар санал танд байна?

-Хөрсний өөрчлөлт сүүлийн 10 жилд маш хурдацтай явж байна. Цаашаа ямар түвшинд хүрэх нь вэ гэдэгт судалгаа хийж байна. Удахгүй урьдчилсан дүн гарна. Манай залуучууд үйлдвэр, аж ахуйн төвүүд, Улаанбаатар хот, Дархан,Эрдэнэт зэрэг газарт хөрсний бохирдлын судалгаа хийж байгаа. Мөн хөдөө орон нутгийн автозам дагуу судалгаа явуулж байна. Өдөр, шөнөгүй машин тэрэг хөлхөлдөж, замын хоёр хажуу руу утаа цацаж хөрс, орчныг бохирдуулж байна. Утаанд хар тугалга, кадми зэрэг хүнд металл их хэмжээгээр агуулагддаг.Энэ тийм ч аюултай байдалд хүрээгүй. Гэхдээ судлах ёстой. Уул уурхайн бүс нутаг дахь хөрсний эвдрэлийн асуудал сүүлийн үед санаа зовоож байна. Гуу,жалга болтол ухсан нүх, уул овоо шиг шороог дараа нь яах билээ. Тэр газрыг яаж эдгээж, сэргээх вэ. Доор нь байгаа баялгийг 2-10 жил ухаж авчихаад, дараа нь тэр чигээр хаях уу, булах уу. Энд одоогоор чиглэсэн бодлого харагдахгүй байгаа нь харамсалтай.

–Бусад улс оронд хөрсний нөхөн сэргээлтийг яаж хийдэг юм бол?

-Англи,Германд олборлолт хийсэн газруудаа бүгдийг булаад тэгшилчихээгүй юм билээ. Засч тэгшлээд, хонхор газруудад нь хиймэл нуур бий болгож загас үржүүлдэг, усан сан байгуулж спортын чиглэлээр цогцолбор нээсэн байдаг. Зарим хэсэгт мод тарьж, тэгшилсэн газар дээр гольфын талбай бий болгох зэргээр ашигладаг. Бартаат замын уралдаан хийдэг газар хүртэл бий болгосон байгаа юм. Заавал буцааж булах шаардлагагүй, булаад ч тэрийг дүүргэх элс шороог хаанаас авч зөөх билээ. Хэдэн мянган тонноор нь ухаад авчихсан юм чинь, яаж тэрийг дүүргэх вэ. Тиймээс тэр байдлаар нь жаахан засаад эргэж ашигладаг, тэр нь ч сонирхолтой шийдэл санаагаар баяжуулсан өвөрмөц цогцолбор болдог нь ажиглагдсан. Өвлийн улиралд бол спортын чиглэлээр ашиглах бүрэн боломжтой юм билээ. Аялал жуулчлал хөгжүүлсэн нь ч байна, замыг нь засч жижиг байшингууд бариад. Манайд ч гэсэн тийм байдлаар ашиглаж болох юм байна гэж би бодож байсан. Гэвч төрийн зүгээс ч, хувийн хэвшлүүдийн талаас ч бодлого алга.

–Бид нийслэлийн хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэж ярьж, бичдэг. Бодитой судалгаа байна уу?

-Яг тэр чиглэлээр бид нэлээд судалгаа хийсэн. Улаанбаатарт 1980-аад оны сүүлчээс өнөөдрийг хүртэл ямар байна гэдгийг дээж авч судлаад ирсэн. Нэг их түгшүүр зарлах нь хаашаа юм, тодорхой хэмжээнд асуудал бий. Гол эх үүсвэр нь нянгийн бохирдол. Халдварт өвчин, гэдэсний савханцар гэх мэт хурдан тардаг нянгууд нэлээн ноцтой хэмжээнд байгаа. Химийн бохирдол бас ч гэж гайгүй. Хар тугалга, хромын хувь бас ч гайгүй. Гол нь ил бие засах газрууд, нянгийн асуудал хүндрэлтэй байгаа. Цэвэрлэх, ариутгах ажлыг шат дараатай хийх хэрэгтэй. Том улс орнуудад тэрийг цэвэрлээд буцаагаад ашигладаг. Бүр хамгийн үнэтэй, хамгийн сайн бордоо болгодог. Манайд гэр хорооллын тарчихсан айл өрхүүдээс тэрийг нэгтгэж авах боломжгүй. Төвлөрсөн хаягдал усны газрыг бол эргүүлээд ашиглаж болдог юм байна. Гадны том хотуудын дэргэд хүлэмжийн аж ахуй байдаг нь тийм учиртай. Хаягдал усаа ариутгаад, тэгэхдээ микробиологийн ариутгал хийж бордоо болгочихож байна шүү дээ. Манай улс ч гэсэн бодмоор юм билээ. Ер нь бол ийм техник, технологийн шийдэл, дэвшилд хүрэхгүй бол бид бохиртойгоо зууралдаад л байна гэсэн үг. Гаднаас хэчнээн мөнгөөр бордоо худалдаж авахын оронд бохироо шийдээд, цэвэрлэх, бордоо хийх аргыг нэвтрүүлвэл ашигтай.

–Ер нь манай улс эрдэмтдийнхээ шинэ нээлтүүд, судалгааг хэр шинжлэх ухаанчаар ашиглаж эргэлтэд оруулдаг юм бэ?

-Хөдөө аж ахуйн хүрээлэнгүүд, ХААИС-ийн харъяа газар тариалангийн хүрээлэн, хөрсний болон химийн лабораториуд судалгаа хийж байгаа. Гол нь газар тариалангийн чиглэлээр бордоо хийх, хөрс боловсруулах талаар олон ажил хийж байгаа юм билээ. Ялангуяа Дарханы хүрээлэнгийнхэн судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Энд ч гэсэн газрын бүртгэл, үнэлгээ, газар төлөвлөлт-ашиглалтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс зөндөө бий. Боломжийн үзүүлэлт гаргасан нь цөөнгүй. Өмнө нь газрыг анжисаар эргүүлж хагалдаг байсан, тэр нь хавар сул шороо хийсээд төвөгтэй. Тэгвэл тэрийг больж газрыг хавж хагалдаг болсон. Энэ нь хөрсний эвдрэлийг багасгаж байна.

–Та сүүлийн үед ямар чиглэлээр судалгаа хийж байна?

-ШУА-ийн гишүүний хувьд Газарзүй-геэкологийн хүрээлэндээ ажиллахын зэрэгцээ МУИС-д багшилж байна. Ингэхдээ өдөр болгон хичээл заах биш хааяа лекц уншина, докторуудад хичээл заана. Эрдмийн шавь нар гэвэл цөөнгүй. Ер нь Монголын хөрс судлал, газарзүй, газар зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын ихэнх нь миний шавь нар бий.

–Эцэст нь асуухад, Улаанбаатар хотноо чуулсан Монгол-Орос,Хятадын “Тинк Танк-2018” форумд та оролцсон. Энэ талаарх таны бодлыг сонирхож болох уу?

-Дөрөв дэх удаагийн хурлыг манай улс зохион байгуулж, МУИС-ын номын санд эрдэмтэн судлаачид хоёр өдөр чууллаа. Өмнөх хоёр ч удаагийн хуралд нь би оролцож байсан. Энэ удаа гурван улсын хооронд байгуулах эдийн засгийн коридор байгуулах, харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Энд нэгдүгээрт, төмөр замын сүлжээ, хоёрдугаарт авто замын дэд бүтэц бий болгох, гуравдугаарт эрчим хүчний дэд бүтэц байгуулах асуудлыг голчлон ярилаа. Гурван орны хэмжээнд хийн хоолойг Монголоор дамжуулах ч юм уу, дэд бүтэцээ бий болгож байгаад дараа нь хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар анхаарч байна. Манай орны хувьд төв хэсгээр Улаанбаатар төмар замыг түшиглэх, хоёрдугаарт Дорнод бүсэд ийм зам байж болох, гуравдугаарт Ховдын хязгаар хавьд дэд бүтэц хөгжүүлэх талаар ярьж байна. Одоогоор аль нэг хэсгийг сонгож авсан юм алга, судалгааны түвшинд явж байгаа. Үр ашгийг тооцохоос өгсүүлээд олон асуудал бий. Энд аль нэг тал, эсвэл хоёр талын ашиг гэхгүй, гурван улс эрх ашиг нийлж байж асуудлаа шийднэ. Судалгаа хэрэгтэй, төсөл боловсруулах, үр дүнг тооцох гээд асуудал их бий. Оросын эрдэмтэд энэ хуралд тун сонирхолтой илтгэл тавьж байна лээ, тухайлбал “Бизнесийн загвар улс болъё” гэж. Ганц биш хэд хэдэн загвар боловсруулж, түүн дээрээ ярилцъя, судалгаа хийе гэж байна. Оросын талын удирдагч, академич Б.В.Базаров тун сонирхолтой санаанууд хэлсэн. Манай ОХУ олон арван жилийн турш дандаа баруун тийшээ харж, Европ руу чиглэсэн харилцаа холбоог хөгжүүлсэн. Зүүн тал,Сибир,Алс Дорнод орхигдонгуй байгаа гэж байна. Хятадууд мөн цаашаа далай тэнгис рүүгээ олон улсын харилцаа, далайн зам, далайн тээврийг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлснээр наашаа сул анхаарсан. Үүнийгээ болъё, бүгд нүүр, нүрээ харж, Монголыг дэмжсэн коридор байгуулъя гэж тэр хүн хэлж байна лээ. Үүнээс үзэхэд эрдэмтдийн байр суурь, тооцоо судалгаа цаашид гурван улсын хөгжлийн бодлогод гол түлхүүр болно. Энэ зорилгын үүднээс Тинк Танк-2018 олон улсын хурал, чуулганыг зохион байгуулдаг. Үр дүнгээ ч өгөх байх гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.