Дугаарын зочноор ширээний теннисний Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэнг урилаа. Тэрээр хамгийн сүүлд “Mongolia cup” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.
-“Моngolia cup” тэмцээнд амжилттай оролцлоо. Мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?
-Энэ жилийн тэмцээнд долоон орны баг тамирчид амжилттай өрсөлдлөө. Монголын таван удаагийн аварга Т.Болд ах маань Германы шилдэг теннисчин Томасыг урьж авчирсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон. Үүнээс гадна Азийн ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Пак Дуль Чон өөрийн биеэр ирж тэмцээнийг үзлээ. Учир нь ирэх жил Өсвөрийн ААШТ-ийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Миний хувьд германы теннисчин Томас болон Б.Должинзуу дүүгийнхээ хамт нэг багт тоглож мөнгөн медалийн болзол хангасандаа баяртай байна.
–Алтан медалийн төлөө Солонгосын багтай тоглосон. Солонгос улс энэ удаад өсвөрийн тамирчидаа илгээж ээ?
-“Mongolia cup” тэмцээний шагналын сан нэмэгдэж, зохион байгуулалтын хувьд илүү сайжирч байгаа учир гаднаас чадвартай тамирчид ирдэг болжээ. Өмнөд Солонгосын хувьд өсвөрийн шилдэг тамирчдаа явуулсан. Тэд ганцаарчилсан эрэгтэй төрлөөс бусад алтан медалийг хамсан.
–Солонгосын баг хамгаалалт сайтай юм билээ. Магадгүй энэ давуу тал нь хожил руу хөтөлсөн байх?
-Ширээний теннисний спортод довтолдог, хамгаалдаг гэсэн хоёр төрлийн тамирчин бий. Солонгосын багийн хоёр тамирчин нь хамгаалж тоглодог. Харин Монголд хамгаалж тоглодог тамирчин тун ховор. Миний хувьд бэлтгэл сайн байгаагүй ч чадлаараа амжилт үзүүлэхийг хичээсэн.
–Тэмцээний бэлтгэл дээр очиход та Германы тамирчин Томастай бэлтгэл хангаж байсан. Түүний хувьд дэлхийн хэмжээний тамирчин байсан гэсэн?
-Томас 2009 оны дэлхийн аваргын тэмцээнд шилдэг 16-д үлдэж байсан юм билээ. Гэхдээ тоглоогүй нэлээд завсарласан ч техник, сэтгэлзүй нь суучихсан. Олон улсад Ширээний теннисний чансааг таван төвшинд хуваадаг. Манай тамирчдын хувьд хамгийн доод чансаагаас дээшилсээр гурав руу буюу “С” ангилалд багтсан. Харин Томас бол “А” зэрэглэлийн тамирчин. Тиймээс бөмбөгөнд яаж хүрэх вэ, тэмцээний үед сэтгэлзүйгээ хэрхэн барих вэ гээд туршлага, техникийн хувьд биднээс төө илүү байсан. Миний хувьд түүнтэй нэг багт тоглосноор олон зүйл сурлаа.
–Энэ тэмцээний өмнө ширээний теннисний шигшээ баг зуны Азийн наадамд оролцоод ирсэн. Багаараа амжилтаа ахиулсан гэсэн үү?
-Энэ удаагийн наадамд миний бие багийн ахлагчаар явсан. Мөн спортын мастер Билэгт, Эрдэнэбаяр, спортын дэд мастер Мөнхзориг нар оролцлоо. Өмнө нь манай эрэгтэй баг 18-19 дүгээр байранд ордог байсан. Харин энэ жил 12-16 дугаар байранд орж, амжилтаа ахиуллаа.
–Азид ширээний теннисээр Япон улс босоо. Харин энэ удаад Энэтхэг улсад хожигдсон нь Азийн наадмын гол сенсаацийн нэг болж чадсан?
-Энэ удаагийн наадамд 25 баг оролцлоо. Мэдээж мундаг тамирчид цугласан. Японы хувьд хоёр дахь шигшээ багаа явуулсан. Харин энэ багийг Энэтхэгийн баг хожиж, 60 жилийн түүхэнд анх удаа Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Үүнээс гадна Ираны тамирчин ганцаарчилсан төрөлд 60 жил тасраад байсан хүрэл медалийг авсан гээд олон онцлогтой наадам болж өндөрлөлөө.
–Японы араас Солонгосын тамирчид хүч түрэн гарч ирж байна. Таны хувьд анхны багш тань солонгос хүн байх аа?
-Өнөөдөр дэлхийн ширээний теннисний спортод Япон, Хятад, Солонгос улс өөрийн арга барилаа дархалчихлаа. Бид ч ялгаагүй монгол арга барилыг бий болгохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Би 1999 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Миний анхны багш Азийн аварга, Өмнөд Солонгосын тамирчин Пак Жи Хён. Монгол Улсын гурван удаагийн аварга ОУХМ С.Галбадрах гэж мундаг багш нар бий. Энэ хугацаандаа Хятад болон Өмнөд Солонгост хамтарсан бэлтгэлээр олон удаа явж байсан. Багшийн хувьд сэтгэлзүйн бэлтгэл их хийлгэдэг. Гэхдээ тэг, ингэ гэж заах биш. Тухайн тамирчны тэр өдрийн сэтгэлзүйг мэдэрч, унших ёстой. Аав хүү, ах дүү хоёр шиг. Галаа багш надад чи өнөөдөр заавал үүнийг хийх ёстой гэж тулгадаггүй. Өөрийнхөө үйл хөдлөл, үгээрээ үлгэрлэдэг.
–Та анхны Олон улсын тэмцээндээ хэзээ орж байв?
-Анх 1999 онд 12 наснаас доошхи хүүхдүүдийн Азийн наадамд оролцож байлаа. Жаахан байсан учир Японд очоод их баярлаж, догдолж байснаа санадаг. Харин 2005 онд анх удаа ДАШТ-д оролцсон. Тэр үеийг эргээд бодоход хөгжилтэй, дурсамжтай санагддаг шүү.
–ДАШТ-д оролцох жилээ улсын аварга болсон бил үү?
-2005 онд аравдугаар ангид байхдаа насанд хүрэгчдийн улсын аварга болж байсан. Харин 2006 онд Хятад руу сурахаар явж, 2011 онд эргэж ирсэн. Түүнээс хойш 2013, 2015, 2017 онд аваргалсан. Харин 2014, 2016 онд мөнгөн медаль авсан.
–Тасралтгүй таван жил финалд үлдэнэ гэдэг гайхалтай юм. Өнгөрсөн жилийн улсын аваргаар залуу тамирчин Эрдэнэбаяртай аваргын төлөө тоглолт хийсэн санагдаж байна?
-2017 оны тэмцээн Дархан хотод болсон. Эрдэнэбаяр дүү маань 15 настай байсан. Дөнгөж гарч ирж байгаа хүүхэд гэхэд бүх шилдэг тамирчдыг ялаад финалд үлдсэн. Харин миний хувьд дөрөв дэх удаагийн түрүү буюу дархан аваргаа Дархан-Уул аймагт хийсэндээ их бэлгэшээдэг.
–Анх энэ спортоор хичээллэж байхдаа өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зориулдаг байв. Одоо хангалттай зав гаргаж чадаж байна уу?
-Эрчимтэй тоглож байх үедээ өдөр бүр бэлтгэл хийдэг байсан. Өглөө 06:00 өнгөрөөж босоод гүйнэ. Ирээд зааландаа ордог байсан. Өдөр хоол идэх гэж амрах жишээтэй. Би энэ спортоор хичээллээд 19 жил болж байна. Амьдрал л юм чинь одоо гэр бүл болон ажилдаа анхаарлаа хандуулах шаардлага тулгарсан. Гэхдээ долоо хоногт гурван удаа бэлтгэл хийх зав гаргадаг.
–Гэхдээ та зодог тайлах болоогүй биз дээ?
-Азийн наадамд яваад ирэхдээ миний хувьд спортоо орхих болоогүй юм байна гэдгийг ойлгосон. Дэлхийд 32-т бичигддэг тамирчинтай хүртэл эн тэнцүү тоглосон. Тиймээс ямар ч байсан гурван жилдээ тасралтгүй бэлтгэлээ хийж, амжилтаа ахиулах зорилго өвөртөлсөн.
–Теннис тоглож байхдаа та юуг мэдэрдэг вэ?
-Хожсон, хожигдсон ч хамаагүй. Өөрийгөө дайчилж тоглох нь надад амар санагддаг. Өөрийнхөө хэмжээнд бэлтгэл ханачихсан учир алдах зүйлгүй. Яг ийм мэдрэмжтэй үед өөрөө, өөрийгөө ялан дийлсэн мэт сайхан мэдрэмж төрдөг.
–Амьдралынхаа 20 жилийг та энэ спортод зориулсан гэлээ. Энэ хугацаанд их спортоос юу сурав?
-Тамирчин хүн хамгийн түрүүнд ялж, ялагдаж сурах ёстой. Энэ нь амьдралд хүртэл хэрэгтэй. Би одоо хувиараа бизнес эрхлэгч. Аливаад шантрахгүй байх сэтгэлийн хатыг спорт надад суулгасан. Хоёрдугаарт, энэ спортын ард асар том хүндлэл бий. Гуравдугаарт, сэтгэлзүйн бэлтгэлтэй байснаар амьдралын ухааныг тодорхой хэмжээгээр сурсан гэж боддог.
–Танай гэр бүл спортод элэгтэй. Дүү тань бас тоглодог байсан. Ойрын тэмцээнүүдэд харагдсангүй?
-Миний дүү багаасаа Хятадын теннисний сургуульд суралцсан. Гэхдээ тоглохоо больсон. Тухайн үедээ их ирээдүйтэй тамирчнаар нэрлэгдэж байсан юм. Хоёр жилийн өмнө эх орноосоо шалгарч, дэлхийн оюутны их наадамд оролцсон. Өөрөө урлагийн хүн учир түүндээ илүү сонирхолтой, цаг заваа зориулж байгаа. Би дүүгээ дахиад теннисээ тоглоорой гээд аркет бэлэглэсэн. Боломжтой болохоороо үргэлжлүүлж тоглох байх.
–Таны аав бас теннисийн хоббитой шүү дээ. Аавтайгаа тоглодог уу?
-Жаахан байхдаа гэртээ ширээ засаад аавтайгаа их тоглодог байсан. Харин ойрын жилүүдэд тухтай тоглосонгүй. Гэхдээ аав минь миний нэг дасгалжуулагч гэж ойлгож болно. Учир нь тэмцээн бүрийг минь үзэж, бичлэг хийдэг. Тэмцээний дараа надад зөвлөдөг. Анх аавынхаа тоглож байхыг хараад энэ спортод дурласан. Мөн миний гаргасан амжилт бүхэн аавтай минь салшгүй холбоотой.
–Теннисээр хичээллэх сонирхолтой олон хүүхэд байгаа. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эхлээд зорилгоо тодорхойл. Үнэхээр мэргэжлийн тамирчин болохыг хүсч байвал одоо л хичээллэ гэж хэлмээр байна. Учир нь 1990-ээд оны үеийн дэлхийн гурван удаагийн аварга Хойд Солонгосын тамирчин гурван шавьтайгаа манай улсад ирчихсэн ажиллаж байна. Бидэнд энэ багшаас сурах зүйл их бий.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
24news.mn