2024 оны 11 сарын 24
Зочин
​Г.Батжаргал: Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ясны сийрэгжилтэд өртдөг. Учир нь...

Ясны сийрэгжилт болон Д витамины хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн, хүүхдийн эмч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд яс сийрэгжилтийн талаар их ярих болсон. Ясны сийрэгжилтэд өртөх болсон шалтгаанд голлон юу нөлөөлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд бүх төрлийн хугарлын 70 хувь нь ясны сийрэгжилтээс болж байна. Орчин үеийн хүмүүсийн ясны масс улам бүр багассаар л байгаа юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн ясны массыг  50  жилийн өмнөхтэй харьцуулахад 35 орчим хувиар буурсан байна. Харин эрэгтэйчүүдийнх харьцангуй бага буюу 5 хувиар буурчээ. Эмэгтэйчүүдийнх яагаад ингэж их буураад байгаа нь бас бодож үзмээр л зүйл. Нэгд, төрөлтийн дараах болон төрөлтийн өмнөх эрүүл мэндийг дэмжих тал дээр ямар төвшинд байгаа нь нөлөөлдөг. Үүнд төрсний дараа хүүхдээ хөхүүлдэг нь их нөлөөлдөг. Гэхдээ энэ нь "хүүхэддээ битгий хөхүүл" гэсэн санаа огтоос биш юм. Хоёрт,  оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ажлын байрны агааржуулалт муу, хэт ягаан туяа хязгаарлагдмал гэх мэт шалтгаанаас бол яс сийрэгжиж байна. Үндсэндээ ясны масс багасах нь буруу амьдралын хэв маяг гэж ойлгож болно. Ясны масс буурч байгаа шинж тэмдэг их амархан мэдэгддэг. Ясаар янгинаж өвдөх болон гүйх, юм өргөхөөс эхлээд ачаалал даах чадвар илт муудсан байдаг.

-Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ясны сийрэгжилтэд өртдөг гэж ойлголоо. Тэгвэл төрөлтийн дараах болон төрөлтийн өмнөх эрүүл мэндийн тал дээр зайлшгүй анхаарах зүйлсийг онцолж, хэрхэн анхаарах ёстой талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Тэгэлгүй яах вt. Эмэгтэйчүүд, эхчүүд маань заавал төрөхийн өмнө гэлтгүй аль болох л биеэ сайн тордож, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд тогтмол хамрагдаж байх ёстой. Бид бүхэн унаж байгаа машиндаа хамгийн сайн гэх үйлчилгээг хийлгэдэг хэрнээ яагаад өөрийн биед тэгж хандаж чадахгүй байгааг ойлгохгүй юм. Ер нь эмэгтэй хүүхдийг бага наснаас үхрийн махтай хоол сайн өгч байх хэрэгтэй. Ялангуяа бага настай үхрийн махтай хоол 7 хоногтоо ядаж нэг удаа хийж өгөөд байх хэрэгтэй. Үхрийн мах цус төлжилтөөс эхлүүлээд хүний биед олон төрлийн ашигтай элементүүдийг агуулдаг юм.

Эмэгтэй хүн анх сарын тэмдэг ирсэн үеэс л өөрийн биедээ илүү ихээр анхаарч байх хэрэгтэй болдог. Мөн гэр бүл төлөвлөлтөд сайтар анхаарч, миний бие эх хүн болоход бэлэн эсэх, хүүхэд тээхэд бэлэн эсэх дээрээ анхаарч, мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай амин дэмүүдийг авч байх хэрэгтэй. Мөн төрсний дараа аль болох унтаж амарч байх, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэж байх, агаар салхинд сайн гарч, өөрт таарсан хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зөв. Ер нь хоол, нойр, дасгал хөдөлгөөн гурав хүний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй тул энэ гурав дээрээ зөв зохион байгуулалттай анхаарч байх хэрэгтэй юм.

Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.

-Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч болох уу?

-Ясны бүтцийг бий болгодог хамгийн чухал элемэнтийн кальцийн солилцоонд Д маш чухал юм. Ясны сийрэгжилт байна гэвэл бүх хүн л мэддэг, сонссон витамин Д-гийн талаар ярих болно. Д аминдэмийн гол үүрэг нь кальцийн шингээлтийг дэмжих, фосфор кальцийн бодисын солилцоог зохицуулдаг. Д аминдэм нь цусны бүлэгнэлтийн яс, эд эсийн хэвийн өсөлт, зүрхний үйл ажиллагаа зохицуулахад чухал үүрэгтэй. Энэ витамин, нүдний өвчнүүд, үе мөчний болон рахит зэргийн эдгэрэлтийн гол үндэс гэж ойлгох хэрэгтэй. Д аминдэмийн дутагдал мэдрэлийн системд ч муугаар нөлөөлдөг юм. Мэдрэлийн эсийн энэхүү доройтол ч олон арван судасны хатуурал бий болгож склерозд хүргэх биз. Түүгээр ч зогсохгүй Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогдсон. Хэдий тийм боловч биед Д аминдэмийн хэмжээ хир их шаардагдахыг хэн ч мэдэхгүй. Энэ витаминыг сайн ойлгодоггүй.

Витамин Д нь жимс, ногоо, үр тариа, талх зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд маш ховор байдаг. Д аминдэмийн гол эх сурвалж нь түүхий өндөгний шар, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, загасны элэг, далайн бүтээгдэхүүнд агуулагддаг. Хамгийн их хэмжээгээр D витамин нь сагамхай, гахай, мернэр, загас, туна загас, мэлхийн элэгний дотор байдаг. Мөн нар Д амин дэмийн хамгийн баян эх үүсвэр. Гэхдээ зөвхөн өглөөний цэвэр агаартай үеийн нарны хэт ягаан туяа л хамгийн идэвхтэй Д-гийн нийлэгжилтийг дэмждэг.

Гэтэл хотын тоос шороотой нөхцөлд наранд гараад бас л нэмэргүй, гол нь цэвэр агаар. Цэвэр агаар нь Д амин дэм үйлдвэрлэх урьдчилсан нөхцөл болж байдгийг санах хэрэгтэй. Мөн цагаан идээний хэрэглээгээ сайжруулах хэрэгтэй.

Хэрэв та цэвэршүүлсэн хоол хүнс, хийжүүлсэн ундаа, тамхи, шарсан төмс, лаазалсан хоол, бялуу зэргийг тогтмол хэрэглэдэг бол цусан дахь кальцийн агууламж тогтмол буурч байдаг. Тиймээс дээрх зуршлаасаа татгалзах хэрэгтэй юм.

-Цэвэр агаартай үеийн нарны хэт ягаан туяа л хамгийн идэвхтэй Д-гийн нийлэгжилтийг дэмждэг гэлээ. Манай улсын хувьд агаарын бохирдол толгой өвтгөсөн асуудлын нэг болоод байгаа шүү дээ. Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар болон сөрөг нөлөөг багасгах талаар мэдээлэл өгч болох уу?

-Аливаа амьд эд эстэй зүйл бүхэнд агаар маш чухал. Агаар нь цэвэр байх бүр чухал. Бид бүхнийг арван жилд байхад заадаг даа. Агаарын бүтэц гээд л. Тэгвэл тухайн бүтэц алдагдаж байгааг л агаарын бохирдол гээд байгаа юм. Манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учир өвөл нь хэт хүйтэн, бусад улиралд хуурай байдаг. Хүмүүс агаарын бохирдол гэхээр ганц утаагаар төсөөлж, өвөл л илүү аюултай гэж ойлгодог. Тэр нь ч зөв. Гэхдээ хавар, зун, намартаа нийслэл хот, томоохон аймгууд маань тоосжилт маш их байна. Үүнээс үүдэлтэй уушгины архаг хууч өвчинтэй болох, харшилтай болох, мөн цаашлаад удамшлын эмгэгүүд, зүрх судас, нөхөн үржихүйн эмгэгүүдийг үүсгэж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд илүү их өртөж байгаа нь хүүхдийн уушгины бүрэн гүйцэт хөгжөөгүй болон дархлааны системтэй шууд холбоотой. Мөн бага насны хүүхдийн ой тогтоолтод ч сөргөөр нөлөөлдөг.

Агаарын бохирдол гэхээр зөвхөн гадаад орчин л бодогддог. Гэтэл дотоод орчны агаарын бохирдлын асуудал бас хүн байгаа юм. Тиймээс айл өрх бүр, албан байгууллага бүр дотоод орчныхоо агаарын бохирдолд илүү анхаарч, чийгтэй цэвэрлэгээ хийх, тогтмол агааржуулах, тамхи татдаг хүнээс аль болох хол байх, хэт утаатай үед цонхоо нээхгүй байх, агаар шүүгч болон агааржуулагч хэрэглэж байх хэрэгтэй байна.

-Тэгвэл Д аминдэмийг эмчилгээ болон урьдчилан сэргийлэх тунгаар хэрхэн хэрэглэх вэ?

-Заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн шаардлагатай бол өөрт байх Д-гийн хэмжээгээ заавал тодорхойлуулах нь хамгийн чухал. 

•Нярай хүүхэд витамин Д -г 1000 ОУН-UI-р багадаа нэг сар уух ба барих тун нь 400-500 ОУН-UI гурваас зургаан сар хүртэл өгч болно.

•Нэг сараас хоёр нас хүртэл хүүхэд 2ООО ОУН - UI-р мөн нэг сар түүнээс дээшээ ба барих тун нь ижилхэн.

•Харин хоёроос дээш настай хүүхдүүд 2000-ОУН-р өдөр бүр уулгахаас гадна 50000 ОУН-р долоо хоногт нэг удаа 7-8 долоо хоног уулгаж болно. Гэвч өндөр тунтай шингэн Д аминдэмд гликол агуулагддаг тул тэр бүр зөвлөөд байдаггүй.

Мөн богино хугацааны эмчилгээ ч байдаг ба тэрийг энд дурдаад хэрэггүй биз дээ. Дахин сануулахад эмчилгээ хийлгэхийн өмнө заавал Д аминдэмийн хэмжээг тодорхойлж ямар тунгаар уухаа сонгох нь хамгийн зөв. Хавсарч кальци өгөхдөө маш болгоомжтой байхгүй бол молекул бүтэцтэй манайд их орж ирдэг кальци бас тийм төгс сайн сонголт болж чадахгүйг дотроо бодож байх нь зөв юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.