2024 оны 11 сарын 24
Зочин
Д.Лхагвасүрэн: Зөвхөн долларын ханшийн савлагаанд ач холбогдол өгөх нь явц муутай арга

Хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр гардаг АНУ-ын “Journal of Labor Research ” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Лхагвасүрэнтэй америк долларын ханшийн өсөлтийн талаар цөөн хором ярилцлаа.

-Долоохон хоногийн дотор ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом савлаж рекорд тогтоолоо. Долларын өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа зүйл юу вэ?

-Манайд хааяа нэг богино хугацаанд долларын ханш буурах нь ажиглагддаг ч, сүүлийн 30 шахам жил дүн нуруугаараa байнга л өссөөр ирсэн. Суурь бүтэц, хөдөлмөрийн бүтээмжээ анхаарахгүй удвал ханшны өсөлтийн хурд цаашид ч буурахгүй. Энэ удаагийн өсөлтийн хувьд, нүүрсний зах зээл сайн байхад, яагаад доллар өсөөд байгааг хүмүүс гайхаж байна. Гаднаас авах машин, техник нэмэгдсэнээс болсон гэсэн тайлбар явж байна лээ. Өөр хүчин зүйлүүд бий. Том уурхайнуудын мөнгө хаагуур эргэлдэж байгаа нь долларын ханшид нөлөөлнө. Мөн АНУ-ын төв банкны хүү тогтвортой өсөж байна. Хэд хоногийн өмнө бас 0.25 хувиар нэмэгдлээ. Алтны үнэ сүүлийн 6 сар буурч, 10 хувь уначихлаа. Эдгээр болон бусад нөлөөнөөс хамаарч гадаадад доллар руу хошуурах нь эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 8 жилд харьцангуй амар олдож байсан доллар одоо ховордож байна.

-Хувь хүмүүс ч төгрөгийн хадгаламжаа доллар болгох хандлагатай байна. Ханшийн зөрүүнээс болж хоосон хөөрөгдөл үүсч болох уу?

-Хадгаламжийн зориулалттай долларын эрэлтийн өөрчлөлт нь бага хэмжээтэй. Тэр чинээгээрээ бага нөлөөтэй. Харин, уул уурхайн орлогын хэмжээ, уг орлогo хаагуур урсаж байгаа нь илүү чухал.  

-Монголбанк валютын ханшийг хариуцдаг учраас хариуцлага хүлээх ёстой гэсэн төв банкийг буруутгасан өнгө аяс нийгэмд байна. Энэ үед интервенц хийвэл валютын  нөөцөд нөлөөлөх үү? 

-Өнөөдөр болж буй ихэнх үйл явдлууд бол өмнө нь хийсэн олон ажлын үр дагавар. Монголбанкны олон үеийн бодлого, удирдлагын тухай ярих хэрэгтэй байх. 

Эдийн засгийн суурь бүтэц, бүтээмжинд анхаарахгүйгээр, банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхгүйгээр, хоног хоногоор өөрчлөгдөх долларын ханшийн хөдөлгөөнд хэт их ач холбогдол өгөх нь явц муутай арга. Мөнгөний нийлүүлт нь урт хугацаандаа бодит нөлөөгүй гэдэг биз дээ. 

-Ханшийн өсөлт хэнд эерэгээр, хэнд муугаар нөлөөлдөг вэ? 

-Ихэнх хэрэглэгчид, бизнесийнхэн үүнийг сайн мэднэ дээ. Импортын бараа их хэрэглэдэг хүмүүс, гадны орц ихээр хэрэглэдэг үйлдвэрлэлд энэ бол таагүй мэдээ. Өмнө нь доллараар авсан зээлээ төлөх гэж байгаа улсад мөн хүндээр тусна. Тансаг хэрэглээтнүүдэд бүр ч муу гэсэн үг. Харин, дотоод эх үүсвэр ихтэй, ялангуяа дотоодын орц ихтэй үйлдвэрлэл, мөн ХАА-н салбаруудад эерэг нөлөө бий. Өмнө нь бас ийм зүй тогтол ажиглагдаж байсан. Ер нь гадаадын бараанаас их худалдаж авах ёстой, гадаадын бараанаас бага авах ёстой гэсэн зааг дээр олон хүмүүс бий. 

 

-Цаашид доллар улам өснө, хямрал болно гэсэн яриа гарсан. Энэ тал дээр таны байр суурь?

-Өмнө хэлсэн. Доллар улам өссөн 30 жилийн хандлагыг өөрчлөхөд их хүч хэрэгтэй. Практик талаасаа, сайн анзаарвал бараг л 2 жил тутам бид хямрал ярьж байдаг улс. Байнга хямрал ярьдаг хэвлэл ч бий. Хямрал гэж арай өөр юмыг хэлдэг. Манайх цөөхөн салбараас их хамаардаг болохоор сэгсрээ ихтэй л дээ. Түүнээс бус, хямрал болно гэдгийг урьдчилан хардаг хүн бараг хаана ч байхгүй дээ. Эвдэрхий цагийн зүү хоногт 2 удаа зөв заадаг гэдгээрээ, байнга хямрал болно гэж ярьдаг хүмүүс онох магадлал бас бий.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.