Цөмийн энергийн комиссын ажлын албаны ахлах ажилтан Профессор С.Даваатай ярилцлаа.
Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе!Ярилцлагаа байгууллагын бүтэц зохион байгуулалтын тухай эхлүүлье гэж бодлоо.
Цөмийн энергийн комисс бол Засгийн газрын удирдах зөвлөлийн байгууллага юм. Дотоод бүтэц бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд даргын албан үүрэг гүйцэтгэж гишүүд нь цөмийн салбартай холбоотой яамдын төрийн нарийн бичгийн дарга нар байдаг. Өдөр тутмын ажлыг 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба хариуцан ажиллаж байна. Комиссын дэргэд орон тооны бус хоёр зөвлөл байдгаас эрдэмтдийн зөвлөлд цөмийн физик, технологи, ураны чиглэлийн геологи, уул уурхай, олон улсын эрх зүйн бизнесийн чиглэлийн мэргэжлийн 10 гаруй эрдэмтэн, судлаачид байна. Тодорхой хугацаанд хуралдаж байгууллагын захиалгаар асуудалд нь мэргэжлийн талаас нь цацрагийн холбогдолтой асуудлаар зөвлөгөө өгдөг байгууллага юм.
Цөмийн энергийн шинжлэх ухааны салбарын гүйцэтгэх чиг үүрэг нь юу вэ? Цөмийн асуудал гэдэг бол цөмийн технологийг нийгэм эдийн засгийн олон салбарт хэрэглэх, түүнтэй холбоотой аюулгүй байдал, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах бодлого боловсруулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага.
Цөмийн энергийн комисс гэж байгууллага хэдэн жилийн түүхтэй вэ?
Цөмийн энергийн комисс нь анх 1963 онд орон тооны бус жижиг байгууллагаас үүсэн байгуулагдаж сүүлд 2008 онд цөмийн энергийн асуудал нэлээн өндөр түвшинд яригдсаны үндсэн дээр цөмийн энергийн агентлаг болсон. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуультай болж, цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах талаар төрөөс баримтлах бодлого гарсан. Цөмийн физик гэдэг талаасаа манай байгууллага Монгол улсыг төлөөлж үндсэндээ олон улсын хоёр байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд цөмийн технологийг нэвтрүүлэхэд цөмийн аюулгүй байдлыг хариуцдаг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ хэмээх НҮБ-ын маш том байгууллага байна. Дэлхий дээр ажиллаж байгаа бүхий л цөмийн аюулгүй байдалд очиж хяналт шаардлага тавьдаг, нэгдсэн стандарт гаргадаг. Манай улс 1973 онд энэ байгууллагын гишүүн болсон. Эрүүл мэнд хөдөө аж ахуй маш олон салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх талын олон төсөл хэрэгжүүлж ажиллаж байгаа. Ихэнх нь техникийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламж буюу Олон Улсын Атомын Энергийн Агенлаг /ОУАЭА/-аас 1 сая доллар гаргалаа гэхэд түүний 10 хүрэхгүй хувийг нь манай улс гаргадаг. Бусад нь дандаа буцалтгүй тусламжаар авдаг гэсэн үг юм.
Дараагийн байгууллага бол Оросын Холбооны Улсын Дубна хотод байрладаг “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт” гэж 1956 онд байгуулагдсан байгууллага байна. Манай улсын хувьд анхны гишүүн улс юм.
Цөмийн физикийн шинжлэх ухааны салбар нь дотроо олон чиглэлтэй. Үүнд цөмийн онолын, хэрэглээ туршилтын гэх мэт олон салбар байдаг. Хэрэглээний салбар нь цаашаа өргөжөөд цөмийн цацрагийн аргаар материалын шинж чанар, нано технологийн аргаар судалгаа хийх, цацрагийн амьд организм эд эсэд ямар нөлөө үзүүлж байна гэдгийг сууриас нь судалдаг салбар юм. Энэ салбаруудад манай залуучууд эрдэмтэн судлаачид ажиллаж байна. 60 жилийн түүхтэй энэ байгууллагын гишүүн улс болсон учраас байгууллагынхаа ойг ач холбогдол өгч Засгийн газрын түвшинд тэмдэглэсэн. Анх 12 улстай байгуулж байсан бол өнөөдөр энэ институт 18 гишүүн улстай болсон байна. Үндсэн гишүүнээс гадна ойрхон хамтарч ажилладаг тодорхой төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилладаг 5-6 улс байдаг.
Энэ байгууллагууд Монгол Улсад ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ?
Энэ бол ганц цөмийн физик биш олон салбарт шууд болон шууд бусаар нөлөө үзүүлсэн бөгөөд технологи нэвтрүүлэх асуудал юм. Үүнийг хөгжүүлэхэд заавал суурь шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлагатай төдийгүй үүгээрээ дамжуулж боловсон хүчнээ бэлтгэдэг учиртай.
Нөгөө талаас, хүнд ойлгуулах үүднээс жишээлбэл: сонгодог урлагийг авч үзье. Дуурь, балетыг хүмүүс бүгдээрээ ойлгох албагүй, сонирхоод байдаггүй ч өнөөдөр сонгодог урлагийн төлөөлөгчид нийт урлагийнхаа салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа. Үүнийг нь бид дэмжсэнээрээ дараа дараагийнхаа амжилтанд илүү анхаарч улсынхаа нэр хүнд боловсролыг өндөрт үнэлүүлнэ. Түүнтэй ялгаа байхгүй суурь шинжлэх ухааныг Монгол Улсад их мөнгө зарцуулсан ч олигтой амжилт гаргахгүй байна, нийгэм эдийн засгийн ямар ч үед үр дүн ач холбогдолгүй юм байна гэх зэргээр шууд үр дүн гарна гэж төсөөлдөг. Хүн болгон ойлгодог чаддаг зүйл бол биш их спорт, сонгодог урлаг, суурь шинжлэх ухаан ч мөн адил. Н.Түвшинбаяр алтан медаль авлаа гээд надад ямар хэрэгтэй юм бэ? Миний цалин мөнгө нэмэгдэх үү? гэх хүн бол байна шүү дээ. Гэтэл улсынхаа нэрийг өндөрт өргөнө гэдэг бол асар чухал зүйл.
Та яагаад өмнө нь нийтлэлдээ суурь шинжлэх ухааныг хогийн ургамалтай адилтгаж бичсэн юм бэ?
Газар тариалан эрхэлж байгаа хүнд хамгийн хэрэггүй зүйл бол хогийн ургамал гэж үздэг. Хагалсан газар нь очиж ургаад ногооных нь тэжээлээс хуваагаад байгаа боловч үнэн чанартаа байгалийг нөхөн сэргээх маш чухал үүрэгтэй. Түүнтэй адил суурь шинжлэх ухаан гэдэг технологийг нэвтрүүлэх, бидний ярих дуртай инноваци гэдгийн суурь болж өгч байдаг. Нэр нь хогийн ургамалтай ижил боловч гүйцэтгэх үүрэг нь хүнд харагдахгүй чухал гэдгийг хэлж байгаа юм. Гаднаас бэлэн технологи худалдаж аваад хэрэглээд байна гэж бодож болохгүй. Үүнийг бол заавал хөгжүүлэх ёстой салбар. Үүнтэй зэрэгцээд суурь судалгаагаа дэмжээд Нобелийн шагналтантай болох ёстой гэсэн санаануудыг бид хурлаар дэвшүүлж байгаа.
Манай улсад энэ шинжлэх ухаан хэзээнээс бий болох нөхцөл бүрдсэн бэ? Шинээр гарч ирж байгаа чадварлаг боловсон хүчнүүдээ улсдаа хэрхэн ашиглах вэ?
Орчин үеийн шинжлэх ухаан бол манайд 1942 онд засгийн газраас тогтоол гарч МУИС байгуулагдсан цагаас үүдэлтэй. Монголын залуучуудын хувьд 1990 оноос хойш байдал их өөрчлөгдөж дан ганц цөмийн физик биш их олон салбар хүмүүс гадагшаа явж суралцсан. Өнөөдөр мэдээллийн технологи, цөмийн салбар институтэд уригдан ажиллаж улсынхаа нэрийг гаргаж байгаа томоохон эрдэмтэд байна. Эд нарынхаа хүчийг гаргах, монголдоо ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх араас нь монгол хүнээ шавь оруулж сургах гэх зэрэг харилцаа холбоотой байх тал дээр манайхан жаахан идэвхгүй байгаа санагддаг. Хамгийн гол нь буцаад ирэх нөхцөл нь бүрдэхгүй учраас тэр болгон өндөр түвшинд хүрсэн хүмүүс эргэж ирэхгүй байх шиг байна.
Жилдээ багагүй хуралдаж гэрээ хэлцэл, үндсэн чухал дүрэм журамтай холбоотой асуудлуудыг хэлэлцдэг гэсэн хамгийн сүүлд ямар асуудлыг чухалчлан ярьж байгаа вэ?
Өнөөдөр идэвхтэй ярьж байгаа асуудал бол ОХУ-ын Атомын энергийн “РосАтом” улсын корпораци юм. Энэ нь ОХУ-ын цөмийн холбогдолтой судалгаа, бизнесийн бүх зүйлийг нэгдсэн удирдлагаар том корпорацид авч явдаг маш том газар. Энэ байгууллагатай Монгол Улсад “Цөмийн шинжлэх ухаан технологийн төв” байгуулах харилцан ойлголцох санамж бичиг байгуулсан. Ямархуу түвшний тоног төхөөрөмжтэй, юу хийдэг, ямар асуудал шийддэг төвийг Монголд хэрхэн байгуулах вэ? гэдэг талаар оросын талаас бидэнд зөвлөж байгаа.
Энэ төв байгуулагдсанаар манай улсад ямар ашигтай вэ?
Цөмийн технологийг хөдөө аж ахуйд хэрэглэх, цацрагийн эмнэлгийн чиглэлээр нэлээн их төслүүд хэрэгжиж байгаа. Манай байгууллага зөвхөн зуучлах ялангуяа “Олон улсын атомын агентлаг”-ийн шугамаар болдог сургалтанд хүмүүсийг явуулах хүнийг нь бэлдэх тал дээр мөн, багаж техникийг ашиглахдаа цацрагийн аюулгүй байдлыг хангах тал дээр дүрэм журам боловсруулах хяналт тавих, зөвлөгөө өгөх үүрэгтэй байгууллага юм.
Таны бодлоор цөмийн энергийн шинжлэх ухааны хөгжил ямар шатанд яваа вэ?
1990 он хүртэл Монгол хүн дэлхийн өндөр түвшний суурь судалгаа хийх лабораторид ажиллах боломж ганцхан Дубнагийн студи байсан. Өөр хаана ч байгаагүй. Түүний дэмжлэгээр манайд асар их хүмүүс бэлтгэгдсэн. Цөмийн физикийн технологи бол хүний өөрийн хөгжлөөс гадна бусад салбарт асар их нөлөөлдөг. Нано технологи гэдэг бол маш өндөр түвшний обьектыг судална. Гэтэл цөм гэдэг зүйл бол наногоос нэг сая дахин жижиг буюу ямар ч микрософоор харах боломжгүй зүйлийг судална гэдэг бол асар өндөр түвшний арга технологи хэрэглэж байгаа гэсэн үг. Цөмийн физикийн аргаар ертөнц хаанаас яаж үүсэв? 14 тэрбум жилийн өмнө нүдэнд харагдахгүй байсан жижиг зүйл гэнэт дэлбэрсний улмаас үүссэн гээд цөмийн физикийн аргаар нүдэнд үзэгдэхгүй хэдэн зуун эгэл бөөмийг судлаад үзэхээр одоогийн байгаа зүйлс тайлагдаж болоод байгаа юм. Энэ бол зөвхөн цөмийн физикийн аргаар судалж болдог ийм л гайхалтай баялаг шинжлэх ухаан юм.
Ярилцсанд баярлалаа
Шуурхай.мн
24news.mn