2024 оны 11 сарын 24
Зочин
А.Лувсан: Харүмафүжи биднээс уучлал гуйгаагүй ч нэхэмжлэлээ татаж авсан

Таканоива А.Баасандорж, аварга Харүмафүжи нарын маргааны улмаас А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 24130000 иен нэхэмжлээд байсан билээ.

Тэгвэл Таканоива А.Баасандорж  өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, зиндаа буурч цалин багассаны хөлс зэргийг нэхэмжилсэн хүсэлтээ энэ долоо хоногт шүүхээс эргүүлэн татсан билээ. А.Баасандоржийн өмгөөлөгч нь өргөдлөө татаж авсан шалтгаанаа Монголд байгаа ар гэрийнхэнд нь дарамт учирч байгаатай холбон тайлбарласан төдийгүй цаашид маргаанаа эцэслэж барилдаандаа анхаарал хандуулахыг чухалчилж байгаа гэж тайлбарласан юм.

Түүний өргөдлөө буцаан авсан асуудалд сүмо сонирхогчид олон талаас нь таамаг дэвшүүлж буй. Энэ асуудлаар Таканоива А.Баасандоржийн төрсөн ах А.Лувсангаас тодрууллаа.

-Таканоива А.Баасандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авсан нь ар гэрийнхэнд нь дарамт ирж байгаатай өмгөөлөгч нь холбон тайлбарласан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Ийм үйл явдал болсонд үнэхээр харамсаж явдаг. Хэрэг явдал болсноос хойш маргаан, шуугиан тасралтгүй жил гаруй хугацаанд үргэлжиллээ. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны хувьд хүнд байлаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд дүүг маань маш ихээр доромжилж, гүтгэсээр ирсэнд үнэхээр харамсаж байна. Утсаар дугаараа нууцалсан хэн нэгэн залгаж дарамтлах, заналхийлэх явдал хүртэл болдог байлаа. Энэ бүх дарамт, шуугиан маргаанаас салахыг хүссэн.

Нөгөөтэйгүүр цаашид дүү маань барилдаандаа илүү анхаарал хандуулахыг хүсч байгаа. Таканохана Сүмогийн холбооноос гарснаар түүний дэвжээг тарааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлсэн. Тиймээс А.Баасандорж шинэ дэвжээнд очсонтой холбоотойгоор сэтгэл санаагаа бэлтгэж, барилдаандаа анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Энэ бүхнийг харгалзаж үзээд, өргөдлөө татаж авах шийдвэрт хүрсэн.

-Өргөдлөө татаж авах болсон нь А.Баасандоржийн өөрийнх нь шийдвэр байсан уу?

-Тийм. Мэдээж надтай зөвлөлдсөн. Ер нь анхнаасаа мөнгө нэхэмжилсэн асуудал нь түүний шийдвэр биш байсан юм шүү дээ. Японы хуулиар хохирогч болсон этгээд буруутай этгээдээс мөнгөө нэхэмжлэх үүрэгтэй байдаг. Эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлсэн зардал, өмгөөлөгчийн хөлс гээд багагүй мөнгө зарлагадсан. Мөн гэмтэл авснаас үүдэж зиндаа буурсан. Зиндаа буурсантай холбоотойгоор цалин хангамж, сумогийн холбооноос олгодог бооцооны мөнгө хүртэл багасдаг. Энэ үүднээсээ А.Баасандорж их хэмжээний хохирол амссан. Гэвч  Харүмафүжи Д.Бямбадоржоос нэхэмжлэлээ татаж авсан. Угтаа бол хуулийн дагуу л мөнгө нэхэмжлэгдсэн юм. Түүнээс А.Баасандорж мөнгө нэхэмжлээд байгаа асуудал биш.А.Баасандорж Харүмафүжигээс мөнгө нэхэмжиллээ” гэж Монголд шүүмжлэл их дагуулсан. Энэ асуудалд дүү маань их сэтгэлээр унасан, эмзэглэсэн. Тиймээс шүүхээс өргөдлөө татаж авах  саналаа өөрөө гаргасан.

-Өргөдлөө татсан асуудлыг аварга Харүмафүжи Д.БямбадоржТаканоива А.Баасандорж нар  тохиролцоонд хүрчихлээ гэж хардах хүмүүс байна?

-Анх асуудал үүссэнээс хойш Харүмафүжи Д.Бямбадорж бидэнтэй ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Бид хоорондоо холбоо тогтоогоогүй гэсэн үг. Биднээс ч өнөөдрийг хүртэл Харүмафүжи Д.Бямбадорж уучлал гуйгаагүй байгаа. Харүмафүжи Японы ард түмнээс, Сумогийн холбооноос уучлал гуйснаас Монголын ард түмнээс, ар гэрийнхнээс нь нэг ч уучлал гуйгаагүй байгаа. Тийм учраас бидний хооронд ямар нэгэн тохиролцоо болоогүй. Болох ч үгүй.

Энэ дашрамд хэлэхэд, дээрх асуудал дээр Монгол болон Японы хэвлэл мэдээлэл, ард түмэн тэнгэр газар шиг хоёр өөр байр суурьтай байна. Монголын хэвлэл мэдээлэл, олон нийт дүүг маань доромжилж байхад, Японы ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн нь өөр байр суурьтай байгаа. Япончууд “Хүн зодуулчхаад, гэмтэж бэртчихээд байхад эрүүл мэнд, сэтгэл санаа, эрх чөлөөг нь хамгаалдаггүй ямар сонин улс вэ” гэж гайхаж хүлээж авч байна. Гэтэл Монголчууд болохоор дүүг маань доромжилсоор л байдаг.

Үнэхээр бид Харүмафүжи Д.Бямбадоржтой тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Дахин хэлэхэд, биднээс уучлал гуйгаагүй шүү дээ. Гэхдээ бид хэл ам, хэрүүл шуугианаас залхаж, А.Баасандорж цаашдын барилдаандаа анхаарал хандуулахын тулд маргааныг эцэслэхийг хүссэн. Маргаан цааш үргэлжилвэл хэчнээн удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс аль болох маргаанаа эцэслэж, дүү маань цаашдынхаа барилдаандаа анхаарах нь чухал байна. Ийм л зүйл боллоо.

Таканоива А.Баасандоржийн төрсөн ах А.Лувсан ийм тайлбар өгч байна. Харин зарим бөх сонирхогчдын хувьд Таканохана Сүмогийн холбооноос гарч, дэвжээгээ орхин, А.Баасандорж шинэ дэвжээнд очсонтой холбоотойгоор өргөдлөө татаж, бие даан шийдвэр гаргалаа гэх нэгэн байна.

Т.Амараа

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.