Монгол Улсын гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Оршихтой ярилцлаа. Тэрбээр дугуйн спортоор олимпийн наадамд оролцож, ДАШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан чансаатай тамирчин билээ. Харин өдгөө шавь нарынхаа бэлтгэлийг хийлгээд явж байна.
-Тантай утсаар холбогдох бүрт “Хөдөө гэртээ байна” гэх юм. Яг хаана амьдраад байна аа...
-Тахилтад аж төрөөд удаж байна. Хотод орж ирэх шаардлагагарвал л наашилдаг. Би ид уралдаж байхдаа Монгол Улсын автозамын байгууллагаар цоллуулдаг байлаа. Энэ их айлд бүл нэмснээр гавьяат тамирчин хэмээх нэр хүндтэй цолыг ч хүртсэн. Тухайн үед даргаар ажиллаж байсан зарим хүн, найзууд маань надад тусалж дугуйн клүб байгуулж өгсөн. Үүндээ л анхаарч байна. Найман хүүхэдтэй үзэлцэж сууна. Дээрх байгууллагын удирдлагууд шавь нарыг маань зарим тэмцээнд оролцоход зардалыг нь шийдвэрлэдэг.
-Шавь нар тань ямар тэмцээнд оролцож байна вэ?
-УАШТ, олон өдрийн уралдаан зэрэгт өрсөлдснөөс хойш нэг их тэмцээнд оролцсонгүй дээ. Ер нь одоогоор гадаад, дотоодын дугуйн уралдаан түр завсарласан. Гэхдээ бэлтгэлээ байнга хийнэ. Зам тээврийн яам, Монголын Автозамчдын холбооныхон ойрын жилүүдэд болоогүй олон өдрийн уралдааныг ивээн тэтгэж, тамирчдыг Замын-Үдээс Алтанбулагын хил хүртэл уралдуулсан. Бид хамгийн сүүлд сар гаруйн өмнө олон улсын дугуйн холбооны 2x2 ангилалын уралдаанд оролцсон. Зам тээврийн яам, Монголын авто замын газар болон гадаад дотоодод суугаа найзууд санхүүгээр тусласан. Тивийн мэргэжлийн багт уралддаг миний гурван шавь ОУХМ А.Алтансүх, Э.Мөнхтулга, А.Марал-Эрдэнэ нар ч багаасаа хувиарласан уралдаанд өрсөлдсөн.
-Дугуйчдын хэрэгсэл манайд ер хэр элбэг байдаг вэ?
-Том багт харьяалагдаж, олон улсын тэмцээнд уралддаг дээрх гурван шавийн хэрэгслийг тухайн багнь ивээн тэтгэдэг. Харин дотооддоо уралддаг хүүхдүүд өөрсдөө л аргална даа. Энэ спортоор олон жил хичээллэсэн миний нүүр байна даа, танил талаараа ч олно. Бэлгэнд, бага сага өртгөөр ч худалдаж авах үе бий.
-Нэг дугуй ямар ханштай байдаг вэ?
-Шинээр үйлдвэрлэгдсэн дугуйг аваад удаагүй байхад дараагийнх нь гардаг. Дундажаар 7000 ам.доллараас дээш үнэтэй. Энэ тухай зарим хүнд хэлэхээр үнэмшдэггүй. Хаймрыг нь л гэхэд 50-100 еврогоор авна. Машиныхтай бараг адилхан байгаа биз дээ. Тухайн тамирчин дээрх үнээр авсан дугуйгаараа найман сар хэртэй хичээллэж, уралддаг. Гэхдээ араа, гинж зэргийг байнга сэлгэдэг л дээ. Тэглээ ч бид “Өртөг өндөртэй юм” гээд эдгээр хүүхдийг орхилтой биш. Тэгвэл хувиа хичээснээс ялгаагүй болно биз дээ. Монголын дугуйн спорт ганцхан надаар битгий төгсөөсэй гэсэндээ одоо болтол ингэж зүтгэж явна. Би эдгээр хүүхдийг надаас илүү амжилт гаргахыг хүсч явдаг.
-Унадаг дугуйны үндсэн үйлвэрлэгч нь аль улс вэ?
-Хүмүүс Герман, Орос зэрэг улсыг боддог шиг байгаа юм. Гол үйлдвэрлэгч нь Тайвань. Жаахан арал дээр тийм их дугуйны үйлдвэр ажилладаг гэхээр зарим нь итгэдэггүй. Би тэндхийн “Giant Asia Racing Team” багт уралдаж байсан болохоор сайн мэдээд байна. Харин дэлхийн томчуудын дугуйг тухайн улсынх нь жижиг үйлдвэрүүд маш чанартайгаар, цөөн тоогоор үйлдвэрлэдэг.
-Манайхан олимпийн топ төрлөө л ярьдаг. Дугуй мэтчилэн бусад спортыг бараг анзаардаггүй. Ер нь энэ спортоор манайхан хичээллэх бололцоо хэр вэ?
-Болохгүй гэх газаргүй. Би олон оронд очихдоо залуучуудынх нь чадвар, авьяасыг харсан. Манайхан тэднээс нэг л өөр шүү. Ялангуяа Азиасаа. Булчин, өрсөлдөх чадвар, авьяас, дугуйн дээрээ сууж байгаа байдал нь европ шинжтэй. Хамгийн гол нь тэднийг улсаас бодлогоор дэмжээд өгөх л хэрэгтэй.
-Таны хоёр дүү дугуйн спортоор хичээллэдэг хэвээрээ юү?
-Эмэгтэй дүү маань хичээллэж байгаа. Бага дүү Өлзийбаатар дотоодод болсон тэмцээнд оролцож байхдаа бэртэж, бараг үхээд боссон. Найдваргүй шахуу болсон хүнийг алтан гартай эмч нар хөл дээр нь босгосон. Одоохондоо завсарлаад байна. Эмч нар “Эмчилгээгээ Солонгост үргэлжлүүлж хийлгэ” гэсэн ч мань хүн дахиад уралдах тухай яриад л сууж байна билээ. Уг нь би “Одоо хэрэггүй дээ, ажлаа л хийгээд явж бай” гэсэн юм.
-Эмэгтэй дүүгээ та хичээллүүлдэг юм уу?
-Үгүй, Өлзийсолонго бэлтгэлээ хувиараа шахуу хийж байгаа. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг дээ. Дээрх найман хүүхдээ л амжилтад хүргэе гэж бодох юм. Гэхдээ тэд маань намайг эхнээсээ баярлуулж байна аа. Сайхан амжилт үзүүлж байгаа шүү.
-Тэгэхээр та ид үеийнхээ амжилтыг шавь нарынхаа буянаар эргэн санадаг байх даа. Ер нь таныг энэ спортод ороход юу нөлөөлсөн юм бэ?
-Би Яармагт өссөн. Тухайн үед гэр хорооллын хүүхдүүдийн ихэнхи нь унадаг дугуйтай байлаа. Дугуйгүй нь дугуйтай болох гэж мөрөөднө, зүүдлэнэ, хэн нэгнээсээ гуйж түр унана. Харин намайг аав маань яаж ийж байгаад л дугуйтай болгочихно. Надад унаж үзээгүй дугуй бараг байхгүй дээ. Намайг бага байхад хотын захад дугуйгаар явах зам ховор байлаа. Арай гайгүй нь Яармагийн урд талынх. Тэр зам дээр манай улсын дугуйн спортын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийнэ. Дасгалжуулагч нь микро автобусанд суучихаад араас нь дагаж байгаа харагддаг байв. Тэднийг харахад надад их гоё санагддаг байж билээ. Мөн манай урд талын хашаанд аавын маань найз, спортын мастер, дугуйчин Ц.Төмөрчөдөр ахынх байсан. 1980 оны Москвагийн олимпийг гэртээ дөрвөлжин хар цагаан зурагтаар үзэхдээ Оросын дугуйчинг барианд түрүүлэн орж ирэхийг хараад л дугуйчин болохоор шийдсэн. Тэр тамирчин миний сэтгэлд одоо ч төсөөлөгддөг. Тэр үед ангийн маань найз “Дугуйны дугуйланд хамт орьё” гэж ирж байлаа. Тэгж л спортод хөл тавьсан. Гэхдээ би тэр дугуйланд орох гэж өмнө нь хоёр удаа очсон ч багш намайг “Чи жижиг биетэй юм байна. Ирэх жилээс ир” гэсэн. Харин найзтайгаа очиход зөвшөөрсөн шүү. Гэхдээ найз маань жил гаруй хичээллээд ар гэрийн шалтгаанаар дугуйлангаас гарсан. Тууштай хичээллэсэн бол надаас илүү амжилт үзүүлэх байсан байх. Түүний ур чадвар, зүтгэл тухайн үед бидний хэдэн нөхдөөс илүү байсан. Хэсэг хугацааны дараа би жинхэнэ утгаараа тамирчин болж, шигшээ багт орсон. Тэгэхэд манай өмнүүр бэлтгэл хийдэг байсан өнөө ах нар хүлээж авсан. Н.Дорж гэдэг дасгалжуулагч шигшээ багийг дөнгөж аваад байхад би орсон.
-Анхны тэмцээн хаана болов?
-Шигшээ багт ороод л нийгэмлэг, УАШТ-д оролцсон. Харин анхны олон улсын тэмцээн маань Энхтайвны олон өдрийн уралдаан байсан. Орос, Чех, Польш, Герман гэсэн дөрвөн орныг дамжсан 1200 гаруй км замыг 10 гаруй өдөр туулж байлаа. Биднийг тухайн үед болдог тэмцээн бүхэнд оролцуулдаг байлаа. Санхүү, байр, хоолоор ч хангана. Одооных шиг компаниудын захиралын үүд тогшоод зардалын мөнгө гуйдаггүй байлаа. Улсдаа эхний дөрвөөс зургаад багтаж л байвал хүссэн тэмцээндээ оролцоно. Гэхдээ хааяа шантрах үе байсан шүү. Халуун, хүйтэнд хол зам туулж явахдаа “Энэ олон спортын төрөл байхад очиж очиж энэ дугуйг сонгоод байхдаа яах вэ дээ” гэж өөртөө хэлнэ. Харин барианд орсныхоо дараа “Шал дэмий юм бодож байж дээ” гээд ганцаараа инээнэ.
-Та “Discovery Chanel Marco Polo” багт уралдаж байсан. Тэнд багтах боломж хэрхэн олдсон юм бэ?
-Тэр бол менежерүүдийн л ажил. Менежер надад “Чи энэ багт орох уу. Тэгвэл тийм уралдаанд өрсөлдөнө. Чиний цалин тэд байна” гэсэн хүсэлт тавина. Тухайн тамирчин зөвшөөрвөл ивээн тэтгэгчээс амласан цалинг авч, хувцас дээрээ багийнхаа нэр, логог хадаад л уралдана. Түүнээс биш бидэнд менежерүүд тэдгээр багтай хэрхэн холбогдсон нь сонин биш байлаа. Одоо ч манай хүүхдүүдийн зарим нь Хятадын нэг том багт харьяалагддаг. Бусдыг нь ч өөр багууд сонирхож байна. Гэхдээ би ирэх жилээс Европын багтай холбоо тогтооно. Ерөнхий ивээн тэтгэгчид нь надтай өрсөлдөж байсан тамирчин байна билээ.Хүүхдүүдэд аль илүү ирээдүйтэй нь дээр биз дээ.
-Нууц биш бол та дээрх багт харьяалагддаг байхдаа хэдэн ам.долларын цалин авдаг байсан бэ?
-Монголд байхаас хамаагүй илүү мөлжүүртэй. Би 10-аад жилийн өмнө ясны хорт хавдар тусч эмчилгээ хийлгэсэн. Тэгэхдээ хандивын данс нээж, эмчилгээний зардал хайгаагүй. Эмнэлэгт хэвтэж байхдаа олон хүн хандив цуглуулж байхыг харсан болохоор “Би тэдэнд нэмээс болоод яах вэ” гэж бодсон хэрэг л дээ. Бага ч гэсэн хуримтлуулсан хэдэн төгрөг, найзуудынхаа дэмжлэгээр хөл дээрээ боссон. Энэ бол дугуйны л буян. Тэр хавдар сүүлдээ элэг рүүгээ үсэрхийлсэн байсан. Ид үедээ уралдаж цуглуулсан шагналаа ч зарцуулсан. Залуудаа өрсөлдөгч байж, бие биенээ үздэггүй байсан гадаадын нөхөд хүртэл тус болсон шүү. Хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг нь танигддаг юм билээ.
-Та Монголын дугуйчдаас ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг хүртсэн...
-ДАШТ-д 20 гаруй баг бүрээс таваас зургаан тамирчин оролцдог. Миний хүрэл медаль хүртдэг тэмцээн Малайзад арванхоёрдугаар сард болсон юм. Нэг, хоёрдугаар байрыг Казахстаны тамирчид эзэлж, би гуравт орсон. Дөрөвдүгээр байрыг хаанахын тамирчин эзэлснийг санахгүй байна. Хүрэл медаль хүртэхдээ би маш их баярласан. Харин БНХАУ-д болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ өмнөх шиг ээ баярлаагүй. Гэхдээ энэ тэмцээн сонирхогчийнх. Одоо зохиогдохоо байсан юм билээ. Учир нь олон тамирчин давхар иргэншилээр оролцдог байсан нь илэрсэн. Олимпийн мөнгөн медальтай тамирчин хүртэл хоёрдугаар байр эзэлж байсан. Тэр тэмцээн эхэндээ дөрвөн жилд нэг болдог байсан. Удалгүй хоёр жилд нэг болох болсон ч сүүлдээ бүр алга болж. Гэхдээ удахгүй сэргээх юм гэсэн.
-Та 1992 оны Барселоны олимпийн наадамд хэр уралдав?
-Бөөн гараатай уралдаанд 98 км давхиж, ямар ч байсан замаа дуусгасан. Барианд ороход 10 км дутуу байхад дугуй хагарч 50 хавьцаа орсон. Тэр үед дасгалжуулагчаар Ц.Ганбат явсан. Тэр олимпийн тухай энэ хүнээс асуувал сайн хэлнэ дээ.
-Таныг уралдааны замд айхтар осолдсон тухай дуулж байлаа...
-Хятадад олон улсын дугуйн үзэсгэлэнгийн уралдаанд оролцохдоо айхтар осолдож билээ. Уг нь тасархай түрүүлж явсан юм. Даанч бариа булаалдаж байгаад уначихсан. Араас ирж байсан манай хүүхдүүд миний дугуйны эмээлийн арын дугаараар таньсан гэсэн. Би тэр үед 156 дугаартай уралдаж байв. Эмнэлэгт хүргэгдэж аврагдсан даа. Гэхдээ би эмнэлэгээс гараад дахиад л шантрахгүй уралдсан. Гэтэл шантарч спортоо орхисон зарим хүн сүүлд нь “Би дугуйн спортдоо хайртай” гээд нэг их юм хийх гэж байгаа царай гаргадаг. Хэрвээ тийм л их хайртай байсан юм бол бүх зүйлээ над шиг золиослоод явах нь яасан юм. Харин ч би бүхнийг ардаа орхиод дугуйн спортдоо үнэнч үлдсэнээрээ бахархдаг. Би эхнэр, хүүхдээсээ бусдыг ломбарданд тавьчихаад тэмцээнд явах зардлаа олж байлаа. Эхнэрийнхээ ээмэг, бөгжийг ч мулт татаад явчихна. Цасан шуурганд бэлтгэл хийж явахад дугуй хагарсан тохиолдолд нэг нэгнээ сундлаад харьж байсан үе ч бий. Үүнийг ОУХМ Г.Отгонсүрэн, спортын мастер Т.Саналбат нар гэрчилнэ дээ.
-Дугуйчид барианд хэдэн км/цагийн хурдтай орж ирдэг юм бол...
-Гараа нь арай удаан байдаг. Хурдны морь шиг давхичихгүй. Харин эхний тамирчин барианд 60-80 км/цагийн хурдтай ордог.
-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс бэ?
-Аав маань цахилгааны инженер мэргэжилтэй хүн байсан. Харин ээж эмч мэргэжилтэй, тэтгэвэртээ суусан. Манайхнаас спортын ганц ч хүн байхгүй. Эхнэрийг маань М.Ариунзул гэдэг. Багадаа байт сурын спортоор хичээллэж байсан, дэд мастер цолтой. Охин Энхцацрал. Охин маань аз болоход спортоос хөндий. Нэг гэрт нэг л дугуйчин байхад хангалттай. Би дүү нарыгаа “Дугуйгаа орхи” гэж загнадаг. Цус нь ойртсон юм шиг олон дугуйчин байх шаардлаггүй. Гэвч миний үгийг авахгүй юм. Тийм хүмүүсийг яалтай ч билээ дээ.
-Та Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Яагаад больчихсон юм бэ?
-Дөрвөн жил хэртэй ажилласан. Хатуу үнэнийг хэлэхэд намайг тэр ажлыг авах үед манай дугуйчид гадаадын ганц ч тэмцээнд оролцдоггүй байсан. Гадаадынхан урилга ирүүлээд ч очихгүй.
-Яагаад?
-Тэд надад “Танайханд урилга явуулахаар алга болчихдог” гэж байсан. Яг үнэндээ холбооныхон тамирчдынхаа урилгаар виз хийдэг байсан юм билээ. Мөн нэлээн хэдэн төгрөгийн өрөнд орчихсон байсан. Тэгсэн хэрнээ сүүлд “Би төлсөн” гэж гүжирдээд байгаа юм. Тийм ичих нүүргүй хүмүүстэй ярих хэцүү. Яг үнэндээ тэр өрийг нь өөр хүмүүс төлснийг би мэднэ шүү дээ. Би энэ байгууллагад ажилласнаар тамирчид ямар ч байсан унах дугуйтай, өмсөх хувцастай болсон.
-Тухайн үед таныг “Дүү нараа л тэмцээнд явуулдаг” гэсэн яриа их гарч байлаа...
-Уг нь би энэ тухай дахиж ярихаа больё гэж бодсон юм. Асууж байгаа болохоор нэг удаа хэлчихье. Энэ тухай ярихаар бузарын хүмүүстэй хэрэлдэх гээд байдаг юм. Яг үнэндээ би хэл ам гаргаж байсан хүмүүсийн хүүхдүүдийг ч тэмцээнд авч явж, цолтой болгож байсан. Миний дүү Өлзийбаатар бага байхын л УАШТ-ий эхний гурван байраас мултарч үзээгүй, чадвартай тамирчин. Тийм хүнийг олон улсын тэмцээнд авч явахгүй гээд яах юм бэ. Эсвэл би дүүдээ “Хүмүүс хэл ам гаргана, миний дүү энэ удаа өнжчих” гэх ёстой байсан юм уу. Би тэнэг хүн биш шүү дээ, тухайн үед болж байсан тэмцээнтэй холбоотой бүх баримт надад бий. Үүгээрээ хөгийн юм яриад байгаа хүмүүсийн хариуг өгч болох л юм. Даанч хэл ам гаргаад яах вэ гэсэндээ тэвчиж байна. Тэр ч байтугай шившгийн нэг юм болсныг хэлэх үү.
-Танд эвгүй биш бол бололгүй яах вэ?
-Намайг айхтар өвчин тусчихаад байхад хүмүүс цуглуулсан мөнгөө дээрх хэл ам хийгээд байгаа нөхдийн нэгэнд хадгалуулсан юм билээ. Тэгсэн өнөөх чинь надад “Чи өөрийгөө болгочих юм чинь би тэр мөнгийг хэрэглэчихсэн шүү” гэж хэлсэн. Нүдний булайнууд шүү дээ.
-Хэдэн төгрөг байсан юм бол...
-Юу шалих вэ дээ, зайлуул. За, за хоёулаа ярилцлагаа ингээд өндөрлөх үү. Би юманд явах ажилтай, яараад байна.
-За тэгье. Ярилцсанд баярлалаа.
24news.mn