2024 оны 11 сарын 24
Зочин
Хос морьтой уран бүтээлч

Морины Мо” нэрээр олонд танигдсан залуу уран бүтээлч Г. Мөнхбаатартай уулзахаар түүний урланг зорилоо. 

Урландормогц түүний зурсан алдарт хурдан хүлгийн уран зургууд, уран бичлэгийн бүтээлүүд,

 яруу найргийн ном содон харагдаж байв.

–Зургуудыг тань хараад яагаад дандаа морь зурдаг юм бэ гэж асуумаар санагдлаа.

-Гол үнэтэй юм нь морь учраас л тэр. Дээр үеийн хурдан хүлэг, энэ хээр морь гэхэд л одоо байхгүй. Тиймээс хүнээс хараат бус, эрх чөлөөтэй байж л өөрийнхөөрөө байгаа гэж ойлгож болно. Хазаар зүүчихээр цаана нь хүн харагдаад байдаг юм. Тэгэхээр аль болох хүнээс салгаж, хараат бус байж л эрх чөлөөтэй харагдана. Хурдан морь зурж байгаа учраас хүний эрхээр биш өөрийнхөөрөө, өөрийн ертөнцдөө байгаагаар нь дүрслэхийг зорьдог.

–Хурдан мориор дамжуулж эрх чөлөөг илэрхийлдэг гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Ер нь хүн гэдэг чинь эрх чөлөө, амар амгалангийн араас л явдаг шүү дээ. Би морь зурж байгаа боловч цаана нь дотоод эрх чөлөөний мэдрэмж илэрхийлэгдэж байгаа. Шатар нүүгээд хожихын тулд эхлээд наана нь өөр нүүдэл хийдэг шиг л юм даа. Морины нүүдэл ялангуяа, хоёр морины нүүдлийг сайн холбож чадвал хождог шүү дээ. Морьтой холбогдсон хүн дорой явж байхыг хараагүй. Морь уяад явж байгаа хүний хийморь нь өөдөө, ажил нь бүтэмжтэй, гэр орон нь өнгөтэй өөдтэй байдаг. Нэг сайхан хурдан морьтой бол хүмүүс үзэж харах гэж цуглана. Цаад утгаараа хүмүүс байр, машин юунд ч зориод байгаа юм. Тэр бүхнийгээ авчихаад дараа нь яах гээд ч байгаа юм, тодорхой биш. Гэтэл яг үнэндээ хүний зорилго бол жаргах, амар амгалан байхад л оршдог. Тэгэхээр үүний төлөө хөдөлмөрлөж байна уу, эсвэл хүн дуурайгаад нэгнийнхээ дээр гарах гээд байна уу гэдгийг хардаг л даа. Хүний эцсийн зорилго бол амар амгаланд хүрэх. Үүндээ хүрэхийн тулд харин зөв нүүдэл хийх ёстой байх гэж боддог.

–Морь зурах болсон шалтгаан нь багадаа хурдан морь унадаг байсантай холбоотой юу?

-Тэгэлгүй яахав. Би хөдөөний хүн учраас язгуур чанар гэж байгаа. Хүмүүс намайг Морины Мо гэж хочилдог юм. “Хөх бичиг” бичиг соёлын академи ТББ-тай. Хүн ямар нэгэн заяанд төрдөг. “Хөх бичиг” гэдэг нэрийг хэн нэг нь улсын бүртгэлд бүртгүүлж, “Морины Мо” гэдгийг авч болох шүү дээ. Гэтэл энэ бүгд минийх. Ямар нэгэн юмны эзэн байна гэдэг чинь хувь заяа юм. Энэ хувь заяандаа хүн талархаж, их сайн мэдэрч байх ёстой юм шиг санагддаг. Би хар багаасаа л харандаа бариад л жижигхэн цаасан дээр морь зураад явдаг хүүхэд байсан. Хэзээний л нэг морь зурчихсан тэрийгээ халаасалчихсан явдаг байсан гэж ээж минь ярьдаг юм.

–Зураач хүний ажлын онцлог?

-Жишиж хэлэх юм бол зураг бол шүлгээс удаан. Халуун санааг гаргахын тулд сар болно. Долоо хоногийн дараа болимоор ч санагдана. Тэгэхээр тэр уран бүтээлтэйгээ ажиллахын тулд өөртэйгөө байлдаж байгаа юм. Сайн бүтээлийг авьяастай хүн л хийнэ, санаа төрнө. Харин түүнийгээ хийж дуусгахын тулд илжигний хөдөлмөр хийнэ. Хөдөлмөрлөхийн тулд тэвчээртэй байх ёстой. Гэтэл дараагийн нүүдэл хийх санаа харагдаж байдаг. Тэрийгээ хадгалах ёстой.  Шатар тоглож байгаа хүндээ “би дараа нь ийм нүүдэл хийнэ дээ” гээд хэлчихвэл тэр хүн чинь мэдээд хаачихна. Тэгэхээр хэлэхгүй чимээгүй суух тэр тэвчээрийг л уран бүтээлч хүн өөртөө суулгах хэрэгтэй. Уран бүтээлч хүн их хөнгөн. Дорхноо хувирч өөрчлөгдөөд л. Тэр сэтгэлийн халууныг л дотроо хадгалах ёстой юм шиг байгаа юм.

–Энэ уран бүтээлүүдээс өөрийгөө ялж, хамгийн удаан хугацаа зарцуулсан нь ямар бүтээл вэ?

-Эмээ минь тэнгэрийн оронд очсон. Эмээтэйгээ хамт хашааны өмнө сууж байгаа зураг. Энэ зургийг их сууж зурсан. Цаг хугацаа нь шахуу байлаа. Сар гаруй суухад сүүлдээ нойр хоол дутагдаад яг ухаан алдаж унах гээд байдаг юм билээ. Тийм болтлоо зурж Уран зургийн галерейн шалгаруулалтад оруулсан. Нэлээн хэдэн давааг давсан ч тэнцээгүй. Тэр нь ч оносон болов уу. Урландаа ингээд байж байгааг нь харахад их гоё. Хүмүүс энэ зурагаа зарах уу гэж их асуудаг. Гэвч хүнд нэг тийм хайртай юм байдаг даа. Үе дамжуулж авч явна гэж боддог юм. Уран бүтээлч хүн үр хүүхэддээ өв үлдээх шиг сайхан зүйл үгүй. Амьжиргаанд захирагдахгүйгээр авч үлдэх нь онох юм шиг санагддаг. Гэхдээ сайн уран бүтээлийг тэр болгон хадгалаад байж болохгүй. Хүнд бас сайн бүтээлээ өгөх ёстой. Дээр нь надад байдаг нэг чанар бол хэдэн сая төгрөг хамаагүй, чин сэтгэлээсээ л зурах ёстой. Яагаад гэвэл ард нь би байгаа. Тиймээс дутуу хийж чаддаггүй. Бүх юманд сэтгэлээрээ ханддаг. Тэгж байж л энэ амьдрал цагаан сайхан болно.

–Уран бичлэгийн бүтээлүүд ч бас байна?

-Уран бичлэгийг тэр бүр зураг шигээ хийж чаддаггүй. Яруу найргийг ч бас заримдаа орхих гээд байдаг. Яагаад гэвэл хөтөлгөө морьтой хүн хэцүү. Ганцхан морьтойгоо давхиж яваа хүн бол нэг талаараа их амар. Нөгөө утгаараа унаж яваа морь нь эцээд айлаас морь гуйх ч юм уу, нэг асуудал гарна. Харин хөтөлгөө морьтой хүн бол нэг морь нь эцэхэд нөгөө морио унаад явж болно. Хөтөлгөө хөтөлгөөдөө надад 2-3 давхар морь байдаг. Хөтөлгөө морины зовлонтой нь юу гэвэл сайхан жигдхэн давхиж явсан чинь гэнэтхэн нэг морь нь газар суугаад зогсоох гээд байдаг тийм үе бий. Үүний жорыг нь тааруулж байн байн хөтөлж яваа морь руугаа харж, гэдрэгээ суух вий дээ гэж мэдэрч явдаг гэж хэлж болно. Уран бичлэгийг голдуу үзэсгэлэнд зориулж хийдэг. Яг тогтмол хийж чадахгүй байгаа.

–Каллиграф буюу уран бичлэг бичихэд ур чадвар их шаарддаг уу?

-Каллиграф нь хүнээс их мэдрэмж, сэтгэл, гарын ур шаарддаг. “Хөдөлмөрлөсний хүчинд гар мэдрэмжинд захирагдана” гэж Леонардо Да Винчийн гоё үг байдаг. Каллиграф бол яг л тийм. Бүтээлийг олон төрлийн зүйл хийж байгаад гаргаж ирдэг. Бурханы ном шиг. Олон дахин цаасан дээр давтаж хийгээд, аятайхан болсныг нь бэлдэц дээрээ нааж татна. Тэгж байгаад жижиг бичгээ, улаан орхицоо бичнэ. Үүнийг олон удаа хийнэ. Тэр бүр санаснаар болохгүй. Манайд 1990-ээд оноос каллиграф үүсч байгаа болохоор япончууд шиг ёс жаягтай биш. Уран бичлэгч хүн хэдэн мянган удаа хийнэ, давтана. Тэгээд чин сэтгэлээсээ төвлөрөөд ганцаараа хийдэг.

Уран бичлэгийг хөнгөхөн харж болохгүй. Яагаад гэвэл өв соёлын асуудал байдаг. Чингис, Хубилай хааны зарлигтай. Монголчууд саяхан гурав дахь удаагаа төрийн бичиг болгож зарлалаа. Төрөөс зарлигдаж байгаа энэ эрин үед амьдарч байгаадаа би их баяртай байдаг. Тэр зарлигийг хэн бий болгох вэ. Ард түмэн бий болгоно. Би ч гэсэн ард түмний эд эсийн нэг учраас үүнийг заадаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Р.ОЮУН

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.