2024 оны 11 сарын 24
Зочин
Н.Жанцанноров: Тайваньд “нэг сумаар олон туулай буудлаа”

Тайваньд ажлаар яваа Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой холбогдож зорьсон хэргийнх нь тухайд мэдээлэл авлаа.

-Та бүхэн сайн явж байна уу. Уран бүтээлчид олуул яваа юм байна, хэрэг, зорилго юунд вэ, мэдээлэл өгөх үү?

-Уран бүтээлчид буцсан. Би эмнэлэгт үзүүлээд харина. Монголоос нэлээд хэдүүлээ ирж, соёлын хэд хэдэн арга хэмжээнд оролцлоо. Вашингтон хотод төвтэй Дэлхийн соёл урлагийн академийн одоогийн ерөнхийлөгч, Тайванийн нэрт яруу найрагч, хувраг Юү Сигийн урилгаар ирцгээсэн. Энэ хүн дэлхийн яруу найрагчдын олон удаагийн хурал цуглаан зохион байгуулахад оролцсон, ер нь их идэвхтэй ажилладаг. Монголчуудын нэлээд олон жилийн өмнөх танил юм. Яруу найргийн бүтээлүүдээс нь монгол хэлээр хэвлүүлсэн байдаг. Монгол Улс дэлхийн яруу найрагчдын их чуулган зохион байгуулахад их дэмжлэг үзүүлсэн.

-Монголыг дэлхий дахинд сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг үү?

-Тийм ээ. Хэдэн жилийн өмнө Г.Мэнд-Ооёо бидний яруу найраг, соёлын чиглэлийн хичээл зүтгэлийг үнэлж, Дэлхийн урлагийн академийн хүмүүнлэгийн докторууд болгож байлаа. Монголчуудад элэгтэй соёлын ийм зүтгэлтэн бидэнд хоёр жилийн өмнө Тайваньд Энэтхэг, Монголын хөгжим, яруу найргийн өдөрлөг зохион байгуулах санал, хүсэлт тавьсан юм. Ийм хэргээр бид уран бүтээлчдийн хамт энд ирсэн. Юү Сигийн толгойлдог “Тогоруут уул” XXI зууны олон улсын соёлын форумын хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ хүн Хуалянь хотод Вандана гэж томоохон дацан сүмтэй юм байна. Түүнийхээ хажууд өлзийхутгийн 13 давхар суварга босгож, нээлтийг нь форумын энэ үеэр хийлээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол уран бүтээлчдийг тоглолтоо үзүүлэхийг хүссэн юм.

-Этно жааз “Арга билэг” хамтлаг лав байна билээ, өөр ямар уран бүтээлч тоглов?

-Морин хуурын чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг, тус чуулгын бусад уран бүтээлч, дуурийн дуучин, ҮУИТ-ын бүжигчид оролцсон хоёр цагийн бүрэн хөтөлбөр тоглож үзүүллээ. Энэтхэгийн тал үлгэр домогт суурилсан хайр сэтгэлйн тухай бүжгэн драмтай ирсэн байна. Сонирхолтой юм. Манай бүтээлүүдийг олон улсын эрдэмтэн мэргэд сайн хүлээж авсан. Энэ үйл ажиллагааны хажуугаар Юү Си яруу найрагч энд байдаг, Тайванийн Засгийн газрынх нь хүрээнд ажилладаг Монгол, Төвдийн соёлын төв хэмээх байгууллагын шугамаар Тайпэй хотод томоохон тоглолт хүмүүст үзүүллээ. 500 гаруй үзэгч ирэх шиг болсон. Үүнийг Монгол, Тайванийн хүмүүнлэгийн, соёлын харилцааны чухал хэлбэр гэж харж байна. Тайванийн соёлын төвийн дарга биднийг хүлээж авч уулзахдаа “Бид Монголоос ийм томоохон бүрэлдэхүүнээр уран бүтээлч хүлээж авч байгаагүй. Цаашид хамтарч ажиллах болно” гэсэн. Тус соёлын төвийнхөн бидэнд Төвдийн их сайхан гэрэл зургийн үзэсгэлэн ч үзүүллээ. Мөн хамгийн том үндэсний найрал хөгжмийнхөнтэй нь уулзлаа, тоглохыг нь сонслоо. Бид ч бас бүтээлээ сонсголоо. Ер нь цаашид “Тогоруут уул” форумынхан ч тэр, үндэсний найрал хөгжмийнхөн ч гэсэн, бас Монгол, Төвдийн соёлын төвийнхөн Монголын уран бүтээлчдийг Тайваниар аялан тоглуулах, бүтээл туурвилыг өргөн хүрээнд танилцуулах замаар хамтран ажиллах бололцоотой гэж үзэж байна билээ. Энэ талаар яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллах боломж гарах юм байна. Энэ бол одоо цагт бидний хийж чадах соёл, урлаг, яруу найргийн, шашны ч хүрээний арга хэмжээнүүд юм даа. Энд шашин гэдгийг үйл ажиллагаа гэхээс илүүтэй соёлын утгаар нь авч үзэж байгаа юм.

-Нэг сумаар олон туулай бууджээ.

-Тэгсэн. Монголын үндэсний болон сонгодог дуу, хөгжим, бүжгийг ч тэр үзэгчид ихэд таалах юм. Энд манай улсын тухай мэдээлэл хомс юм уу гэж ойлгосон.

 

MNB.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.