2024 оны 11 сарын 24
Зочин
М.Нандинцэцэг: Тууштай байсан зүтгэлийг бурхан шагнасан байх

Монголын ширэн бээлийтнүүдийн 2018 оны отгон медальтан, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг эх орондоо ирлээ. Түүний хувьд сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болсноороо энэхүү спортын түүхэнд том гавьяа байгуулсан юм. Монголд боксын спорт үүсээд 70, эмэгтэй бокс хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл түүхэн ойдоо том бэлэг барьсан дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэгийг Монголын боксын холбооны удирдлагууд болон аав, ээж, найз нөхөд нь, мөн хэвлэл мэдээллийнхэн Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав. Энэ үеэр дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэгтэй хэсэгхэн хугацаанд ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд баяр хүргэе. Монголын боксын спортын түүхэнд анхдагчдын нэг боллоо. Сэтгэгдлээ хуваалцах уу?

-Баярлалаа. Намайг сэтгэл гарган угтан авч байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна.

-Та 2003 оноос боксын спортоор хичээллэжээ. Тэр цагаас хойш 15 жилийн дараа уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, энэ цаг мөчөөс дэлхийн медальтан гэж дуудуулах болох нь ээ. Энэ хугацаанд олон тэмцээнд оролцож, медаль хүртэж байсан. Хоёр медаль л танд дутуу байсан. Тэгвэл дэлхийн аваргын медалиа зүүлгээд зогсож байхад юу бодогдов?

-Энэ бол миний төдийгүй Монголын эмэгтэй боксчидын хүсэн хүлээж байсан медаль юм. Үүнийг авахын тулд нэг хүн биш боксын спортод элэгтэй, зүтгэлтэй олон хүний хүч хөдөлмөр шингэжээ. Монголын боксын холбооны хамт олон, ерөнхийлөгч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооныхон, “Империал Кастль” компани, Үндэсний шигшээ баг, БТСГ-ынхан, шигшээ багийн дасгалжуулагч нар болон Л.Энхбаатар багшдаа, бэлтгэл хангагчиддаа, мөн хайртай гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үнэхээр энэ олон хүний, хүчин зүйлийн нөлөөгөөр, тус дэмээр би өнөөдөр дэлхийн аваргаас медаль хүртэж, дэлхийн медальтнуудын эгнээнд багтлаа.

-Медалиа зүүсний дараа сэтгэл хөдлөл хэр их мэдэгдсэн бэ?

-Уг олон жилийн хөдөлмөр учраас медалиа аваад баярын нулимс унагах байх гэж бодтол тэгсэнгүй. Авах ёстой медалиа авч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Харин 2020 оны олимпоос медаль хүртэхээрээ уйлах юм байлгүй.

-Тэмцээний туршид хамгийн онцлох тулаанаар медалийн төлөө Мароккогийн боксчины эсрэг хийсэн тоглолтыг хэлэх байна. Тэр тулааныг одоо эргээд дурсвал?

-Ер нь бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан учраас нэг их яар тэвдсэнгүй. Өрсөлдөгч маань 35 настай, нэлээд хашир тамирчин. Олимпийн наадамд оролцоод үзчихсэн гэхээр муу тамирчин биш нь ойлгомжтой. Гэхдээ би өөртөө итгэлтэй байсан учраас ялалт миний талд байлаа. Өрсөлдөгчөө ялж, ялалт миний талд байсныг зарлахад өөрийн эрхгүй баярлаж сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Хэдийгээр тийм ч дараагийн тулаан байгаа гэж бодоод улам их шунасан.

-Болгарын Петроваг ялчих шиг л харагдсан. Ялна гэж монголчууд итгэлтэй байлаа. Гэтэл ялагдсан. Яг юу болов?

-Хүрэл медалийн төлөөх тулааны дараа өнгийг нь хувиргаж, аварга болох зорилго тавьсан юм. Адилхан стиль, арга барилтай байсан учраас хоёр талаас отолт хийж байгаад л дууслаа. Гэхдээ дэлхийн медальтан болсон учраас ялагдалдаа харамсахгүй байна. Тэмцээн нэгээр дуусах биш. Болгарын тамирчныг би огт судлаагүй. Багш маань судалж, над руу явуулсан. Миний хувьд багшийнхаа зөвлөсний дагуу л өглөөний бэлтгэл дээр бэлдсэн. Би хувьдаа энэ тамирчинтай боломжийн хэмжээнд тоглосон гэж дүгнэж байгаа. Дээр хэлсэнчлэн адилхан стильтэй тамирчин байсан учраас ер нь болж өгсөнгүй. Хүрэл медальдаа огт ханаагүй, харин ч алтан медальтай гэртээ харихын төлөө зүтгэснийг хэлэх хэрэгтэй болов уу.

-Ер нь та дэлхийн аваргын рингэнд таарсан дөрвөн өрсөлдөгчтэйгээ өмнө нь тулалдаж байсан уу. Тамирчдаа хэр судалсан бэ?

-Өмнө нь огт таарч байгаагүй. Гэхдээ миний үндсэн жинд буюу 51 кг-д тулалддаг байсан юм билээ. Тамирчдын судалгааг Л.Энхбаатар багш маань эндээс хийгээд л явуулна. Ер нь рингэнд гарахын өмнө багштайгаа байнга холбоотой байж, багшийнхаа заавар зөвлөгөөгөөр тоглосны хүчинд медаль хүртэж чадлаа шүү дээ.

-Монголын боксын холбоо 70 жилийн ойгоо тэмдэглэж байна. Таны хувьд холбооныхоо ойд том бэлэг барилаа. Шигшээ багийн гишүүний хувьд бусад тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эмэгтэй бокс манай улсад хөгжөөд 20-иод жил болж байхад бид медаль авч чадаагүй байсан. Харин энэ жил би дэлхийн аваргын медалийн салхийг нь хагаллаа. Булган сүүлтэй байж дараагийн тамирчид дэлхийн аваргаас илүү олон медаль авах болтугай. Бүр олимпийн медальтай ч болохыг үгүйсгэхгүй.

-Бэлтгэлээ хэрхэн хийв. Таны дэлхийн аваргын медалийг зөвхөн энэ жилийн бэлтгэлээр бус 15 жилийнхээр тооцох болох юм?

-Тэгэлгүй яах вэ. Анх 2003 онд Л.Энхбаатар багшийнхаа шавь болж боксын спортод хөл тавьснаас хойш тасралтгүй 15 жил хичээллэжээ. Энэ хугацаанд шантрах зүйл олон байсан. Гэвч шантраагүй, шантарсан үед багш маань, найз нөхөд минь намайг зоригжуулдаг байлаа. Ингээд 10 гаруй жил тууштай зүтгэснийг минь бурхан харж, шагнасан юм болов уу.

-Ингэхэд хэд дэх удаагаа орж байна вэ, ДАШТ-д

-Зургаа. Зургаа дахиас нь медаль авлаа.

-Өмнөх таван тэмцээнээс медаль хүртэж чадаагүй. Энэ жил юу нөлөөлөв, танд?

-Нэн тэргүүнд мэдээж туршлага. Зургаа дахь дэлхийн аваргадаа оролцож байгаа хүн өмнөхүүдээсээ илүү туршлагатай болсон байж таарна. Дээрээс нь бэлтгэл сургуулилт үнэхээр сайхан байлаа, жин хасаагүй. Энэ мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлсөн байх. 15 жилийн турш дэлхийн аварга, Азийн аварга, мөн олон улсын тэмцээн гээд чамгүй их тэмцээнд оролцож ялж, ялагдаж явлаа. Нүд тайлна гэгч л болсон. Ямар ч байсан энэ бүхний эцэст дэлхийн медальд хүрлээ.

-Тэмцээний турш гэр бүл, найз нөхөдтэйгээ хэр холбоотой байв. Медалийн болзол хангасны дараа гэрийнхэнтэйгээ ярьсан уу?

-Энэ тэмцээн олон орныг хамрахын сацуу олон хоног үргэлжиллээ. Эхний хоёр тулааны дараа бол найзууд, гэр бүлтэйгээ холбогдоод болж байсан. Харин хүрэл медалийн болзол хангангуут утас хураагаад авчихсан. Тэгээд мөнгөн медалийн төлөөх тулааны дараа л утсаа авсан. Ер нь бол тэмцээн эхлэхээс дуусах хүртэл багштайгаа л үргэлж холбоотой байлаа. Эхний тулаануудад өрсөлдөгчөө илт ялаад л, дутуу гаргаад байсан болохоор сошиал орчинд бичлэг нь нэлээд тархаж, янз бүрийн хандлага гарсан юм билээ. Үүнээс сэргийлж багш нар маань утас хурааж авсан. Магадгүй, миний дараагийн шийдвэрлэх тулаануудад нөлөөлнө гэж үзсэн байх.

-Таныг медаль авахыг хараад олон хүн уйлсан гэж сонссон?

-Харин тийм ээ. Ээж уйлсан, найз нөхөд уйлсан. Ер нь л олон хүн баярын нулимс унагасан юм билээ. Миний ойр дотныхон надаас илүү баярласан. Дэлхийн аваргаас намайг медаль аваасай гэж хүсэн хүлээж байсан хүн байж гэж дүгнэсэн. Уйлсан, баярласан хүн их байсан шүү.

-Тэмцээн, бэлтгэл гээд олон хоног гэртээ байгаагүй. Их яарсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Ямар ч тэмцээн дууссаны дараа бушуухан гэртээ харьж ээжийнхээ гарын хоолыг идэх юмсан гэж яардаг. Энэ удаа ч гэсэн ээжийнхээ хоолыг идэх гэж маш их яарлаа. Яарч байхад цаг ч явж өгөхгүй хэцүү л юм билээ. Мөнгөн медалийн төлөөх тулаанд хожигдсоноос хойш л гэгэлзээд, тогтож чадахгүй байсан. Хэдийгээр аав, ээжтэйгээ байнга холбоотой явсан ч өөрийн эрхгүй л яардаг юм.

-Нэг том давааны ард гарлаа. Одоо юу хийх вэ?

-Тэмцээн 10 гаруй хоног үргэлжилсэн учраас хэд хоног амармаар байна. Дараа нь бусад тэмцээний талаар бодно доо.

-Гол зорилгын нэг нь биеллээ. Олимп нь үлдэж?

-Тэгсэн. Ирэх жилийн дэлхийн аварга, мөн олимпийн наадам байна. Багштайгаа ярьж байгаад 2019 оны ДАШТ-д олимпийн жинд тоглоно. Дэлхийн аваргаас эрхээ авч, олимпийн наадамд өрсөлдөнө. Дэлхийн аваргын медалиа олимпийнхтой хослуулах зорилготой. Миний медалийн цуглуулгад олимпоос бусад нь бий. Тиймээс олимпод оролцож үзмээр байна, медаль авмаар байна. Харин жин өгсөх үү, 51 кг-д өрсөлдөх үү гэдгээ Л.Энхбаатар багштайгаа ярилцаж байгаад шийдвэр гаргана.

-54 кг-д өрсөлдсөний онцлог юу байв?

-Ёстой амар байлаа. Жин хасахгүй, бэлтгэл хийж байгаа юм шиг л тааваар үзсэн. Ядаргаа багатай.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.