2024 оны 11 сарын 24
Зочин
Б.Жаргалсайхан: Би өвлийн өвгөний ажлыг насан эцэслэтлээ хийнэ гэж өөртөө амласан

Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр Г.Гомбосүрэн гуайн халааг авч, өвлийн өвөө болоод удаж байгаа билээ.

–Өглөөний мэнд, өвлийн өвөө. Шинэ жилийн уур амьсгал ороод ажил ихтэй байгаа ч гэсэн бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа.

-Та бүхэнд ч бас баярлаж байна. Өвлийн өвгөн хэмээх хүндтэй, эрхэм ажлыг 2004 оноос хойш 14 дахь жилдээ хийж байна. Энэ жилийн хувьд  өвөөгийн хийх ажил их л байна.

-Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг хүүхэд ахуйдаа жинхэнэ өвлийн өвөө гэж боддог байлаа. Таныг одоогийн хүүхдүүд мөн л тэгэж боддог байх даа. Анх өвлийн өвөө болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
– Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаас хойш “Харшын сүлд модны наадам”-д өвлийн өвгөн хэн болгох вэ хэмээн яригдаж байсан юм. Надад анх өвлийн өвгөн болооч гэсэн санал ирэхэд би дурамчхан хүлээж авч байлаа. Яагаад вэ гэвэл 13 жилийн өмнө би залуу байлаа шүү дээ. “Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох болоогүй байна. Залуухан байна” гэсэн хариу өгч билээ. Гэртээ ирээд Т.Урнаад энэ тухай хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Монголын ард түмэнд хоногшсон агуу хүний бүтээсэн “Өвлийн өвгөн”-ий дүрийг цаашид өвлөөд авч явна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй аз завшаан гэж хэлсэн юм. Тэгээд АЖ.Г.Гомбосүрэн агсны гэр бүл рүү нь утастаж өвлийн өвгөн болох болсон тухайгаа хэлж, маргааш нь албан ёсоор талийгаачийн гэрт нь хадагтай очиж өмсөж байсан өвлийн өвгөний хувцсыг авч байлаа. Өвлийн өвгөний халааг авсныхаа дараа Г.Гомбосүрэн гуайн өмсч хэрэглэж байсан дээл хувцсыг хоёр жил хэрэглэж буянтай хүний сайхан энергийг өөртөө шингээсэн гэж боддог. Тэр үе миний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг шүү. Би өвлийн өвгөний ажлаа насан эцэслэтлээ хийнэ гэж өөртөө амласан. Учир нь тэр олон мянган хүүхэд багачуудтай баясаж цэнгээд шинэ жилийг өнгөрөөнө гэдэг бол гайхалтай сайхан. Өвлийн өвгөний хэлж буй ерөөлийн үг болгон чин сэтгэлээсээ гарч байдаг. Өвлийн өвгөний хэлсэн үгийг хүлээж авч байгаа том хүн ч бай, хүүхдүүд ч бай хүн болгоны нүд нээгдэж, ухаарал авч байдаг. Үүнийг харах үнэхээр сайхан санагддаг.

-Анх хүүхдүүд таныг хараад Г.Гомбосүрэн гуайг биш байна гээд таньчих болов уу гэсэн сандрал байв уу?
-Өвлийн өвгөн болох үедээ бэлтгэлээ сайн хийсэн. АЖ. Г.Гомбосүрэн гуайн өвлийн өвгөн болж буй дүрс бичлэгүүдийг харж тайзан дээр хэрхэн биеэ зөв авч явж байгаа байдал болон үгээ хэрхэн хэлж байгааг нь эхэлж ажиглаж харж сурсан. Өвлийн өвгөний хамгийн чухал зүйл нь тайзан дээр бие зөв авч явж байгаа байдал юм. Энэ бүгдийг хамгийн түрүүнд ажиглаж, дасгал сургуулилтаа нэлээн сайн хийж ирсний үр дүнд сандрах тохиолдол харьцангуй гайгүй байсан.

-Тэгвэл өвлийн өвөөд тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаач?
-Өвлийн өвгөний халааг авснаас хойш гурван жилийн дараа Б.Жаргалсайхан өвлийн өвгөнийхөө хувиар гэр бүлийнхээ хүмүүстэй хамтарч Нарантуул Олон Улсын худалдааны төв дээр очоод ажил хийдэг 100 гаруй хүүхдэд бэлэг тараасан юм. Тэр үед бэлэг авсан зарим хүүхэд дахин бэлэг авахаар ирэхэд нь өвлийн өвгөн гэдгээ мартаад “чи болиоч ээ. чи түрүүн авсан шүү дээ” гэж хэлээд балмагдахдаа гялс өвөөгийнхөө дүрд орж, “миний хүү түрүүн авсан байх” гэж хоолойгоо засч хэлж билээ. /инээв/

-Өвөө бусдыг баярлуулаад л яваад байдаг. Ингэхэд гэрийнхэнтэйгээ шинэ оноо угтах зав гарч байна уу?
-Өвлийн өвгөн болоод 14 жил болоход ердөө таван удаа л гэрийнхэнтэйгээ он гаргах мөчид хамт байсан байна. Бусад үед дандаа л талбай дээр шинэ оноо угтсан байна. Энэ жил ч гэсэн талбай дээр Монголын ард түмэнтэйгээ хамт ирэх оноо угтана даа.

-Олон хүүхэд баярлуулахын хажуугаар өөрийн үр хүүхэд, ач зээ нараа өвлийн өвөөгийн дүрээр баярлуулж байсан уу?
-Манай гэр бүл, хамаатан садангуудын дунд уламжлал болоод ирсэн нэг зүйл байдаг. Өвлийн өвгөн энэ ондоо багтаж бэлгээ өгч чаддаггүй учраас нэгдүгээр сарын нэгэнд ахындаа цугларч хүүхдүүдээ баярлуулдаг юм. Багачууд Жагаа ах өвлийн өвгөн болчихлоо гэж мэддэггүй. Харин томчууд нь мэдчихээд жуумалзаад байдаг юм. Би бэлгээ тарааж дуусчихаад хувцсаа солиод гараад иртэл манай дүүгийн хүүхэд Жагаа ахаа өвлийн өвөө бэлэгний уутаа мартаад явчихлаа гэж биднийг инээлгэж билээ.Хүүхдүүд бол өвлийн өвгөн байдагт итгэдэг. Би ч бас итгэдэг. Өвлийн өвгөний ажлыг хийгээд явж байхад шинэ жилийн баярт уригдсан 80 настай буурай, ахмадууд бэлэг авч өвөөдөө үнсүүлээд хөгжилддөг. Тэд намайг гэдгийг мэдсэн ч гэсэн зүрх сэтгэлдээ өвлийн өвгөнийг төсөөлж, амьдруулж байна шүү дээ.

– Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.

Г.Нараа

Ugluu.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.