2024 оны 11 сарын 24
Зочин
“Тэнгэрийн охин” И.Одончимэг: Уран бүтээлч хүн сэтгэлдээ ачаатай явдаг

МУГЖ, Х-TҮЦ хамтлагийн жүжигчин Одoноо гэхэд монгол туургатан бараг бүгд мэднэ. Ишдоржийн Одончимэг гэх энэ сайхан бүсгүйг Монголчууд драмын жүжгийн тайзнаа гарч эхэлснээс нь сайн мэддэг байсан бол Өвөр Монголчууд Монголын хошин урлагийг сонирхдог болсноор дэлгэцээс таньдаг болсон. Харин 2018 оноос Одончимэгийн “Фен”-ий цар хүрээ тэлэгдэж, албан ёсоор “Олон улсын Одoноо” болж чадсан юм. Үүний учрыг өгүүлбээс:

Энэ оны 06 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо зохиогдсон “SCO Film Festival-2018” наадамд ШХАБ-ын 8 гишүүн орон болон ажиглагч 4 орныг багтаасан 12 орны кино уран бүтээлчид 55 бүтээлээрээ оролцож, зургаан номинацад шилдгээ тодруулсан. Үүнээс Монголын "Солиот эх" уран сайхны кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацын шагнал хүртсэн ба уг уран бүтээлийг И.Одончимэг найруулж, өөрөө гол дүрийг бүтээсэн билээ.

МУГЖ И.Одончимэг

Ийнхүү шагналын эзэн И.Одончимэгтэй ярилцах хүсэл тэр үеэс эхлэн хөвөрч, олон сар бодож явсны эцэст 11 дүгээр сарын нэгэн өдөр Улаанбаатар хотноо уулзсан юм.

Хамгийн агуу их юм энгийн байдаг гэдэг үнэн.

- Сайн байна уу? Тантай танилцахад таатай байна. Эхийн хайрын тухай уран бүтээл Монголд гэлтгүй ямар ч оронд маш олон байдаг. “Солиот эх” гэдэг хятад зохиолыг яагаад сонгосноос яриагаа эхлэхийг хүсэж байна?

Ямар ч уран бүтээлч хүн аливаа нэгэн уран бүтээлийг хийхдээ судалгаа хийж, эрж хайж, өөртөө таалагдах, өөрийнхөө нүдэнд харагдах тийм л бүтээлийг хийхийг хүсэн эрмэлздэг. Тийм нөхцөлд энэ зохиол надад уншигдсан. “Ямар сайхан өгүүллэг вэ? Үүнийг бүтэн кино зохиол болгож бичвэл их сайхан кино болох юм байна” гэдэг бодол төрсөн. Уран бүтээл кино болсноор илүү олон хүнд хүртдэг гэж би ойлгодог. Тиймээс энэ сайхан зохиолыг кино болгохоор шийдсэн. Эхийн хайрын тухай шүлэг, дуу, кинонууд маш олон байдаг л даа. Гэхдээ энэ өгүүллэг бол эхийн хайрыг их өөр өнцгөөс харуулсан, өгөгдөлтэй өгүүллэг гэж надад санагдсан. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж дотроо эмээж байлаа. Харин Монголын ард түмэн маань маш сайхан хүлээж авсан. Мөнхийн сэдэв. Ийм сэдвийг ямар ч орны хүн хүлээж авдаг юм байна.

“SCO Film Festival-2018” наадмын тайзнаа

Энэ сайхан өгүүллэгийг зохиогоод, хүмүүст хүртээл болгосон “Солиот эх”-ийн зохиогчид би маш их баярлаж байна. Мянга бодоод сайхан зохиол гаргаж чадахгүй хүмүүс зөндөө. Зохиолч хүн гэдэг оюуны хамгийн дээд хэмжүүр. Оюуны ажлын хамгийн дээд оргил нь зохиолын ажил юм байна. Хамгийн агуу их юм энгийн байдаг гэдэг үнэн гэж надад бодогдсон.

Миний хувьд ямар нэгэн үндэстнийх гэдгээсээ илүү хүн төрөлхтний үлдээсэн оюуны өв сангаас авч байгаа гэж ойлгодог.

- Танай хамт олон нэлээд хэдэн Хятад зохиолыг тайзанд гаргасан гэдэг мэдээлэл авсан. Энэ тухай тодруулж яривал?

Сонгодог гэхээр манайхан 1700, 1800-аад оны Европын зохиолуудыг л ойлгож, тэрийгээ л малтаад байдаг. Аргагүй сайхан жүжгүүд. Ингэхэд бичиг үсэг, ном зохиол Дорно дахинд л үүссэн шүү дээ. Ийм эртний сурвалж, соёлтой Дорно дахины ард түмний сонгодгуудыг яагаад тавьж болохгүй гэж. Ингээд Х-ТҮЦ эртний болон орчин үеийн Дорнын сонгодгуудаас судалж үзсэн. Эхний ээлжид Цао Юйгийн “Аянгын бороо”-г сонгосон. “Аянгын бороо”-г үзсэн хүмүүс мөн өчнөөн минут алга ташиж байсан. Драмын театрт 12 жил жүжигчин байхдаа би “Ромео Жүлет”-ийг тоглоход л хүмүүс гарахгүй алга ташиж байсныг санадаг. Тэгэхэд хэдэн жилийн дараа “Аянгын бороо”-ноос тийм сайхан мэдрэмжийг дахиж авсан юм.

Дараа нь хоёр дахь жүжгээ тавья гээд 4 жил хайснаа “Шюэ Кэ бүсгүй” зохиолыг сонгож, “Сэрүүн хасын нууц” нэртэй жүжиг болгож тавьсан. Зохиогч нь Чюн Яо гэдэг эмэгтэй уран бүтээлч байгаа. Эмэгтэй хүний торгон нарийн мэдрэмж гэдэг өөр шүү дээ. Тэр нь яг драмын жүжиг болохоор харагдаад “Сэрүүн хасын нууц” жүжиг төрсөн юм. Дорнын зохиолоор тавьсан жүжгийг Монголчууд маш сайн хүлээж авдаг гэдгийг энэ хоёр зохиолоос мэдсэн.

“Сэрүүн хасын нууц” жүжиг

Миний хувьд ямар нэгэн үндэстнийх гэдгээсээ илүү хүн төрөлхтний үлдээсэн оюуны өв сангаас авч байгаа гэж ойлгодог.

Настай хүнээс юм сонсоод суух их сайхан. Гэхдээ тэд үнэнийг л ярьдаг.

- Уран бүтээлийн талаарх шүүмжлэлийг та яаж хүлээж авдаг вэ?

Сайн бүтээл гэдэг магтуулна, хажуугаар нь шүүмжлүүлдэг юм. Ер нь сайн, муу гэлтгүй хүмүүс чинь өөр өөрийн нүдээр хардаг учраас өөр өөрийнхөө л санал бодлоо илэрхийлдэг.

Нэг юм руу үнэнч зүтгэнэ гэдэг өөр. Манай ээж миний хүссэн зүйл рүүгээ сэтгэлээрээ зүтгэдэг занг өвөөгөө дуурайсан гэдэг юм. Жишээ нь нэг зүйлд зүтгэсэн тохиолдолд бүх хүн үзэн ядсан ч гэсэн тэр зүйлдээ л яс үнэнч байдаг. Мөн энэ чанар нь уран бүтээлд нөлөөлдөг байх гэж ээж маань ярьдаг юм.

Жүжигчин И.Одончимэг

Би зун хөдөө их явдаг хүүхэд байсан учраас хөдөөний ахуй надад ойр байдаг. Жишээ нь гэхэд “Солиот эх” киноны зургийг авахад би “энэ ор биш, тийм ор тавь” гэх мэтээр өөрийнхөө шаардлагаар тэр ядуу эмгэний гэрийг бүтээсэн. Ядуу хүмүүс бол өөрт байгаа боломжоороо л амьдардаг. Зарим нэг шүүмжлэгч “Арай л үгээгүү ядуугаар хийсэн” гэж шүүмжилж байсан. Гэхдээ түүнээс ядуу хүмүүс байсан юм. Манай эмэг эх өөрөө тайж хүний охин. Зарцтай ч байсан гэдэг. “Яг нарийндаа Монголд цагаан гэр байгаагүй. Дандаа утаанд нэвшсэн шар эсгий гэрүүдтэй. Ганцхан ноёдын гэр л цагаан байсан. Саах саалийн хоёр л ямаатай, тэр битгий хэл, бүр ганц ч малгүй гөрөөчин айл байсан юм” гэж эмэг эх минь ярьсан. Эмээ ээж гэдэг чинь түүхийн бодит гэрч шүү дээ.

Би түүх их уншдаг. Түүхэн хэрэг заавал түүхэн баримттай байх албагүй. XIX зууны эхний үеийн амьдралыг эмэг эхээсээ маш их сонссон. Бидний огт мэдэхгүй юмыг тэд ярьдаг. Жишээ нь би халх үстэй хүүхэн чинь яг духандаа зориулсан жижигхэн дэрэн дээр доошоо харж унтдаг байсныг мэддэггүй л байсан. Үүнийг настай хүмүүс л хэлж өгч байгаа. “Солиот эх” дээр эвэр үс цавууддаг. Тэр “эвэр үс”-ийг эсгийний цавуугаар цавууддаг гэж байгаа. Сайн цавууддаг хүн чинь айл айлд уригдаад л үс засаад явдаг гэнэ. Одоогоор бол үсчин л юм шиг байна. Гэх мэтчилэн настай хүнээс юм сонсоод суух их сайхан. Гэхдээ тэд үнэнийг л ярьдаг.

Хүн сэтгэлээ засахын тулд сүсэглэдэг юм байна.

- Үс гэснээс таныг халимаг, тайрмал үстэй байхыг хараагүй юм шиг санагдах юм?

Би үсээ янзлаад байдаггүй. Шашин шүтдэггүй хэрнээ энерги гэдэг зүйлд итгэдэг. Миний үсэнд маш их энерги байгаа юм шиг надад мэдрэгддэг. Ямар нэгэн хүч, ямар нэгэн энерги, тэр бүх юм миний энэ үстэй холбоотой юм шиг санагддаг.

Миний ээж мөн шашин шүтдэггүй хэдий ч “Сэтгэлээ засахын тулд сүсэглэх хэрэгтэй” гэж сургадаг. Би өмнө нь шашныг үгүйсгэдэг байсан бол аавыгаа өнгөрөхөд “сүсэглэх хэрэгтэй” гэсэн ээжийнхээ үгийг ойлгосон. Аавынхаа араас ерөөл уншуулахад тэр их шаналал, зовуураас сэтгэл онгойж ирсэн юм. “Хүн сэтгэлээ засахын тулд сүсэглэдэг юм байна” гэдгийг мэдэрсэн.

Ээж маань намайг “Тэнгэрийн охин” гэдэг юм. Яагаад гэхээр би багадаа битүү цоохор “салхин цэцэг” туссан гэнэ. Эмч нар “Танай охин тэсэхгүй, амьд үлдсэн ч битүү цоохор хүүхэд болно” гэж ээжид минь хэлсэн байна. “Та намайг харж л байдаг бол миний охиныг амьд үлдээгээч” гэж ээж минь шөнөжин талийгаач өвөг эцгээсээ гуйсан гэдэг. Аргаа барахдаа тэгж байгаа. Маргаашаас нь би хачин сайхан эдгээд ирдэг юм байна. “Миний ийм сайхан охиныг үлдээсэнд баярлалаа гэж одоо ч гэсэн өвөг эцэгтээ баярладаг” гэж ээж минь ярьдаг юм. Би үүнийг юу гэж зөвтгөж боддог вэ гэхээр “Энергийн хүч” гэж шинжлэх ухаанаар тайлбарладаг. Тэр “энерги” гэх зүйлд би итгэдэг юм. Тэгээд үс маань өөрийн тэр мэдрэмжид байдаг болохоор их оролдоод байдаггүй.

Хошин урлаг гэдэг нийгэмд их хэрэгтэй урлаг. Инээдэм гэдэг хүний эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг.

 - Өвөр Монголчууд Монголын хошин урлагийг маш таатай хүлээж авдаг. Сүүлийн үед Өвөр Монгол залуус Монголын хошин урлагийн жанарыг дуурайж тоглох болсон. Та үүнийг дэмжиж байна уу?

Урлаг бол үүсэж, хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Яагаад гэхээр нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн үзэл бодол бас дагаж өөрчлөгддөг. Хүмүүс л тэр урлагийг чинь хийж байгаа учраас өөрчилж хөгжүүлэх нь зөв. Өвөр Монголын уран бүтээлчдийг хөгжиж байгаа гэж харсан.

Хошин урлаг гэдэг нийгэмд их хэрэгтэй урлаг. Инээдэм гэдэг хүний эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг. Хошин урлагийг судлаад эрдмийн зэрэг хамгаалсан Францын эрдэмтэд байгаа. Хошин урлагаар хүн стрессээ тайлж, аз жаргалын гормон ялгаруулж, биеэ эмчлэх гэдэг болсон. Эмнэлгүүд хошин урлагийнхантай гэрээ байгуулж өвчтөнүүдэд зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үр нөлөөтэй л байгаа биз. Тэгэхээр энэ инээдмийн жанар чинь өөрөө их агуу урлаг байгаа юм. 

Сайн багш гэдэг өөрөө ур чадварыг тавихаас гадна оюун сэтгэлийг нь бэлддэг.

 - “Алтан өндөг” киноны зураг авалтыг Өвөр Монголд хийсэн гэсэн. Өвөр Монголын уран бүтээлчид таны нүдээр?

Өвөр Монголын уран бүтээлчдээ харахад сайн найруулагч хэрэгтэй юм шиг санагдсан. Мэргэжил сурч, төгсөөд ирсэн залуусаар сайхан бүтээл хийх боловсон хүчин хэрэгтэй. Хятадын жүжигчин, урлагийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд маш сайн ажилладаг гэсэн. Гэхдээ маш сайн бэлддэг байлаа гээд жүжигчин хүмүүс бол ер нь гүйцэтгэгч л байдаг юм. Тэр гүйцэтгэгч нарыг ажиллуулах нарийн ухаантай найруулагч гэдэг маш чухал. Өвөр Монголд очоод “Энэ чиглэлээр зааж, сургах багш нар хэрэгтэй. Туршлагатай, мэдлэгтэй, авьяастай, чадвартай багш, найруулагч хэрэгтэй юм байна” гэж харсан. Тиймээс урлагт дуртай хүүхдүүд маш их байгаа юм байна.

Ер нь тэгээд сууриа маш зөв тавих нь цаашдаа сайхан бүтээл хийх эх үүсвэр бий болдог. Сайн багш гэдэг өөрөө ур чадварыг тавихаас гадна оюун сэтгэлийг нь бэлддэг. Оюун сэтгэлийг нь урлагийн хүн болгодог. Тэр хүн урлагийн хүн болж, урлагт хайртай байж сая үр дүн гарна. Ер нь урлагийн ертөнц бол урлагт дурласан, урлагийг хайрласан, урлагийг шүтсэн, урлагтаа сэтгэлээ өгсөн хүнд эргүүлж хайраа өгдөг. Тиймээс шинэ төрж байгаа, урлагт өөрийнхөө хүчийг сорьж, урлагтай амьдралаа холбохыг зорьж байгаа залуучууд эхлээд урлагаа хайрлаж, урлагийг мэдрэх хэрэгтэй. Тэгж байж л чи үр дүнг нь харна.

Авьяас гэдэг мэдрэмжийн урлаг. Би бол авьяастанд хайртай.

- “Жүжигчин хүнд авьяас нь нэг хувь, хичээл зүтгэл 99 хувь” гэж ярьдаг. Та энэ үгтэй санал нэгддэг үү?

Санал нэгдэхгүй. Би бол авьяас чухал гэж боддог. Авьяас гэдэг чинь өөрөө хорвоогоос өгсөн өгөгдөл нь байгаа. “99 хувь нь хөдөлмөр” гэж хүмүүс ярьдаг. Би бол эсрэг. Яагаад гэхээр хэчнээн ч хөдөлмөрлөөд авьяасгүй хүн хүнд харагддаггүй. Авьяас гэдэг чинь өөрөө мэдрэмжийн урлаг учраас авьяастай хүнийг хүн хараад мэдэрдэг. Мөн хөдөлмөрөөрөө “авьяастай” гэж хэлэгдэж, сайн явж байгаа уран бүтээлчид олон байгааг би үгүйсгэхгүй. Зүтгэх нь сайн л биз. Гэхдээ би бол авьяастанд хайртай. Яагаад гэхээр төрөлхийн тийм сайхан авьяастай хүн ховорхон төрдөг. Авьяас хүнд үнэртдэг, мэдрэгддэг. Харин авьяастай хэрнээ залхуу хүмүүс байдаг. Тэр бол хайран. Авьяастай дээрээ аливаад үнэн сэтгэлээсээ хандаж, сэтгэлээрээ зүтгэдэг хүмүүс ч бас бий. Тэд бол агуу хүмүүс. Ингэхээр би ерөнхийдөө тэр үгийн эсрэг байдаг.

Уран бүтээлч хүн гэдэг сэтгэлдээ байнга ачаа тээж явдаг.

- Та уран бүтээлийн сэдвээ хаанаас олдог вэ? Амьдралаас уу эсвэл?

Янз янз байдаг. “Үүнийг л хүмүүстэй хуваалцах юмсан” гэх мэтээр өөрийн бодсон юм гэж бас байдаг. Уран бүтээлч хүн гэдэг сэтгэлдээ байнга ачаа тээж явдаг. Тэр ачаа чинь хүндрээд л байдаг. Хүндэрч хүндэрч байгаад дүүрээд ирэхээр нь нэг гаргана. Дахиад л дараагийн ачаагаа тээгээд эхэлдэг.

Бас заримдаа хүний яриа, харсан зүйлээс болоод гэнэт нэг санаа төрөх тохиолдол байна. Жишээ нь “Алтан өндөг”-ийн санаа ингэж л төрсөн. Нэг эмээ надад ярихдаа “Үнэтэй эд хогшил, ээмэг зүүлт ямар ч үнэ цэнэгүй, амьдралын үнэ цэнэ өөр зүйлд байдаг. Үүнийг залуу байхдаа л бодож, үнэ цэнэ гэдэг зүйлийг арай эрт ухаарах ёстой. Хүн ямар ч үнэ цэнэгүй зүйлийн хойноос үхэн хатан гүйдэг юм байна” гэж байсан. Ингээд би үнэ цэнийн тухай, хүн яах гэж, юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгээ нэг бодох ёстой юм байна гэдэг тухай хөнгөн жанарын уран бүтээл хийе гэж бодож хийсэн юм. Тэр эмээгийн ярианаас ийм кино төрсөн байх жишээтэй.

Уран бүтээлч хүн санаагаа ингэж амьдралаас авна, эсвэл өөрийнхөө эмзэглэлийг тээсээр тээсээр том ачаа болгоод гаргадаг. Хүмүүс үзээд бас нэгийг бодоосой гэж хүсэж байгаа. Нүдээр харж, дүрслэлээр мэдэрсэн зүйл хэзээ ч мартагдахааргүй үлддэг. Кино, жүжгийн ямар ч лекцтэй дүйцэхгүй үнэт чанар нь тэнд оршдог юм.

- Тантай ярилцахад таатай байлаа. Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна.

Баярлалаа.

 

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.