Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн жил агаарын навигацийн үйлчилгээ амжилттай ажиллаж Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа онгоцны тоог нэмэгдүүлсэн байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Өнгөрсөн жил зөвхөн агаарын навигацийн хувьд ч биш иргэний нисэхийн салбарт ололт амжилтаар дүүрэн олон үзүүлэлтээр түүхэн амжилтад хүрсэн, урд онуудад гаргасан амжилтаа бататгасан бас олон шинэ санал санаачлага, бүтээлч ажлууд хэрэгжсэн сайхан жил байлаа. Нисэхийн салбарын ажлын онцлог нь нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн өөр хоорондоо нягт уялдаа холбоотой олон байгууллага, нарийн мэргэжлийн ажилтнуудын ажлын уялдаа холбоо, хамаарал бүхий цогц үйл ажиллагааны үр дүнгээр илэрхийлэгддэг өндөр шаардлага бүхий нарийн мэргэжлийн салбар. Дийлэнх хүмүүс нисэхийн ажлыг зөвхөн нисэх буудал болон авиакомпаниар төсөөлөх, дүгнэх явдал элбэг байдаг. Тэгвэл иргэний нисэхийн салбарт нисэх буудал болон агаарын тээвэрлэгчдээс гадна үйлчлүүлэгч, зорчигчдын нүдэнд харагддаггүй ч нисэхийн аюулгүй байдал, ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэн оролцдог нэг чухал үйлчилгээ бол агаарын навиагцийн үйлчилгээ юм. Агаарын навигацийн үйлчилгээ гэдэг нь нислэгийн бүхий л үе шатуудад агаарын тээвэрлэгчдэд нислэгийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэгдсэн нислэгийн хөдөлгөөн удирдлагын үйлчилгээ, техникийн хангалт, нисэхийн мэдээллийн үйлчилгээ болон нисэхийн цаг уурын үйлчилгээний цогц үйл ажиллагааны бүрдэл юм. Мөн нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэг, оношлогоо хэмжил зүйн үйл ажиллагаа маань салшгүй нэгэн хэсэг нь болдог. Өнгөрсөн онд иргэний нисэхийн салбар түүн дотроо агаарын навигацийн үйлчилгээ бахдам амжилтаар дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Түүхэндээ анх удаа Монгол Улсын агаарын зайг дамжин үйлдэгдэх нислэгийн тоог 123000 хүрсэн бол нийт нислэгийн тоо 135800-т хүргэсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд буюу 2014 онд 87000 байсан өнгөрөлтийн нислэг 2018 онд 123500 болж өссөн ба дөрвөн жилийн дотор 36500 нислэгээр буюу ойролцоогоор 40 хувь өссөн байгаа нь өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, нислэгийн жилийн өсөлт Европ тид 3.5, Ази тивд 8.5 хувьтай харьцуулж үзэхэд нэлээдгүй өндөр үзүүлэлт.
-Дамжин өнгөрөх нислэг нэмэгдсэнээр төсөвт орох орлого нэмэгдэхээс гадна өөр ямар, ямар давуу тал бий болох вэ?
-Монгол Улсын агаарын зайг дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлснээр байгууллагад агаарын навигацийн үйлчилгээний хураамж, орох орлого өсөх цаашлаад улсын төсвийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх гээд эдийн засгийн талаараа олон сайн талтай ч гэлээ үнийгээ дагаад илүү өндөр үүрэг хариуцлага, найдвартай ажиллагааг агаарын тээвэрлэгчдийн өмнө хүлээдэг. Тийм учраас агаарын навигацийн үйл ажиллагаанд гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, аюулгүй ажиллагааны найдвартай ажиллагааг хангуулах явдал юм. Агаарын навигацийн үйлчилгээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр газар–агаар дуун холбооны сувагчлалыг нэмэгдүүлэх, навигацийн тоног төхөөрөмжийн сэлбэг хангалтыг нэмэгдүүлэх, ажиглалтын системийн давхар бүрхэлтийг үүсгэх, нарийн мэргэжлийн ажилтнуудын мэргэших болон давтан, сэргээх сургалтыг зөв оновчтой зохион байгуулах гээд олон ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Мөн аюулгүй ажиллагааны нэгдсэн үнэлгээг анх удаа харьяа албадын аюулгүй ажиллагааны ажилтнууд оролцон АНБЗГ-ын менежерээр ахлуулан амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ ажил маань манай ажилтнуудаас өндөр мэдлэг, дадлага туршлага, цаг хугацаа шаардан байж 96.3 хувь буюу хоёрдугаар шат гэсэн үнэлгээ гарсан байгаа. Хэдий энэ үзүүлэлт маань сайн гэсэн үнэлгээ байгаа ч бид энэ үнэлгээ дээшлүүлэх, бататгах чиглэлээр дараа дараагийн ажлуудаа төлөвлөн ажиллахад илүү хялбар болж байгаа. Дээр хэлсэнчлэн дамжин өнгөрөх нислэгийг нэмэгдүүлэхийн тулд агаарын тээвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх ёстой. Тиймээс агаарын замыг шулуутгах, агаарын замын зохион байгуулалтыг зөв оновчтой зохион байгуулах, нислэгийн зөвшөөрөл олгох хугацааг багасгах гээд олон үе шаттай ажил хийлээ. Цаашлаад нислэгийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд гурван тэрбум төгрөгөөр тавигддаг дуун холболтын системийн сайжруулалтыг өөрийнхөө инженер техникийн ажилтнуудын мэдлэг, чадвар дээр суурилаад бага өртгөөр шинэтгэлийн ажлыг хийгээд туршилтын шатандаа явж байна. Мөн радио холбоо, ажиглалтын хангалт үйлчилгээг сайжруулах үүднээс хамааралтай ажиглалтын системийг нислэг хөдөлгөөн удирдлагын зайчлалд ашигласнаар найдвартай ажиллагааг нэмэгдүүлсэн. Навигацийн хураамж бодох зургаан шатлал байсан аргачлалыг 16 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр 2017 оны долдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 30-40 тэрбум төгрөгийг илүү төвлөрүүлсэн. 2018 он шинэчилсэн аргачлалаар бодсон учраас үүнээс илүү үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Өдөрт манай улсаар хэдэн улсын хэдэн онгоц дамжин өнгөрдөг вэ?
-Хоногт харилцан адилгүй байдаг. Дунджаар өдөрт 380-400 агаарын хөлөг Монгол Улсын агаарын орон зайг дамжин нислэг үйлдэж байгаа. Нислэг үйлдэж буй тооны хувьд их бага гэж хэлж болох ч гэлээ манай орны газарзүйн байршлаас шалтгаалан нислэг үйлдэгдэх ачаалалтай цагийн нэг хэсэг нь 01.00-07.00 цагийн хооронд байдаг онцлогтой. Энэ байдал нь нислэгийн хөдөлгөөн удирдлага явуулж буй нислэгийн удирдагчдад хамгийн их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, аль улсын нислэгийн удирдагч нараас ялгаатай ажлын цаг горимоор ажилладаг гэсэн үг. Хүн бүхэн ид унтаж амрах цагаар ажлын хамгийн ачаалал бүхий цагууд эхэлж цаашлаад нүдээ цавчих ч эрхгүй агаарын хөлгүүдийн хоорондын зайчлал баримтлуулан ажлуулна гэдэг тийм амар биш.
Тайлбар
Хөшгийн хөндийн нисэх буудлыг энэ онд ашиглалтад оруулна гэж байгаа. Шинэ нисэх буудлын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангаж дууссан уу?
-Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигацийн чиглэлээр хийгдэх чухал ажлуудын нэг нь 2018 онд Хөшгийн хөндийн нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээний бэлтгэлийг хангах ажил байлаа. Энэ ажлыг хангуулахаар нарийн мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гарч мэргэжлийн өндөр төвшинд ажилласны дүнд бэлтгэл ажил бүрэн хангагдах шатандаа орсон. Нисэх буудлын аэродром орчмын өгөгдөл саадыг хэмжихээс эхлүүлэн түүн дээр нарийн тооцоолол бүхий нислэгийн журам зохиох, түүнийгээ нислэгийн зураг хэлбэрт оруулах, нислэгээр хянан баталгаажуулах, навигацийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, шалгалт, тохируулгын гээд нарийн ажиллагаа өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан ажлыг манай хамт олон төлөвлөгөөт хугацаандаа амжилттай хийж гүйцэтгэсэн. Манай өөрийн ажилтнуудын хийсэн нислэгийн журам өндөр хөгжилтэй орнуудын боловсон хүчнүүдийн бэлтгэсэнтэй ижил төвшинд очсон гэдгийг бидэнтэй хамтран ажилласан Япон улсын агаарын навигацийн зөвлөхүүд болон шалгалтын нислэгийг гүйцэтгэсэн МИАТ компани болон БНХАУ-ын шалгалтын нислэгийн байгууллагаар хийгдсэн шалгалтын нислэгийн үр дүн харууллаа. Нэг үгээр хэлбэл, Хөшгийн нисэх буудлын навигацийн үйлчилгээний бэлтгэл хангагдсан гэж ойлгож болно.
-Хөшигийн хөндийн нисэх буудал анх төлөвлөж байсан хугацаанаасаа хойшилж ашиглалтад орохоор байна. Яг ямар шалтгаанаар хойшлоод байгаа юм бэ?
-Нисэхийн хоёр тусдаа үйлчилгээ байдаг гэж би дээр хэлсэн. Манай үйлчилгээ бол нисэх буудал хэзээ ашиглалт орохоос хамаараад хүлээгдэж байгаа. Нисэх буудлын ашиглагч, гардаж ажиллах нь хэн байх вэ, ямар үйл ажиллагаа хэдэн сараас хийх вэ гэдэг хэлэлцээр, тохиролцоо, ярианаас болоод тодорхой хэмжээгээр хойшилж байна гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар бидэнд энэ оны долдугаар сарын 10-нд үйл ажиллагааг эхлүүл гэдэг чиглэл өгсний дагуу бид төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулаад ажиллаж байна.
-Энэ жил Монгол Улсаар дамжин өнгөрөх онгоцыг 121 мянга болгосон амжилттай байна. Тэгвэл ирэх жилүүдэд агаарын навигацийн үйлчилгээг ямар төвшинд хүргэхээр зорьж байна вэ?
-Аль ч улсын агаарын орон зайг агаарын тээвэрлэгч нар өөрөө сонгодог. Тиймээс аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлбэл агаарын тээвэрлэгч нар манайхаар дайран өнгөрөх сонирхол байгаа. Урд жилүүдэд 1-4хөн хувь өсч байсан агаарын өнгөрөлтийг жилд 12 хувь өсгөлөө. Тиймээс цаашдаа улам сайжруулах хэрэгтэй. Өмнө нь манайд нислэгийн тоог нэмэгдүүлэх тусгай тасаг, нэгж байгаагүй. Олон улсын нисэхийн байгууллага, бусад улс орны нисэхийн байгууллагын бүтцийн чиг үүргийг судлаад долдугаар сард Нислэгийн урсгал төлөвлөлтийн албыг нээсэн. Энэ алба аль агаарын замаар аль тээвэрлэгч нарыг оруулах, яавал агаарын замыг зөв оновчтой ашигтай байлгах вэ гэдэг дээр ажиллана. Энэ онд ч гэсэн дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Дамжин өнгөрөх нислэгийн нэмэгдүүлэх ажил хийхдээ дангаараа л хийгээд, бэлдээд байж болохгүй. Бид хоёр хөрштэйгөө өндөр төвшинд харьцах ёстой. 2017 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хоёр улсын Агаарын навигацийн байгууллагын уулзалтаар энэ асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа БНХАУ-ын талд илэрхийлсэн. БНХАУ-ын агаарын навигацийн төлөөлөгчид энэ асуудлыг бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Бид энэ ондоо багтаан ОХУ-ын агаарын навигацийн байгууллагатай хамтран ажиллах саналаа хүргүүлээд байгаа ба тун удахгүй энэ чиглэлээр 3 улсын хамтарсан ажлын багийг уулзалтыг зохион байгуулна гэж найдаж байгаа.
Харин энэ онд өнгөрсөн жилээс илүү амжилт бүтээл биднийг хүлээж байгаа гэж найдаж байгаа. 2018 онд хийж хэрэгжүүлсэн ололт, амжилтаа бататгах, сайжруулах, Иргэний нисэхийн хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, батлуулах, Хөшгийн нисэх буудалд агаарын навигацийн үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ бүсийн нислэг хөдөлгөөн удирдлагын байрыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангуулах, Агаарын навигацийн хүний нөөцийн төлөвлөлтийг шинэчлэн боловсруулах, Нислэгийн урсгал төлөвлөлтийг бүрдүүлэх , тоног төхөөрөмжийн сэлбэг хангалт, засвар үйлчилгээг хийх хувийг нэмэгдүүлэх, АНҮ-ний аюулгүй ажиллагааны үнэлгээг гаргах, хүрсэн төвшнөө ахиулах арга хэмжээг авах.
-Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалт орсноор манай улсаар дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэх үү. Ер нь дамжин өнгөрөх онгоцны тоонд тухайн орны нисэх буудлын хэмжээ нөлөөлдөг үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй ч гэлээ нөлөөлөх бас нэг зүйл бол мөн. Агаарын зайг ашиглаж байгаа агаарын тээвэрлэгч нар нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд агаарын замын дагуу бэлтгэл аэродромуудын хангалтын талаар мэдээг тогтмол явж төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, манай “Чингис хаан” нисэх буудал физик газарзүйн байрлалаасаа болоод тэр болгон агаарын тээвэрлэгч нар манай агаарын замын дагуух бэлтгэл аэродромоор сонгодоггүй. Яагаад гэхээр нэг талын оролттой, уулархаг аэродромын ангилалд багтдаг, хөөрч буух зурвасын урт, өргөн, даац мөн дийлэнх хугацаанд буултын чиглэлээсээ салхилдаг, өвлийн улиралд алсын барааны харагдац утаанаас болон мууддаг гээд олон нөлөөллөөс болдог. Зөвхөн гэнэтийн болон техникийн асуудал гарсан үед л манайд тоотой буулт үйлдэж байсан. Одоо харин Хөшгийн нисэх буудлыг яг хоёр талын оролттой, Иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангасан, нислэгийн аюулгүй байдлыг хангах, гэрчилгээжсэн нисэх буудлууд байна гэдэг бол агаарын тээвэрлэгч нарт нислэг үйлдэх, агаарын замын дагуу бэлтгэл аэродромоор сонгох боломж илүү байна гэдэг нь нислэг үйлдэх бас нэг давуу тал үүсэж байна гэж ойлгож болно.
-Агаарын навигацийн чиглэлээр олон ололт амжилттай шинэлэг ажил хийсэн талаар ярьсан. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн жилүүдийн хугацаанд олон жил ашиглагдах, үгүй нь тодорхойгүй, суурилуулах компани нь орхиж яваад зургаан жил болж байсан нисэх буудлын гэрэл суултын системийг өөрийн ажилтнуудын мэдлэг, дадлагад суурилан өөрийн хүч хөрөнгөөр хийх саналаа ИНЕГ-ын даргад уламжилсны дүнд зохих шийдвэр гарч манай хамт олон богино хугацаанд чанарын өндөр төвшинд Мөрөн нисэх буудлын системийг шинэчлэх, Говь-Алтай нисэх буудлын гэрэл суултын системийг шинээр суурилууллаа. Энэ ажиллагаа нь агаарын тээвэрлэгчдэд аль ч улиралд шөнийн цагаар нислэг үйлдэх таатай нөхцөлийг бүрдүүлж өглөө. Ялангуяа Говь-Алтай аймаг зуны улиралд температурын хязгаарлалтад ордог учраас бага хүн авдаг байдал арилж олон зорчигч үйлчлүүлэх боломж бүрдсэнд баяртай байгаа. Мөн агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр бүтээлч ажиллагааг дэмжиж зохих зохион байгуулалтыг хийж өгснөөр гаднын байгууллагаас жилд 80 гаруй сая төгрөгөөр түрээслэн ашигладаг байсан программ хангамж, жилд 90 орчим сая төгрөгөөр гадаад хийлгэдэг байсан засварыг гурван сая төгрөгийн сэлбэг материал, хоёр жил дараалан хоёр орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтад тусгагдаад хийгдэхгүй байсан холбооны сувагчлалын шийдлийг өөрчлөн 100 сая төгрөгөөр төхөөрөмж авч зохих техникийн шийдлийг гаргаснаар амжилттай болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд турших ажиллагаа хийгдсэн гээд дурдаад байвал маш олон бүтээлч ажлууд хийгдсэн. Мөн бүтээлч ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг анх удаа нэг сарын дотор зарлахад 14 бүтээл ирүүлж түүн дотор нь аюулгүй ажиллагаа дээшлүүлэх, үйл ажиллагааг хялбарчлах, сайжруулах, хөрөнгө мөнгө хэмнэх олон бүтээлүүд ирсэн байгаа нь бидэнд зөвхөн худалдан авагч биш засварлагч цаашлаад бүтээгч байгууллага болох ирээдүй байна гэж бодож байгаа.
-Гурван тэрбумын өртөгтэй тоног төхөөрөмжийг өөрсдийн боловсон хүчнээ ашиглан бага зардлаар бүтээсэн гэж байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын инженерүүд өөрсдөө бүтээсэн гэсэн үг үү?
-Тиймээ, өөрийн инженер техникийн ажилчдын мэдлэг боловсрол дээр суурилаад техникийн шийдлийг зөв оновчтой гаргаснаар тийм өндөр өртгөөр авах байсан төхөөрөмжийг маш бага зардлаар үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болж байна гэсэн үг. Энэ ажиллагаа маань одоо туршилтын шатандаа амжилттайгаар шалгагдаж байна. Энэ бол жинхэнэ инженер сэтгэлгээ гэж ойлгож байгаа цаашдаа ч ийм чадварлаг ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх тэдэнд хийсэн бүтээсэнд тохирсон цалин урамшууллын асуудлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна гэж хараад хөдөлмөрийн бүтээмжид суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэхээр боловсруулан ажиллаж байна. Ийм л оюунлаг хүмүүс агаарын навигацийн найдвартай ажиллагааг ханган ард талд ажиллаж байгаа ч тэр бүр бидний ажлыг нийтэд ойлгох тал дээр дутагдалтай байдаг.
-Энэ байгууллагын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь тэгвэл танай байгууллагын боловсон хүчин байх нь ээ?
-Тиймээ, агаарын навигацийн үйлчилгээг олон улсын төвшинд хүргэж агаарын тээвэрлэгчдэд үйлчлэнэ гэдэг бол биднээс тийм хэмжээний мэдлэг, боловсрол, дадлага туршлага шаардаж байна гэсэн үг. Тийм хэмжээнд хүргэх хүрсэн төвшнөө бататгах, ахиулах нь харин байгууллагын бодлого, төлөвлөлтийн асуудал. Тийм учраас агаарын навигацийн байгууллагын хувьд хүний нөөцийн асуудал маш нарийн төлөвлөлттэй байхыг шаарддаг. Зөвхөн нэг зэрэглэл бүхий нислэгийн удирдагчдыг тухайн ажлын байранд ажиллах эрхийн хэмжээнд бэлтгэхэд 2-2.5 жил шаарддаг гэж бодохоор биднээс ямар өндөр хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт шаардагдаж байгаа нь ойлгомжтой байх аа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
24news.mn