2024 оны 11 сарын 24
Зочин
Б.ГАНХУЯГ: “Эрдэнэс Тавантолгой” ирээдүйтэй учраас хамтарч ажиллах гэсэн гадаадын компаниуд өрсөлдөж байна

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд хэдэн тонн нүүрс олборлон экспортолж, хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх зорилго тавив?

-Манай компани 2019 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын зарим хэсгийг босгох, дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэх, үргэлжүүлэх, уурхайн олборлолтоо нэмэгдүүлэх, барилга, бүтээн байгуулалтын олон ажил хийнэ. Түүнчлэн үйлдвэрлэлээ бүрэн хэмжээнд явуулахад шаардлагатай өөрийн гэсэн техник, тоног төхөөрөмжтэй болох, олборлолт, ачилтаа бүрэн хариуцах ажлыг зохион байгуулах учиртай. Мөн хүний нөөцийн асуудалд ч анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийг татаж ажиллуулах, монголчууддаа өндөр ашигтай байх хөрөнгө оруулалт, гэрээг ямар ч алдаа гаргалгүйгээр байгуулах нь бидний зорилт.

Уул уурхайн үйлдвэрлэлд байгаль орчны асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед говийн эко системийг хамгаалах, “Ногоон хэрэм” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Түүнчлэн нийгмийн шинжтэй томоохон төслийг хэрэгжүүлэн суурьшлийн шинэ бүс байгуулах явдал чухал болсон. Энэ нь Эрдэнэт шиг уурхай дагасан хот бий болгох эхлэлийг тавих нь бидний цаашдын бас нэгэн зорилт. Бид орчин үеэ дагаад 100 мянган хүнтэй хот босно гэж төлөвлөж байгаа. Уурхайг дагалдаж байгуулагдах төслүүд хэрэгжиж, бизнесийн томоохон салбарууд хөгжиж, жижиг, дунд үйлдвэрлэл цэцэглэнэ гэж тооцохоор 100 мянган хүнтэй хот босох дүр зураг харагддаг. “Гипрошахт” институтийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаагаар “Тавантолгой” төсөлд 50 мянган хүн ам бүхий хот байгуулахаар төлөвлөсөн төлөвлөгөөг суурь болгон энэ онд хот босгох ажлыг эхлүүлнэ. Уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хувьд 2019 онд 18 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. 

Үүнээс 15 сая тонныг нь зах зээлийн зарчмаар борлуулна. Харин гурван саяыг нь нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар төсөл хөтөлбөрийнхөө зарим хэсгийг санхүүжүүлэх болно. Ингэснээр оны эцэст 2.6 их наяд төгрөгийн орлого олж, 780 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөөлөлтэй байна. Улсын төсөвт 520 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Сангийн яамнаас улсын төсөвт 505 тэрбум төгрөг төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн. Өнгөрсөн жил 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөө давуулан биелүүлж, 720 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ жилийн хувьд гурван сая тонн нүүрсээ урьдчилан борлуулах гэрээний дагуу буюу өөр санхүүжилтийн нөхцөлөөр борлуулах учраас 2019 оны борлуулалт, цэвэр ашигт шууд нөлөө үзүүлэхээр байна. Мөн энэ оны хоёрдугаар улирлаас нүүрсний үнийн уналтын нөлөө үйлчилж эхлэх төлөв бий.

-Ингэхэд “Эрдэнэс Тавантолгой” нийт хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм бэ?

-“Тавантолгой” төслийг дагасан 20 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрээс товч дурдвал нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл бий. Нүүрс баяжуулах төслийн хүрээнд усан хангамж, хаягдлын далан, өргөлтийн станц гэх мэт хэсгүүдийг цогцоор нь хэрэгжүүлнэ. Эрчим хүчний нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр холбогдох судалгааны ажил гүйцэтгэнэ. Нүүрсний давхаргын метан хий, цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Тавантолгой-Ханги чиглэлийн авто замыг одоогийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцээ тавих нь оновчтой байна. Мөн төмөр замын хоёр төсөл бий. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барина. Цахилгаан болон усаар хангах байгууламжуудаас гадна авто болон төмөр замын ачих буулгах терминалууд барих шаардлага худалдаа, ачаа тээврийн эргэлт томрохын хэрээр бидний өмнө тавигдаж байна. Манай компани өмнө нь дутуу, дулимаг төлөвлөлттэй явж, их хугацаа алдсан. Хүнтэй зүйрлэвэл бүтэн биежээгүй байсан гэсэн үг. Үе мөч нь бүрэн бүтэн ажиллаж байж ч л хүн бүтээмжтэй ажиллаж чадна. 

Одоогийн байдлаар цахилгаан станц, төмөр зам, баяжуулах үйлдвэрийн төсөл нь өөр газарт харьяалагдаж байна. Цахилгаан станцын төслийг нь Эрчим хүчний яам хариуцаж байна. Гэхдээ цахилгаан станцыг Тавантолгойд барина, манайхаас нүүрсээ авна. Ингэхээр манайхтай цогц болж таарна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тавих төмөр замын төсөл манайхаас бүр хол байлаа. Энэ байдалд дүгнэлт хийж, “Тавантолгой төмөр зам” компанийг хамтарч байгуулаад уг төслийг хариуцаж ажиллах үүргийг Засгийн газраас авсан. Ер нь бидний мэдэлд байсан, байгаагүйгээс үл хамаараад цогц байдлаар стратегийн төсөөллөө хийсэн, тийм ч байх шаардлага гарч байгаа юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аас Тавантолгойг цогц байдлаар хөгжүүлэх шийдвэр гаргасан. Дээрх асуудалтай холбогдуулж, Засгийн газар гурван тогтоол гаргалаа. Дахиад гурван тогтоол гаргуулахаар санал өгсөн. Нэгэнт шийдвэр гаргачихсан учраас төр өөрийн эрх мэдлийн хүрээнд байгаа төслүүдээ хөгжлийн нэг шугаманд оруулаад явах учиртай. Өнгөрсөн жил 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт төвлөрүүлсэн 510 тэрбум бол зөвхөн олборлолтоос л олсон орлого. Төслүүдээ хэрэгжүүлэхээр компани олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээн, ашиг орлого нь нэмэгдэж, илүү үр дүнтэй ажиллаж эхэлнэ.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Монголын төмөр зам” компани барьж буй. Танай компани уг төмөр замын бүтээн байгуулалтад ирэх хавраас санхүүжилт хийнэ гэсэн. Ямар хэлбэрээр хамтарч ажиллах гэж байгаа вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид Тавантолгой болон бусад төслийг дагасан төмөр замуудын 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компани эзэмших ёстой гэсэн заалт бий. Тиймээс л төмөр замын төслүүдийг “Монголын төмөр зам” компани хариуцаж байгаа юм. Энэ бодлогын дагуу “Тавантолгой төмөр зам” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтарч байгуулсан. Одоогоор энэ компанийн хувьцааг манайх эзэмшээгүй. Гэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь долоон гишүүний дөрөв нь манайхаас томилогдсон байдаг. Манайх энэ төслийн санхүүжилтийн ажлыг хариуцна. “Монголын төмөр зам” компанид энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр хомс байгаатай холбогдуулан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалт, ажилчид, бусад дагалдах зүйлсээ бүгдийг нь “Тавантолгой төмөр зам”-д шилжүүлсэн. Ер нь “Монголын төмөр зам” компани санхүүжилт босгохоор гадаадынхантай уулзахаар хөрөнгийн боломжийг нь харгалзаад тэдний саналыг хүлээж авахгүй байгаа. 

Харин манай саналыг авах боломжтой ч “Тавантолгой төмөр зам” компанийн 51 хувь нь “Монголын төмөр зам”-д байгаа учраас тэднээс эргэн төлөлт, гүйцэтгэл, хариуцлагын баталгаа шаардаж, олон асуудал ар араасаа гарч ирсэн. Тэгэхээр эрх зүйн хувьд зөв гаргалгаа гаргаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нэг талд нь өгч, тодорхой хугацааны дараа буюу анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа буцаан үнэ төлбөргүйгээр төрийн эзэмшлийн хувийг “Монголын төмөр зам”-д шилжүүлэх, “Монголын төмөр зам” нь эцсийн эцэст өөрт үнэ төлбөргүйгээр ирэх замынхаа бүрэн бүтэн, найдвартай байдалд хяналтын ажил үйлчилгээгээ гүйцэтгэх хувилбар гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Төмөр замаа тавиад орлого олох нь чухал болохоос бид зөрчилдсөн заалтуудыг шийдвэрлэх хүртэл хугацаанд ажлаа ч, хөрөнгө оруулалт ч босгох хугацаагаа алдсаар байх нөхцөл үүсээд байгаа юм.

-“Эрдэнэс Тавантолгой” компани гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар ажиллаж байгаа. Хэрэгжүүлэх бүх төслийнхөө тооцоо судалгааг бэлэн болгоод, дараа олон улсын зах зээлд танилцуулах учиртай. Тэгэхээр төслүүдийнхээ ТЭЗҮ-ийг хэзээ бэлэн болгох вэ?

-УИХ-аас шийдвэр гаргаад ажил эхэлсэн. Засгийн газраас гурван ч тогтоол гаргасан талаар би түрүүн хэлсэн. Бид Монголынхоо урдаа барьдаг мэргэшсэн зөвлөхүүдийг аваад, баг бүрдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн төслийн ТЭЗҮ-г бэлэн болгосон. Зармыг нь боловсруулж дуусгаад орчуулаад эхэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн байна. Мөн цахилгаан станцынх бий. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зэрэгцээ авто зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болж байгаа. Цанхийн баруун, зүүн уурхайг цогцоор нь ашиглах ТЭЗҮ-ийг хийгээд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шилжүүлэхэд бэлэн болгосон. Удахгүй хэлэлцүүлнэ. Бид Загийн усны хоолойгоос ус татах ТЭЗҮ-ээ бэлэн болгочихсон. Төсөл хариуцаж хэрэгжүүлэх хуулийн этгээдүүдээ эхнээс нь байгуулах ажилдаа ороод байна. 

Одоо гадаадын зөвлөхүүдээрээ ТЭЗҮ-ээ хянуулж, үр ашгийн нарийвчилсан тооцоолол хийх, өгөөжийг нь нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Гол нь энэ бүх ажил монгол инженерүүдийн хариуцаж хийсэн, мэргэжилтнүүдийн бодож, боловсруулсан төсөл, хөгжлийн зураглал гэдгийг хэлэх ёстой. Бидэнд энэ том ордыг, монголчуудад үлдсэн хамгийн том баялгийг эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, алдаа гаргахгүй байх хариуцлагатай үүрэг ногдсон. Манай улс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад тоглоомын дүрмээ бусдаар зохиолгож, санхүүжилтийн схемээ өөрсдөө хийгээгүй. Харин хүний хийсэн зүйлийг хянаж байсан биз дээ. Тэгвэл бид Тавантолгойн ордыг цогцоор ашиглах тоглоомын дүрмээ бид өөрсдөө зохиогоод, стратегиа боловсруулчихлаа. Харин бид цаг хожих, төслүүдийн үр өгөөжийг сайтар тооцох, нэгж хувьцааны үнийг өндөр гаргах, өсгөх, барих, гарч болзошгүй эрсдэл, ялангуяа үнийн болон бүтээгдэхүүний урт хугацааны хөгжлийн стратегийг олон улсын нөхцөл байдалтай зөв уях, хугацаа алдалгүй, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх зэрэг глобал шинжтэй ажлуудыг гадаадынхнаас зөвлөгөө авч хийнэ.

-Гадаадынхан уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахдаа ЖОРК стандартаар хийсэн нөөцийн тайланг л харна. Харин танай компани Тавантолгойн ордод өмнө нь ЖОРК стандартаар хийсэн Канадын “Норвест” компанийн тайланг тодотгоод, нөөцөө үнэлүүлэх гэж байгаа гэж сонссон.

-Манай ордын нөөц, баялгийг өмнө нь уламжлалт аргачлалаар зургаан тэрбум тонн гэж үнэлж байсан бөгөөд нэгдсэн тайлан гаргаж байгаагүй. Бид өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд ордын нөөцийн нэгдсэн тайлангаа амжилттай баталгаажуулан Улсын нөөцийн санд бүртгүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нийт нөөц, баялгийг 6.3 тэрбум тонноор тооцоолж, баттай, бодитой, боломжтой нөөцөө 4 гаруй тэрбум тонноор батлуулсан. Манайх “Норвест” компанийн боловсруулсан олон улсын ЖОРК аргачлалын тайлангаар бол 7.38 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. 

Тавантолгойн ордын Цанхийн хэсэгт сүүлийн хоёр жил ашиглалтын хайгуул хийж байна. Өмнө нь хайгуулын шугам хооронд 250-300, цооног хооронд 50-200 метрийн алслалттай байсан. Тэгвэл бид торлолыг 150х150, 100x100 метр болгон нягтруулан өрөмдөж байна. 2019 онд 40 мянган тууш метр өрөмдөхөөр төлөвлөсөн. Одоогоор энэ хэсэгт 28 мянган тууш метр өрөмдлөг, судалгааны ажил гүйцэтгээд байна. Монгол Улсад бүртгүүлсэн ордын ашигт малтмалын нөөцийг гадаадын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөхгүй байх талтай. Иймд Цанхийн хэсгийн нөөцөд тулгуурлан нарийвчилсан тайланг олон улсын мэргжлийн зөвлөх компаниар шинэчлэн гаргуулж баталгаажуулаад олон улсын хөрөнгийн биржид гарах юм. Хайгуулын ажлын үр дүнгээр олон улсын хөрөнгийн биржийн бүхий л шаардлага хангасан нөөцийн тайлан гаргах юм.

-Олон улсын зах зээлд хувьцаагаа гаргах стратегийг боловсруулсан уу. Гадаадын аль хөрөнгийн биржид бүртгүүлж, хэдэн төгрөг босгох бодолтой байна вэ?

-Нью-Йорк, Лондон, Хонконг, Торонто, Австрали, Шанхайн хөрөнгийн биржүүдийг судалж, мэдээлэл солилцож, судалгаа, харьцуулалт хийсэн. Тэндээс мэдээлэл авлаа, шинжээчидтэй нь уулзлаа, саналаа тавилаа, санхүүгийн болон техникийн үзүүлэлтүүдээ танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас Нью-Йоркийн болон Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлэх чиглэл баримтал гэсэн тэмдэглэл гарсан юм. Үүний дагуу энэ хоёр биржтэй бид илүү тулж ажиллалаа. Нью-Йоркийн хөрөнгийн бирж шалгуур өндөртэй. Бид засаглалын хувьд хамтран ажиллахад олон хүндрэл бэрхшээл гарахаар байгаа. Хэт өндөр шаардлага тавьж байна. 

Манай худалдан авагчидтай ойр, мэдээлэл авахад хялбар, Монголын компаниуд хөрөнгө босгож туршлагажсан нь Хонконгийн хөрөнгийн бирж, цаашилбал Лондонын хөрөнгийн бирж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж гэсэн дарааллаар бид харсан. Аль биржид гаргах асуудлаа олон төрлийн харьцуулалт, боломж, үр ашигтай байх, баталгаатай хөрөнгө босгох талаасаа нь харж, сонголтоо хийн, шийдвэрээ гаргана. Гэхдээ нэг биржид гарлаа гээд тэндээ мөнхөрнө гэсэн ойлголт биш. Төсөл маань амжилттай хэрэгжвэл өөр биржид давхар бүртгүүлэх боломжтой. 

Бид стратегийнхаа ард санхүүгийн үр өгөөжөө тооцоод загварт оруулчихсан. Загварынхаа дагуу шаардлагатай санхүүжилтээ тодорхойлсон. Нарийвчилсан ТЭЗҮ-ийг аль ч төсөлдөө хийлгээгүй байна. Нарийвчилсан үнэлгээ хийхэд манай зөвлөхүүд чадвараа гаргах учиртай. Компани ирэх гурван жилд өөрөөсөө 240 орчим сая ам.долларын хөрөнгө гаргахаар тооцсон. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдаас 1.5-1.7 орчим тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байгаа. Мөн хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллан 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татна гэж төлөвлөсөн. Ер нь нийт гурав орчим тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо хийлээ. Манайх 240 сая ам.доллар санхүүжилт гаргахад ядах юмгүй. 

Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хувьд бүрэн бэхжсэн гэж ойлгож болно. Өнөөдрийг хүртэл олон хүндрэл бэрхшээл, асуудалтай тулгарч, тэдгээрийг даван туулсаар гарсан хамт олон бол манай эрдэнэсчүүд гэдгийг хэлмээр байна. Өмнө нь Хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө таарахын тулд манай компаниар дамжуулан “Чалко”-гоос 350 сая ам.долларын зээл авхуулсан. Дараа нь 2014 онд Хөгжлийн банкнаас дахиад 200 сая ам.доллар зээлүүлсэн. Мэдээж шалтгаан нь эдийн засгийн хямрал, үнийн уналттай үе тохиолдож байсан хэдий ч зарим улстөрчийн буруутай алхам, санал авах зорилгоор хийсэн үйлдлүүд ч байгааг үгүйсгэж болохгүй. Мөн хоёр ч удаа Тавантолгойн ордыг бусдад үнэгүйдүүлж зарах оролдлого хийж байсныг хүмүүс санаж байгаа биз. Тухайн үед 400 сая ам.доллараар зарах ажил бүр эрчимжсэн байсныг зогсоож байсан. Гэтэл энэ хугацаанд манай компани нийт 680 сая ам.долларын өр барагдуулжээ. Энэ их өрийг дарчихаад, цаана нь 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа нь маш сайн үзүүлэлт. Маш тодорхой тоон үзүүлэлт учраас хэн ч маргахгүй. Тиймээс Тавантолгойг улсдаа авч үлдсэн улстөрчдөд талархах хэрэгтэй.

-Олон улсын зөвлөхүүдийг сонгон шалгаруулах явц ямар шатандаа байгаа бол?

-Оны өмнө бид олон улсын зөвлөх шалгаруулах тендер зарласан. Нэр хүндтэй олон компани манайхтай хамтарч ажиллах гээд өрсөлдөж байна. Хоорондоо маргалдаад холбогдох төрийн байгууллагуудад ээлж дараалан гомдол гаргаад, асуудал үүсгээд явж байна. Ийм хүндрэл үүсгэсэн, товлосон хугацаандаа зарим ажил амжихгүй байх тохиолдол бий. Манайх 2012 онд IPO хийх гэхэд техник, санхүү, хуулийн зөвлөхөө сонгон шалгаруулахад 5-6 компани л сонирхож байлаа. Хуулийн нэг фирм хамтарч ажиллахаар болоод бусад нь яваад өгч байсан. Одоо бол сонирхдоггүй байсан компаниуд орж ирж, хоорондоо өрсөлдөж байгаагаас компанийг, төслүүдийг үр ашигтайг мэдэрсэн, санхүүгийн болон бусад өрсөлдөж бүхий нөхцөлийг бүрдүүлсэн “сайн” үзүүлэлттэй болсон гэдгийг харж болох байх. Төрийн өмчит компани нь олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ажлыг Тендерийн хуулийн дагуу зохион байгуулахад маш их учир дутагдалтай байна. Энэ хуулиас болж, бид 10 гаруй зөвлөхүүдийг сонгож ажиллах байтал тендерийн гүйцэтгэлийн баталгаа, тендерийн хугацаа, тендерт зөвхөн нэг ялагчийн шалгаруулах нөхцөл, процессын хяналт гэх мэт маш олон хүндрэлээс болж хугацаа алдлаа. Энэ байдлыг бид Засгийн газарт танилцуулна.

-Олны анхаарлын төвд байгаа 1072 хувьцаа маань хэрхэн “амилах” бол?

-1072 хувьцаа “амилах” ёстой. Ямар ч хувьцаат компанийн үндсэн үүрэг бол ашигтай ажиллах, ашигтай ажиллахын тулд хувьцаа эзэмшигчдээсээ хөрөнгө татах, төслүүдийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулах, ашигтай ажилласан бол хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх ёстой. Ингэж байж харилцан бизнесийн болон хамтын ажиллагааны итгэлцэл бий болдог, хөгжил дагуулдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд урьдчилсан буюу аудитлагдсан тайлангаас өмнөх байдлаар тооцсоноор 720 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажилласан. Одоо санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаад, ашгийн хэмжээг нь нарийвчилан гаргах, ямар ямар төсөл санхүүжүүлэх, түүнээс үлдэх цэвэр ашгийг яаж хуваарилах, эсэх асуудлыг тооцооллоор хийж, ТУЗ-өөрөө шийдвэрлэж, дараа нь дөрөвдүгээр сард хийх хувьцаа ээмшигчдийн хурлаараа танилцуулна. Энэ үе шат бол бүх л хувьцаат компанид хуулиар олгогдсон хугацаа, дэс дараалал гэж ойлгож болно. Тиймээс л бид хоёрдогч зах зээлд оруулж, “Томруулан амилуулна” гэсэн чиглэл баримтлан ажиллаж байна. Тэгэхээр эхлээд компанийнхаа хувьцааг гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх нь чухал байна.

-Томоохон банкны шинжээчид 2020 оноос эдийн засгийн хямрал эхэлнэ гэсэн таамаг дэвшүүлээд байгаа. Олон улсыг хамарсан хямрал болбол түүхий эдийн ханш унана. Энэ бол Та бидний тооцох ёстой эрсдэл гэж бодож байна.

-Нүүрсний үнэ энэ жилийн хоёр, гуравдугаар улиралд унах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ нүүрсний үнийг унагах эрх бидэнд байхгүй. Бидэнд бодсон санасан зүйл бий. Тавантолгойн нүүрс маш чанартай. Урд хөршийн эрчимтэй хөгжил үргэлжилнэ. Тэр зах зээлд манай нүүрс хэрэгтэй. Манай сайн чанарын нүүрсийг авч, төмрийн үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг хангаж таарна.

 

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.