Энэ удаагийн "Зочны” буландаа Улсын филармоны гоцлол дуучин, VOICE группийн ахлагч, СТА С.Баттулгатай уран бүтээлийн тоглолт болоод урлагийн талаар ярилцлаа.
-Та Монголын сайхан эхчүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэлдээ оржээ. Бэлтгэл хэр хангагдаж байна, тоглолтын гол онцлог нь юу вэ?
-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” талархал, хүндэтгэлийн тоглолтоо өргөн барих гэж байна. Энэ хорвоо дээр эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг өндөр байдаг шүү дээ. Төрүүлж өсгөсөн ижий, ханилж түшсэн хань гэргий, хүнд, хэцүү үед хамт байдаг эгч, дүү, хүний төлөө гэх сэтгэлтэй бүсгүйчүүд, найзууд байдаг. Эдгээр сайхан эхчүүд, эмэгтэйчүүддээ талархал хүндэтгэл илэрхийлэх зорилгоор энэхүү тоглолтоо зохион байгуулж байна.
Би жил бүр "МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтыг хийж ирсэн. Энэ цувралын үргэлжлэл болгож "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” тоглолтоо хийж байгаа юм. Миний тоглолтууд нилээн том бүрэлдэхүүнтэй хийгддэг. Энэ удаад ч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдах бөгөөд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад синфони найрал хөгжим, найрал дуучид, бүжигчид болон Зэвсэгт хүчний жанжин штабын "Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-ийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
Тоглолтын маань эхний хэсэг эхчүүд, монгол бүсгүйчүүдээ магтан дуулах бол хоёрдугаар хэсэгт хуучны сайхан дуу, сэтгэлд хоногшсон аялгуу энэ үдэш эгшиглэнэ ээ. Мөн тоглолтондоо зориулан шинэ уран бүтээл хийж байгааг дуулгая. Би яруу найрагч хүн биш ч гэсэн өөрийн зүрх сэтгэлээ сонсож хэд хэдэн дууны үгийг бичсэн байдаг. Энэ удаад "Монгол бүсгүй” хэмээх дууны үгийг сийрүүлж, миний уран бүтээлийн анд найз, орчин цагийн нэртэй хөгжмийн зохиолч СТА Ш.Өлзийбаяр аялгууг хийсэн. Мөн миний дүү хөгжмийн найрууллага дээр ажиллаж байна. "Монгол бүсгүй” гэх уран бүтээл нь эрчүүдийн маань Ээждээ, эхнэртэй, эмэгтэй дүүдээ, эгчдээ зориулсан уран бүтээл байх болно оо.
-Тэгэхээр тоглолтын үзэгчид энэ дууны анхны сонсогчид болох нь ээ?
- Зарим дуунууд тоглолтын өмнө үзэгчдэд хүрдэг шүү дээ. Харин бид энэ дуугаа зөвхөн тоглолтонд ирсэн нийт үзэгч, сонсогчдодоо зориулж, анх удаагаа олон нийтэд хүргэхээр зорьж байгаа юм. Энэ дууныхаа үгнээс энд сийрүүлбэл...
Гуниг үргээж ниссэн гоо даль МОНГОЛ БҮСГҮЙ
Жаргал хурааж ирсэн суу заль МОНГОЛ БҮСГҮЙ
Нулимстай ч мишээдэг өнгийн солонго минь
Нуурандаа жаргалтай хунгийн дэвэлт минь
-Таны уран бүтээлийн тоглолтын нэр их таалагдлаа... Аливаа уран бүтээлд нэр их чухал байдаг шүү?
-Баярлалаа, Ямар ч уран бүтээлд нэр хамгийн чухал үүрэгтэй. Тоглолтын нэр, уран бүтээлийн нэрийг зохиолчдоос захиалж, өгөх нь ч бий... Харин "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” нэрийг би нилээн удаан хугацаанд бодож байж өгсөн юм. Ийм нэртэй ч шинэ уран бүтээл маань мэндэлж байгаа... Энэ дууны маань шүлгийг нэртэй яруу найрагч бичиж байгаа юм. Хүний амьдралд жаргалтай зовлонтой, гуниг, баяр хөөртэй гээд хар цагаан хослон оршдог шүү дээ. Гэхдээ хэцүү амаргүй зүйлээс илүү сайн сайхан зүйл их байдаг. Харин тэр сайн сайхан гэрэлтэй бүхний эх нь эмэгтэйчүүд байдаг гэж би ойлгодог. Иймдээ ч би эмэгтэй хүнийг бүхий л талаас нь бодож байгаад энэ нэрээр тоглолтоо нэрлэсэн юм.
-Та уран бүтээлч гэр бүлийн хүн. Таны ижий, аав, ах эгч, дүү гээд бүгд урлагтай холбогдсон. Харин энэ тоглолтоо Ээждээ хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэн зохион байгуулж байгаа гэж сонссон?
-Би урлагийн гэр бүлд төрж өссөн. Миний аав бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, театрын дарга, багш сурган хүмүүжүүлэгч, СТА, Алтан гадаст одонт Лувсандоржийн Сүхбат гэж хүн байсан. Харин ээж маань бүжигчин, драмын жүжигчин, ахмад уран бүтээлч, сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл дээр дүр бүтээсэн сайхан хүн бий. Ээж маань мэргэжлийн урлагт 50 гаруй жил зүтгэж, энэ жил 70 нас хүрч байна. Ээж маань засгийн газрын хүндтэй СТА хэмээн цол хүртэж 30 гаруй жил овоглож яваа. Харин өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон буюу монгол төрийн хамгийн том одонт шагналыг хүртсэн юм. Ийм сайхан баяраа олон түмэнтэйгээ хуваалцаж, ээждээ баяр хүргэж, хүндэтгэл үзүүлье гэж төлөвлөсөн. Мөн миний төрсөн өдөр "Март”-аар тохиодог. Төрсөн өдрөөрөө ээждээ, хүндэтгэл үзүүлж уран бүтээлээрээ баяр хүргэж байгаа юм.
-Таны төрсөн өдөр, ижийдээ хүндэтгэл үзүүлж, баярлалаа гэж буй сайхан агшин, мөн монголын бүх сайхан эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулж буй уран бүтээлийн сэтгэлийн бэлэг гээд олон ч баяр, тохиол давхцах нь ээ...
-Яг тийм. Энэ үдэш хүн бүрийн л баяр байх болно. Та сайхан ижий, гэргий, эгч, дүүтэйгээ хамт Хүний сайхан хорвоогийн жаргалтай мөчөө хуваалцан, хамтдаа талархал илэрхийлэхийг урьж байна. Миний ээж тоглолт хийх гэж байгааг мэдэж байгаа ч өөрт нь зориулж буйг хараахан мэдээгүй. Яг тоглолтын үеэр "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” тоглолтоо таньдаа зориулж байгаа гэдгээ дуулгана даа... Хүн гэдэг ижий, аавынхаа тэр их ачийг хариулж дийлдэггүй гэдэг. Харин жижигхэн ч хамаагүй, өөрийнхөө чадах зүйлээрээ баярлуулж байвал ижий аав минь жаргалтай байна шүү дээ.
-Тоглолтын бэлтгэл гээд их ажлынхаа хажуугаар бидэнтэй ярилцаж, цаг гаргасанд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.
-Маш их баярлалаа. "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” талархал, хүндэтгэлийн тоглолт маань гуравдугаар сарын 6-ны өдрийн 19 цагт Corporate convention centre-концертын их танхимд болно. Уншигч та бүхэн хайртай сайхан ээж, гэргий, найзуудтайгаа ирж нэгэн сайхан үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.
ТӨР.МН
Б.Чанцалдулам
24news.mn