Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэнтэй ярилцлаа.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор банкуудын гадаад төлбөр тооцоо, ам.долларын клирингд хүндрэл учирч байна гэх мэдээлэл байна. Тэгэхээр яг ямар улсын банкууд Монголын банкуудад өндөр шаардлага тавьж байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ доогуур гарсантай холбоотойгоор Америкийн банкууд Монголын банкуудтай төлбөр, тооцоо хийхдээ өндөр шаардлага тавьж эхэлсэн. Тийм учраас Америкийн банкууд руу төлбөр, тооцоо хийхэд цаг хугацааны хувьд нэлээд бэрхшээл гарч байгаа. Өөрөөр хэлбэл, хүлээн авагч буюу Америкийн банкууд тухайн гүйлгээний талаар маш их тодруулга авах, зарим гүйлгээг нэг сар хүртэлх хугацаагаар удаашруулж, шалгах зэрэг асуудал гарч байгаа. Тийм учраас Монголбанк, банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба хамтран харилцагчдад зориулсан таниулах үйл ажиллагааг зохион байгуулсан.
Харилцагчдад энэ ямар хүндрэл учруулж байна вэ. Мэдээж банк, санхүүгийн байгууллагуудын хувьд цаг хугацаа алдах, тухайн гүйлгээтэй холбоотой мэдээллийг илүү ихээр шаардаж байна. Банк санхүүгийн байгууллагуудаас гадна харилцагчийн зүгээс ямар мэдээллийг шаардах вэ?
Банк харилцагчаа таньж мэдэх ёстой гэдэг шалгуур мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тухай хуулинд бий. Үүний дагуу банк тухайн гүйлгээг ямар зорилгоор хийж байна вэ гэдгийг мэдэж байх ёстой. Тэр мэдээллийг асууж байгаа гэж ойлгож болно. Одоогоор Монголын банкуудад энэ мэдээлэл бүрэн алга байна. Тийм учраас шаардлагатай мэдээллийг харилцагчаасаа нэмж тодруулж байгаа. Энэ нь ялангуяа цаг хугацаа их шаарддаг. Тухайлбал, зарим нэг гүйлгээтэй холбоотой гэрээ, хэлцлийн эх хувийг шаардах, харилцагчийн хувьд гэрээний хувь нь тэр бүр бэлэн бус байх, байлаа гэхэд түргэн шуурхай гаргаж өгөхөөс цааргалах гэх зэрэг хүндрэлүүд байна.
Тэгэхээр энэ нөхцөл байдал компанийн нууцын асуудалд хүндрэл учруулдаг байх?
Сүүлийн үеийн санхүүгийн байгууллагуудын тавьж байгаа шаардлага нь тухайн харилцагчийнхаа талаар банк бүрэн мэдээлэлтэй байх ёстой. Тийм учраас ямар гэрээ байгуулаад, ямар төлбөр төлж байна вэ гэдгийг банк бүрэн мэдэх шаардлагатай байгаа. Тэгэхээр харилцагч нар банкинд мэдээллээ аль болох түргэн шуурхай гаргаж өгөх л хэрэгтэй юм.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудлыг гуравдугаар улиралд шийдэхээр хүлээгдэж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?
Монгол Улс саарал жагсаалтад орохгүй байхтай холбоотой бэлтгэл ажлуудыг сүүлийн 2 жилийн хугацаанд авч хэрэгжүүллээ. Энэ талаарх эхний тайлангаа нэгдүгээр сарын 31-нд илгээсэн. Есдүгээр сард бид дараагийн буюу үр дүнтэй байдлын тайлангаа гаргаж өгөхөөр, бэлтгэл ажил хийгдэж байна.
Нэгдүгээр сард гаргаж өгсөн тайлангаас онцлох зүйлс юу байсан бэ?
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тогтолцоог шинэчлэх цогц бодлого юм. Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа шинэчилсэн. Үүний дагуу 8-9 хуульд дагалдаж өөрчлөлт орсон. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой шинэчлэлүүдийг бүрэн биелүүлсэн гэж үзээд, тайлангаа хүргүүлсэн. Дараагийн удаад тухайн хууль журамдаа тулгуурлаж, ямар үр дүнтэйгээр ажиллаж байна вэ гэдгээ тайлагнах ёстой юм.
Та ярианыхаа эхэнд Америкийн банкуудтай холбоотой гүйлгээнд хүндрэл учирч байгаа талаар дурдсан. Өөр улс орнуудын хувьд адилхан байр суурьтай байгаа юу?
Америкийн банкууд эрсдэлд хэт мэдрэг байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд ийм арга хэмжээ авч байгаа. Цаашид Европын банкууд, бусад улсын банкууд адилхан арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Монголын байдал албан ёсоор хэрвээ зарлагдвал нэлээд хүндрэл үүснэ.
Энэ зөвхөн Монголд тохиолдоод байгаа асуудал уу. Эсвэл бусад улс орнууд ч бас ийм асуудалтай тулгараад байна уу?
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг хангахгүй байгаа улс болгонд л тохиолддог хүндрэл, бэрхшээл. Биднээс өмнө саарал жагсаалтад орсон Шри-Ланкад бас л ийм хүндрэл учирч байсан. Үүнийгээ хурал дээр ч танилцуулж л байсан. Бид бас яг л тийм хүндрэлийг даван туулж байна.
Саарал жагсаалтад орох эсэх асуудлыг шийдэх тулгуур хүчин зүйлүүдээс Монголын хувьд хамгийн хүндрэлтэй, эрсдэлтэй хүчин зүйл нь юу байна вэ?
Үнэлгээг хийхдээ нэгдүгээрт хууль эрх зүй, заавар журмууд байна уу гэдгийг үздэг. Хоёрдугаарт, хууль, журам, заавруудаа хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг хардаг байгаа. Монголын хувьд хууль, журмын асуудал харьцангуй гайгүй. Хуультай холбоотой бүх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин хуулиа биелүүлэх, тухайн хуулийн дагуу хяналт, шалгалт хийх, хэрэг үүсгэх зэрэг нь нэлээд цаг хугацаа шаардсан асуудал юм.
Гадагшаа хийж буй гүйлгээний хувьд байгууллагууд мэдээж өндөр дүнтэй гүйлгээ хийдэг байх. Харин хувь харилцагч, иргэдийн хувьд энэ ямар хүндрэл учруулах вэ?
Эхнээсээ бэрхшээлүүд гарч байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гаднаас янз бүрийн мөнгөн шилжүүлэг хүлээж авах зэрэг асуудалд тодорхой хүндрэл үүсч, энэ нь хувь хүмүүст ч бас мэдрэгдээд эхэлсэн. Маш их цаг хугацаа, нэмэлт мэдээлэл шаардаж байна. Өмнө нь зүгээр л төлбөр төлдөг байсан бол одоо “Энэ ямар учиртай төлбөр юм, ямар гэрээ контракт байгуулсан юм” гээд олон зүйлийг шаардах болсон. Үүнтэй холбоотойгоор цаг хугацаа их шаардагдаж байна. Дагаад гадаад төлбөр, тооцоон дээр нэмэлт зардлууд их гарч байна гэдгийг банкууд хэлж байгаа.
10 дугаар сарын хурлаар хэрвээ Монгол улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гарвал Монгол Улс ямар хариу арга хэмжээ авах вэ? Саарал жагсаалтаас гарахын тулд юу хийх шаардлагатай вэ?
Бид муу үр дүн гарахаас урьдчилан сэргийлээд бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан. Тийм учраас муу үр дүн гарна гэж бодохгүй байна.
Америкийн банкууд эхний ээлжинд өндөр шаардлага тавьж эхлээд байна. Цаашлаад Европын холбоо, бусад улсын банкууд ч бас ийм арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж байгаа. Тэгвэл бүс нутгийн банкууд, Хятад, Оросын банкууд энэ асуудалд ямар хариу үйлдэл үзүүлэх бол?
Энэ тухайн улс орныхоо энэ чиглэлийн хяналт, шалгалтын байгууллагын үйл ажиллагаанаас их хамаарч байгаа. Сүүлийн үед Америкийн банкууд мөнгө угаахтай холбоотой асуудлаар өндөр хэмжээний торгуулийг олон удаа авсан учраас эрсдэлд маш эмзэг хандаж байгаа. Тухайн улсыг ямар нэгэн байдлаар эрсдэлтэй боллоо гэвэл шууд л тэр эрсдэлийг байхгүй болгох арга хэмжээ авч байгаа юм. Бусад улс орнууд үүнийг дагахгүй гэх баталгаа байхгүй.
Мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд зөвхөн валютаар хийгдэж байгаа гүйлгээ гэлтгүй, бусад харьцангуй шинэ үеийн төлбөрийн хэрэгсэл болж буй криптовалютад хязгаарлалт тавих бодлогыг зарим улс орон хэрэгжүүлээд эхэлсэн. Монголын нөхцөлд энэ асуудлыг хэрхэн авч үзэж байгаа вэ?
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргадаг 40 зөвлөмжид 2018 оны аравдугаар сард өөрчлөлт орсноор криптовалютад тодорхой хяналт тавих ёстой гэдэг зөвлөмжийг оруулж өгсөн. Тийм учраас Монгол улс ч бас удахгүй үүнтэй холбоотой хууль журамд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.
Eagle.mn
24news.mn