2024 оны 11 сарын 24
Зочин
Н.САРАН:БУРХНЫ ЁСООР БУСДАД БУЯН САНАЖ, УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ ГЭДЭГ ИХ САЙХАН

Өвөрмонголын дуучин Н.Сарантай ярилцлаа. Тэрбээр дан бурхан магтаж, буян санаж эерэг зөв сэтгэгдэлтэй уран бүтээл хийдэг гэдгээр нь хүмүүс сайн таних юм билээ. Өөрөөр хэлбэл, бурхны дууг орчин цагийн өнгө аяс, аялгуунд тохируулж монгол хэл, хятад хэл дээр дуулдаг аж.  

Тэрбээр “Ногоон дарь эхийн залбирал” дууныхаа зураг авалтандаа Монголын бүх сүм хийдүүдийг оролцуулснаараа ихээхэн онцлогтой гэж ярив. Бурхан багшийг, Ногоон, Цагаан Дарь-Эхийг магтан дуулдаг тэрбээр хайрын тухай дуу дуулах гэж байгаагаа ч мөн сонирхуулав. Түүний хувьд СУИС-иуд морин хуурын мэргэжлээр хоёр жил суралцаж магистрын зэрэг хамгаалжээ. 
 
-Монголд ирээд хэр удаж байна. Ер нь манай нутаг хэр санагдав.  Хэр амарч байна?

-Монголд ирээд дөрвөн жил болжээ. СУИС-д хоёр жил Морин хуурын чиглэлээр суралцаж, магистр хамгаалсан. Одоогоор бол түр хугацаагаар сайхан амарч байна. Гэхдээ Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх ахтай хамтарч шинэ уран бүтээл хийхээр ажиллаж байна.

Монголын зун маш сайхан санагддаг. Агаар нь ямар тансаг гэж санана. Уудам талыг нь усны тунгалаг өвс ногооны сорыг нь харж мэлмийгээ баясгаж, сэтгэлээ сэргээж амарч байна даа. Нээх гоё тайван амгалан орчинтой шүү. Надад маш их таалагддаг учир энд ирэх дуртай.

-Төрж өссөн нутгийнхаа талаар танилцуулна уу? 

-Бүгд найрамдах дундад ард улсын Өвөрмонголын Хянган аймагт төрсөн. 10 настайгаас Бээжин хотод суурьшсан бөгөөд тус хотын Төвийн үндэстний их сургуульд морин хуурын мэргэжлээр бакалавраар төгссөн. Миний морин хуурын багшийг Бүрэнтөгс гэдэг. Надад их зүйл зааж сургасан багш. Харин миний мэргэжлийн багш бол одоогоор Хятадад од болж байгаа “Хаяа” хамтлагийн морин хуурын багш нар минь байдаг.

 
-Армонгол, өвөрмонголчууд нэг үндэстэн улс гэдэг. Ер нь манайхан ямархуу хүмүүс шиг санагддаг вэ?

-Тайван амгалан хүмүүс. Бас баяр бясгалантай юм шиг санагддаг. Зун болохоор амралтаа аваад бие махбодь болон сэтгэл санаагаа амраахаар хөдөө гадаа зугаалаад явдаг нь их таалагддаг.

-СУИС-д морин хуурын чиглэлээр суралцсан талаараа сонирхуулбал? 

-СУИС-д 2014 онд морин хуурын чиглэлээр элсч хоёр жил суралцсан. Миний эндэхийн багшийг Баттөгс гэдэг. Бээжинд морин хуурын хичээл заасан багшийг Бүрэнтөгс гэдэг их ерөөл билэгтэй байгаа биз дээ. Морин хуурын аялгуу их гоё тансаг мэдрэмжийг төрүүлдэг. Ер нь Монголчууд морин хуураа их дээдэлдэг, хайрладаг ард түмэн. Миний хувьд  удахгүй морин хуурын талаар шинэ уран бүтээл гаргахаар бэлтгэж байгаа.



-Таныг дан бурхны тухай дуу дуулдаг гэж сонссон. Хэчнээн дуу дуулж хэдийг нь дүрсжүүлсэн бэ?

-Би Бурхан буддагаа их шүтдэг. Ер нь амьдралын зөв зүйл болоод зөв энергийг уран бүтээлээрээ гаргах дуртай. СУИС-д суралцаж байх хугацаандаа төгссөний дараа ч бурхны тухай дуу дуулдаг болсон. Бурхны ёсоор бусдад сургааль айлдаж, буян санаж уран бүтээл хийнэ гэдэг их сайхан. Бурхны тухай 8-9 дуу гаргасан. Тухайлбал, “Арван цагаан буяны ерөөл”, “Ногоон дарь эхийн залбирал” гэх мэт дуунуудтай.

-Бурхнаас өөр сэдэвтэй дуу дуулах хүсэл сонирхол бий юу? 

-Дан бурхны дуугаар бүтсэн цомгоо гаргасан. Залуу хүн болохоор гоё хайр сэтгэлийн тухай дуулна гэж боддог байсан. Хайрын тухай дуулъя гэж өөртөө тохирох үг, аяаа хайгаад явж байтал С.Батсүх гавьяаттай таарсан нь аз юм даа. Тэгээд надад өөрийнхөө “Ихэр заяа” гэсэн их гоё хайрын тухай дуугаа өгсөн. Энэ дууг өөрийнх нь шавь, ятга тоглодог Бохьшаргатай хамтран дуулахаар болсон. Тэрбээр монгол хэл дээр дуулах бол би хоёр дахь бадгийг нь Хятад хэл дээр дуулна. Энэ дууны бэлгэдэл нь их сайхан санагдсан. Удахгүй хоолойны бичлэгтээ орно.

-Ингэтэл өөрөө гэр бүлтэй юу?

-Одоогоор хайртай хүнтэйгээ учирч амжаагүй л байна.

-Гавьяат жүжигчин С.Батсүхтэй анх яаж холбогдсон бэ?

-Намайг нэг тоглолт дээр бурхны тухай дуулж байхыг гавьяат маань сонссон юм билээ. Тэгээд надад “Өвөрмонголоос ирж энд суралцаад, бурхан болоод зөв зүйлийн тухай дуулж яваа охинд уран бүтээл тал дээр нь туслаж дэмжье” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, бурхны тухай дуулж байгаа намайг тоож харсан гэхүү дээ. Гавьяат өөрөө их сүсэг бишрэлтэй хүн шиг санагдсан шүү.

-Урын сандаа хэдэн дуутай бэ. Өөрөө их шүтлэг сүсэг бишрэлтэй юм шиг санагдлаа?

-8-9 дуутай. Ногоон, цагаан Дарь-Эхийг магтан дуулсан дуутай. Одоо 9 дахь дууны бичлэгтээ орох гэж байгаа. Тэр дуу маань 10 минутын урт дуу байгаа. Би өөрөө их шүтлэгтэй, бурхан шүтдэг. Сайн сайхан явахын тулд хүн эхлээд зөв бодол зөв энергитэй байх ёстой.

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд зориулж уран бүтээлээ хийдэг. Сайн сайхан элдэв гай зовлонгүй бэлгэдэлтэй дуу дуулах дуртай. Хүний ач тусыг бас магтан дуулах дуртай. Мөн Чингис хааны сургааль номонд утгагагүй дуу дуулахыг цээрлэсэн байдаг билээ. Тиймээс би хэрэггүй үг хэлэхээс цээрлэж хүнтэй уулзаж ярилцаж байхдаа ч аливаа зүйлийг ерөөж бэлэгшээд явдаг болсон.



-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? 

-Чөлөөт цагаараа Монголд байхдаа зөндөө тоглолт бүхнийг үзсэн. Маш оролцсон байна. Дүрслэх урлаг маш их сонирхдог. Өөрөөр хэлбэл зураг зураг бас сүмд очиж ном унших дуртай.

-Бяцхан дуучин Б.Бат-Энэрэлтэй их ойр харагддаг? 

-Бат-Энэрэл их яриасаг адтай сэргэлэн хүүхэд. Дуулсан дууг нь нэг удаа сонсоход л хүний сэтгэлд маш их хүрдэг. Ийм жаахнаас мундаг санагддаг. Их гоё дуулдаг авьяас билгийн тэнгэртэй. Зөв замаар өсөн бойжиж яваа мундаг хүү.

-Бурхны тухай дуунуудаа дан Монгол хэл дээр дуулсан юмуу? 

-Бүх дуугаа Монгол хэлээр дуулсан. Өсөж төрсөн нутгийнхаа эх хэлээр дуулна гэдэг гайхамшиг. Ер нь цаашид уран бүтээлээ Монгол хэл дээр дуулна. Гэхдээ  уран бүтээлээ дэлхий даяар хүргэхийн тулд Хятад хэл болон Англи хэл дээр орчуулж цацсан байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд би өөрөө хөгжмийн аялгуу зохиодог. Монголын тал нутгийн сайхныг Морин хуурын аялгуугаар төсөөлж гаргана гэж бодоод байгаа. Удахгүй өөрийгөө дайчилж суралцсан зүйлсээ уран бүтээл болгож гаргана.
















О.Гэрэл
Оллоо.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.