2024 оны 11 сарын 24
Зочин
Н.БАТСАЙХАН: ШАЛГАЛТЫН ЦАР ХҮРЭЭНЭЭС ШАЛТГААЛАН ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАН

Монголбанкнаас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудад хөрөнгийн гарал үүсэлийг нь магадлан баталгаажуулах шалгалтыг хийж байгаа талаар мэдэгдэж байсан билээ. Өмнө нь гарч байсан Монголбанкны мэдэгдэлээр уг магадлан баталгаажуулах шалгалтын урьдчилсан үр дүн нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарахаар байв. Гэвч өнөөдрийн байдлаар Монголбанкнаас шалгалтын талаар албан ёсны мэдээ гараагүй байна. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайханаас тодрууллаа.

Монголбанкаас банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж байгаа талаар мэдэгдэж байсан. Шалгалтын явцын талаар Та товчхон мэдээлэл өгөх үү?

Монголбанк банкуудад Активын чанарын үнэлгээг хийлгэж байсаныг Та бүхэн санаж байгаа байх. Мөн дараагаар нь банкуудын ирэх гурван жилийн бизнес төлөвлөгөөнд нь үнэлгээ хийгдэж, банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үр дүн эцэслэгдсэн юм. Энэхүү үр дүнгээр зарим банкууд нь өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан.  Эдгээр банкуудад Монголбанкаас өөрийн хөрөнгийн дутагдалыг арилгах үүрэг даалгаврыг өгч банкууд нь хугацаандаа өөрийн хөрөнгөө нэмэгдүүллээ. ОУВС-ийн хөтөлбөрийн үнэлгээний явцад банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн тул Монголбанк уг шалгалтыг “Duff and Phelps” компанийг сонгон шалгаруулан зөвлөх компаниар ажиллуулж байна. Магадлан баталгаажуулах ажил нь энэ оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд одоо эцэслэх шатандаа явж байна.

Өмнө нь Монголбанкнаас уг шалгалтын урьдчилсан үр дүнг 8 дугаар сарын 16-нд гарах талаар мэдэгдэж байсан. Одоогоор шалгалтын талаар мэдээ гараагүй байна. Монголбанк үр дүн хэдийгээр гарна гэж үзэж байна вэ?

Бид шалгалтын үр дүнг 8 сарын 16-ны өдөр урьдилсан байдлаар гаргахаар төлөвлөн ажилласан. Харин шалгалтын цар хүрээ, үзэж харах баримт материалын хэмжээнээс шалтгаалан уг ажлын тайлан гаргах хугацаа нь бага зэрэг хойшлогдох төлөвтэй боллоо. Монголбанк болон ОУВС-ийн хувьд шалгалтыг чанартай, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхээр зорьж байгаа тул шалгалтыг тодорхой хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлээд байна.

 

Эх сурвалж: Mongolbank.mn 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.