- Хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье? Бусад спортоос яагаад заавал хөлбөмбөг гэж?
- Би яармагт амьдардаг. Тэгээд гудамжинд ах нар дандаа хөлбөмбөг тоглож байдаг. Тэгээд ах нартайгаа тоглосоор байгаад дуртай болсон. Клубт элсэж ороод тоглосон үе гэвэл би 75-р дунд сургуульд сурдаг байсан. Гарьдаа багш манай биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Тэгээд Дэрэн Сумида гээд Японтой хамтарсан клуб байгуулагдах гэж байна тийшээ очоод шалгуулаадах, бэлтгэлд нь хамрагд гээд Дэрэн клубт элсэж байлаа.
- Олон жил спортоор хичээллээд явж байна. Хэнээс үлгэр жишээ авдаг вэ?
- Мэдээж Гарьдмагнай. Гадаадаас гэвэл багаасаа Ливерпүүл клубыг дэмждэг байсан. Тэгээд хагас хамгаалагч нар Жирард, Лампфорд, гээд л бүр анх тоглохдоо бол Торанс гэж хардаг байсан. Гоол хийдэг болохоор нь тэр л дээ. Сүүлдээ өөрөө тоглоод хагас хамгаалагчийн байрлалд тоглоод ирсэн чинь байрлалынхаа шилдгүүдийг хардаг болсон.
- Таны бодлоор хөлбөмбөгийн спорт бага насны хүүхдүүдийн төлөвшилд яаж нөлөөлдөг гэж боддог вэ? Өөрөө багаасаа хөлбөмбөг тоглож өссөн, өссөөр байгаа хүний хувьд?
- Ер нь юмаа төлөвлөөд сурчихдаг. Би хичээлээ энэ цагтаа хийж амжихгүй бол бэлтгэлээ хийж чадахгүй зэрэг аль нэгийг нь хаяхгүйн тулд асар их төлөвлөгөө хэрэгтэй. Хөлбөмбөг өөрөө багийн спорт. Хүмүүстэй хамтарч ажиллаж сурна. Мөн муу юмнаас хол байдаг юм шиг санагддаг. Хөлбөмбөг тоглосноор хүүхэд буруу зам уруу оролгүй, зөв төлөвшилтэй болдог байх.
- Олон улсын тэмцээнээр эсвэл олон улс уруу бэлтгэлд явах үед яаж зохицуулдаг байсан бэ? Зайлшгүй шаардлагаар явчихдаг бас зайлшгүй хичээлдээ суух хэрэгтэй байдаг.
- 10 жилд байхад багаасаа хичээл номдоо гайгүй гээд багш нар харж үздэг байсан. Учир нь сургуулийнхаа нэр хүндийг гаргаж байна гээд. Харин их сургуульд арай өөр байдаг. Эхлээд багш нартайгаа яриад “Би шигшээд дуудагдсан юм аа. Та намайг ойлгооч. Би хичээлээ хийнэ, та харин надад хийх юмыг маань өгчих, би ирээд юм уу өмнө нь хийгээд танд үзүүлье, та надад явах боломжийг маань олгооч. Би цаашдаа хөлбөмбөгөөр явах бодолтой байдаг юм аа” гээд тайлбарлавал ойлгодог. Гол нь багш нартайгаа сайн ярилцах хэрэгтэй. Багш нар маань харин хичээл зүтгэлийг минь хараад дэмждэг байх.
- Мазала дээд лигийн хамгийн залуу багийн ахлагч бол Батмөнх. //Залуу тоглогч хирнээ хэдийнээ багийн ахлагч болчихсон.// Багийн ахлагч болсон түүх, мэдрэмжээсээ хуваалцаач?
- Дээд лигийн хувьд Гарьдаа багшийн дараа Билгүүн дараа нь Ууганбат болсон. Тэгээд энэ хоёр гадагшаа яваад Войслав Бралушич дасгалжуулагч намайг багийн ахлагч болгосон. Ерөнхийдөө бол надад итгэл хүлээлгэж байгаа. Энэ хүн намайг багийн ахлагч болгох хэмжээнд итгэж байна, багийнхныхаа итгэлийг л тэр үед мэдэрч байсан. Багийн ахлагч болохоор үүрэг хариуцлага нь оногдоод, багаа ахлана гэж бодохоор бууж өгөх шалтгаангүй болдог. Ямар ч үед хожно, хожигдож байсан ч гоол хийх, гоол алдахгүй байх зэрэг тэмцэгч чанарыг өөртөө бий болгодог. Тэгж байж л бусад багуудыг араасаа дагуулах байх.
-Таны бодлоор багийн ахлагч байхын юу нь хамгийн сайхан бас хэцүү вэ?
Багаа ахална гэдэг өөрөө хамгийн сайхан нь. Талбай дээр хамгийн түрүүнд толгойд нь байх хүн. Тийм мэдрэмжийг авах ер нь хамгийн сайхан. Хэцүү нь миний тоглолт болохгүй үед жоохон хэцүү санагддаг. Багийн ахлагч ийм байх ёсгүй ч юм уу тиймэрхүү мэдрэмж төрдөг.
- Ингэхэд гоол бүрээ хэн нэгэнд зориулдаг уу?
Дотроо гэр бүл найз охиноо боддог ч илэрхийлдэггүй ээ. Миний найз охин тоглолтыг маань байнга үздэг. Гэрийнхэн бол хааяа, ажилгүй өдрөө зурагтаар ч юм уу үздэг. Намайг манай найз охин гоол хийх нь чухал биш, миний хайр сайн тоглох нь, бэртэхгүй байх нь чухал шүү гэж байнга хэлдэг. Муу тогловол муу байна гээд, сайн тоглосон ч гэсэн төдийлөн магтахгүйгээр хурцалж өгдөг. Аав болохоор яасан миний хүү гоол хийсэн үү гэж их асуудаг байсан. Тэгээд “Ааваа би хагас хамгаалагч болохоор гоол хийх нь чухал биш ээ, миний үүрэг бол гоолын дамжуулалт өгөх, багийнхаа тоглолтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг юм аа” гэж хэлснээс хойш миний хүү сайн дамжуулалт өгсөн үү гэж асуудаг болсон.
- Хөлбөмбөгийн спортоос олж авсан гайхалтай зүйлүүдээсээ хуваалцвал?
- Хөлбөмбөг тоглохын хамгийн гайхалтай зүйл нь мэдрэмж. Хөлбөмбөгийн тоглоод өөрийнхөө хүссэнээр ч юм уу, хожих, гоол оруулахаас гадна гоё тоглож тэндээсээ таашаал авах, хэчнээн хэцүү бэлтгэл хийсэн ч гэсэн дараа нь үр дүнгээ мэдрээд, сайжраад тоглолт дээрээ тэрийгээ харуулах хамгийн гоё мэдрэмж.
- Хэдийн өөр мэргэжлээр суралцаж байгаа ч өөртөө том зорилго тээж явдаг байх. Хөлбөмбөгийн спортоор карьераа үргэлжлүүлнэ гэж боддог уу?
- Мэргэжлийн хөлбөмбөгчин болох зорилго тээж явдаг. Одоо гэхдээ хичээл зэрэг зарим зүйлээс болоод төдийлэн шаргуу байж чадахгүй, өдөрт 5-6 цаг бэлтгэл хийж амжихгүй байгаа ч гэсэн сургуулиа хамгийн түрүүнд төгсчхөөд дараа нь мөрөөдлийнхөө төлөө хичээх төлөвлөгөөтэй байгаа.
- Тамирчин хүн ялалт, ялагдал дунд зэрэгцэн алхдаг байх. Энэ чинээгээр өнөөдөр сайлуулж маргааш нь муулуулах үе ч байдаг биз. Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ? Жишээлбэл 23 хүртэлх насны ААШТ-ий урьдчилсан шатны дараах шүүмжлэлийг яаж хүлээж авч байсан бэ?
- Гол зорилгоо тавьсан учраас зөв шүүмжлэлийг хүлээж авдаг.
Тэрнээс биш манай Монголчууд хөлбөмбөг тоглож чадахгүй, багийн спортдоо муу, хэзээ ч амжилт гаргахгүй гэсэн үгсийг зүгээр л хажуугаараа өнгөрөөдөг. Миний хувьд аливаа комментийг уншдаггүй. Харин ойр дотны хүмүүс тулж ирээд энэ нь ийм байна шүү гэхээр сайн сонсож хүлээж авдаг.
- Тамирчин хүнд бие бяларын бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл том нөлөө үзүүлдэг. Сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ? Ялалт, ялагдлын дараа, тоглолтын үед?
- Тоглолтын өмнөх бүхий л цагт сэтгэлзүйгээ маш сайн бэлддэг. Эсрэг багтайгаа яаж тоглох тактикаа сайн боддог. Тэгээд яг тоглолтын өмнөх өдөр, бэлтгэл дээрээ хийсэн зүйл, тоглолт дээрээ болох зүйлээ өөрөө төсөөлөн бодно. Тэгээд яг тоглолтын өмнө бие халаалтын дараа ч юм уу хэсэгхэн хугацаанд чихээ дарж байгаад өөртэйгээ ярьдаг. Ер нь бол бясалгал л юм даа. Яг энэ байгаа орчноосоо өөрийгөө тусгаарлаад л... Сэтгэлзүйгээ сайн бэлдэхгүй бол гоол алдчих юм бол гутраад бүр дордож, гоол хийхээрээ хэт их баярлаад хамгаалалтаа мартах зүйл гарна.
- Багаа солих бодол байгаа юу?
- Одоохондоо тийм бодол байхгүй. Хамгийн гол нь багаасаа энэ клубд байгаа болохоор ч юм уу, яагаад ч юм дээд лигтээ Дэрэн клубтэйгээ аварга авч байж л дараа дараагийн зүйлээ бодно доо.
- Зарим залуу хүүхдүүдийн хувьд спортдоо хэт анхаарал хандуулснаас хичээл сургуулиасаа хоцрох муудах үед гардаг. Үүнд нь эцэг эх нь дургүйлхдэг. Таны хувьд эцэг эх нь яаж ханддаг вэ?
Багаасаа өсвөрийн тэмцээнүүдэд оролцоод тодорхой хэмжээнд амжилт гаргадаг, гол нь тууштай байсан болохоор эцэг эх маань дэмждэг. Тэгээд их сургуульд ороод хичээл дээрээ унахгүй байгаа ч гэсэн голч дүх буураад эхлэхээр за яахав яахав миний хүү эхлээд юу ч байсан сургуулиа төгсчих. Хамгийн гол нь намайг хэзээ ч боль гэж хэлж байгаагүй. Зорилгоо тавьсан учраас шантрах хүсэл байдаггүй.
Манай клубийн ерөнхийлөгч Мөнхчулуун “Монголын нөхцөлд хичээлээ хамгийн түрүүнд тавь, та нарын хөлбөмбөгийн карьер чинь гэнэтийн байдлаар яаж ч дуусаж болно. Тиймээс амьдрал дээр хоолоо олж идэхийн тулд эхлээд боловсрол эзэмш дараа нь хөлбөмбөгөө тоглох хэрэгтэй” гэж зөвлөдөг. Тиймдээ ч эхлээд боловсрол эзэмших замыг сонгосон бас клубынхан маань шалгалт хичээл гэхээр ойлгодог.
- Цаашид эзэмшиж буй мэргэжлээсээ болоод спортоо орхих бол ямар шийдвэр гаргах вэ?
- Заавал орхихоор бол хөлбөмбөгийг л сонгох байх. Хэрвээ хөлбөмбөгт өөрийгөө зориулж чадах л юм бол хөлбөмбөг чамд буцаагаад юм болгоныг өгч чадна гэж боддог.
- Мэдээж олон удаа тэмцээнд оролцоно. Хүнд, хөнгөн байдлаар гэмтдэг байх. Бэртлээ яаж даван туулдаг вэ?
- Ер нь аягүй хэцүү л дээ. Энгийн үед хүнд бэлтгэл хийхэд хийгээгүй байсан бол гоё ч юм шиг санагддаг бол бэртэлтэй байхдаа тэр хүнд бэлтгэлийг хараад ямар гоё юм бэ гэж бодогддог. Тэгээд тэр үедээ тэвчээртэй байгаад аль болох нөхөн сэргээх эмчилгээгээ сайн хийлгээд урьд урьдынхаасаа илүү догдолж талбай дээр гардаг даа. Тоглохгүй үзэгчийн суудлаас суудлаас өөрийнхөө багийг үзэх л хамгийн хэцүү байдаг. Дунд нь гүйгээд орчихмоор.
- Одоогоор үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Вояхан “Дэрэн" клубтэй олон жил ойр байж, олон ч хүүхдүүдэд энэ спортод хөлөө олоход ч тусалсан. Үүний нэг нь мөн адил та байх. Гэхдээ дасгалжуулагчийн гэрээ дуусаад эргэж ирэхдээ өөр багийн дасгалжуулагч болчихсон байхад ямар мэдрэмж төрсөн бэ?
Анхны сэтгэгдэл гэвэл энэ хүнийг Монголд байгаа нь маш чухал гэж бодсон. Тэр хүн манай клубд маш их сэтгэл зүрхээ зориулсан. Миний хувьд хөлөө олоход минь тусалж харах өнцгийг маань өөрчилж өгсөн хүн. Өөр багт ирсэн ч гэсэн би үнэхээр баяртай байгаа. Учир нь тэр хүнээс монголын бусад тамирчид сурах зүйл зөндөө байгаа гэж бодож байна.
Э.АНУДАРЬ
Эх сурвалж: the-mff.mn
24news.mn