Голомт банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой боловсролын реформыг онцолж ярилцлаа.
-Миний хувьд эдийн засаг, банк санхүүгийн салбарт 20 жил ажиллах хугацаандаа улс орны хөгжил ерөөсөө л монгол хүний бүтээмж гэдгийг ойлгосон. Орос, Америктай харьцуулахад монгол хүний бүтээмж үнэхээр тааруу байна.
Монгол хүний дундаж бүтээмж тааруу байхад хөгжих тухай асуудал яриад нэмэргүй л дээ. Улстөрчид өрсөлдөх чадварыг уул уурхай гэж эндүүрдэг. Үнэнийг хэлэхэд уул уурхайгаар хөгжсөн улс байхгүй.
Өрсөлдөх чадвар бол монгол хүний бүтээмж. Хятад хүн цагт нэг хадаас гаргадаг бол монгол хүн цагт хоёр хадаас үйлдвэрлэж байж өрсөлдөх чадвараараа илүүрхэнэ.
Социализмын үед гавшгай бригад, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд монгол хүний бүтээмжид онцгой анхаарч байсан. Магадгүй социализмын ганц зөв зүйл нь энэ байх. Гэтэл 1990 оноос хойш энэ бодлого тасарсан.
Эндээс бүтээмжтэй монгол хүнийг хэн үйлдвэрлэдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Бүтээмжтэй монгол хүнийг боловсролын систем үйлдвэрлэдэг юм байна гэдгийг олж харсан учраас би боловсролын салбар руу хараагаа чиглүүлсэн юм.
-Өнөөгийн боловсролын систем бүтээмжгүй Монголыг үйлдвэрлээд байгаа хэрэг үү?
-Тийм, өнөөгийн боловсролын систем бүтээмжгүй монгол хүнийг бэлдээд байна. Хүмүүс хоёр настайгаасаа боловсролын систем рүү ороод 22 настайдаа их сургуулиа төгсдөг.
Цагдаа гэмт хэргийг хамгаалах гэж, онцгой байдал ард иргэдийг аюулаас хамгаалах гэж, боловсролын систем бүтээмжтэй монгол хүнийг бий болгох гэж оршдог. Би танаас нэг зүйл асууя. Сүүлийн 30 жил боловсролын 14 сайдыг солихдоо энэ чигийн, салбараа гадарлаж, доторлодог хүн тавьсан уу?
-Үгүй байх. Ялсан намын үзэмжээр томилгоо хийгдсээр ирсэн...?
-Та зөв анзаарсан байна. Боловсролын ихэнх сайд яг ийм шалгуураар л томилогдсон хүмүүс.Засгийн газар тогтворгүй байсхийгээд солигддог гээд бодохоор нэг сайд жил найман cap л ажиллаж байна. Энэ хугацаанд юу ч хийж амжихгүй.
-Сайд улс төрийн албан тушаалтан учраас хэн байх нь чухал биш, доод албан тушаалтнууд нь мэргэжлийн хүмүүс байх ёстой гэсэн тайлбар хэлдэг шүү дээ?
-Дэлхийн жишиг тийм биш. Дэлхийд сайд, улстөрч, ард түмэн гэсэн ойлголт л байгаа. Ерээд оноос хойш олон сонин нэр томьёонууд зохиож байна. Ардчилал,чөлөөт зах зээлийг монголчилж байна.
Олон улсын стандарт гэж бийг орхиж гээж болохгүй. Улс төрийн албан тушаал гэж дэлхийд байдаггүй гэдгийг ойлгох ёстой. Нам гэдэг бол сонгуульд өрсөлддөг институц.
Төр бол тухайн салбараа мэддэг хүнийг сайд, даргаар тавьдаг институц. Гэтэл өнөөдөр нам төрийн дээр гарчихаад байна. Улс төрийн албан тушаалтан гэдэг чинь бидний зохиосон нэр томьёо. Political гэж дэлхийд байхгүй. Гадаадад political гэж ярихад ойлгохгүй. Бид өөрсдийнхөө зохиосон зүйлд итгэчихээд байна л даа.
-Та боловсролын шинэчлэл хийнэ гэж байгаа. Сүүлд гэхэд эцэг, эхийн форум хүртэл хийсэн. Шинэчлэлийг яг яаж хийх вэ, ойрын хугацаанд амжуулах боломжтой юу?
-Боловсролын шинэчлэл хийхийн тулд ямар ажлууд хийх вэ гэсэн асуулт тавиад багцаалдаад харахаар 600 гаруй ажил байна. Түүний нэг нь Боловсролын сайдаар боловсролын хүнийг тавих шийдэл.
Товчхондоо бүтээмжтэй монгол хүнийг боловсролын системд бэлтгэх хэрэгтэй. Шинэчлэлийг нэг амьсгаагаар хийх боломжгүй, цаг хугацаа шаардсан ажил. Миний тооцоогоор наймаас арван хоёр жилийн дотор өөрчлөх боломжтой.
-Зургаан зуун ажил хийж байж систем цогцоороо шинэчлэгдэх нь ээ?
-Тийм. Зургаан шинэчлэл хийсэн төдийд боловсролын систем шинэчлэгдэхгүй. Зургаан зуун өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж байж шинэчлэл болно. Ийм өөрчлөлт хийсний эцэст бид Финляндын системтэй дөхөж очно.
Сингапурын системтэй ижил түвшинд зиндаархана. Зургаан зуун өөрчлөлтийн нэг нь зорилгоо тодорхойлох. Бидэнд нэг алдаа бий. Зорилгоо дандаа дэлхийн хойноос хөөх гэж, дэлхийн дунджид хүрэх гэж дэвшүүлдэг. Финляндаар жишээлье.
Байгалийн баялаг гэх мэт эдийн засгийн том хөшүүрэггүй. Цэрэггүй. Их 20-д багтдаггүй. Тэгсэн мөртлөө боловсролын системээрээ дэлхийд нэгт ордог. Учир нь финляндчууд дэлхийн дунджид хүрэх гэж, араас нь хөөе гэх мэт утгагүй зорилго дэвшүүлдэггүй. Зөвхөн дэлхийд нэгт орно гэсэн зорилго л дэвшүүлсэн. Боловсролын системийн зорилго бол бүтээмжтэй монгол иргэнийг бэлдэх. Энэ зорилгоо ч ойлгохгүй явж байна.
-Бүтээмжтэй Монголыг бэлдэхийн тулд яах ёстой гэж?
-Бүтээмжийг дэлхий даяар сүүлийн зуун жилийн турш судлаад хариуг нь гаргачихсан. Тэр хариу нь сэтгэл зүй. Өнөөгийн Монголд байгаа систем 1850-иад онд Англид үүссэн. Цээжлэлтэн дээр суурилсан боловсролын систем шүү дээ. Хүнд эрдэм мэдлэгийг цээжлүүлж олгодог систем. Хүн төрөлхтөн энэ систем буруу гэдгийг, ийм системээс бүтээмжтэй хүн төрөхгүй болохыг аль 1970-аад олоод харчихсан.
Бүтээмжийн хүчин зүйл бол сэтгэл зүй гэдгийг тэр үеэс харж эхэлсэн. Ийм учраас дэлхий даяараа сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжиж байна. Миний яриад байгаа 600 өөрчлөлтийн хамгийн том уриа нь энэ.
Товчхондоо цээжлэлтэд суурилсан боловсролын системээс сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжих шилжилтийг боловсролын шинэчлэлт гээд байгаа юм. Энэ шинэчлэлтийг уншигч, ард иргэд оролцоод хийх ёстой. Үүнийг хүн бүр дэмжих учиртай. Би энэ жил боловсролын шинэчлэлийн хүрээнд 1,000 эцэг эхийн чуулга уулзалт зохион байгуулсан.
Тэр арга хэмжээнд оролцсон эцэг эхчүүд боловсролын систем яагаад шинэчлэгдэх ёстойг ойлгоод гарсан. Боловсролын систем болохгүй байгааг ямар ч байсан мянган аав, ээжид ойлгуулаад байна.
-Таны ярилцлагыг уншаад салбарын сайд ч юм уу хэн нэгэн хандвал боловсролын системийг шинэчлэх загвар нь бэлэн байгаа юу?
-Бэлэн байгаа. Та ярианы эхэнд яагаад санхүүгийн салбараас боловсрол руу орсон тухай сонирхсон доо. Би 12 жил эдийн засагчаар ажиллахдаа яаж бүтээмжтэй хөдөлмөрлөх вэ гэсэн асуултад хариу хайж судалгаа явуулсан.
Боловсролын системд бэлтгэгдэж төгссөн хүмүүсийг ажиллууллаа. Тэр утгаараа боловсролын системээс ямар бүтээгдэхүүн гардгийг бүрэн дүүрэн мэдэрсэн хүмүүсийн нэг. Өөрөөр хэлбэл Ганзориг гэдэг хүн нэгдүгээрт хэрэглэгч.
Хоёрдугаарт, өнөөгийн боловсролын системээр дамжиж гарсан бүтээгдэхүүн. Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засгийг судалдаг анализ хийдэг эдийн засагч.
Боловсролын системийг бүх талаас нь харж ойлгосон гэж хэлж болно. Үнэхээр системээ шинэчилье гээд зориод ирвэл иргэн хүнийхээ хувьд хөлс мөнгө нэхэхгүйгээр улсынхаа төлөө зүтгэх сэтгэл надад байгаа. Боловсролын системийн шинэчлэл мэдээж ганц хүний хийж чадах зүйл биш. Төр засгийн хувьд онцгой анхаарч хууль санаачилж баталж, нэлээд ажил орж байж хийгдэх шинэчлэл.
-Сэтгэл зүй дээр тулгуурлаж шинэчлэх ёстой гэдгээ тодруулаач?
-Стив Жобсын амжилт Сингапур улсын хөгжлийн нууц, Хятадын эдийн засгийн цаад шалтгаан гэх мэт өндөр бүтээмжийн нарийн учрыг сэтгэл зүйчид сүүлийн зуун жил судалж байна.
Эцэст нь “Хүний хүсэл эрмэлзэл, сэтгэл зүйн боловсрол юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сэтгэл зүйн боловсрол дотроо олон хүчин зүйлс .гарч ирж байна. Монголчууд хандлага, төлөвшил, хүмүүжил гэж ярьдаг. Санаа зөв бол заяа зөв гэсэн зүйр үгтэй улс. Товчхондоо энэ бүх зүйл нийлээд сэтгэл зүй.
Өөрөөр хэлбэл сэтгэл зүй бол IQ гэдэг шиг тоо биш. Тийм учраас сэтгэл зүйд суурилсан шинэчлэл хийхэд хэцүү. Иймээс би энэ ухааныг судлах гэж Америк явж суралцаад ирсэн.
-Америкаас сурсан зүйлээ хуваалцахад бэлэн байх нь ээ?
-Хуваалцахад бэлэн. Хүсвэл дэлхийн шинэчлэл хийж байгаа сэтгэл зүйч нартай ч холбож өгч болно.
-Шинэчлэл хийхийн тулд энэ чиглэлээр мэргэшсэн алдартай сэтгэл зүйчдэд хандана гэсэн үг үү?
Тэгнэ, дангаараа бие даагаад хийх зүйл биш. Мэдээж дангаараа бие даагаад хийх зүйлс бий. Сайдыг мэргэжлийн хүнээр томилохыг бид өөрсдөө чадна. Боловсролын яамны бүх ажилчдыг сэтгэл зүйд суурилсан боловсрол гэж юу вэ гэсэн сэдэвтэй сургалтад хамруулах боломжтой.
Мөн зорилгоо зөв дэвшүүлэх нь маш чухал. Дэлхийн тэргүүлэх боловсролын системтэй болъё гэж зорих хэрэгтэй.
-Таны дижитал контент гаргах санаа хэрэгтэй шийдэл санагдсан. Маш сайн багшийн хичээлийг онлайн болгоод түгээж эхэлбэл хурдан хугацаанд эерэг үр дүн гарах байх шүү?
-Миний хэлээд байгаа энэ шийдэл түрүүн дурдсан 600 ажлын гурав дахь нь. Тэр сургуулийн тэр багш математикийг маш сайн заадаг, ямар ч хүүхдэд ойлгуулж заах ур чадвартай гэж ярьдаг даа. Мэргэжлээрээ “өвчилсөн” ийм багш нарын хичээлийг дижитал контент болгоод дунд сургуулийн сурагчдад нэгэн зэрэг хүргэх санаа л даа.
-Энэ ажлыг хийхэд хэчнээн төгрөг шаардагдах бол?
-Ердөө 200 орчим сая төгрөг төсөвлөхөд л иж бүрэн дижитал контент гаргах боломжтой.
-Сэтгэл зүй рүүгээ эргээд оръё. Та Америкт сурах үедээ л сэтгэл зүй рүү гүнзгийрч оров уу, эсвэл өмнө нь судалж байсан уу?
-Би эдийн засаг хориод жил судалж, 12 жил гүйцэтгэх захирлын алба хашсан хүн. Сэтгэл зүйн ухаан ч миний хувьд шинэ салбар биш. Арван жил судалсан.
Цаашид нэг компанийн захирлаар ажиллаж, боловсролын системээс чанаргүй бүтээгдэхүүн гарахыг зүгээр харж суухыг хүсээгүй.
-Боловсролын систем шинэчлэгдтэл реформоо ярьсаар, нөлөөллийн ажлуудаа хийсээр байх уу?
-Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ.
-Өндөр цалинтай гүйцэтгэх захирлын ажлаасаа татгалзаж, боловсролын шинэчлэлийн төлөө цалин хөлсгүй зүтгэх хэцүү биш үү?
-Миний хувьд бүрэн дүүрэн биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Монгол Улсын иргэн, энэ улсын боловсролын системийн бүтээгдэхүүн учраас боловсролын салбарынхантай нэгдэж нийлээд системийг өөрчлөхийн төлөө чадах хэрээрээ ажиллана. Давтаад хэлэхэд би боловсролын реформ хийх ажлаа зогсоохгүй.
-Боловсролын сайдад биш аав, ээжүүдэд хандах нь илүү нөлөөтэй гэж харж байна уу. Таныг боловсролын реформ ярихаар улс төрд орох нь, энэ салбарын сайд болохоор амбицлаж явна гэж харах улс байж мэдэх л юм...?
-Надад сайд болох санаа зорилго байхгүй. Сонгуульд өрсөлдөх сонирхол ч алга. Боловсролын системийг шинэчлэхийг хүсэж байгаа жирийн л нэг иргэн. Энэ салбарын шинэчлэлд олны дэмжлэг маш чухал учраас аав, ээжүүдэд эхлээд ойлгуулах нь зөв шийдэл гэж харсан.
-Багш нар руу хандсан шүүмжлэл их дуулддаг. Боловсролын системийн шинэчлэлийн нэг том хэсэг нь багш нар байх тийм үү?
-Би багшийн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Өвөө, эмээ, ээж минь багш. Багшийн ажил ямар хэцүү, цалин хөлс нь хэчнээн багыг мэддэг.
Миний хувьд Монголын багш нарын нэгийг ч буруутгаагүй. 30 жилийн турш боловсролын системийг хаяж улс төржүүлсэн менежмент, удирдлагад л бурууг өгнө. Гэхдээ надад буруутан хайх сонирхол алга. Шинэчлэлийг цаг алдалгүй хийх л чухал байна.
-Сэтгэл зүйд биш цээжлэлтэд суурилсан боловсролын систем бүтээмжгүй иргэдийг төрүүлж байна гэж та хэд хэдэн удаа онцоллоо. Хувь хүний хөгжилд яг яаж нөлөөлж байгааг илүү энгийнээр тайлбарлаач?
-Өнөөдөр 22 настай хүн 12 настай хүүхэд шиг байна. 50 настай улстөрч нь хорин хэдтэй залуу шиг аяглаж сууна. 50 настай улстөрчийн сэтгэл зүй 10 настай хүүхэд шиг байгааг бултаараа харж суугаа. Хамгийн наад заахын энгийн жишээ гэвэл энэ л дээ. Хүнлэг биш, сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүсийг эрж хайх шаардлагагүй, гудамжид гарахад л таардаг.
Энэ бас боловсролын систем хуучирч, үеэ өнгөрөөсний тод жишээ. Энэ улс хөгжье урагшилъя гэвэл бусдыгаа хайрладаг, хүндэлдэг, сэтгэл зүйн хувьд зөв төлөвшилтэй иргэн бэлдэх хэрэгтэй. Үүнийг л сэтгэл зүйд суурилсан шинэчлэлт гээд байгаа юм.
-Сэтгэл зүйд суурилсан боловсролын системтэй болъё гэвэл дэлхийн туршлагыг шууд хуулахад болох уу. Эсвэл Монголын онцлогт тохирсон болгож өөрчлөх ажил бий юу?
-Дэлхийд технологи нь гарчихсан. Тэр технологийг нь авчрахад л болчих ажил.
-Сэтгэл зүйгээр нь дамжуулж бүтээмжтэй иргэдийг бэлдэнэ гэж ойлголоо. Шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал...?
-Эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд хүний тархи буюу сэтгэл зүйг баримлын шавар шиг уян хатан, өөрчлөгдөж хөгждөгийг тогтоосон. Эрдэмтэн судлаачид тархийг хүний булчинтай харьцуулсан байдаг.
Товчхондоо мундаг бүтээлч, агуу амжилттай эрдэмтэн багш, улстөрч болоход сэтгэл зүй шууд нөлөөлдгийг тогтоочихсон. Сэтгэл яагаад уян хатан байна вэ гэхээр орчноос шалтгаалж уян хатан болдог. Өөрөөр хэлбэл та хүүхэдтэйгээ яаж харьцана, хүүхэд тийм л хүн болдог. Аав, ээжүүдэд хандаж зөвлөхөд хүүхдээ математикийн олимпиадын аварга болгох гэж зүтгэхийн оронд сайн аав, сайн ээж, сайн хамтрагч, сайн иргэн, сэтгэлийн хаттай хөдөлмөрч бүтээлч хүн болгоход нь анхаарах хэрэгтэй.
Боловсролын системийг шинэчилнэ гээд байгаагийн гол учир нь энэ. Тэр тархийг нь хөгжүүлэх гээд байгаа юм. Би фэйсбүүкт “Хүүхдээ яаж мундаг хүн болгох вэ?” гэсэн хуудас нээсэн. Сонирхсон нь үзээрэй гэж хэлмээр байна.
24news.mn