Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.
-Нийгэмд шуугиан болж байсан хэргүүдэд та өмгөөлөгчөөр оролцож байсныг санаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин, мөн “Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хэргүүд юу болж төгссөн бэ?
-УИХ гишүүн асан Д.Ганхуяг гуайн охины хувьд нийгэмд өсвөр насны охидын дунд далд хэлбэрээр оршин байгаа гэмт үйлдэл, эс үйлдлийн талаар зоригтой мэдээлсэн үйл явдал байсан төдийгүй ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд байгаа хар тамхины хэрэглээ анхаарал татсан асуудал болоод байгааг өөрийн нэр төрийг золиослон байж олон нийтэд мэдээллэсэн. Нэр дурдагдсан хүүхдүүдийг тухайн үед ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас шалгахад холбогдогч хүүхдүүдийн заримаас нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь илэрч зохих хариуцлага хүлээсэн байдаг. Энэ үйл явдал нийгэмд гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, томчууд бидний зүгээс үр хүүхдүүддээ байнга хараа хяналт тавьж байх шаардлагатай гэдгийг харуулсан алхам байсан. Уг хэргийн хувьд хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэж байгаа бөгөөд хүүхдийн нэр төр, хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй хариулах боломжгүй байна.
“Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины хэргийн тухайд хоёр жилийн хугацаанд шалгагдаж гурван шатны шүүхээр хянагдаж хуульд заасан журмын дагуу зохих ял шийтгэл авсан. Ял шийтгэлийн тухайд шүүхээс тэр бүр ногдуулаад байдаггүй бүх насаар нь хорих ял оногдуулж шийтгэсэн байгаа.
-Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж хэрэг сунжруулдаг, ял завшдаг явдал газар авсан тухай их ярьж байна. Зарим шуугиантай хэргүүд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байна. Таны өмгөөлж буй хэргүүдэд ийм зүйл тохиолдож байв уу?
-Миний өмгөөлж буй хэргүүдэд одоогоор ийм зүйл тохиолдоогүй. Хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь “нэг” жил байдаг. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тоолдог нь учир дутагдалтай.
Учир нь энэ нь ял завшихад хүргэж байна. Тиймээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас прокурорын яллагдагчаар татах тогтоол гарсан цаг хугацаа хүртэл тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай санал нэг байдаг. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолдог хуультайг мөн хэлэх нь зүйтэй байх.
Жишээлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэтэл уг хэргийг үйлдсэн этгээд хэргийг сунжруулж явсаар байгаад эцэстээ шүүхээс гэмт буруутайд тооцогдсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал ажиглагддаг.
-Та ихэвчлэн эрх нь зөрчигдсөн охидын хэргийг өмгөөлдөг. 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийн ялын ялгаа хэр өөр вэ?
-2002 оны Эрүүгийн хуулиар хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь заавал эмэгтэй хүн байх бөгөөд хамгаалагдах объект нь эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдал байна гэж тайлбарлан, хэрэглэж ирсэн. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдлыг хүчиндэх гэмт хэрэг биш, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тооцож байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар “Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно” гэж заасан нь хүйсийн ялгаваргүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг хамгаалах боломжийг бүрдүүлсэн сайн талтай. Түүнчлэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцсон. Ингэснээр зөвхөн бэлгийн харьцаанд орсон эсэхээр хязгаарлалгүй бэлгийн харьцааны шинжтэй бусад үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцдог олон улсын жишигт нийцүүлсэн байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгож, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, харгис хэрцгий аргаар үйлдсэн бол хүндрүүлэхээр заасан. Мөн өсвөр насны хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг онцгойлон эрүүгийн эрх зүйгээр хамгаалсан нэг гол зохицуулалт нь энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол онц хүндрүүлэхээр гэж ч бас заасан байгаа.
-Тэгвэл хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэргийн ялын бодлого ямар байгаа вэ?
-2002 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах хорих ялын хэмжээг 5-10 жил байсныг 2-8 жил болгон ялын дээд болон доод хэмжээг бууруулсан. Онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнд 15-25 жилийн хугацааг 12-20 жил болгон цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан байдаг. Эндээс үзэхэд, хорих ялын хэмжээг зөөлрүүлсэн нь илт харагддаг юм. 2015 оны Эрүүгийн хуулиар ялын доод, дээд хэмжээний интервалыг сунгаснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай хүний хувийн байдалд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн төдийгүй шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикаас харахад энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдэд оногдуулсан биечлэн эдлэх хорих ялын хугацаа мэдэгдэхүйц өссөн байгаа юм.
2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдэж түүний улмаас 530 иргэн хохирсон байдаг. Улсын Дээд шүүхээс гаргасан судалгаанаас харахад 2012-2018 онуудад анхан шатны шүүх хүчиндэх гэмт хэргийг нийт 1695 хүнд холбогдох 1441 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2018 онд шийдвэрлэсэн хүчингийн хэрэг, ял шийтгүүлэгчийг 2012 оны мөн үетэй харьцуулахад өссөн байдаг.
Сүүлийн зургаан жилийн дүнгээс үзэхэд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байгаад бид онцгой анхаарал хандуулж, дүгнэлт хийхгүй байхын аргагүй. Хүчиндэх гэмт хэргийн 33 хувь нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн байна.
-Ер нь энэ төрлийн хэргийн хүрээнд өөр анхаарал татсан ямар асуудлууд байдаг вэ?
-Юуны өмнө бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг үйлдэж байгаа субьектүүдэд хүлээлгэх хариуцлагаас гадна гэмт хэргийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, хамгаалах вэ гэдэг нь хамгийн чухал байгаа юм. Эрх нь зөрчигдсөн охид, эмэгтэйчүүд хохирогч болоод үлддэг, насан туршдаа сэтгэлийн хүнд дарамт, сэтгэл зүйн эмгэг, сэтгэлийн шархтай үлдэж байгаад гол учир байна. Энэ асуудалд төрийн бодлого, хуулийн тодорхой зохицуулалт үгүйлэгдэж байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон охид, эмэгтэйчүүдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан шууд ба шууд бус хохирлын үнэлгээг тогтоож, нөхөн олговор олгодог зохицуулалтад шилжих хэрэгтэй. Гэмт хэрэгт хохирогч болсон охид эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаан доромжилдог, мэдээлдэг байдлыг таслан зогсоох шаардлагатай. Хохирогчийн сэтгэлийн гэмтлийг цаашид хэрхэн эмчлэх вэ гэдэг асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой гарц гаргалгаа байгаа. Төсөвт хүндрэл учруулахгүйгээр ч шийдэж болно. Хохирогчийг сэтгэл заслын болон эрүүл мэндийн үйлчилгээний үнэлгээг гаргаж эмчилгээ сувилгаанд хамруулдаг байж болно. Энэ үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаараа авч яагаад болохгүй гэж. Магадгүй дараа нь гарсан төлбөрийг гэмт хэрэгтнээс шүүхээр тогтоогдсоны дараа төлүүлж төрийг хохиролгүй болгож болно шүү дээ. Амьдрал практик дээр гэм буруу нь шүүхээр шийдвэрлэгдтэл хохирогчид эмчилгээний төлбөрийг шилжүүлэх, төлөх тухай асуудал тун ховор байдаг. Энэ хугацаанд хохирогч улам бүр сэтгэлийн дарамтыг мэдэрдэг. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд төр энэ зэргийн зохицуулалт хийж эмнэж эдгээж авахад болохгүй зүйл гэж юу байх вэ дээ. Сэтгэл шингэсэн, хүнээ гэсэн төрийн бодлого, хууль зүйн зохицуулалт л үгүйлэгдэж байна.
-Хууль зүйн талаас цаашид юуг яаж өөрчлөх хэрэгтэй вэ. Хууль хэрэглэх явцад ямар зүйлүүд илүү анхаарал татаж байна вэ?
-Маш тодорхой хэдэн зүйлийг товчлон хэлье. Нэгдүгээрт нь,Хүчингийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдэд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, нөлөөлөх нөлөөлөл, сөрөг үр дагавар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан ялыг ялгамжтай оногдуулж байгаа хэдий ч олон удаагийн үйлдлээр хүчирхийлснийг тусгайлан анхаарч Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “удаа дараа” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид оруулах нь зүйтэй юм. Мөн энэ гэмт хэргийг үйлдэж байгаа субьектив санаа зорилгод нийцсэн хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Яагаад гэвэл практикаас харахад харилцан тохиролцож зочид буудал явж, бэлгийн харилцаанд орчихоод маргааш нь цагдаагийн байгууллагад намайг хүчиндчихлээ гэж мэдүүлж, улмаар эрэгтэйчүүдийг дарамталдаг, мөнгө шантаажилдаг үйлдлүүд ч гарсаар байгаа. Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь хүч хэрэглэн санаатай үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлээс өөрөөр зохицуулагддаг байх шаардлагатай.
Хоёрдугаарт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт буюу 14-16 настай хүнийг хүчиндсэний улмаас хүнд гэмтэл бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсан гэсэн шинжийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нэмж оруулан баталгаажуулах шаардлагатай.
Гуравдугаарт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээгээр өөрчлөлтөд орж, сэтгэл санааны хувьд хохирол хүлээдэг учраас төрөөс хүчингийн гэмт хэргийн хохирогчийн шууд болон шууд бус хохирлын үнэлгээг тогтоож, улмаар эмчилдэг, тодорхой мөнгөн дүнгээр нөхөн олговор олгодог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөх эрхээр заавал хангах зохицуулалтыг бий болгох, насанд хүрээгүй хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулахыг хориглосон заалтыг нэмэгдүүлэх нь чухал.
Тавдугаарт, Мөн Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсвэл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол”... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг ба энэ заалтын торгуулийн ял болон зорчих эрх хязгаарлах ялыг уг зүйл хэсгээс хасаж, харин уг зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүчиндэх гэмт хэрэгт торгуулийн ял өгдөг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл ч бий.
-Цаашдаа хуулиа өөрчилж, ялын бодлогоо оновчтой болгох зайлшгүй хэрэгтэй юм байна. Яагаад хүчиндэх, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх хэрэг өсөөд байна вэ?
-Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа үйлдэл энэ төрлийн гэмт хэргийн 33 хувийг эзлээд зогсохгүй энэ гэмт хэрэг ураг төрлийн шинжтэй болоод байгаад гол анхаарлаа хандуулах учиртай байна. Судлаачийн хувьд дүгнэхэд, гэмт хэргийн тоо өсөж, улам бүр санаанд оромгүй хэв шинжтэй болоод байгаагийн цаад учиг нь ердөө л энэ ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодисын хэрэглээ өссөн зэрэгтэй шууд холбоотой. Гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурсан иргэд үйлдэж байна. Архины зохисгүй хэрэглээ гэмт хэрэг гарах, гэмт хэрэгтэй болох урьтал нөхцөлийг бий болгож байна. Боловсролгүй иргэд гэмт хэргийг түлхүү үйлдэж байна. Засгийн газрын зүгээс Иргэдээ ажилтай, орлоготой болгож, нийгмийг соён гэгээрүүлэхэд бодлогоо чиглүүлж улмаар гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, өөрөөр хэлбэл эцэг эхийн үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Эх сурвалж Өдрийн сонин
24news.mn