Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбар болон хөрөнгийн зах зээлтэй уялдаатай хөгжүүлэх талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны (МҮЦАЭХ) Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
- Монгол Улс мөнгөний хомсдолтой орон. Банкны хүү өндөр байгаа нь зах зээлийн тогтолцоо, мөнгөний эрэлт нийлүүлэлтээс хамаарч байгаа юм.
Эрэлт байгаад нийлүүлэлтээ гүйцэхгүй бол аливаа үнэ өсдөг. Эрэлтээ хангахын тулд эдийн засагт мөнгө цутгах ёстой. Зээл, санхүүжилт хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байж эдийн засгаа тэтгэж, хөгжинө. Манай улсын эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл, зүрх нь уул уурхай, судас нь зах зээл, цус нь мөнгө юм. Цусаар хангаж чадахгүй бол эд эрхтэний хэвийн ажиллагаа алдагддаг шиг өнөөдөр Монгол Улсын эдийн засаг “өвдсөн” байна.
- Эдийн засгийг тэтгэх хөрөнгө оруулалтыг хязгаарлаж буй хүчин зүйлс чухам юу гэж тодорхойлох бол?
- 2010 оноос Монгол “моодонд” орж уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Барууны өндөр хөгжсөн орнуудын хөрөнгө оруулагчид олноор Монголд ирж байлаа.
Улаанбаатарт түрээслэх оффис олддоггүй байсан цаг. Тавантолгой ордын тендерт оролцохоор дэлхийн нэр хүндтэй банкууд, томоохон хөрөнгө оруулагчид, уул уурхайн үндэстэн дамнасан корпорациуд хоорондоо өрсөлдөж, хайгуулын салбар ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байв. ММС, Хүннү коал, Аспайр майнинг, Вояжер, Вүлф петролиум гээд Монголын 40 гаруй компани дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргасан. Монгол менежмэнттэй компани анх удаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж 750 сая ам.долларын хөрөнгө босгосон түүх бий. Энэ бүгд Монголын эдийн засаг руу л хөрөнгө цутгасан юм. Олон улс гэлтгүй Монголын хөрөнгийн бирж дээр уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсч, Шарын голын нэгж хувьцаа 36 мянга, Могойн голынх 57 мянга, Багануурынх 42 мянгад хүрч байсан. Энэ бүгд уул уурхайн салбар, хөрөнгийн зах зээлийн уялдааг илтгэж байгаа юм.
Монгол Улсын ДНБ-ий өсөлт 17.3%-д хүрч дэлхийд гайхагдаж, гадаад хөрөнгө оруулалт түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоосон. Энэ оргил цаг үед хамгийн чухал зүйл нь гадаад валютын ханш тогтвортой байсныг хүснэгтээс харж байна.
2011-2012 онд ам.долларын ханш ердөө 20 төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл төгрөг үнэгүйдээгүй гэсэн үг. Ийм цаг үед Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль баталлаа, тусгай зөвшөөрлийг олноор цуцаллаа, гадаадын компанитай үүссэн маргаан олон улсын Арбитрын шүүхэд хүрч Монголын Засгийн газар 140 сая ам.долларын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдууллаа. Дөрвөн жилийн өмнө гадаадын шууд хөрөнгө оруулалт бүр хасах үзүүлэлт рүү орсон удаатай. Одоо ч хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэхгүй байгаа юм. Манай төр засгаас явуулж байгаа бодлого өөрсдийгөө л хорлож байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан тэр алдаагаа дахин дахин давтаж, сургамж авахгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн хэдэн жил дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг барьж чадахгүй, 30-40%-иар унаад байна. Гадаадын улс орнуудын зээл тусламж болоод төсвийн хөрөнгөөр онгоцны буудал, зам, гүүр, үйлдвэр барьж байгуулж байгаа ч эргээд бүтээн байгуулалтын барилгын материал, тоног төхөөрөмж, техникийг гаднаас импортолж хөрөнгөө гадагш урсгаад байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг “хөөгөөд” явуулсан. Одоо дотоодын бизнес эрхлэгчид рүүгээ дайраад эхэлсэн нь нууц биш. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, төр засгийн бодлого шийдвэр, иргэдийн харилцаа зан ааш ч гэсэн тэр яг л “галзуу хулгана” тоглоом шиг дүр зурагтай байна.
- Одоогийн энэ нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шийдэл юу байж болох вэ?
- Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах потенциал бий. Хөрөнгө оруулагчдад ч сонирхол байна. Гол нь төр засгийн бодлого тодорхой, нээлттэй, хөрөнгө оруулах таатай орчин байх хэрэгтэй.
Төрийн бодлого тодорхой, тогтвортой хөгжлийг хангахад хариуцлагын тогтолцоо дутагдаж байна гэж би үздэг. Байгаль орчин сүйтгэсэн, нөхөн сэргээлт хийгээгүй, улсад татвар төлөөгүй компаниудын мэдээлэл нь нээлттэй байх ёстой. Хууль дүрэм ойлгомжтой, бүгд ягштал биелүүлдэг тогтолцоо өнөөдөр Монголд үгүйлэгдэж байна.
Энэ нь тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан үйл явдлаас тодорхой харагдаж байгаа юм. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан материалуудыг судалж үзлээ л дээ. Гэтэл тэр дунд огт олборлолт нь эхлээгүй компанийг байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна. Энэ шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд л хохирч үлдэнэ. Гэтэл тухайн газарт тусгай зөвшөөрөл олгосон, байгаль орчин сүйтгэсэн үйл ажиллагааг дор бүр нь хянаж шалгах үүрэгтэй мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд ажлаа хийгээгүй, үүндээ хариуцлага хүлээхгүй байна. Улс “нинжа”-гаа зохицуулж чадахгүй байна шүү дээ. “Нинжа” нар орон нутаг, албан бус байгууллага, хууль хүчин болоод мэргэжлийн хяналтын байгууллагуудтай “холбоо сүлбээтэй”-гээр илүү нарийн үйл ажиллагаа явуулдаг болжээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн тодорхой хэсэгт нутгийн “нинжа” нарыг оруулахгүй бол уурхайг эсэргүүцдэг үзэгдэл түгээмэл болсон. Тиймээс төр засаг, улстөрчид ард түмэнд таалагдах гэж бус үндэслэлтэй, хууль журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх учиртай. Тодорхойгүй шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь дарамт, шахалт байгаа мэт харагдаж, ойлгогдож байна. Ийм маягаар явбал цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй.
- Ашигт малтмалын потенциал талаасаа Монголын хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах талаар Таны үзэл бодол?
- Хайгуул нь маш эрсдэлтэй үйл ажиллагаа. Хайгуулын ажилд 10 компани хөрөнгө орууллаа гэхэд нэг л компанийн хайгуулын үр дүн сайн гарах магадлалтай.
Ийм эрсдэлтэй ажлыг улс өөрийн хөрөнгөөр хийнэ гэж сүүлийн үед ярьж буйд ихэд гайхаж байна. Улс аль болох хөрөнгө бага зарцуулж, эрсдэлгүйгээр ашигт малтмалын нөөц, геологийн мэдээллээ бүрдүүлээд авбал ашигтай баймаар юм. Олдоо ч уу, үгүй ч уу гэдэг шиг эрсдэлтэй ажилд Монгол Улс өөрийн хөрөнгийг зарцуулна гэхээр хайран санагдаж байна. Үүний оронд сургууль, цэцэрлэг, орон сууц гээд хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлага их бий. Харин хайгуулын салбарт гадаадын компаниуд орж ирснээр Монголд хөрөнгө оруулалт нэмэгдэх нэг гарц мөн. Монголын “Хүннү коал” компани хайгуулаас ажлаа эхэлж, нүүрсний нөөц илрүүлэн Австралийн хөрөнгийн биржид гарч хувьцаа нь өссөнийг санаж байгаа байх. Уг компанийн адил хайгуулын олон компани Австрали, Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарч, хөрөнгө босгож түүнийгээ Монголын эдийн засаг руу оруулсныг би дээр дурдсан. Тэгэхээр хамгийн эрсдэлтэй энэ чухал салбараа гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэх хэрэгтэй гэж үздэг. Хайгуулын салбараа зогсоох юм бол цаашид уул уурхайн салбар хөгжих боломжгүй болно.
- Гадны банкуудыг дагаад хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой юу? Монголын санхүүгийн салбарт гадаадын банк байх хэрэгтэй эсэх талаар багагүй маргаан өрнөсөн шүү дээ.
- Монгол Улсын хувьд 32 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлддэг жижиг эдийн засаг.
Эдийн засаг ид тэлж, гадаадын хөрөнгө оруулалтын оргил цаг үед гадаадын хэд хэдэн банкууд манай зах зээлийг сонирхсон юм. Зарим нь төлөөлөгчийн газар байтугай салбараа Улаанбаатарт нээх хүсэлтүүдээ өгч байсан. Эдгээр банкууд үндэстэн дамнасан компаниудад санхүүжилт олгох, дэлхийн хэмжээний томоохон төслүүдийнх нь хөрөнгө оруулалтыг хангах сонирхлоор Монголд үйл ажиллагаа явуулахаар зорьсон болохоос биш Монголын банкуудын хадгаламж эзэмшигчдийг булаахгүй гэсэнгүй. Оюутолгой компани гэхэд хэдэн тэрбум ам.долларын арилжаа хийдэг. Тэр хэмжээний санхүүгийн эрсдэлийг Монголын банкууд даах чадвар одоогоор алга. Өнөөгийн байдлаар, Монголын арилжааны банкууд олон улсын санхүүгийн C, B зэрэглэлтэй байна. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл яригдаж байх үед би гадаадын банкуудын захирлуудтай уулзахад одоо бол Монголын зах зээлд сонирхолгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхолгүй байгаатай холбон тайлбарласан. Төрийн бодлого тогтворгүй энэ үед Монголд үйл ажиллагаа явуулах шаардлага одоогоор байхгүй гэж гадаадын банкууд үзэж байна.
- Хөрөнгө оруулалт буурч, нэмэгдэх хандлага бага энэ үед Монголын эдийн засаг ямар бодит нөхцөл байдалтай ирэх жилүүдийг угтах бол?
- Одоогийнх шиг уул уурхайн салбараа “савчуулаад” байх юм бол хямралд бэлтгэхээс өөр аргагүй. Энэ оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтээр, Монгол Улсын ДНБ-ний 23.5%-ийг дангаараа уул уурхайн салбар бүрдүүлж байна. Бусад салбаруудаас хамгийн их хувь нэмэр оруулж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байгааг ойлгоход хэцүү биш. Одоогоор уул уурхайтай дүйцэхүйц орлого бүрдүүлж буй салбар хараахан байхгүй. Улсын нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, гадаад валютын гол орлого нь энэ. Уул уурхайн дараагаар худалдаа, хөдөө аж ахуйн салбарууд орж байна. Худалдаа нь уул уурхайн салбараа дагадаг. Хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн тодорхой бодлого байхгүй байна. Тус салбараас орлого бүрдүүлэхэд маш их хугацаа шаардагдана. Тэгэхээр уул уурхайгаа зогсоох юм бол хөрөнгө, мөнгө хаанаас бүрдүүлэх нь ойлгомжгүй. 2020 оны улсын төсвийн 40% нь цалин, тэтгэвэр, тэтгэмж байна. Инфляцтай уялдуулан ирэх жил улс цалин, тэтгэвэр нэмнэ гэх. Гэтэл дэлхийн эдийн засаг ч өөдрөг бус байна. Гадаад зах зээлд түүхий эдийн ханш буурах төлөвтэй. Дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж эхэлсэн. Зах зээл эрсдэлтэйг илтгэдэг метал болох алтны ханш өсч байна. Хятад-Америк, Япон-Өмнөд Солонгос худалдааны маргаан тодорхойгүй өрнөж буй. Гадаад орчин таагүй, дотооддоо ч тогтворгүй энэ үед Монголд хямралын шинж тэмдэг ажиглагдаад эхэллээ.
- Тэгвэл гарц, шийдлийн талаар Таны байр суурийг сонирхоё?
- Салбар салбарын мэргэжилтнүүд холбоондоо нэгдэж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх нэг гарц байж болох юм.
Дуугүй байх тусам байдлыг улам өөгшүүлнэ. Монгол Улс хувийн хэвшлийг дэмжсэн зах зээлийн эдийн засгийн тогтолцооноосоо ухарч байгааг өнөөгийн статистик харуулж байна. 2000 оны эхээр улсын ДНБ-ий 90 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлж байж. Өнөөдөр 77%-д хүрч буурсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмч нэмэгдэж байна. Төрийн өмчит компани нэрийн дор улс төрчид бизнес хийдэг болжээ. Уг нь монголчууд бид ардчилал болон хувийн хэвшилд суурилсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон. Гэтэл одоо эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, эргээд ухарч байна. Үүнд хувийн хэвшлийнхний дуугүй байгаа нь ч буруу. Салбар бүхэн мэргэжлийн холбоодтой, хувийн хэвшлийг төлөөлдөг МҮХАҮТ гэж бий. Мөн иргэн бүр төрөө хянадаг, дуу хоолойгоо илэрхийлдэг, сонгуульдаа хариуцлагатай хандах үүрэг ухамсраас хамаарч байна. Монголчууд бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Төр бол дарга биш бидний эрх ашгийн төлөө үйлчлэх Үндсэн хуульд заасан үүрэгтэй байгууллага юм. Төрийн байгууллагын дарга, цэрэг ялгаагүй иргэдэд төрийн үйлчилгээг шударга, нээлттэй, шуурхай хүргэх гэж татварын мөнгөөр цалинждаг.
- Уул уурхайн салбарын үр өгөөжийг ард иргэд бодит хүртэхгүй байгаа учир энэ салбарыг үгүйсгэдэг талтай. Тиймээс ашигт малтмалын ордуудын тодорхой хувийг хувьцаагаар иргэн бүрт эзэмшүүлэх, үүний эхний ажил Тавантолгой ордын 1072 ширхэг хувьцаа, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төр засгаас зорьж байна?
- Уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортыг бүрдүүлж, улсын ДНБ-ий дийлэнх хувийг эзэлж, эдийн засгийн өсөлтийг хангаж буйг илтгэх статистикийн энэ олон тоо, үзүүлэлт хувь иргэний амьдралд огт мэдрэгдэхгүй байгаад гол асуудал юм. Иргэдийн зарим нь ажилгүй, ажилтай нэгний орлого нэмэгдэхгүй хэвээр л байна. Тэгэхээр баялгийн хуваарилалтыг иргэдэд бодит мэдрүүлдэг арга механизм нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт хувьцааг нь эзэмшүүлэх ёстой юм. Үндсэн хуульд “Газар доорх баялаг ард нийтийн өмч” гэж заасан эрх нь бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг төр олгосон мэт ойлголттой иргэд бас байдаг.
2011 оноос хойш яригдсаар ирсэн 1072 хувьцааны арилжаа өнөөг хүртэл явагдаагүй л байна. Ашигт малтмалын тухай хуулинд “Стратегийн ач холбогдол бүхий ордын 10%-ийг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, ард иргэдэд эзэмшүүлнэ” гэж заасан ч төрийн өмчит компани хэрэгжүүлэхгүй байна.
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгийг иргэдэд ногдол ашиг гэж амьдралд нь наалдахгүй багахан мөнгө тарааснаас улс орны эдийн засагт тулгамдсан төмөр замын бүтээн байгуулалт зарцуулж байгаа шүү дээ?
- Хувьцааны үнэ ханш, ногдол ашгийн их, бага байх нь хамаагүй иргэдэд бодитоор эзэмшүүлснээр тухайн уул уурхайн компанийн үйл ажиллагааг ойлгох юм. Үйл ажиллагаа сайн явуулснаар компанийн хувьцааны ханш өсч, иргэдийн ногдол ашиг ч нэмэгдэнэ. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласан. Хэрэв компани ашигтай ажиллаж байгаа юм бол ногдол ашгийг ард иргэдэд хүртээх хэрэгтэй л дээ. Иргэд өөрийн хувьцааг нэмэгдүүлэх, эсвэл худалдаж мөнгө болгох гээд арилжаанд бодитоор оруулах хэрэгтэй. Уул уурхайн өгөөж, баялгийн хуваарилалтыг иргэдэд мэдрүүлэхэд хамгийн богино хугацаанд боломжтой зүйл бол 1072 ширхэг хувьцаа юм. Үүнийг хамгийн сайн ойлгодог иргэд Өмнөговь аймгийнхан. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшдэг нутгийн иргэд жил бүр ногдол ашгаа авдаг. Өнөөдрийн байдлаар, тус компанийн нэгж хувьцааны ханш 6500 орчим төгрөг байна. Компани цэвэр ашгийнхаа бараг 80%-ийг ногдол ашигт тараадаг. Ийм учир нутгийн иргэд ч компанийнхаа үйл ажиллагааг дэмждэг, ойлгодог. Дараагийн нэг сайн жишээ “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Торонто болон Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн иргэддээ компанийн хувьцааг эзэмшүүлсэн. Компани алт олборлон үйл ажиллагааны орлоготой болмогц орон нутгийн иргэд ашиг, өгөөжийг нь хүртэж эхэлнэ. Ингэж л ард иргэдэд уул уурхайн салбарын үр өгөөжийг хүртээхгүй бол макро эдийн засгийн түвшинд статистикийн хуурай тоог төдийлөн ойлгохгүй.
- Одоо Монголын хөрөнгийн бирж дээр шинээр гарахаар төлөвлөсөн компаниуд байна уу?
- Дотоодын хөрөнгийн бирж дээр гарахаар бэлтгэж байгаа уул уурхайн компаниуд байгаа.
Уул уурхайн компаниудын хувьцааг ард иргэдэд эзэмшүүлснээр маш давуу талтай. Олон талын ач холбогдолтой. Нэгт, иргэдийн хандлагыг өөрчлөнө. Уул уурхайг эсэргүүцэх биш харин дэмждэг болно. Хувьцааг нь эзэмшиж байгаа учир өөрийн өмч, хөрөнгө гэдгийг ойлгоно. Нэг улс төрчийн “поп” мэдэгдэл компанийн хувьцааны ханш буурахад нөлөөлнө. Тэгэхээр иргэд өөрийн хөрөнгийг хамгаалж улс төрчидтэй хариуцлага тооцдог болох юм. Улстөрчдийн эрх үүргийг иргэд хянаж сурна. Хоёрт, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд хуулиараа үйл ажиллагаанаас гадна санхүүгийн бүх тайлан нээлттэй, олон нийтийн хяналтанд байдаг. Гуравт, эдийн засагтаа хөрөнгө оруулалт татна. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд хөрөнгийн зах зээлд орж ирдэг. Учир нь нээлттэй, зохицуулалттай зах зээл юм. Тиймээс уул уурхайн компаниудын зүгээс ч хөрөнгийн зах зээлд гарахыг эрмэлзэх хэрэгтэй. Компаниуд өөрсдөө иргэдэд баялгийн хуваарилалтыг хийх боломжтой.
- Компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр гарахад дотоодын хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжиж хараахан чадаагүй гэсэн асуудал яригддаг. Ямар бэрхшээл байна вэ?
- Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр бүтээгдэхүүн гаргахад бэлэн.
Компаниуд гуравдугаар самбар дээр гарна. Харин дотоодын хөрөнгийн зах зээлийг тэлэхэд хөрөнгө оруулалтын сангууд үгүйлэгдэж байна. Угтаа эдгээр сангууд л хөрөнгийн зах зээлийг хөгжүүлдэг.
Манай улс Норвеги, Сингапурын адил хөрөнгө оруулалт хийдэг Баялгийн сан байгуулахаар цөөнгүй жил судалж байгаа. Энэ санг байгуулснаар дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд ямар тус нэмэртэй вэ?
Сан байгуулах нь зөв. Одоо Монголын хөрөнгийн зах зээлд сан үгүйлэгдэж байна. Баялгийн сан, ирээдүй өв сан, нийгмийн даатгалын сайн гээд бүгд адилхан. Харин санг төрийн байгууллага удирддаггүй юм. Яамны албан тушаалтан тэрхүү сангийн удирдлага, менежментийг хийдэггүй юм. Сан гэдэг хөрөнгө оруулалтын бодлоготой, хөрөнгө нь арвижиж байх ёстой. Хөрөнгө оруулалтын мэргэжлийн менежментийн баг ажиллаж, хувьцаа, бонд, төсөлд хөрөнгө оруулж сангийн ашиг орлогыг нэмэгдүүлдэг учиртай. Улстөрчид бус мэргэжлийн баг хараат бус шийдвэрээр хөрөнгө оруулалт хийдэг юм. Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд тухайн сангаас хөрөнгө оруулснаар олон нийтэд нээлттэй, шударга явагддаг. Үнэхээр 2020 оноос Баялгийн сан ажиллаад эхлэх юм бол дотоодын хөрөнгийн зах зээлд маш том түлхэц болно.
- Ярилцсанд Танд баярлалаа.
24news.mn