МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга доктор Я.Шийлэгмаатай Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм, шинжилгээ- инновацийн асуудлаар ярилцлаа.
-Танай сургуулийн сургалтын чанар, орчин нөхцөл их сайжирсан харагдаж байна. Цаашдаа багш бэлтгэдэг ижил төрлийн үйлчилгээ явуулдаг сургуулиудаас ялгарах давуу талыг нэрлэхгүй юу?
-МУБИС нь Монгол Улсад багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн төрийн өмчийн хамгийн том их сургууль. 1990-ээд он гарснаар зах зээлийн эдийн засаг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл явцтай зэрэгцэн багш боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр тодорхой амжилтад хүрээд байна. Энэ хичээлийн жилийн зорилтыг боловсролын үйлчилгээний чанарын хүрсэн түвшнээ баталгаажуулах, чанарыг дээшлүүлэх жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд дотоодод 31 хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Багш бэлтгэх хөтөлбөрүүдээ 100 хувь магадлан итгэмжлүүлэх том зорилт тавиад байна. Мөн Германд төвтэй Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагаар өмнө нь хоёр хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн байсан бол өнгөрч байгаа хичээлийн жилд зургаа болж нэмэгдлээ. Энэ ажлыг хийснээр манай сургуулийн төгсөгчид Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ихээхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн гурав дахь удаагийн байгууллагын магадлан итгэмжлэл амжилттай болж, нэг гарааны компани байгуулах зөвшөөрлийг авсан гээд өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн ажлыг дурдаад байвал багагүй хугацаа орох байх. Дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох “QS” (Quacquarelli Symonds) байгууллагын дэлхий даяар тараадаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа. Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий дахины дээд боловсролын мэргэжилтнүүдэд тарааж их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна. “QS-https://www.qs-asia.com/e-book/tug/files/assets/basic-html/index.html#29, QS-WOWNEWS сонины цахим хувилбарыг https://qswownews.com/print-edition/ холбоосоор үзэх боломжтой. Энэхүү цахим хувилбарыг дэлхий даяар 250 000 эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг. “QS”байгууллага нь дэлхийн их, дээд сургуулиудыг 48 мэргэжлээр, таван бүс нутгаар буюу Ази, Латин Америк, Европ, Төв Ази, Арабын бүсэд эрэмбэлдэг болсон. “QS” байгууллага нь IREG (International Ranking Expert Group) -ын зөвшөөрөл авсан цорын ганц байгууллага хэмээн тооцогддог тул ийм нэр хүндтэй дэлхийн их сургуулиудын чансаа тогтоох сэтгүүлд анх удаа Монголоос МУБИС-ийн мэдээлэл хэвлэгдсэн нь бидний хувьд баяртай мэдээ билээ.
-Танай сургуульд ойрын хугацаанд хийгдэх том хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд бий юу?
-Бид алсын хараагаа “Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц сургууль байх” хэмээн тодорхойлсон. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн. Төрөөс дэвшүүлж буй энэ зорилт юуны өмнө МУБИС-д хамаарна. Азийн орнууд эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд Азийн их сургуулиуд жилээс жилд тасралтгүй нэгдэж буй энэ цаг үед бид амаргүй зорилтыг өмнөө тавьж байгаа. Энэхүү зорилт нь биднээс ихээхэн хичээл зүтгэл, шинэ менежмент, зохион байгуулалт, нөр их хөдөлмөр, идэвх санаачилгыг шаардах нь тодорхой бөгөөд хамгийн гол нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахыг шаардаж байна. Бид дэлхийн түвшинд хүрье, шилдэг их сургуулийн нэг болъё гэвэл хамтран зүтгэх шаардлагатай. Иймээс МУБИС-ийн /2014-2024/ хөгжлийн бодлогод 2024 он гэхэд МУБИС нь Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. Эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, судалгааны үр дүнг сургалтад нэвтрүүлэх олон ажлууд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн жил судалгааны ажлыг дэмжих үүднээс санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлж, олон багш судлаачид төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан ажиллаж байгаа.
-Танай сургууль гадаадын нэр хүнд бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш нарыг урамшуулан шагнадаг болсон гэж дуулсан?
-Олон улсын жишгээр авч үзвэл, аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн судалгааны ажлын чансааг тогтоож, эрэмбэлэхдээ импакт-фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрийн эшлэгдсэн байдал, авсан патентууд зэрэг түлхүүр үзүүлэлтүүдийг ашигладаг. МУБИС 2014 оноос Томсон-Ройтерсийн индекстэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багшийг хоёр сая төгрөгөөр шагнан урамшуулж байсан. Энэ нь Улсдаа хамгийн том урамшууллыг манай сургууль олгодог хэмээн хэлж болно. Түүнчлэн судлаач, багш нараас Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн тохиолдолд тухайн жилийн эрдэм шинжилгээний цагийг нь бүтэн тооцож, урамшуулж байгаа.
Тодруулбал, багш тухайн хичээлийн жилийн эрдэм шинжилгээний ажлын кредитээ нэг өгүүлэл бичээд л биелүүлэх боломжтой болсон гэсэн үг. Ийм шинэлэг урамшууллын хэлбэр нь багш нар гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлж, өөрийн судалгааг дэлхийн эрдэмтэдтэй хуваалцах хөшүүрэг болж байна. 2017 оноос импакт фактортай сэтгүүлд өгүүлэл бичихэд таван сая хүртэл төгрөгийг сургуулиас санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж буй нь олон улсын чансаатай судлаачийн тоо нэмэгдэх үндэс болж байна.
-Сүүлийн жилүүдэд инноваци гэж нэлээд ярих боллоо. Инноваци гэж ер нь юуг хэлээд байна вэ?
-Инноваци гэдэг шинэ мэдлэг бүтээж, шинэ онол гаргах асуудал биш юм. Харин аливаа нэг зүйлийг шинэ арга барилаар хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин уламжлалт аргаар хийж ирсэн юмыг илүү хялбаршуулаад, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх шинэ санаа шийдэл олохыг инноваци гэдэг. Заавал их мөнгө зарж, ямар нэг лабораторид инноваци бий болох албагүй боловч шинжлэх ухаан технологийн хөгжил сайн байвал түүнийг дагаж инноваци хөгждөг. Гарааны бизнес гэдэг нь өөрөө инновацийн бизнес. Уламжлалт дэлгүүр, ТҮЦ нээх, жижиг, бичил бизнес хийх нь жижиг болгох биш л дээ. “Startup” бизнес нь инновациар ялгаатай. Startup бизнесийн амин сүнс нь ямар нэгэн цоо шинэ эсвэл сайжруулсан шинэ санаа санаачилга, оюуны бүтээл байдаг. Жишээ нь, үйлчилгээг хялбаршуулах аппликейшн бүтээж байна энэ бол инноваци.
-Инновацийг хөгжүүлэхэд хэр анхаарч байна вэ?
-Инновацийг шинжлэх ухаанаас салгаж болохгүй. Бидний амьдарч байгаа эрин үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бүтээж эхэлж байна. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт минут, секундээр хэмжигдэж байна. Мэдлэг эзэмшин инновацийг амьдралд нэвтрүүлэх, мэдлэгээрээ шинэ инноваци бүтээдэг судлаачийг бэлтгэх нь манай сургуулийн зорилго юм. Үүнийг хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь санхүүжилт байдаг. Бид дотоод санхүүжилтээр инновацийн төслийг дэмжин хэрэгжүүлж, үр дүн нь гарааны компани болон бойжиж байна. Гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, хөгжингүй орнуудын шинэ төсөл шинэ инновацийг Монголд нутагшуулах, хамтарсан инноваци гаргах чиглэлээр манай эрдэмтэд амжилттай ажиллаж байгаа. Тухайлбал, Японы засгийн газартай хамтарсан физикийн сургалтын хэрэглэгдэхүүний “Моноцүкүри” инновацийн төвөөс хот, хөдөөгийн ерөнхий боловсролын олон дунд сургуульд нэг тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий 800 багажийг үнэ төлбөргүй нийлүүлээд байна. Бид цаашид дотоодын дунд сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлэх зорилт тавьж, хоёр гарааны компанийг байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байгаа. Бид сургуулийн инновацийн бүтээгдэхүүний танилцуулгыг англи , монгол хэлээр хэвлэж, олон нийтийн хүртээл болгон ажиллаж байна.
-Танай сургууль багшлах боловсон хүчин сайтай. Гадна, дотны олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Эрдэмтэн, багш нарынхаа мэдлэгийг бүтээгдэхүүн болгосон, түүнийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон ажил байгаа байх. Онцлоод дурдаач?
-Бид боловсролын үндэс суурийг тавилцдаг багш нараа судлаач, бүтээгч, шинээр эрэлхийлэгч, мэргэжилтэн болгох талаар бодлогын түвшинд ажиллаж тодорхой үр дүнд хүрсээр байна. Гэхдээ энэ өөрчлөлт биднээс маш их хурдыг шаардсаар байгаа. Хөгжил гэдэг нь өрсөлдөөний замаар явдаг зүй тогтолтой үйл явц учир хэн түрүүлж сэтгэнэ, хэн өндөр технологийг нээнэ, тэр нь зах зээлд хүлээн зөвшөөрөгддөг. Боловсролын салбар дахь өрсөлдөөн ч мөн адил. Иймээс бид судалгааны төвүүдийг шинээр нээж ажиллуулж байгаа. Тухайлбал, Боловсролын суурь судалгааны төвийг нээж Квант сэтгэл судлал, Хичээл судлал, Үйл судлалыг хөгжүүлж байна. Тодорхой аргачлалаар хүүхдийн оюун ухааны хөгжлийг оношилдог, зөвлөгөө өгдөг төвүүдийг байгуулан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд энэ төвтэй хамтран ажиллаж, эрт зөв оношилгоо хийлгэн хүүхдээ зөв тохирсон сургалтын арга барилаар хөгжүүлж эхлээд байгаа юм. Энэ төв нь оюун ухааны Танака-Бинет сорилыг монгол хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулж, нутагшуулж байгаагаараа шинэлэг үй ажиллагаа.
Манай сургуулийн багшлах бүрэлдэхүүний дунд боловсролын докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь 47 хувьтай байгаа нь үндэсний бусад их сургуулиудтай харьцуулахад хангалттай түвшинд байна. 2018 онд судалгааны ажилд зарцуулах төсвийг 3 дахин нэмэгдүүлсэн нь бид хаахна явна гэдгийг харж болно. Тэр тусмаа орчин үеийн их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог судалгааны ажлыг мэдээллийн технологийн олон үзүүлэлт болох лаборатори, дадлагын байруудыг сүүлийн жилүүдэд шинээр бий болгов. 2018 онд Зайн сургалтын төв, фабрикейшн лабораториудыг шинээр байгуулсан.
Манай сургууль жил бүр багш нарынхаа судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс судалгааны ажилд олгох санхүүжилтийг нэмэгдүүлсээр ирлээ. МУБИС-ийн санхүүжилттэй төслийг захиалгат, суурь, инновацийн гэсэн чиглэлүүдээр дэмжин ажиллаж байна. Түүнчлэн гадаадын их, дээд сургууль, байгууллагуудтай хамтарсан төслүүдийн тоог жилээс жилд нэмэгдүүлдэг.
2014 оноос БСШУСЯ, санаачилгаар дээд боловсролын сургалт, судалгааны чиглэлээр хэвлэгддэг “Спинглер” компанийн 26 нэр төрлийн 500 орчим сэтгүүлийг МУБИС-ийн багш нар 2020 он хүртэл үнэгүй ашиглах эрхийг авч судалгаа шинжилгээний ажилдаа ашиглахын зэрэгцээ 10 гаруй мэдээллийн санг ашиглаж байна. 2019 онд “Спинглер” компанийн 2018 оны боловсролын багц 500 гаруй номыг худалдан авч багш нарынхаа судалгаа шинжилгээний ажлыг дэмжин ажиллаж байна. SPRINGER=Эдгээр мэдээллийн сангуудыг ашигласнаар зөвхөн ном, судалгааны материал үзэхээс гадна заах арга зүй, гадаад хэлний мэдлэг зэргээ дээшлүүлэх боломжтой. WEB of science EBSCO зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, сүүлийн үеийн шилдэг цахим бүтээлүүдийг худалдан авч багш нарынхаа судалгааны ажилд дэмжлэг болно ажиллаж байна.
24news.mn