2024 оны 11 сарын 24
Зочин
Ж.Бат-Эрдэнэ: Соёолон насандаа айрагдсан адуу надад олон бий

Энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, аймгийн алдарт уяач Жадамбын Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Гэхдээ улс төрийн талаар бус түүний хамгийн их сонирхдог үндэсний спорт болох морь, бөхийн талаар хуучилсан юм.

-Төрийн хүнтэй ярилцаж байгаагийнх таны сүүлийн үеийн улстөрийн ажлаас яриагаа эхэлье гэж бодлоо ...

-Тэгье ээ. Миний үндсэн ажил бол жижиг дунд үйлдвэр буюу ЖДҮ л байдаг шүү дээ. Миний бие Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хороог ахалж байгаа. Орон нутгийг хөгжүүлэх, үйлдвэржүүлэх, ажлын байр бий болгох гэх мэт олон талыг авч үзэхээр эцэст нь ажлын байр л тунаж үлддэг юм. Ажлын байрыг бий болговол иргэдийн амьжиргаа дээшилж, улс орны хөгжилд нэмэр болно. Ингэхийн тулд үйлдвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний гол үндэс бол ЖДҮ юм. Тиймээс би энэ чиглэл рүү дагнан ажлаад явж байна.

-“Шинэ хөдөө” хөтөлбөрийг та эхлүүлсэн байсан ...

-Тийм. Аймгийн хэмжээнд хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа. Энэ хөтөлбөр маань ЖДҮ-г хөгжүүлэхэд оршдог. Монгол оронд хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийг хөгжүүлэх зүйлийн маань эх үүсвэр нь хүссэн хүсээгүй хөдөө аж ахуй. Гэвч өнөөдөр хуучны үйлдвэрүүд зогсчихсон. Тиймээс үүнийг сэргээж, хөдөөнөөсөө ажлаа эхлүүлье, хөдөөгийн аж ахуйгаа сайжруулъя гэж төлөвлөөд ажиллаж байна.

-Та саяхан “Түүхээ сөхвөл” нэртэй ном хэвлүүлсэн байсан. Хэдий хэрийн хугацаанд бичиж уншигчдад хүргэв?

-2013 оноос эхэлж бичсэн. Булган аймгийнхаа МАН-ын даргын албыг 2013-2016 оны хооронд хашиж байхдаа нутагтаа амьдарсан. Тухайн үед хуучнаар Дэд бүтцийн яам, Зам тээвэр аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд гол анхаарлаа хандуулж ажиллаж байсан. Ихэвчлэн дэд бүтэц, барилга хот байгуулалтын чиглэлээр. Тухайлбал тээврийн үйлчилгээ, шинэ нисэх буудлын ажлыг гардан эхлүүлэх, бүх аймгийг Улаанбаатартай холбох авто замын сүлжээг боловсруулалцах гэх мэт ажил хийсэн. Улсын томоохон ажлыг гүйцэтгэхдээ орон нутагт байрлаж, иргэдийнхээ дунд ажиллахад асуудлыг илүү тодоор харсан. Хэдийгээр улсын хөгжил үйлдвэрлэлээс эхэлдэг гэдэг ч иргэдийнхээ амьжиргааг давхар хянах хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд үйлдвэрлэл, иргэд хоёроо зэрэг авч явах учиртай. Гэтэл манайх зөвхөн үйлдвэрлэлээ бодоод иргэдээ орхиод байна. Цалин мөнгө нь амьдралд нь хүрч байна уу, хоол унданд нь нэмэр болж чадаж байна уу, цалингаасаа гадна хуримтлал үүсгэж чадаж байна уу гэх мэт асуудал орхигдчихоод байгаа юм. Хөдөө очиж ажилласан зүйл маань ерөөсөө энэ. Үүнийг дотор нь орж мэдэж, фэйсбүүктээ санаа оноогоо бичиж байсан минь хүмүүст нэлээн эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Жишээ нь “Төрийн ажил гэж юу юм бэ” гэж бичихдээ би төрд ажиллаж эхэлсэн болон өдгөө ажиллаж байгаа арга туршлагаасаа хуваалцсан. Энэ бол сургаал гэхээс илүү бодит амьдралаасаа л хуваалцсан хэрэг. Дараа нь “Түүхээ сөхвөл” гэж бичиж байгаад өмнө нь хэрхэн бизнес хийж эхэлсэн, оюутан байхдаа юу хийж байсан тухайгаа буулгаж гарлаа. 2016 оноос хойш ч гэсэн зарим дурсамжаа нэмж бичиж, саяхан хэвлүүлээд байгаа минь энэ.

-Зохиолчдоос зөвлөгөө авсан зүйл бий юу?

-Байхгүй ээ. Ширээнийхээ найзад “УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг” үзүүлж, зөвлөгөө авах зорилгоор бичвэрүүдээ өгсөн. Тухайн үед би “Мундаг яруу найрагч хүнд өгдөг буруу ч болчхов уу” гэж санаа зовж байлаа. Мөн тэгсгээд л буцаагаад өгчих байх гэж бодож байв. Гэтэл Г.Мөнхцэцэг маш их сонирхож бүгдийг нь уншсанаа хэлж, урам өгсөн. Түүнээс гадна манай гэр бүлийн хүн хянасан. Маш олон ном гаргасан хүн байдаг юм.

 

81960390_1087708394904554_3342231232057442304_n
81960390_1087708394904554_3342231232057442304_n

 

-Ямар мэргэжилтэй хүн билээ?

-Чойжин ламын сүм музейн захирлаар ажилладаг юм. Музейнийхээ тухай түүхэн болон өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх гэх мэт 10 гаруй ном гаргасан. Тиймээс би номоо эхнэрээрээ редакторлуулж, уншигчиддаа хүргээд байна.

-Та аймгийнхаа бөх, уяачдын холбоог тэргүүлж ажиллаж байгаа. Тиймээс эхлээд хоёулаа бөхийн холбооны тань тухай яриагаа үргэлжлүүлье ...

-За тэгье. Манай аймаг “Булган Хан”, “Булган Хангайн Хүчтэнүүд” гэсэн бөхийн хоёр холбоотой. Би хоёуланг нь ахалж байгаа. Бодлогын хувьд ижил ч гэсэн өрсөлдөөнийг нь нэмэгдүүлэх зорилгоор тус тусад нь үйл ажиллагааг нь явуулж байна. Хоёр холбоонд нийтдээ 160 орчим бөх бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Манай аймгаас 50 орчим жил улсын аварга цолтон төрсөнгүй. Харин олимпийн аваргатай. Гэхдээ үндэсний бөх талдаа ойрын жилүүдэд том цолтон төрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Хамгийн сүүлд Д.Баасандорж, Н.Түвшинбаяр нар Монгол Улсын заан цол хүртсэн. Гэхдээ зөвхөн том цолтон төрүүлэхдээ гол нь биш, өвөг дээдсээр уламжлагдаж ирсэн эрийн гурван наадмын нэг бөхийн спортод залуу үеэ бэлдэх, хэн хэнийгээ хүндлэх ёс, жудгийг сахих талд анхаарч ажиллаж байгаа.

-Таны харж буйгаар танай нутгаас ойрын жилүүдэд цолоо ахиулах, улсын цол хүртэх бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Монгол Улсын заан Г.Түвшинбаяр, өсөх идэр, өрнөн дэлгэлэх начин Э.Энхбат, улсын начин Д.Амаржаргал, Д.Амарсайхан, Д.Тамир нарыг цолоо ахиулах байх гэж харж явдаг. Мөн аймгийн арслан Б.Түмэндэмбрэл, аймгийн заан Э.Энх-Амгалан нарыг улсын цолонд ойрхон байгаа болов уу. 

-Та холбоогоо тэргүүлээд хэдэн жил болж байна вэ?

-2018 оноос хойш ажиллаж байна. Надаас өмнө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн захирал О.Амартүвшин тэргүүлж байсан юм. Олон ч зүйл хийсэн байсан. Монголчууд бид дээр үеэс бөхчүүддээ хир халдаах дургүй байлаа. Гэтэл сүүлийн үед допинг болон бусад зүйлээс шалтгаалж бөхийн нэр хүнд унаж байна. Үүнийг бид бодолцож, бөхчүүдийнхээ нэр хүндийг сэргээх, бие биенээ хүндлэх зэрэгт анхаарах шаардлагатай болоод байна. Мөн цагаас сараас эхлээд заалны барилдаануудад бөхчүүдээ идэвхтэй оролцуулж, наадмын бэлтгэлээ чамбайруулах талд дасгалжуулагч нартайгаа ярилцсан байгаа.

-“Булганхайнгай” морин спорт уяачдын холбооныхоо талаар мөн хэлвэл ...

-2012 оноос би энэ холбоогоо тэргүүлж эхэлсэн. Ямарваа зүйл цаг үеэ дагах ёстой. Тиймээс шинэ цагийн морин спорт руу оруулах ёстой. Аймгийн уяачдын холбоо гэдэг маань тэрүүхэн жалгандаа уралдах биш жалганаасаа гарч морьдоо сойх учиртай. Тэгэхээр яалт ч үгүй шинэ цагийн морин спортыг сонгох хэрэгтэй болж байгаа юм. Түүнчлэн бүх сумынхаа уяачын оролцоог нэмэгдүүлж, нэг зорилготой болгохын төлөө хичээж байна.

-Та хурдан удмын гурван сайхан азарга нутагтаа авч ирж, төлөөр нь наадаж байгаа. Тэр азаргануудыг чухам аль улсаас авч ирсэн юм бэ?

-Хоёр араб, нэг англи азарга уяачдынхаа холбоонд авч өгсөн юм. Одоо нэг нь л үлдсэн. Импортын азарга гэдэг чинь үнэтэй бүтээгдэхүүн. Ингэж авсны шалтгаан нь аймгийнхаа уяачдын холбооны хүрээнд шилмэл гүүнүүдийг тэрхүү азаргандаа хураалгаж, хурдан хурц хөлтэй төл авъя гэсэнд л оршиж байгаа юм. Энэ бол миний зүгээс холбоондоо хийсэн гол ажил. Одоогоор манай холбоонд “Булган бор” нэртэй азарга бий. Зөвхөн холбооныхоо уяачдыг л хурдан адууны төлтэй болгон гээгүй. Хоёр жилийн өмнөөс аймгийн төвийн урд талын найман сумаас тус бүр хоёр сайн гүү авч ирүүлж хураалгаад ирээдүйн түмэн эхийг бэлдэж байна. Гэхдээ урд сумаас ирэх ёстой гүүнүүдээс цөөхөн хэд нь ирж амжаагүй. Тэгэхээр ирэх хавар тэр үлдсэн гүүг авч ирэхээс гадна хойд таван сумаас дахин тус бүр хоёр гүү авч ирүүлж хураалгах төлөвлөгөөтэй байгаа. Энэ азарга маань зарим жил 30 орчим гүүтэй байсан болохоор хураалгах гүү нь ихдэнэ гэж байхгүй. Гарсан төл болгон нь ч хурдалж байна.      

-“Булган бор” азаргаа та хэдэн онд хэдэн сая төгрөгөөр худалдаж авч байсан бэ?

-Араб азарга л даа. 2015 онд авахдаа 10 сая төгрөгөөр авч, холбооныхондоо бэлэг барьсан. 

-Таныг соёолон адуугаар их сайхан нааддаг гэх юм билээ. Энэ насны адууг худалдаж аваад наадам болгонд түрүүлж, айрагдаад байна уу. Эсвэл учир зүй нь ингэж таараад байна уу?

-Янз бүрдээ. Жишээ нь “Улс бор” нэртэй азарга маань даагандаа их хурдан байж байгаад шүдлэндээ төдийлөн давхихгүй болохоор нь худалдаж авсан эзэнд нь түр өгчихсөн байсан юм. Эзэн нь Дорнод аймгийн залуу бий. Ингээд хязааланд нь “Одоо наад үрээг чинь ямар болсныг үзмээр байна” гээд буцаан авч ирж уяхад соёолондоо улсын наадамд айргийн гуравт давхисан. Мөн нэг хар азарга бий. Өмнө нь бага наадмуудад л хааяа айрагддаг байсан ч соёолондоо мөн л гэнэт хурдалж, бүсийн наадамд дөрвөн удаа айрагдаж байлаа.

-“Одон хар” азарганыхаа тухай яриач ...

-“Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэний “Улс халзан” азаргатай нутагтаа уралдахдаа хоёр удаа дийлж уралдаж, түрүүлсэн. Харин улсын баяр наадамд тэр “Улс халзан”-гийн ард давхиж, аман хүзүүдсэн.  

-2015 онд Булган аймгийн бүсийн наадамд айрагдсан “Хөтөлдөг халиун” азаргыг тань уяачид анддаггүй юм билээ ...

-Тэр жилийн наадамд уяа нь сайхан таарсан байсныг ч хэлэхүү эзэн наддаа айраг амсуулсаан. Дээрх наадмын дараахан адуунаасаа алдагдаад хоёр жил өнгөрч байхад морь тайлбарлагч Б.Ганпүрэв олж өгч билээ. Намайг ажил дээрээ байж байтал утсаар залгаж “Би таны “Хөтөлдөг халиун” азаргыг олчих шиг боллоо. Саяхан нэг суманд болсон жижиг наадмын бичлэг үзээд сууж байтал айрагдаж байна. Та шууд очоод л ав. Ерөөсөө мөн дөө” гэдэг юм байна. Тэгэхээр нь нэг их удалгүй сураглаж очоод үзтэл дүрээрээ байсан шүү. Уяж байсан залуу хулгайлсан юм уу эсвэл хэн нэгэн хулгайлаад тэр хүнд зарчихсан юм уу бүү мэд. Ямар ч байсан гурван айраг хүртсэн гээд гурван медальтай болчихсон байж байсан. Гэхдээ тэр залуу тууштай морь уядаг хүн биш бололтой санагдсан. Наадам болно гэсэн сургаар л шууд барьж уяад байсан шиг байгаа юм. Цээж муутай болгочихсон байсан болохоор нь тэр өдрөөс хойш уяагүй. Уг нь зургаан азарга байсан ч хөтөлнө, 100 азарга байсан ч хөтөлдөг байлаа.  

-“Ёндоо алаг” гэж этгээд нэртэй адуу танд бий ...

-Миний ихэнх адуу Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн алдарт уяач өндөр Чулуун гэдэг хүнийх л дээ. Энэ хүн олон хар азаргатай. Тэдгээрээс нь би “Хамар цагаан хар”, “Одон хар” гэсэн хоёр хар азаргыг нь худалдан авч байлаа. Дээд угшил нь “Буган халиун” орсон байдаг юм. Тэр Чулуун гэдэг хүний хүү Гантөмөр гэж миний хуурай дүү надад “Манай нэг найз ийм алаг үрээ зарах гэж байгаа юм байна. Би багаас нь мэдэх болохоор та авчихвал буруудахгүй байх шүү” гэсэн үүднээс наймаа тохиролцож байлаа. Бүсийн наадамд гурван удаа уралдахдаа гурвууланд нь айрагдсан. Хэдий хойгуур эргэсэн ч бариа дөхөхөд нэхсээр байгаад л айрагдчихна. Уг нь бага насандаа уралдаж байхдаа эргээд ч зугтаачихдаг байсан гэсэн. Харин нас нь томроод дандаа хойноос нэхдэг болсон. Хойгуур эргэсэн үед нь би “Энэ маань одоо ч айрагдах нь өнгөрлөө дөө” гэж байтал тархинд уралдаж байсан хэдийг туулаад гараад ирнэ. Мөн “Гоё хээр” гэж морь бий. Хүнээс авсан юм. Шинэ Монгол адуу л даа. Сайхан ч уралдсан.

-Яг одоогоор таны нэрээр ид уралдаж байгаа ямар адуу байна вэ?

-“Булган бор” азарганы маань хоёр төл л байна даа. Энэ жил ногооны соёолон, хязаалан настай болно.

-Та бага байхдаа хурдны морь унаж байсан уу. Залуу насандаа барилдах хүсэл ч гэсэн хэр байв. Өнөөдөр аймгийнхаа үндэсний спортын энэ хоёр төрлийг тэргүүлж яваагийн тань хувьд асууж байна л даа ...

-Аав маань тээврийн жолоочоор ажилладаг байлаа. Хичээл тарангуут л намайг хөдөө байдаг таньдаг айлдаа үлдээчихнэ. Хонь, хурга эргүүлэхэд ямар явган явах биш, морь унах “өвчтэй” байлаа. Намар хичээлд орох үед миний сурлагын дэвтэр морины зургаар л дүүрсэн байдаг байж билээ. Ахтайгаа уралдаж тоглохоороо ч морь болно. “Ахыгаа том зээрд, өөрийгөө жижиг зээрд” гэж нэрлээд л ... Шагай тогловол мөн л морь уралдуулна. Харин бөхийн спортоос хөндий байсан. Бага байхад бөхчүүд гэдэг тэнгэрийн хүмүүс шиг л санагддаг байв.  

-Таны сахалны талаар олон сэтгүүлч асууж байсан биз. Гэхдээ би нэг уулзсаных өөрийнхөө чихээр сонсмоор санагдлаа. Мөн үүгээр ярилцлагаа өндөрлөе ...

-Энэ талаар олон хүн асуудаг юм. Бага байхад сахал байгаа энэ хэсэгт шар үс их ургадаг байлаа. Харин жил өнгөрөх тусам улам тодорсоор ийм болчихсон юм. Миний сая гаргасан “Түүхээ сөхвөл” номонд залуу байх үеийн минь зураг бий. Тэндээс илүү ойлгогдох байх. Залуу байхдаа сахлаа ургуулчихаад явж байтал нутгийн нэг буурай таарч “Аав чинь мэнд байдаг уу” гэхээр нь “Мэнд байгаа” гэсэн чинь “Тэгвэл аавынхаа дэргэд сахлаа ургуулдаг яасан айхтар хүүхэд вэ” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Нээрээ юу билээ. Аав минь ч гэсэн энэ тухай эвгүй боддоггүй байгаа” гэж бодоод хусчихаад очлоо. Гэтэл аав харчихаад “Сахлаа хусаад яаж маяглаад байгаа юм” гэхээр нь “Аав ч намайг дэмждэг юм байна” гэж бодоод түүнээс хойш хусаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

http://www.mnb.mn/i/197835

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.