Монголд дөнгөж хөгжиж буй отгон салбарын нэг нь яах аргагүй үнэртэн. Дөнгөж хөгжиж байгаа ч хэд хэдэн хүн Монголын анхны үнэртнийг бүтээж эхлээд байна. Тиймээс анхны үнэртэй ус бүтээгчдийн нэг, үнэрээр анагаах ухаанаар мэргэшсэн А.Дэжидмаатай ярилцлаа.
Үнэртэн гэх зүйлд хэзээнээс дурлаж эхэлсэн бэ?
2016 оноос. Нэг өдөр сахилгагүйтмээр санагдаад үсээ тайруулсан чинь боож болохгүй хэтэрхий богинохон болчихсон юм. Тэгээд үсээ хурдан ургуулмаар санагдаад интернетээр шийдэл хайтал улаан сонгины шүүс сайн гэж уншлаа л даа, Гэтэл хэрэглээд үзтэл дараа нь хэд шампунидаад ч үнэр нь гардаггүй ээ. Тэгээд тэр үнэрийг нь дарах арга хайж байгаад эфирийн тосны талаар олж мэдсэн. Үүнээс эхлээд л эфирийн тос сонирхолтой санагдаж, судалж эхэлсэн дээ.
Хамгийн анх эфирийн тосыг хаанаас авч хэрэглэж үзэв?
2016 оны хавар Калининград хотод хувийн ажлаар явж байхдаа Оросын аптекаас 5-10 төрлийн эфирийн тос авч хэрэглэж үзсэн юм. Эфирийн тос дотроо олон янз, өргөн хэрэглээтэй байдаг нь надад их таалагдсан учраас өдөр тутмын амьдралдаа хэрэглэж эхэлсэн. Жишээ нь лимоны эфирийн тос тослог арьс арчилгааны бүтээгдэхүүнд нэмэлтээр орохоос гадна үнэртэй усны толгой нот болдог. Эфирийн тосоор эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлтийн үеийн сэтгэл хөдлөлийг ч тогтворжуулж болно.
Тухайн үед интернетээс л эфирийн тосны талаар уншдаг байлаа. Гэвч унших тусам энэ талаар илүү ихийг мэдэж, практик дээр тулгуурласан мэдлэгтэй болмоор санагдаж байсан. Тиймээс албан ёсны сургуульд суръя гэж бодоод 2018 он гаргаад Америк, Орос руу и-мэйл бичиж эхэллээ. Гэтэл Америкаас зөвхөн онлайнаар хичээл явуулна гэх хариу ирсэн. Харин Москвагаас есөн сарын хугацаанд оройн ангиар хичээллэх боломжтой, хамгийн гол нь тэдгээр олон төрлийн шидэт тоснуудыг өөр дээрээ үнэрлэж мэдэрч авах боломжтой гэсэн хариу ирсэн учраас шийдвэр гаргаад явж суралцсан байгаа. Энэ хугацаанд ерөнхий ароматерапи, эмчилгээний ароматерапи (анагаах ухааны салбарт хэрхэн хоршуулж хэрэглэх) болон натурал үнэртэй ус бүтээх гэсэн гурван талаас нь суралцсан даа.
Үнэрээр анагаах ухаан гэдэг нь Монголд дөнгөж нэвтэрч эхэлж байгаа гайхамшигтэй салбар, Анхилуун ургамлын увдис гээд анхны номыг Х.Эрдэнэцэцэг гэж Японд ажиллаж амьдардаг мундаг ароматерапич, сэтгүүлч мэргэжилтэй хүн зохиосон байдаг. Өнөөдөр тэрхүү номноос олон олон жор, мэдээллийг авч амьдралдаа үр ашгийг нь хүртсэн ээжүүд эмэгтэйчүүд их олон.
Эфирийн тосоор сэтгэл хөдлөлийг тогтворжуулж болдог гэх нь их сонирхолтой санагдлаа. Тэгвэл сэтгэлээр унасан үед ямар үнэр үнэртэх хэрэгтэй вэ?
Хамгийн үйлчилгээ өндөртэй нь миний хувьд Нероли цэцэг. Хүний сэтгэлийн шархыг эдгээдэг, зүрх сэтгэлийг нээдэг үнэр гэх юм уу? Гэхдээ магадгүй нэг хүнд Нероли үйлчилж байхад өөр хүнд бусад цэцэгсийн үнэр үйлчлэхийг үгүйсгэхгүй. Харин өөрийгөө хөндлөнгийн нүдээр харахыг хүсвэл Полын-г (sagebrush) үнэрлээд үзээрэй.
Эфирийн тос байгалийн, өндөр чанартай цэвэр байх тусмаа үнэр нь илүү тааламжтай, бие сэтгэл зүйг анагаах увдистай байдаг. Эфирийн тосыг гарган авах үндсэн хэд хэдэн аргууд байдгаас хамгийн түгээмэл нь уураар нэрэх, гаргаж авах ургамлын хэсгүүдээс дурдвал үндэс, иш, навч, дэлбээ, жимс, жимсний хальс, үр зэргүүд орно.
Найрлагын хувьд масс маркетаар (дизайн сүрчиг) үйлдвэрлэгддэг үнэртэй усанд цэвэр эфирийн тосыг ашигладаггүй. Орц найрлагад тусдаа химийн нэгдлүүдийг зориулан хэдэн мянган төрлөөр үйлдвэрлэдэг. Үнэртэй ус нь мэдээж урлагийн бүтээл учраас хангалттай түүхий эдийг ашиглах шаардлагатай. Ниш буюу тусгай сонирхлын сүрчигнүүдэд өндөр үнэтэй байгалийн цэвэр эфирийн тос, органик нэгдлүүд ордогоороо, мөн хязгаарлагдмал цөөн тоогоор хийгддэгээрээ илүү үнэ цэнэтэй.
Та Agar гэх нэртэй үнэртэй ус тестэлж гаргасан байсан. Яагаад энэ нэрийг сонгосон бэ?
Дорнын анагаах ухаанд Агар нь анагаах чадвар өндөртэй, олон тангийн орц найрлагад орсон байдаг. Үнэртэй усны орц гэсэн утгаасаа ч хамгийн үнэ цэнэтэй нотуудын нэгд тооцогддог. Тиймээс Agar гэдэг нэрийг сонгосон.
Үнэртний тухайд яг одоогоор материалын, зах зээлийн судалгаагаа хийж байна. Бэлэн бүтээгдэхүүн гаргахын тулд түүхий эд, бортого, савлагаанаас эхлээд л судалгаа хийх шаардлагатай зүйлүүд олон байдгийг алхам тутамдаа мэдэж авч байгаа. Сонирхуулж хэлэхэд, худалдаанд гарч буй үнэртэй усны бортого лацтай байх ёстой. Онгойлгож болдог, өөрөөр хэлвэл эргэдэг тагтай бортогыг сургалтын зориулалтаар хэрэглэж болно л доо. Хэрвээ үнэртэй усны таглааг байн байн нээвэл усны молекул агаартай урвалд орж өөрчлөгдөх магадлалтай. Мөн үнэртэй усаа нар тусахгүй, хуурай, сэрүүн нөхцөлд хадгалж байгаарай.
Нэг үнэртнийг бүтээхэд хэдий хугацаа зарцуулдаг вэ?
Олон улсын мастерууд үнэртэй усыг хийхэд тодорхой хугацаа хэлдэггүй. Яагаад гэвэл үнэртэн гэдэг нь өөрөө урлагийн бүтээл гэдэг талаасаа. Яг л уран зураг, шүлэг, ая зохиохтой адил. Эхэлж тодорхой зорилтот зохиомжоо бүтээгээд хүссэн үр дүнд хүрч байгаа эсэхийг цаг хугацаанаас шалтгаалсан захиалагчтайгаа зөвлөнө, хэрвээ бэлэн болоогүй бол дахиад тэрхүү зохиомжоо засах, өөрчлөх тал дээр ажиллана гэх мэт. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн гарах хугацаа харилцан адилгүй байдаг юм билээ.
Үнэртэй усанд зориулагдсан химийн молекулууд байнга шинээр үйлдвэрлэгдэн гарч байдаг. Олон улсад үнэртэй усны түүхий эдийн зах зээлийг Швейцарын Firmenich, Givaudan, Америкийн IFF, Германы Symrise, Японы Takasago гээд том том үйлдвэрүүд үндсэндээ хангаж байдаг.
Зарим хүн хоёр өөр төрлийн үнэртэй ус үнэртээд л ялгахаа больчихдог. Ер нь үнэрлэх чадвараа хөгжүүлэх боломжтой юу?
Боломжтой. Үнэрлэх мэдрэмжийг бурхнаас өгсөн бэлэг гэж үздэг. Зөв сонгосон үнэр шийдвэр гаргахад ч нөлөөлнө. Өнөөдөр агаарын бохирдол, амьдралын хэв маяг, хоол хүнсний орц найрлагаас хамаараад дийлэнх хүмүүс үнэрлэх чадвараа бага зэрэг алдсан байдаг. Тиймээс аажим аажимдаа үнэртсээр, дадлага хийснээр үнэрлэх чадвараа хөгжүүлэх боломжтой.
Сургалтыг цөөн хүнд явуулах боломжтой. Одоогоор материаллаг баазаа л судалж байна. Монголд үнэртэй усны салбар хөгжих цаг нь болсон байх гэж боддог. Тэгэхээр магадгүй жил орчмын дараагаас сургалтаа явуулж эхлэх байх. Тэр болтол ч нэмж сурах зүйл их байгаа. Бэлтгэл их шаарлагатай даа.
Цитрус голлосон сүрчгийг арьсан дээр түрхвэл сэвхтэж нөсөө толбо үүснэ гэж фэйсбүүктээ нийтэлсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
Худалдаанд байгаа үнэртэй усыг хэрэглэхэд тийм хэмжээний аюул байхгүй. Харин ганцхан өөртөө зориулсан үнэртэн бүтээлгээд түүнд нь цитрусын төрлийн жимстэй эфирийн тос орсон бол наранд түрхэж болохгүй. Ер нь эфирийн тос бүрийн шинж тэмдэг, үйлчилгээ, тунг мэддэг болсныхоо дараа хэрэглэвэл зүгээр.
Зүгээр л маркетинг шүү дээ /инээв/. Яг үнэн, зарим эмэгтэйд эрэгтэй ус таалагддаг. Сонирхолтой зүйл хэлэхэд карьер хөөсөн, бие даасан, байгууллагын удирдлага эмэгтэйчүүд эрэгтэй устай төстэй үнэртэй ус түрхэх магадлалтай байдаг. Энэ нь түүнийг тойрон хүрээлэгчдэд өөрийн статусыг үнэрээр зарлаж байгаатай ижил.
Үнэртэй ус хэчнээн цаг үнэрээ барих нь зүйтэй юм бэ?
Өдөрт дунджаар 4-6 цаг барих нь зүйтэй гэж үйлдвэрлэгчид үздэг. Дээр үед хийж байсан үнэртэй уснууд молекулаасаа шалтгаалаад хэдэн өдөр ч барих тохиолдол байсан. Харин орчин үед хүмүүс дүр, төрх имижээ өдөрт хэд хэдэн удаа солих шаардлага гарч байна. Жишээ нь, өглөө цоглог дүр төрхтэй гарч хөнгөн цэцэгсийн үнэртэй ус түрхсэн бол орой романтик уулзалттай үед арай өөр, цэцгийн болон феромон түлхүү агуулсан үнэртэй ус сонгох гэх мэт. Үнэртэй усыг түрхэх бас их чухал. Ерөнхийдөө судасны цохилт хамгийн өндөр цохилдог арьсны нимгэн хэсэгт түрхдэг.
Үндсэн мэргэжлийнхээ тухай яриач. Дуртай байсан уу?
Мэдээж дуртай. Багаасаа шугам зураг, геометрийн хичээл илүү сонирхоно. Шинэ зүйлийг, хийж бүтээх зүйлд дурладаг гэхүүдээ. 10 жилээ төгсөхдөө эдийн засгийн сургуульд тэнцээд элсэн орсон. Гэхдээ сурч эхлээд миний салбар биш гэдгийг ойлгоод ангиа сольсон.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Маш их баярлалаа.