УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай барилгын салбарын өнөөгийн байдал болон бусад асуудлаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхэлье. Манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны намар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимыг шинээр бүрдүүлж, ажлаа аваад, богино хугацаанд амжуулахаар тулгамдсан олон асуудлаар шийдвэр гарган үндсэн хоёр зорилт тавьж ажилласан. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлага дэг журам тогтоох асуудал байсан. Тавьсан зорилго тодорхой үр дүнд хүрч, эдийн засаг эрүүлжиж байна. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад 6.7, Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний аргаар тооцоход 2016 онд 93 хувь байсан бол 2019 онд 63 хувь болж буурлаа.
Шавхагдсан валютын нөөц өсөж, 4.3 тэрбум доллар хүрсэн. Мөн нэг онцлох зүйл нь шударга ёсыг сахиулах зорилгоор төрийн гурван өндөрлөг сүүлийн 30 жилд анх удаа эв санаагаа нэгтгэн, нийгэмд шударга ёсыг тогтоохоор ажиллаж байгаа нь иргэдийн талархлыг ихээр хүлээлээ. Шударга ёс тогтохгүйгээр улс орны хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй юм. Нөгөө талаар Ерөнхий сайд Монгол Улсад зайлшгүй хийх ёстой гурван зорилтыг зоригтой дэвшүүлж, ажлаа эхлүүлээд байна. Нэгдүгээрт, эрчим хүчээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангах, хоёрдугаарт, түлшээ дотооддоо үйлдвэрлэх, гуравдугаарт, өөрсдийн бэлтгэж үйлдвэрлэсэн хүнсээр иргэдийнхээ хэрэглээг бүрэн хангах. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг нэг алхам урагшлах юм. Эдгээр зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд ард иргэд итгэл өгч, энэ удаагийн парламентын сонголтоо зөв хийнэ гэдэгт би итгэлтэй байна.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРДАГ ҮНЭР 5-6 ДАХИН БАГАССАН
-Та Барилга, хот байгуулалтын сайд болоод ажлаа юунаас эхлэв. Тулгамдсан ямар асуудлууд байв?
-Томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс маш тодорхой үүрэг авсан. Монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн амин чухал асуудал болсон, олон жил шийдлээ хүлээж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг надад Ерөнхий сайд хариуцуулан даалгаж, үр дүн гарган ажиллах үүрэг өгсөн. Ажлаа аваад би яамны удирдлагуудын хамт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжтай газар дээр нь танилцан, тухайн нөхцөл байдлыг судалсан. Цэвэрлэх байгууламжийн удирдлага, мэргэжлийн хүмүүс сонгуулийн үр дүнгээр олон удаа солигдсон, үйл ажиллагааны хэвийн нөхцөл алдагдсаныг харсан. Ингээд мэргэжлийн хүмүүсийн хамт Улаанбаатар хот даяар тархаж байгаа өмхий үнэр юунаас гарч байгааг тогтоосон. Нэгдүгээрт, өдөр бүр хотын ариутгах татуургын шугам сүлжээгээр дамжин ирдэг 180 мянган шоо метр бохир уснаас 1200 шоо метр лагийг усгүйжүүлж хатаахгүйгээр тэр чигээр нь гадаа ил задгай асгадаг байсан. Лаг усгүйжүүлэх шинэ төхөөрөмж байлаа ч эвдэрсэн, ажиллагаагүй байв. Гадна талбайд байдаг 44 карт бүгд дүүрсэн 820,0 мянган шоо метр лагаас бохирын өмхий үнэр гардаг байлаа. Иймээс бид хоногт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх төхөөрөмж шинээр суурилуулж, асуудлыг шийдсэн. Үүний үр дүнд гарах лагийг 5-8, үнэрийн хэмжээг 5-6 дахин бууруулж, усыг биологийн аргаар цэвэрлэж байна. Мөн таван био цөөрмийг шинэчилж, Туул голд асгаж байгаа бохирын чанарын үзүүлэлтийг ч сайжрууллаа. Хоёрдугаарт, 2004 он хүртэл гарсан лагийг зөөж асгадаг байсныг зогсоож, тэнд хуримтлагдсан 820,0 мянган шоо метр лагийг Япон Улсын технологиор бордоо болгож, талбайг бүрэн цэвэрлэсэн. Гэвч арьс ширний болон тэр орчмын өлөнгийн үйлдвэрүүдээс гарсан лагийг тэнд асгасаар байгааг ХХААХҮЯ-ныхан анхааралдаа авч нэн даруй таслан зогсоох шаардлагатай байгааг дурдах нь зөв болов уу. Мөн хотын төвд байгаа арьс ширний “Харгиа” цэвэрлэх байгууламжийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх цаг нь болсон.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд барьсан. Өнөөдрийн байдлаар энэ цэвэрлэх байгууламж хоногт дундажаар 160000-200000 шоо метр бохир ус хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийн хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, Туул голд нийлүүлж байна. Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжид хүлээн авч буй усны үзүүлэлт нь MNS 6561-2015 стандартын хэмжээнээс 2-5 дахин их бохирдолтой байгааг цэвэрлэж байна. Энэ нь цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд болон байгаль орчинд сөргөөр нөөлж байгаа тул өндөр бохирдолтой усыг цэвэрлэх шинэ байгууламж барих шаардлагатай болсон.
-Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явц яг ямар байгаа, хэзээ ашиглалтад орох, ямар санхүүжилтээр хийж байгаа талаар тодорхой мэдээллийг олон нийт сонирхож буй нь лавтай.
-Бид олон жилийн турш ярьсан хоногт 2500 шоо метр лаг цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлсэн.
Уг цэвэрлэх байгууламжийн нийт хөрөнгө оруулалт нь 262,7 сая доллар, үүнээс Хятад Улсаас 95 хувь буюу 249,6 орчим сая, Монголын тал нийт хөрөнгө оруулалтын таван хувь буюу 13,1 орчим сая долларын санхүүжилт гаргана. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьснаар Монгол Улсын стандартыг хангасан усыг байгальд нийлүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Өнгөрсөн онд барилгажих талбай дээр инженер, техникийн ажилтнуудын түр байр, инженер, геологийн судалгаанд шаардалагатай 32 цооногийн өрөмдлөгө, талбайн ул бетон цутгалтын ажил, цагт 120 шоо метр бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай узелийг бэлэн болгож, 2020 онд барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангалаа. Цэвэрлэх байгууламжийн ажлын барилга угсралт 2023 онд дуусаж, туршилт тохируулга хийгээд 2024 онд ашиглалтад бүрэн оруулна.
Үүний зэрэгцээ 21 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийж байна. Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барьж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Завхан, Говьсүмбэр, Дорнод аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барих төсөл хэрэгжинэ. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид шинэ дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж, цэвэрлэсэн усыг ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн угаалга, цэвэрлэгээ хийхэд ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
-Орон сууцны ипотекийн чиглэлээр салбарын яам хэрхэн ажилласан гэж та дүгнэж байна вэ, Иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэдэг асуулт шүү дээ.
-Намайг анх ажлаа авахад барилгын салбар маш хүнд нөхцөл байдалтай байсан. Учир нь иргэдийн орон сууцын асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газар Монголбанкнаас 2012-2015 онд их хэмжээний цаасан мөнгө гаргаж, ипотекийн зээл олгосон нь Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулах үндсэн шалтгаануудын нэг болсон. Зах зээлийн горим зөрчигдөж, мөнгөний ханш хоёр дахин унаж, барьсан орон сууцнуудын үнэ өсөж, иргэд худалдан авах чадваргүйгээсээ болж орон сууц борлуулалтгүй болж, барилгын салбар хямралд орсон байсан. Бид зах зээлийн зарчимд үндэслэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд барилгын салбарыг хямралаас гаргаад зогсохгүй орон сууцын бодлогын хэрэгжилтийг зөв голдиролд орууллаа. Сангийн яам Монгол банктай хамтран ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тодорхой санал боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хорооноос дэмжлэг авч Засгийн газрын санхүүжилтийг арилжааны банкны санхүүжилттэй нэг сагсанд оруулж зохион байгуулснаар ипотекийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. 2019 онд Монголбанкнаас 213.4, Засгийн газрын газраас 112, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээс 118, нийт 443.4 тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй зээлд зарцуулж 6476 өрхийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулаад байна. Энэ нь өнгөрсөн 2018 оны дүнтэй харьцуулахад 38 хувиар өссөн үр дүн гарлаа.
-Ипоткекийн зээлээс гадна иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг. Түрээсийн орон сууцын хөтөлбөр иргэдийн ярьж байгаагаар маш хангалтгүй, хүрэлцээ муу байгаа бололтой. Энэ бодлого цаашид үргэлжлэх үү. Хүртээмж, тоо чанарын хувьд хэрхэн хувьсаж байна вэ?
-Өмнөх жилүүдэд түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар дотоодын хөрөнгө оруулалт, зээлээр улсын хэмжээнд 3054 айлын төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын сан, 30 000 гаруй хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдсэн байна.
Түрээсийн орон сууцын санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууцанд иргэдийг хамруулах зорилгоор гадаадын зээл, тусламжаар хэд хэдэн төслийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Солонго-1”, “Солонго-2” гэх 5002 айлын орон сууцны төсөл, Сонгинохайрхан нутаг дэвсгэрт “Баянголын ам”-ны 2000 айлын орон сууцны төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх төслүүд хэрэгжсэнээр төрийн болон орон нутгийн өмчит түрээсийн орон сууцын санг 8010 айлаар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх талаар аймгуудын Засаг дарга нарт чиглэл хүргүүлэн хамтран ажиллаж байна.Энэ хүрээнд “Төрийн орон сууцын корпорац”-ын захиалгаар барьж, санхүүжилтгүйн улмаас зогссон байсан, 30-60 хувийн гүйцэтгэлтэй, 1542 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцээн барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүний дагуу Улаанбаатар хотод 972, Орхон аймагт 315, Хөвсгөлд 135, Говь-Алтайд 120 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулж, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын санд шилжүүлсэн.
Ойрын хугацаанд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжээгүй Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв зэрэг аймгуудад 120-иос доошгүй айлын түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх ажил хийгдэнэ.
-Дээрх асуудлуудтай холбоотой нэг асуулт байна. Саяхан та бүхэн ”150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр боловсруулан батлууллаа. Энэ хөтөлбөрийн зорилтын талаар тодруулж ярихгүй юу?
-“Монгол Улсын орон сууцын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны тайлан болон салбарт хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан нөхцөл, байдлын дүн шинжилгээ хийж, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор батлуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сайдын тушаалаар батлан, удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд, 2023 он гэхэд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн дагуу инженерийн хангамжид холбогдох 10,000 амины орон сууц, гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн дагуу барих нийтийн зориулалттай 45,000 орон сууц, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр барих 57,00 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах төслийн дагуу баригдах нийтийн зориулалттай 3000 орон сууц, дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслийн дагуу барих нийтийн зориулалттай болон амины 16,512 орон сууц, түрээсийн 18,488 орон сууцыг тус тус барихаар төлөвлөсөн.
-Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Ажиглаж байхад иргэдийн дунд янз бүрийн ойлголт байна. Тухайлбал, СӨХ болон нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн асуудал гэх мэт. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юү?
-Орон сууцын дундын өмчлөлийн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулдаг. ШӨХТГ-ын мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдлын 1/4 нь дээрх асуудалтай холбоотой байна. Холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, амьдралд нийцүүлэх санал хүсэлтүүд яаманд ч байнга ирж байдаг.
Ажлын хэсэг, зөвлөх баг гарган холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага, энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгааг судлуулсан. Гарсан санал дүгнэлтийн дагуу Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг аймаг, нийслэлийн Засаг даргад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, инженерийн хангамжийн үйлчилгээг мэргэжлийн нэг байгууллагад гэрээгээр хариуцуулах, орон сууцын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулж оршин суугчаас болон тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төвлөрүүлэх хураамжийн хэмжээг тогтоох аргачлал, орон сууцанд хийх засвар, үйлчилгээний жишиг тариф, үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох ажлыг журмаар зохицуулж байх, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын фонд (сан) бүрдүүлэх, түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан заалтууд тусгагдсан байгаа.
Шинээр байгуулсан орон сууцын хорооллууд СӨХ байгуулан иргэдээс хураамж төлбөр авч бизнес хийн, ашиг олж байна. СӨХ харуул хамгаалалт, тохижилт цэвэрлэгээг гэрээгээр гүйцэтгэнэ. Одоо ажиллаж байгаа ажилчид нь цалин хөлсөө аваад хэвээрээ ажиллана. Сууц өмчлөгчдийн төлбөрийг зохицуулах зөвлөлийн тарифаар авах учир төлбөрийн хэмжээ багасна. Удирдлагын болон үргүй зардал буурна. Манай орон сууцын тухай хууль дээр тооцоо судалгаа хийж, иргэдээс санал авч, олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын туршлагыг судалж, хоёр жилийн хугацаанд нягтлан боловсруулж, хуулийн төслийг бэлтгэсэн. Хуулийн төслийг шинээр байгуулагдах Их хурал хэлэлцэн батлах байх. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй байна.
-Барилга хот байгуулалтын яамны үндсэн ажлуудын нэг бол барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудал байдаг.Тусгай зөвшөөрөл олгох эрхийг та төрийн бус байгууллагад шууд шилжүүлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй болсон бэ?
-Миний хувьд ажил авсныхаа дараагаар анхаарал татсан зүйлүүдийн нэг нь яах аргагүй барилгын тусгай зөвшөөрөл байлаа. Тусгай зөвшөөрөл авахад төрийн хүнд суртал ихтэйгээс гадна тус яаманд компаниудын аваагүй нэлээд тооны тусгай зөвшөөрөл байсан. Үүнтэй холбоотойгоор ил тод байдал алдагдаж байгаа талаар олон нийтээс шүүмжлэл их гардаг байлаа. Үүнийг арилгах арга замыг хайсан. Энэ хугацаанд би барилгын төрийн бус бүх байгууллагын ажилтай танилцаж, тэдэнтэй зөвшилцсөн. Тэгээд тусгай зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 34.2-т зааснаар “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг гэрээгээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэсэн заалтын хүрээнд төрийн бус байгууллагад шилжүүлэх чиглэлээр холбогдох сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Үүнд “Барилгын үндэсний ассоциац” ТББ-аар ахлуулсан салбарын долоон холбооны түншлэл шалгарч, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны 216 дугаар тушаалаар гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжүүлээд гурав дахь жилдээ орж байна. Энэ талаар олон жил ярьж байсан ч зоригтой шийдвэр гаргаагүй байсан юм. Үүний үр дүнд цүнхний гэгдэх компаниуд ч алга болж, төрийн хүнд суртал ч арилж, үйлчилгээний шуурхай байдал хангагдлаа. Үүнтэй адил барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл болон мэргэжлийн зэрэг дэв олгох сургалт зохион байгуулах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбооны түншлэлд тус тус шилжүүлэн гүйцэтгүүлж байна.
-Барилгын тухай хууль, дагалдан батлагдсан дүрэм журмуудын талаар товчхон мэдээлэл өгнө үү?
-Манай яамны үндсэн чиг үүрэг нь барилгын салбарын хөгжлийн бодлого гаргах, батлагдсан хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг мөрдүүлэх эрх зүйн орчныг байнга сайжруулах асуудал байдаг.
2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын мөрөөр хуулийг дагалдан гарах 30 гаруй дүрэм, журам, барилгын 41 норм, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх ажил амжилттай хэрэгжсэн.
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, хэрэгжүүлэх, бүртгэх журам”, “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаад улсын барилгын норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”, “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”, “Ипотекийн санхүүжилтийн ерөнхий журам” зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулж мөрдүүлж байгаа нь салбарын хөгжлийн үзэл баримтлал, суурь шаардлагыг сайжруулсан оновчтой ажил болохын хажуугаар иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц өөрчлөлт гаргасан ажил байлаа.
-Дөнгөж саяхан Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, эцэслэн батлууллаа. Уг хуулийн зохицуулалт, мөн чанарын талаар салбарын эрдэмтэд, ажилтнууд сэтгэгдэл өндөр байна лээ. Уг хуулийн зохицуулалт мөн чанарын талаар тодруулж ярихгүй юу?
-Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сарын 30-нд соёрхон батлууллаа. Олон улсын Хөдөлмөрийн байгууллага маань 187 улс, орныг эгнээндээ нэгтгэсэн байдаг.
Конвенц бол Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд соёрхон баталдаг олон улсын гэрээ юм. Соёрхон батална гэдэг нь тухайн улс орон уг соёрхон баталсан конвенцын зүйл, заалтыг хууль тогтоомж, пратикт хэрэгжүүлнэ, хэр хэрэгжүүлж байгаа нь олон улсын хяналтад байна хэмээн үүрэг хүлээж буй хэрэг юм. Соёрхон баталсан улс орнууд Олон улсын хөдөлмөрийн байгууллагад тухайн конвенцыг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээгээ тогтмол тайлагнах бөгөөд тус байгууллагын хяналтыг хүлээн авах ёстой.
Барилгын салбарт ажиллаж буй 107.0 мянган инженер, техникийн ажилтан, ажиллагсад энэ конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
-Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, зохион байгуулах ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж, инженерийн дэд бүтцийн хүрэлцээг сайжруулж байгаа талаар танай яамнаас өмнө нь мэдээлж байсан. Энэхүү ажлын хүрээнд тодорхой ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?
-Нийслэл Улаанбаатар хотын түвшинд төвлөрлийг задлах, нэг төвт хотоос олон төвт болгон хөгжүүлэх зорилгоор дэд төв, бичил дэд төв (Сервис центр)-үүдийг байгуулж байгааг яам бодлого, хөрөнгө оруулалтаараа дэмждэг.
Энэ нь иргэдэд өөрийн өмчлөл, эзэмшлийн газартаа амины орон сууц барих боломж олгож, гэр хороололд инженерийн шугам сүлжээг улсаас барьж байгуулах юм. Судалгаанаас үзэхэд, гэр хороололд амьдарч буй айл өрхийн 60-70 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газартаа нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууц барих сонирхолтой байна.
Энэ хүрээнд гэр хорооллын суурьшлын бүсийг төвийн, дундын, захын гэсэн гурван хэсэгт хувааж, Улаанбаатар хотын зургаан дүүргийн 43 хорооны 50 байршилд бичил дэд төв (Сервис центр) барьж ашиглалтад оруулахад 350.0 тэрбум төгрөг зарцуулах юм.
Уг ажлын хүрээнд хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төв, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, инженерийн шугам сүлжээ (авто зам, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, холбоо, үерийн хамгаалалт)-ний барилга угсралтын ажил хийх юм.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын айл өрхүүд инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох нийгмийн барилга байгууламж барьж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжрахаас гадна агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр болох ёстой.
-Салбарын яаманд улсын төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдаж, ямар төсөл арга хэмжээ хийж байна вэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт барилгын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтуудын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад барилгын салбарт хийхээр нийт 135 төсөл арга хэмжээнд 103,5 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2018 онд 475 төсөл арга хэмжээнд 738,4 тэрбум төгрөг, 2019 онд 632 төсөл арга хэмжээнд 964,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 691 төсөл арга хэмжээнд 1,459,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
-Газар зохион байгуулалт, геодезийн чиглэлээр ямар ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн талаар товч ойлголт өгөхгүй юу?
-Тус яамны бүтцэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар үйл ажиллагаа явуулдаг. Иймээс энд зарим онцлогтой зүйлийг дурдая. Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хугацааг 2028 он хүртэл 10 жилээр сунгасан. Газар зохион байгуулалтын мэдээллийн сан, программ хангамж, веб хуудас (www.egazar.gov.mn) бүхий газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн нэгдсэн цахим систем байгуулж, иргэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээлэл авах, өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сонгож газар эзэмших, ашиглах, өмчлөх түүнтэй холбоотой хүсэлтээ гаргах боломжтой болсон.
Газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын төлөвлөгөөний систем, Газрын цахим бирж, Газрын үнэлгээ, татвар, төлбөрийн КАМА систем, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн систем, Улсын газрын төлөв байдал, чанарын мониторингийг нэгтгэсэн “Газрын удирдлагын цогц систем” байгуулж цахимжуулах ажил хийж байна. Ингэснээр хүнд суртал, шат дамжлагыг багасгах, газрын маргаан зөрчилгүй болгох, иргэдийнхээ газрын эрхийг төрийн зүгээс баталгаатай хангаж, газартаа хөрөнгө оруулалт хийн газрын үр өгөөжийг ашиглан баялаг бүтээх боломж олгох, улс эх орныхоо олон талт эдийн засгийг орон нутгаас эхлэн буй болгох нөхцөл бүрдүүлэх юм.
-Салбарын яамнаас Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Ямар агуулга ач холбогдолтой вэ?
-Монгол Улсын хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж 67.6 хувьд хүрээд байна. Тухайлбал, зөвхөн Улаанбаатар хотод манай улсын хүн амын 46 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг.
Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо нь нэг газар төвлөрч зарим талаар нийгмийн эрчимтэй хөгжилд сөрөг нөлөөг үзүүлэх болсон. Тиймээс хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах үзэл баримтлалтай болж, үүнтэй холбогдож үүсэх нийгмийн олон үндсэн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ байна гэж үзнэ.
АЭРОСИТИ, МАЙДАР ХОТ РУУ ЗАРИМ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
-Төвлөрлийг бууруулахын тухайд Монгол Улсад 42 жилийн дараа анх удаа Майдар, Аеросити хот байгуулах түүхэн шийдвэрийг УИХ-д өргөн бариад байна.
-Аэросити, Майдар хот байгуулснаар нийслэлийн эргэн тойронд суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болох эхлэл тавигдах юм.
Аэросити хотын онцлог нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, ложистикийн сүлжээний байгууламж зэргийг байгуулсанаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болно. Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, нийслэлийн авто замын ачаалал буурна гэж төсөөлж байгаа.
Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт болон кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламж байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
-Танаас дахиад хэдэн зүйл тодруулъя. Барилга байгууламжийн нас, чанар нь тухайн барилгын бүтээцэд орж буй материалаас хамаардаг. Мөн манай улс газар хөдлөлт, гамшгийн эрсдэлд бэлэн байх нь үүнээс шалтгаалдаг. Салбарын яам энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Барилгын материалын чанар, стандартын шаардлагыг хангуулахад барилгын материалын лабораториуд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар барилгад хэрэглэж байгаа материалын дотоодын үйлдвэрүүдийн 60 гаруй, импортын материалын 40 гаруй хувийг лабораторийн хяналтад хамруулж байна.
Барилгын материалын сорилт шинжилгээний төв лабораторийн тоног төхөөрөмжийг 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэн сайжруулсан. Монгол Улсын Их Хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2018 оны 05/13 тоот тогтоолын хүрээнд нэгдсэн лабораторийн сүлжээг нийслэл хот, аймаг бүрд бий болгон ажиллуулах, тэдгээрийг боловсон хүчин, багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангах, барилгын материалын сорилт шинжилгээний төв лабораторийн бүтэц, орон тоог баталж, цалин хөлс, холбогдох зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээг аван ажиллаж байна.
-Барилга байгууламж, орон сууцны үнийн өсөлт, тогтвортой байдал нь тухайн барилгын материалыг үнэлгээнээс хамаардаг. Барилга, барилгын материалын болон тэдгээрийн үйлдвэрлэлтийн талаар ямар бодлого барьж байгаа вэ?
-Бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр барилгын материалын хэрэгцээ ч эрс өсөж, үндсэн нэрийн материалыг дотоодын үйлдвэрлэлээр хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Бидний гаргасан судалгаагаар барилгын материалын нийт өртөгийн 1/4 хувийг нь арматур эзэлж байдаг. Судалгаанаас харахад барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 4.0 их наяд төгрөг давж, жилд 300.0 гаруй мянган тонн барилгын арматур шаардагдаж байна. 2019 оны байдлаар 20 орчим хувийг нь дотооддоо үйлдвэрлэж, 80 гаруй хувийг импортоор нийлүүлж байна. Гэтэл манай улсад төмрийн хүдрийн бодит болон боломжит нөөц 1.2 тэрбум тоннын баялаг нөөц байна. Энэхүү үнэт түүхий эдээ бид түүхийгээр нь болон баяжуулаад гадагш нь худалдаж байгаа шүү дээ. Төмрийн хүдрийн баяжмалын нэг тонныг нь 30 ам.доллараар зараад, хилийн цаана үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь буцаагаад 300 ам.доллараар авч хэрэглэж байх жишээтэй. Гангийн үйлдвэр бол уул уурхайтай холбогдсон хүнд үйлдвэрлэл боловч хэрэглэгч нь барилгын салбар болдог гэдэг утгаараа манай яамнаас 2020 оныг арматур, ган туйвангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх жил болгон зарлаж, үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрлэгчдээ дэмжих арга замаар хүчин чадлын ашиглалтыг нь сайжруулах чиглэл барьж байна.
24news.mn