Хууль зүйн доктор, дэд профессор Чадраабалын Өнөрбаяртай ярилцлаа.
-Таныг МУИС-ийн багш, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, АТГ-ын Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсныг мэднэ. Хувь хүний чинь тухай мэдээлэл хомс юм. Аль нутаг вэ?
-Би Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрсөн. Аав маань Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумын уугуул, ээж Тарагт сумынх. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Арвайхээрийн хошууны хүмүүс. Би нутагтаа арван жилийн боловсрол олоод хотод ирж их сургуульд суралцсан. Товчхондоо ийм.
-Аав, ээж нь юу хийдэг улсууд байв?
-Аав минь Өвөрхангай аймагт насаараа даргын жолооч хийсэн дээ. Социализмын үед 15 дугаар бааз гэж байхад даргын жолооч, дараа нь ИТХ-ын даргын жолооч, тэгээд аймгийн Засаг дарга даргын жолооч хийж байгаад 2007 онд бурхан болсон хүн. Ээж минь аймгийн захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хүнсний үйлдвэрлэл, технологийн чиглэлийн мэргэжилтэй хүн бий. Би айлын том хүү.
-Хэдэн онд төрсөн билээ?
-1982 оны нэгдүгээр сарын 13-нд төрсөн шдээ.
-Хуульч хүн болохоор Үндсэн хууль батлагдсан өдрөөр төрснөөрөө бэлгэшээх үү?
-Хүмүүс “Чи Үндсэн хууль батлагдсан өдөр төрлөө” гэдэг юм. Би 1982 онд төрсөн гэхээр 1992 оны Үндсэн хуулиас арав ах байгаа биз дээ. Тэгэхээр би Үндсэн хууль батлагдсан өдөр биш Үндсэн хууль миний төрсөн өдөр батлагдсан болж таараад байгаа биз /инээв/.
-Дунд сургуулийн багш нар тухайн хүүхдийн хувийн хэргийг хөтөлдөг. Хувийн хэрэгт чинь таныг юу гэж тодорхойлсон байдаг вэ?
-Хичээлдээ муу хүүхэд байгаагүй. Бас гоцроод тасарчихсан сурагч байсангүй. Ерөнхийдөө ангидаа эхний тавд ордог сурлагатай байж. Нийгмийн тухай мэдлэгийн олимпиадад оролцдог. Идэвхтэй талдаа. Хажуугаар нь боксын дугуйланд хичээллэдэг байлаа. Хамраа нээлгэж үзлээ. Миний аав бөхөд сонирхолтой хүн байсан учраас би чөлөөтийн дугуйланд хамрагдаж байсан.
-Дунд сургуулиа төгсөөд хуулийн сургуульд орсон уу?
-Конкурс өгсний дараа философи, техникийн инженерийн ангиуд л байсан. Манай Өвөрхангайд хуулийн сургуулийн анги ганц ирэхэд нь авч чадаагүй. Тэгээд аавдаа “Би хуульч л болмоор байна. Өөр ангид орохгүй” гэсэн. Тэгээд намар нь хотод орж ирээд Шихихутуг хууль зүйн дээд сургуульд 1998 онд элсээд, 2002 онд төгссөн.
-Төгсөөд хаана ажилд орсон бэ?
-Шихихутаг сургуульдаа ажилласан. Тэгж байхдаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрын ангид шалгалт өгч ороод гайгүй сайн төгссөн. Тэгээд сургуулийнхаа захирал С.Нарангэрэл академичийн туслахаар ажилласан. Тэр үед дэд захирал нь Н.Лүндэндорж багш байсан. Хоёр захирлынхаа туслахаар ажиллаж байгаад Төр, онолын танхимд судалгаа хийгээд багшилсан. Арав гаруй жил сургуульдаа багшилж, судалгаа хийгээд 2014 онд Үндсэн хуулийн чиглэлээр докторын зэргээ МУИС дээрээ хамгаалсан. Гадна дотно мэргэжил дээшлүүлсэн зүйлс бас байгаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилласан үе хэдийнээс билээ?
-2009 онд. Тэр хүртэл МУИС-даа ажиллаж, судалгаагаа хийж байсан. Хажуугаар нь Дэлхийн банк, НҮБ-ын судалгаанд зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байж. Мэргэжлийн хяналтын байгууллага, хуулийн сургуулиудад зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан. ҮАБЗ-д бол хуулийн асуудал хариуцсан ахлах референтээр анх орж ажилласан.
-Тэр үед ямар сэжмээр холбогдож ажилласан бэ?
-2009 онд шинэ Ерөнхийлөгч ажлаа авах үед би төрийн албаны шалгалт өгч тэнцэж таарсан. Тухайн үеийн захирал С.Нарангэрэл багшдаа “Би ҮАБЗ-д орж ажиллавал яаж байна” гэтэл “Өөрөө мэд” гэсэн. Ингээд орсон. Ороод Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд шинэчлэн батлахад ажлын хэсэгт нь орж ажилласан. Дотоодын аюулгүй байдал буюу Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал хэсэг дээр нь нэлээд голлож ажилласан. Дээрээс нь Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн бодлогын ажлууд дээр чиглэж ажилласан. Жишээлбэл, гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг ҮАБЗ-өөр батлуулахад би ҮАБЗ-д ажиллаж байсан. Дээрээс нь газар хөдлөлийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг батлахад ажилласан. Газар хөдлөлийн үнэлгээ хийх, нурах эрсдэлтэй барилгуудыг хүчитгэх ажлуудад оролцож байсан. ҮАБЗ-д ажилласан хоёр жил маань иймэрхүү. Энэ хугацаанд ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр, дэд даргаар ажилласан юм байна.
-ҮАБЗ юу хийдэг байгууллага вэ. Юм болгон руу үзчиж оролцохгүй биз дээ. Манайхан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ойлгоод байдаг. Та цомхон ойлголт өгөөч?
-1992 оны шинэ Үндсэн хуулиар бий болсон бүтэц. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг 1992 онд УИХ-аас баталсан байдаг юм. Энэ байгууллага төрийн дээд түвшинд зөвшилцлөөр шийдвэр гаргадаг байгууллага. Ерөнхийлөгч тэргүүн нь, УИХ-ын дарга, Ерөнхий сайд саналын эрхтэй гишүүд нь. Засгийн газрын гишүүд илтгэгч гэж явдаг. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ рүү аливаа асуудал оруулдаг гэсэн үг. Миний ойлгож мэдсэнээр ҮАБЗ гэдэг байгууллага бүх асуудал руу явж ордог байгууллага биш. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудал дээр л тулгамдсан шийдвэр гаргадаг гэсэн үг. Гадаад бодлогын түвшинд Монгол Улс ямар байр суурьтай байх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Эсвэл Засгийн газар ердийн байдлаар зохицуулж чадахгүй асуудал руу орно. Жишээлбэл, нийтийг хамарсан гоц халдварт өвчин гарлаа гэхэд ЭМЯ дангаараа шийдэж хүчрэхгүй бол ҮАБЗ-ийн түвшинд ярьж болно. Утааны асуудал, газар хөдлөлтийн асуудлаар хуралдаж болдог. Бүх асуудал руу ороод ирвэл ҮАБЗ Засгийн газрын ажлыг булааж хийх гээд байх магадлалтай. ҮАБЗ-ийн тухай хуулиар тодорхойлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, оршин тогтнохуйтай холбоотой амин чухал асуудлаар гол шийдвэрийг гаргадаг байгууллага. Хуулийнх нь концепц ч тийм.
-Тэгвэл хуулийн байгууллагын томилгоог хэлэлцдэг юм уу. Хэлэлцсэн жишээ байдаг уу?
-Байхгүй. Парламентын засаглалтай улсад ҮАБЗ-ийг Ерөнхий сайд нь тэргүүлдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай улсад ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч нь тэргүүлнэ. Манайх ҮАБЗ-ийн тухай хуулийг 1992 онд хийхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудын туршлагыг харьцуулан судалж байгаад тэр чиг рүү хуулиа хийчихсэн юм билээ. Гэхдээ ҮАБЗ хуульд заасан хүрээндээ ажиллахад манай тогтолцоо тийм ч муу биш гэж үздэг.
-ҮАБЗ-өөс яагаад АТГ-ын Тамгын газрын даргаар очсон юм?
-Төрийн байгууллага хооронд Төрийн албаны тухай хуулийн дагуу сэлгэж ажиллаж болдог. Энэ дагуу АТГ-т очиж нэг жил ажилласан. Намайг АТГ-т очиход өмнөх хөтөлбөрийнх нь хугацаа дууссан байсан. Нэг жил богинохон боловч олон ажил хийх гэж оролдсон. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлыг идэвхжүүлсэн. Дараа нь энэхүү ажлаа Ерөнхийлөгчийн зөвлөх болоод УИХ-аар батлуулсныг та бүхэн мэдэж байгаа байх. АТГ Монгол Улсын хэмжээнд авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Гэтэл хуучин энэ ажлыг 10 мянган цагдаа, 400 гаруй прокурор, 300 орчим шүүгч хамтаараа хийдэг байсныг АТГ гэж жижиг байгууллага байгуулаад дэндүү хүнд ачаа үүрүүлчихсэн байсан. Тийм учраас цөөхүүлээ боловч яаж үр дүнтэй, эрчимтэй ажиллах вэ гэдэг дээр анхаарсан. Тамгын газрын дарга бол хүний нөөцийг бэхжүүлэх, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, таниулах үүрэгтэй. Мөрдөн шалгах, гүйцэтгэх ажилд оролцдоггүй.
-Н.Ганболд хурандааг Элчингээс нь, Б.Хурцыг Германд саатуулагдаад байхад нь авчраад АТГ-ын удирдлагаар томилсон. Та аль нэгийг нь өмнө таньдаг байсан уу?
-Б.Хурц генерал намайг ҮАБЗ-д ахлах реферэнтээр ажилд ороход Ажлын албаны дарга байсан. Н.Ганболд даргыг би өмнө нь таньж мэддэггүй байсан.
-Тэгээд Б.Хурц дарга танд санал тавьж АТГ-т авчирсан юм уу?
-Тэр үед АТГ-ын Тамгын газрын дарга байсанжи хүн өөр алд шилжин ажиллах гэж байгаа “Чи ирж ажиллах уу” гэсэн. Тэгээд Төрийн албаны хуулиар сэлгэж ажилласан. Намайг очиход байгуулагдаад бараг таван жил болчихсон, УМБГ, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас боловсон хүчнээ бүрдүүлсэн 100 хүрэхгүй хүнтэй байгууллага байсан. Биднийг ажиллаж байх үед Монгол Улсын авлигын индекс буурсан. 120 дээр байсан үзүүлэлт 72-т хүрч байлаа. Орон нутагт ажиллаж, урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил нэлээд хийснийх юм уу даа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль мөрдөгдөөд хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэг авдаг болсон. Ямар ч байсан тэр үед Монгол Улс анх удаа сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуультай болж, түүнийг хэрэгжүүлэх гэж оролдсон он жилүүд. Бас Мэдээллийн ил тод байдлын тухай хууль гарч, түүнийг хэрэгжүүлэх ажил ундарсан. Алдаа оноо гарсан л байх. Гэхдээ ажил, бодлого тойрсон маргаан, шүүмж бол ардчилсан нийгэмд байх ёстой, эрүүл үзэгдэл.
-Ерөнхийлөгч зөвлөхөөр ажиллуулах саналаа танд өөрөө тавьсан уу?
-Хүмүүс биднийг нэг нутаг ус, хамаатан садан гэж их ярьдаг юм билээ. Тэр хүн Ховдынх, би Өвөрхангайнх. Нутаг усны юм уу, хамаатан садны зүйл байхгүй. Надад “Чамд зөвлөхөөр ажиллах санал тавьж байна. Гол нь чиний ажил хуулийн төсөл боловсруулах ажил нэлээд хийнэ. Надад цаас нухдаг, хууль бичдэг, УИХ дээр төслөө хамгаалаад явах хүн хэрэгтэй байна” гэсэн. Би “Та надад итгэл хүлээлгэж байгаа бол би зүтгээд үзье” л гэсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан таван жил надад их зүйлийг сургасан гэж боддог. УИХ-ын чуулганд 50 гаруй удаа орсон байдаг. Тэнд 23 хууль батлуулсан. Хуулийн төслөө буцаалгасан, загнуулсан гээд аль ч их сургуульд олохгүй зүйлээ олж авсан. Нөгөө талдаа шүүхийн шинэтгэлд гар бие оролцсондоо ердөө харамсдаггүй. Харин ч олзуурхаж бахархдаг. Бидний боловсруулсан Шилэн дансны тухай хууль гэхэд л маш чухал хууль. Зарим хүн тэр хуулиар өөрийгөө нэрлээд, од болоод ном бичээд явсан. Нийтийн сонсголын тухай хуулийг боловсруулж, батлуулсан. Одоо чинь 60 тэрбумаар, ЖДҮ-гээр сонсгол хийе гээд байгаа биз дээ. Эргээд харахад энэ хууль Монголын ардчилалд хэрэгтэй хууль болсон. Ядаж парламентын түвшинд томилгооны сонсгол хийж, нийгэмд эргэлзээтэй байгаа асуудлыг мухарладаг байя гэсэн. Нийтийн сонсголын тухай хуулийг жинхэнэ утгаар нь амьдруулж чадахгүй байна л даа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан хэдэн хууль УИХ-аас буцсан билээ?
-Давхар дээлийг тайлъя гээд хуулийн төсөл таван удаа өргөн барьсан. Ерөөсөө дэмжигдээгүй. Бас Улс төрийн намын тухай хуулийн төслийг бас буцаасан. Харин Ирээдүй өв сангийн тухай хууль, Батлан хамгаалахын багц хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль гээд 23 хуулийг батлуулсан шүү. Ерөнхийлөгч нийтдээ 36 хууль батлуулснаас намайг зөвлөхөөр ажиллаж байхад 23 нь батлагдсан гэсэн үг. Бас гурван удаа Ерөнхийлөгч хориг тавьсан байдаг. 2015 онд Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргийг өршөөнө гэхэд нь Ерөнхийлөгч хориг тавьж байсан. 2016 онд одоогийн УИХ ёсчлоогүй гэдэг шалтгаанаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тэргүүтэй хуулиудыг эргүүлэн татахад нь хориг тавьж байсан.
-Одоо Ц.Элбэгдорж гуайг шүүмжлэх сэдэв их байгаа. Та дэргэд нь зөвлөж байсан хүний хувьд энэ хүний ардчиллыг бэхжүүлэх, хуулиудыг шинэчлэх чиглэлээр хийсэн ажлуудад ямар үнэлгээ өгөх вэ?
-Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ гэсэн үг бий. Би энэ хүнтэй хамтарч ажиллахаас өмнө өөрийнх нь талаар сайн мэддэггүй байсан. Таван жил зөвлөхөөр нь ажиллахдаа нэлээд ойлголттой болсон. Энэ хүнд Монголдоо юм хийж үлдээе гэсэн сэтгэл зүрх байдаг. Үнэт зүйл, зарчимтай хүн. Монгол Улсын хөгжлийн зам нь ардчилал бөгөөд парламентын ардчилал гэдгийг энэ хүн мэддэг. Парламентын засаглалыг бэхжүүлж, Засгийн газрыг хүчтэй болгох асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад болохгүй зүйл байхгүй гэж хардаг. Нөгөө талдаа Ц.Элбэгдорж гэж хүн хуулиар дамжуулж дараа үедээ өв үлдээнэ гэж боддог хүн. Сайн бодлого, сайн ажил хүнтэйгээ ирээд, хүнтэйгээ алга болдог байж болохгүй. Тэр хүнийх нь хугацаа нь дуусаад явахаар мартагддаг байж болохгүй. Тийм учраас хууль шинэтгэл, бодлогын шинэтгэлээр хойч үедээ өв үлээе гэж зорьсон байх гэж боддог. Маш олон хууль санаачилж, хэлэлцүүлээд байсных нь шалтгаан энэ. Бид хоёрын хамтран ажиллах болсон, ойлголцсон огтлолцол энэ байсан гэж болно.
-Шүүхийн шинэтгэл холион бантан болсон гэж хэсэг хүн ярьдаг. Одоо бүр Ц.Элбэгдорж гэдэг хүн шударга бусын хонгилоо байгуулах гэж шүүхийн хуулиудыг шинэчилсэн ч гэх шиг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Шүүхийн шинэтгэлийн багц хууль 2012 оны парламентаар батлагдсан. 2012 оны парламентад МАН олонхи байж, Д.Дэмбэрэл гуай УИХ-ын дарга, Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нь Сү.Батболд байх үед батлагдсан багц хууль. Б.Чимид гуай шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг ҮАБЗ-өөр батлуулсан. Н.Лүндэндорж багш үзэл санааг нь ярьж, бичдэг байсан. Ерөнхийлөгчийн зөвлөх нь П.Цагаан, Тамгын газрын дарга нь Д.Баттулга гэдэг хүмүүс байсан. Үндэсний хэмжээний хоёр удаагийн зөвлөлгөөн хийж, олон хуульчийн толгойноос гарсан шинэтгэлийн багц хууль юм. Одоо яагаад Ц.Элбэгдорж гэдэг хүн рүү өргөн барьсан хуулиар нь дайраад байгааг ойлгохгүй байна.
-Шүүхийн шинэтгэлийг их ярьж, өөртэйгөө нааж ярьдаг учраас тэгж дайрдаг юм болов уу?
-Тэр хүн улс төрийн хүсэл сонирхлоороо гартаа барьж, дэмжсэн нь үнэн. Яг гартаа цаас барьж бичиж, боловсруулсан нь хуульчид, эрдэмтэд шүү дээ. Ц.Элбэгдорж бол олон хуульчийн зөв санал санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгосон. Гавьяа гай нь олон хүнтэй хамаатай. Тухайн үед Ерөнхийлөгчийн улс төрийн санаачилга, хүсэл зориг чухал байсан. Шүүхийн шинэтгэлийн үр дүнд хэн нэг улстөрч дүн тавихгүй. Шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэд л дүн тавина. Одоо шүүмжлээд байгаа улсууд чинь тэр үед бүгд дэмжиж ярьж байсан нь ном, эмхэтгэлд байдаг шүү.
-Шүүхийн шинэтгэлийн хийхдээ дутуу алхсан зүйл байна уу. Анх өргөн барьснаараа батлагдаж чадаагүй, гишүүд зүйл заалтыг нь сугалж хассан, өөрчилсөн, нэмсэн гээд л. Өнөөдрийн шүүмжлэлд өртөх болсон нь үүнтэй холбоотой байх уу?
-Байлгүй яах вэ. Өргөн барьсан бүх хууль байгаагаараа батлагддаггүй. Яг үнэн, санал нэг байна. Яагаад өргөн барьсан Ерөнхийлөгчтэй хариуцлага ярих гээд байгаа юм. УИХ өөрөө хэлэлцэж баталсан биз дээ. Шүүхийн багц хууль ч, Нийтийн сонсголын хууль ч, Шилэн дансны тухай хууль ч тэр Ерөнхийлөгчөөс өргөн барьснаараа батлагдаагүй. Явж явж хамгийн өөдтэй, өнгөтэй заалтуудыг нь хууль тогтоогч нар хасдаг юм. Тэд л бөөрөнхийлж, араа шүдгүй болгодог. Шилэн дансны тухай хуульд нэг сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх бараа үйлчилгээ, худалдан авалтыг ил болгоё гэсэн заалттай байсан. Гэтэл УИХ-ын гишүүд өөрчлөөд таван сая болгосон. Үнэндээ 4 сая 990 мянган төгрөгийн гэрээ хийгээд тайлагнадаггүй, эсвэл 20 саяын гэрээгээ дөрөв, тав хуваагаад Шилэн дансанд мэдүүлэхээс зайлуулсхийх боломжийг тэд олгосон.
-Нийтийн сонсголын тухай хууль хэрэгтэй хууль болсон шүү. Сая Улсын ерөнхий прокурорын орлогч нар дээр анх удаа томилгооны сонсгол хийж үзлээ. Гэснээс гэмт хэрэг дээр УИХ-аас Түр хороо байгуулж дүгнэлт гаргаж болдог юм уу?
-Нийтийн сонсголын тухай хууль дээр анх Мөрдөн шалгах сонсголын тухай зохицуулалт оруулж байсан. Одоогийн ЖДҮ, 60 тэрбум зэрэг шиг улстөрч, төрийн албаныхантай холбоотой скандал болсон асуудал дээр бодитой мэдээлэл авдаг байя гэсэн юм. Гэтэл тэр үед УИХ-д байсан, одоо ч улираад энд сууж байгаа гишүүд “Чи парламентын танхимыг шүүхийн танхим болгох гэлээ. Юун мөрдөн шалгах сонсгол” гээд хасч байсан. Гэтэл Мөрдөн шалгах сонсгол нь парламентын засаглалтай Герман зэрэг улсад байж л байдаг. Гэтэл Мөрдөн шалгах сонсгол байхгүй хэрнээ одоогийн УИХ чинь Түр хороо, ажлын хэсэг байгуулаад шүүх эрх мэдлийн ажил руу орох гээд байна шүү дээ. Энэ бол байж болохгүй. Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гэдэг бол үнэндээ мэргэжлийн хүмүүс, шинжээч нар биш жижиг зохион байгуулалтал орсон улс төрчид л биз дээ.
-Тэгвэл тэр үед та бүхэн Мөрдөн шалгах сонсголыг ямар байдлаар томъёолж оруулж байсан юм?
-Нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудал гарлаа гэж бодъё. Тэр хэрэг дээр мэргэжлийн шинжээч томилж холбогдох нотлох баримт цуглуулдаг, тэгээд иргэний нийгмийнхэн, хэвлэлийнхнийг цуглуулаад парламент дээрээ нээлттэй сонсгол хийдэг. Бүх талуудын байр суурийг адил тэгш сонсдог. Ингээд энэдээ суурилаад парламент өөрөө дүгнэлт, зохих шийдвэрээ гаргадаг.
Парламентын дүгнэлт нь шүүхэд үнэлэгддэггүй. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэл буюу хуулийн байгууллагад хамаатай биш. Холбогдох сайд, дарга нар буруутай гэж парламент нь үзвэл улс төрийн хариуцлага тооцдог, ёс зүйн хариуцлага тооцож огцруулдаг. Ингэж иргэд, сонгогчиддоо мэдээлэл өгдөг. Харин ял, торгууль нь тусдаа хууль хяналтын байгууллагадаа шалгагдаад явдаг. Уг нь Мөрдөн шалгах сонсголыг хуульчилсан бол парламент, шүүх эрх мэдлийн зааг ялгааг гаргахад хэрэгтэй байсан.
Томилгооны, төсвийн сонсгол зэрэг бол хуульдаа үлдсэн. Төсвийн сонсгол гэхэд төсвийн зарлагын үр ашигтай байдалд хяналт хийдэг. Хууль тогтоомжийн сонсгол гэхэд УИХ баталсан хууль тогтоомждоо эргээд мониторинг хийх үйл ажиллагаа. Хүүхэд төрүүлээд хаядаг ээж шиг баталсан хуулиа хаячихдаг байж таарахгүй. Батлаад л хаячихвал муу хууль хэвлэсэн цаасныхаа ч үнэ цэнэгүй гэдэг зүйл болно. Хууль нь хэрэгждэггүй, үнэгүйддэг, нийтэд мартагддаг байж болохгүй. Тэр утгаараа баталсан хуулиудад нэгээс хоёр жилийн давтамжаар хэрэгжилтийг нь үнэлгээ хийж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байдаг.
-Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа шүүгч нарын томилгоонд оролцож байсан уу?
-Томилгооны процесс нь надаас их хол. Шүүхийн мэргэшлийн хороо Хуульчдын холбооноос байгуулагддаг. Хуульчдын холбоо бол мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага. Энд төр, Ерөнхийлөгч энэ тэр ямар ч хамаагүй. Мэргэшлийн хороо шалгалт шүүлгээ аваад тэнцсэн хүмүүс нь ШЕЗ-ийн процесс шалгуураар ордог. ШЕЗ-ийн гурван гишүүнийг гурван шатны шүүгчид дундаасаа санал хурааж гаргаж ирдэг. Нэг нь Хуульчдын холбоо, нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэр дэвшүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч зарлигаараа томилоод явуулдаг.
-Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийн Цэц дээр унасны дараа УИХ хуулиа өөрчилсөн. Ингээд шинэ хуульд нийцүүлж бүх шүүгчдийн томилгоог дахин хийсэн. Энэ явцад Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх шүүгчтэй холбоотой санал гомдлыг иргэдээс цуглуулсан. Ингэхдээ 13 шүүгчийг томилолгүй үлдээсэн. Яагаад тэгснийг одоо хэлж болох уу?
-Тэр хүмүүс дээр асуудал байсан. Тэр үед иргэдийн зүгээс маш их гомдол санал Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсэн байдаг. Жишээлбэл, хоёр шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хүнд ял өгсөн байсан. Тэр нь өөрөө Шүүхийн сахилгын хороогоор тогтоогдсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйлдэл дээр хүнд ял өгнө гэдэг ноцтой зөрчил. Нэг шүүгч дээр болсон асуудлыг хэлье. Эхнэр нөхөрийнхөө байнгын дарамт хүчирхийлэлд амьдардаг байж. Тэр хоёр хүнийг тусгаарлах ёстой байтал тэр шүүгч хувийн сэдлээр эвлэрүүлэх шийдвэр гаргасан. Тэрнээс болоод гэр бүл цуцлах шүүх хурал болохоос өмнө эхнэр нь өчнөөн удаа хутгалуулж амь насаа алдсан харамсалтай зүйл болсон. Өөрөөр хэлбэл, тэр хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байхад нь шүүгч алдаа гаргасан. Үүнийг би ч юм уу тамгын газар тогтоогоогүй. Шүүхийн сахилгын хороо тогтоосон байсан. Энэ мэт ноцтой асуудлууд тэр шүүгчид байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон ажил хийсний нэг нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулсан явдал. Бас нэг шүүгч албан өрөөндөө архидан согтуурч байгаад хэргийн оролцогч нартаа баригдсан нь Шүүхийн сахилгын хороогоор тогтоогдсон. Албан ажилтай гэж шүүх хурлаа хойшлуулчихаад арын өрөөндөө архидаж байсан шүүгчийн асуудал байгаа юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч Архигүй Монгол хөтөлбөрийг санаачилж, өөрөө архитай арга хэмжээнд сүү өргөж явдаг байсныг хүмүүс мэднэ. Бас авлига, албан тушаалын үйлдэл гаргасан, хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан, хөрөнгөө тайлбарлаж чадаагүй шүүгч нар бий. Заримынх нь дээд боловсролын шаардлага хангаагүй, дипломтой холбоотой асуудал ч байгаа. Нэг шүүгч мөрдөн байцаагч, прокурорын олон сар цуглуулж боосон хавтаст хэргийг алга болгочихсон тохиолдол байгаа. Тэр шүүгчдэд нэг удаагийнх нь тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нь Шүүхийн ерөнхий зөвлөл шийдээд өгчихсөн. Эрх зүйн байдал дордсон зүйл байхгүй. Зүв зүгээр ажлаа хийж явсан 13 шүүгчийг хувийн сонирхлоор ажилгүй болгочихсон мэт ярьж болохгүй.
-Нийгэмд мэдээлэл байгаагүй учраас, Ерөнхийлөгч өөрөө энэ талаар тайлбарлаагүй учраас их л сонирхлын зөрчилтэй асуудал дээр 13 шүүгчийг ажлаас нь холдуулчихлаа гэж харж байлаа.
-Ердөө тийм юм байхгүй. Шүүхэд зөв жишиг тогтоосой гэж харсан юм. Хоёрдугаарт, 13 дахь шүүгч нь авлига аваад, хэргийн нотлох баримтыг өөрчилсөн нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан. Гэм буруугаа хүлээнэ гэдэг чинь хэрэг хийснээ хүлээсэн гэсэн үг. Тухайн үед ч прокурорын байгууллагаас албан бичиг ирсний дагуу эргэж томилоогүй. Хууль зөрчсөн гэдэг нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон шүүгч нар байсан юм.
-Ийм илт байсан юм бол яагаад 13 шүүгчийн асуудал дээр дуугараагүй юм бэ. Мэдээлэл байхгүйгээс болоод Хуульчдын холбооны ерөнхийлөгч нь өөрийнхөө санал болгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг дуудаж уулзаад, 13 шүүгчийн эрх ашгийг хамгаалахгүй байна гэж шүүмжилж байсан шүү дээ?
-Хоёр асуудал байсан. Тэр маргаан хуулийн хувьд эцэслэгдээгүй байсан. Тэдгээр хүмүүсийн зарим нь Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад, гурван шатны шүүхээр яваад сунжруулсан. Хуулийн процесс дуусаагүй байсан учраас нэр хүндийг нь бодож мэдээлээгүй. Хоёрдугаарт, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Хэсэг хүний мэргэжлийн алдаанаас болоод бүхэл тогтолцооны нэр хүндийг унагаахыг хүсээгүй. Нөгөө талаар, нэгэнт эхлүүлсэн тогтолцооны шинэтгэл чухал байсан учраас жижиг сажиг зүйлээр зүгээр ажлаа хийгээд явж байгаа нийт шүүгчдийн нэр хүндийг харлуулах зүйл болох вий гэдгээс болгоомжилсон.
-Хэдхэн хуульчаар өөрийгөө хүрээлүүлээд Америкийн хууль хуулдаг гэдэг шүүмжлэл гардаг байсан. Монголын хөрсөнд буухгүй хууль гаргалаа гээд. Түрүүн нэрлэдэг хуулиудад ямар хүмүүс оролцсон бол?
-Гадны хуулийг шууд хуулна гэж юу байх билээ. Жишээ нь, Батлан хамгаалахын багц хуулийг боловсруулахад ЗХЖШ, Батлан хамгаалахын яамны холбогдох хүмүүстэй ажилласан. Гамшгаас хамгаалах тухай хуулийг хийхэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал генерал оройлж ажиллаад, холбогдох хүмүүсээ оролцуулсан. Захиргааны ерөнхий хуулийг хийхэд Монголын шилдэг захиргааны хуульчид ажилласан. Жишээ нь Одгэрэл багш, Сүнжид доктор, Цогт шүүгч гэх мэт. Шилэн дансны тухай хуульд Энхбат доктор болон бусад хуульч, эдийн засагчид оролцсон. Шүүхийн хуулиудад шүүгч нар, Улс төрийн намын тухай хуульд Үүрцайх судлаач, Гэрэлт-Од доктор гээд хүмүүс оролцсон. Тийм учраас тэр, энэ гэсэн цөөхөн хүн нэрлэмээргүй байна. Орхивол гомдоно шүү. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудад голлож ажилласан хуульчдыг жагсаавал 50-60-аад хүн болно. Хууль болгон дээр өөр ажлын хэсэг, ажлаа мэддэг хүмүүс орсон. Бүх хуулийн төслийг Иргэний танхимд хэлэлцүүлж, саналуудыг тусгаж ирсэн. Энэ бол хууль боловсруулах ажилд гарсан сайн жишиг байсан л гэж боддог.
-5Б-ийн таван багш гэдэг хэллэг гарчихлаа. М.Батсуурь, Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр, Г.Эрдэнэбат, Н.Лүндэндорж гэдэг таван багш хууль зүйн системд өндөр алба хашиж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Та тавыг хэлээд байгаа юм уу?
-МУИС-д ажиллаж байсан багш яагаад төрд ажиллаж болдоггүй юм. Жишээлбэл, Д.Лүндээжанцан багш, одоогийн УИХ-ын гишүүн Монголын мэргэшсэн парламентч гэхэд МУИС-ийн багш байсан. МУИС-ийг онц төгсч, Д.Сүхбаатарын цалинтай байсан хүн сургуульдаа ажиллаж байгаад Улсын прокурорт ажилд орсон. С.Нарангэрэл багш МУИС-ийг төгсч, сургуульдаа багшилж байгаад прокурорт орж ажилласан, ШУА-д ажилласан. Хожим УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш бол МУИС-ийн анхны төгсөгч. Дараа нь тэр хүн Дээд шүүхийн дарга, Хууль зүйн сайд, Улсын бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хийсэн. Ж.Амарсанаа багш бас л МУИС-ийнх бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дарга хийсэн. Нэг зүйл хэлчихье. МУИС-ийн Хууль зүйн сургууль бол Монгол Улсын хууль зүйн салбарын боловсон хүчнийг бэлтгэж ирсэн газар. Гэтэл яагаад дараа үеийнх нь хэдэн хуульч МУИС-даа багшилж байгаад төрд орохоор буруу болчихдог юм. Практикт ажиллаж байгаа мундаг хуульчид бий. Жишээ нь, Ц.Цогт шүүгч МУИС-д багшилдаг. Онол, практик хослох ёстой учраас үүнийг би буруу гэж боддоггүй. Цаашдаа ч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар, хэдэн мянган төгсөгчид Монгол Улсын хууль зүйн салбар хаашаа явахыг заах луужин нь байна гэдэгт итгэдэг. Энэ яагаад буруу байгаа юм. Төрд орохоосоо өмнө бидний хэн нь ч самбарын өмнө шохой бариад зүгээр л зогсч байгаагүй. Бүгд л хуулийн төслүүд боловсруулаад, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай байсан. МУИС бол Монголын тэргүүлэх сургууль, уураг тархи нь учраас Монголын төр харин ч сайн ашиглах ёстой гэж боддог.
-Тэгвэл яагаад 5Б-ийн 5 багш гэдэг хэллэг гарчихсан юм?
-Тэрийг ёстой мэдэхгүй. Эрхэм гишүүнээс өөрөөс нь асуусан дээр байхаа. Б болчихсон нь ямар ч учиртай юм. Б гэж байгаа юм чинь А гэж байгаа л байх даа. Тэд нь хэн юм бол. Яах вэ, ажил хийхэд алдаа оноо гарна. Ардчилсан тогтолцоо бол бодлогын өрсөлдөөн. Буруу бодлогыг дараагийн хүмүүс нь засч залруулаад, улам сайжруулаад явдаг тогтолцоо. Хууль дээр алдаа байгаа бол засах тухай ярихаас биш бүхэлд нь харлуулж, нураах гээд байгааг ойлгохгүй байна.
-Одоо ч иргэд Жастин Каплаг Ерөнхийлөгч уучлаад явуулсныг шүүмжилж харагдах юм. Тэр хүнийг уучлах цаад шалтгаан юу байсан бол?
-Би мэдэх хүрээндээ л тайлбарлая. Уучлал үзүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Гэхдээ үзэмжээрээ уучилсан зүйл болоогүй. Тухайн үед татвараас зайлсхийсэн асуудлаар 1200 аж ахуйн нэгж хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Үүнээс 700 аж ахуйн нэгжийн асуудал нь прокурорын байгууллагад шилжсэн байсан. Татварын асуудал дээр хорих ял оноогоод байвал маш олон бизнес эрхлэгчийг шоронд хийх юм билээ. Ийм учраас татвараас зайлсхийсэн асуудал дээр хорьдгоо больё гэж харсан. Жастин Капла бас л татвараас зайлсхийсэн үйлдэлтэй. Нөгөө талаар, гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж татвараас зайлсхийсэн бол хохирлоо заавал барагдуулах ёстой гэсэн зарчим барьсан. Жастин Каплагийн хорих ялыг уучилсан болохоос хохирлыг нь уучлаагүй. Намайг ажлаа өгөхөөс өмнө Жастин Капла 34 тэрбумаасаа хохиролоо барагдуулаад долоон тэрбумын үлдэгдэлтэй байсан. 2017 оноос хойш үлдсэн татвараа төлж дуусгасан байх ёстой. Уучлалын ард энэ л байсан.
-Та зөвлөхийн ажлаа өгөөд Оксфордын их сургуульд судлаач хйиж байгаад ирлээ гэсэн үү?
-Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө надад судлаачаар ажиллах урилга ирсэн байсан. Тэгээд явсан. Хүн сурах шаардлагагүй, мундаг боллоо гэж бодсон цагаасаа зэвэрдэг. Тэр утгаараа би хууль зүйн доктор болж, олон хууль батлуулсан ч гэлээ хөгжиж, өсөх ёстой гэж боддог. Ингээд Английн Оксфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирсэн. Монголд хамгаалсан докторын сэдэв болох Үндсэн хуулийнхаа чиглэлээр нэлээд судалгаа хийлээ. Ирээд судалгааныхаа чиглэлээр А.Бямбажаргал доктортой хамтарч Үндсэн хуулийн чиглэлийн ном гаргасан. Дараа нь Хууль зүйн сургуульд суралцсан 101 зүйл гэдэг номын орчуулгыг шавь нар хамтран зүтгэгчдийн хамт олон нийтийн хүртээл болгосон.
-Багш нар шавийнхаа тоог хэлж бахархдаг байх шүү. УИХ-д таны хэдэн шавь байдаг вэ. “Би чамд ийм зүйл заасан юм уу” гээд УИХ-д байгаа шавь нараа зэмлэсэн зүйл байх уу?
-Би өөрийгөө жинхэнэ утгаараа багш болох болоогүй гэж боддог. Үйл хэрэг, бүтээлээрээ үнэлэгдэх хэмжээний профессор болно гэдэг яагаа ч үгүй. Б.Чимид, Г.Совд, С.Нарангэрэл, Н.Лүндэндорж, Д.Лүндээжанцан нарын багш нар бол жинхэнэ утгаараа профессорууд. Миний хүндэлж явдаг маш олон багш байгаа учраас бүгдийг нь нэрлэе гэхээр зарим нь санамсаргүй үлдчих вий гэдгээс эмээж байна. Би жинхэнэ багш болж чадаагүй учраас шавь нарынхаа тоог хэлэхээс ч ичиж байна. 14 жил МУИС-д багшилсан гээд багцаалдахад надаас номын дуу сонссон 3000-4000 хүн байгаа л байх. УИХ-д бол бас бий. Нэрийг нь хэлээд яах вэ. Хувь хувьсгалын ажлыг ялгах ёстой. Төрийн ажил тусдаа. Багш, шавийн харилцаа тусдаа. Намайг шүүмжилдэг миний олон шавь нар бий. Тэр хүмүүст үзэл санааных нь эрх чөлөө байх ёстой. Тэрэнтэй адилхан би өөрийнхөө төслийг шавь гишүүддээ тулгана гэж байж болохгүй шдээ. (Инээв)
-УИХ-ыг бага ард түмэн гэдэг. Энэ утгаараа төрөл бүрийн хүмүүс байх ёстой мэт. Нөгөө талаар хууль тогтоох дээд байгууллагад хуульчид дийлэнх нь байх ёстой гэдэг. Эсвэл эдийн засагчид олноороо гарч байж эх орныхоо эдийн засгийг босгоно ч гэх шиг. Та чухам аль салбарын хүмүүс энд суух ёстой гэж боддог вэ?
-Ард түмэн хэнийг таална, тэр л очно. Ардчиллын зарчим нь тэр. Дуучныг, бөхийг, хуульчийг, эдийн засагч, инженерийг таалж болно. Миний бодлоор парламентад хэн орж ирэх нь тийм ч сонин биш. Харин парламент шийдвэрээ гаргахдаа дэргэдээ бий болгосон уураг тархи буюу эрдэм шинжилгээний хүрээлэнгээ сонсдог байх ёстой. Салбар бүрийн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийнхээ гаргасан судалгааг хүлээж аваад кнопоо аль талд нь дарахаа шийддэг байх хэрэгтэй. Ийм механизм бий болгох чухал. Дээрээс нь УИХ-ын дэргэдэх хяналтын байгууллага чухал. УИХ-ын гишүүд өөрсдөөсөө ажлын хэсэг гаргаад хууль хяналтын болон төсөв хөрөнгийн байгууллагыг шалгадгийг би дэмждэггүй. Ард түмэн нэг ч эдийн засагчийг УИХ-д сонгоогүй бол яаж Сангийн яамыг шалгах вэ. Нэг ч хуульчийг сонгохгүй бол яаж Хууль зүйн яамны ажлыг шалгах юм. Тийм учраас парламентын дэргэдэх мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсдог, тэдний дүгнэлтээр Засгийн газрынхаа ажлыг үнэлдэг байх хэрэгтэй. Ингэж байж ярьдаг парламент биш ажлын парламент болж чадна. Тийм учраас би УИХ-д мэргэжлээр нь ялгаж, ийм хүн, тийм хүн сонгогдох ёстой гэж ярихыг дэмждэггүй. Зөв, шударга, ёс зүйтэй хүмүүс сонгогдоод мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдог, үнэлдэг, уялддаг байхад л болно. Тэнд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд нь төрөө шүүмжилж, энд гишүүд нь дүлий, дөргүй бух шиг л байж болохгүй. Уялдаа холбоо хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Time.mn
24news.mn