2024 оны 11 сарын 24
Зочин
Ж.Баасанжаргал: Өв, уламжлалаа хадгалсан бүтээлүүдээ дэлхийд гаргана

“Уран брэнд”-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, гоёл чимэглэлийн дизайнер  Ж.Баасанжаргалыг энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа  урьж ярилцлаа.

 
-Дэлхийд өрсөлдөхүйц  “Уран” брэндийг гарга­лаа. Бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бол?
 
-Энэ  бизнесийг эрхлээд 14 жил болж байна. Анх арван мянган төгрөгөөр 100 ширхэг усан болор авч ганц хоёр ээмэг, бөгж  хийсэн. Усан болор маш жижиг 0.4 мм хэмжээтэй. Хийсэн зүйл маань хүмүүсийн сонирхолд нийцэж амархан зарагдаж байсан. Түүндээ урамшиж бага ч гэсэн тэр мөнгөө өөр зүйлд үрэлгүй зөвхөн материалаа авдаг байсан. Тэгээд хийсэн зүйлээ борлуулахаар  хөдөө аймгуудаар явж эхэлсэн. Хамгийн гол нь малчин эмэгтэйчүүд миний хийсэн гоёл чимэглэлээр гоёосой гэж хүссэн.  Учир нь тэр үед эртний хээ, угалзаар урласан ээмэг, бөгж, зүүлт, толгойн гоёл зэргийг хөдөөний хүүхнүүд ихэд сонирхдог байсан юм. Ялангуяа баяр, наадмын үеэр дээлэндээ тохируулж зүүх гэж их авдаг байв. Түүнчлэн миний хэтийн мөрөөдөл нүүдэлчин соёл ахуйтайгаа салшгүй холбоотой үндэсний хээ, угалзыг гоёл чимэглэлийн урлалаар орчин үеийн загварт оруулж зөвхөн дээлэн дээр биш европ хувцсан  дээр ч зохицдог байхаар урлаж дэлхийд брэнд болгоно гэж боддог байсан. Ингэхийн тулд  нүүдэлчин соёл ахуйгаа судлах шаардлага  байсан учраас өөрийхөө хийсэн ээмэг,  бөгж , зүүлтээ цүнхлээд явдаг байсан. Нэг аймаг суманд хэд хэдэн удаа очиж байсан. Заримдаа нэг аймаг суманд 7-10 ч хононо. Тэдний захиалгаар газар дээр нь хийж өгдөг байсан. Эхлээд нэг жижиг дугуй тосны хайрцагт хэдхэн  чулуугаа хийгээд явдаг байсан бол сүүлдээ том  дөрвөлжин хайрцагтай болсон. Бизнес маань амжилттай болоод эхлэнгүүт нэг явалтад дөрвөн том цүнх дүүрэн чулуу, бэлэн гоёл чимэглэл авч явна. Харин одоо өөрийн гэсэн ажлын байртай. “Uran brend”, “Uran jewelry” ,“ Uran gar” гэсэн гурван брэнд гаргаж нэрийн гурван дэлгүүртэй болж өргөжсөн. Компаниа дөрвөн хүнтэй байгуулж байсан бол одоо 20 орчим ажилтантай болсон. Манай чулуу цэвэр байгалийн гаралтай чанартай. Тайланд,  Япон, Солонгос зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцохдоо чулууны  харилцагч нараа сонгодог. Тэд манай захиалгын дагуу нийлүүлдэг. Эх орныхоо үнэт чулуугаар бас урлаж байна. Манай ээж гар урлал хийдэг хөдөлмөрч хүн байсан. Ээжийн маань нөлөө бас байсан. Хүний хийж байгааг хэдэн цагаар ч хамаагүй тасралтгүй харж байгаад гэртээ эргэж ирээд яг түүнийх нь дагуу хийдэг байсан. Би өөрийгөө  гарын уртай гэж хэлэхгүй. Гэхдээ хүн сэтгэлээсээ хүсээд уйгагүй хийгээд байхад  аяндаа чаддаг болдог. Манайд  залуу хүүхдүүд сурах гэж их ирдэг. Зарим нь ганц хоёр ирээд алга болдог. Харин уйгагүй хийгээд яваад байгаа нь сурдаг. Эв дүйтэй, хичээл зүтгэлтэй байхад заавал дархан , гарын уртай байх шаардлагагүй.  Миний урласан бүхэн хүмүүсийн сонирхолд нийцээд байх тусам хүн урамшдаг. 2007 онд залуу байсан болохоор ч тэр үү, мөнгө маань өсөөд ирэхээр тэр үү,  урамшиж гурван тэрбум төгрөгтэй болно гэж мөрөөдөөд гэрийнхээ ханан дээр бичиж түүнийгээ  өглөө бүр хардаг байв. Тэгсэн одоо тэр мөрөөдөл маань биелчихсэн бололтой.
 
-Үндэсний өв уламжлалыг хадгалсан брэндийг дэлхийд  гаргана гэсэн мөрөөдөлдөө хүрч чадсан уу?
 
-Анх URAN гоёл чимэглэлийн брэнд нь монголчуудын эрт үеэс гоёл чимэглэл, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн хээ угалз бэлэгдэл, байгалийн чулуу  үнэт метал, дарханы ухааныг дэлхийд таниулж, дэлхийн гоёл чимэглэлийн түүхий эд, загварын хандлага, өнөө үеийн хэрэглэгчдийн хэв маяг, хэрэглээнд нийцүүлэн дахин давтагдашгүй загварын гоёл, чимэглэлийг урлах зорилготой байсан тэр зорилго руугаа дөхөж л явна. Бид олон улсад болдог гоёл чимэглэлийн загварын үзэсгэлэнд жил бүр оролцож байна. Манай бүтээгдэхүүнийг гадны хэрэглэгчид их худалдаж авдаг.  Бусад орныхон ихэд сонирхож байсан. Монгол хээ угалз бүхэн хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, бэлэгшээдэг.  Манай компани  нийгмийн хариуцлагатай бизнес хийдэг гэж хэлж болно. Монголчуудын дунд үндэсний онцлог хэв шинжийг хадгалсан, нүүдэлчдийн ахуй соёлын өвөрмөц хэв шинжийг тусгасан хээ угалз, чимэглэлүүд эртнээс өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Энэхүү өв соёлыг хайрлаж, хамгаалан өнөө болон хойч үедээ уламжлуулан үлдээх нь бидний үүрэг.  Хээ угалз бол сав, шим ертөнцийн юмс үзэгдлийн үүсэл, мөн чанар, утга учрыг дохиолсон тэмдэгт дүрслэл юм.
Хээ угалз бүхэн амьдрлын хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, хэрсүү далд ухаанаар ёгтлон бэлэгшээсэн байдаг. Иймээс хээг бат бөх байх, хайрлан хамгаалах, өнөр өтгөн амьдрах, баян тансаг аж төрөх, өлзий хутаг орших, урт насалж өнө удаан жаргах, сонор соргог байх, алдар суугаа өргөж явах зэрэг утга бэлгэдлээр ялган гоёл чимэглэл хэлбэрээр ард түмэндээ хүргэхийг бид зорин ажилладаг.
 “URAN хээ” нь голын зоосон болон таван нүдэн хээ нь дөрвөн зүгээс ирэх аюулаас хамгаалах  өсөж арвижих, элбэг, баян гэсэн утгатай бөгөөд өгөөмөр баян, саруул тунгалаг байхыг бэлгэднэ. Гаднах хүрээ хээ нь уран, чамин, ганган, хээнцэрийг илэрхийлнэ. Зүүсэн эзэндээ “Элбэг хангалуун, хээнцэр ганган” амьдралыг бэлгэдэхийг, ерөөж гоёлуудаа  хичээнгүйлэн урлахыг хичээдэг. Зүүсэн эзэндээ элбэг хангалуун, хээнцэр ганган амьдралыг бэлгэддэг . URAN хээ бүхий URAN jewelry загварууд нь ажил хэрэгч, чөлөөт, өдөр тутам, гоёлын, үндэсний бүхий л хувцсанд төгс зохицно. Түүнчлэн гоёл гэхээс илүүтэй  хүний эрүүл мэндэд, эерэг сайхан бүхнийг үнэт чулуу, эрдэнийн шигтгээ өгдөг гэдэг. Тиймээс хуурамч чулуу хүнд өгөх нь зүүсэн хүнд ч нэмэргүй, өгсөн хүний  буян заяад ч муу.
 
- Корона вирусын хорио дэглэмээс шалтгаалж   аж ахуй нэгжүүдийн бизнест  хүнд тусч байна. Танайх энэ үеийг хэрхэн даван туулж  байна вэ?
 
- Гоёл чимэглэлийн бизнесийг заавал оффист хийх шаардлагагүй гэрээсээ хийж болдог. Коронатай  үед импортоос хараат бизнесүүд зогсож зарим газрууд хаалгаа барьж, ажилчидаа цомхотгож байгаа бол манай бизнес ид цэцэглэж байна. Манай пэйж хуудасны хандалт, зочлогчдын тоо эрс нэмэгдсэн. Шинэ загварууд олныг гаргаж  худалдан авагч, хэрэглэгчдийн тоо ч өмнөхөөс өссөн. Манайх нэг ч ажилчин халаагүй. Харин ч урлаачаа нэмэгдүүлж одоогоор байнгын 15, гэрээсээ 5-6 хүн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, гоёл чимэглэл нь зөвхөн гоёлд гэхээс илүүтэй хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байхыг чухалчилдаг. Тухайлбал манай шинэ загвар “ Уран хээ” брэндийг зүүсэн хүн  нүнжигтэй, эрч хүчтэй, цог золбоотой харагддаг. Алтан үстэй чулуу нь бизнесийг өргөжүүлж амжилттай, үнэ цэнэтэй  явахад нөлөө үзүүлдэг гэх мэт 30 гаруй төрлийн  байгалийн чулуугаар урладаг. Бүгд өөрийн гэсэн бэлэгдэлтэй,анагаах увидастай.
Мөн монголчууд эрт дээр үеэс зэс аяга, зэс эдлэлийг хэрэглэсээр ирсэн. Зэс нь ходоодонд сайн,  биеэс  хорт бодисыг зайлуулдаг гэдэг. Харин зэсийг харлачихдаг гээд зэсээр хийсэн зүйлээс хэрэглэгч татгалзаад байсан. Тэгвэл манайх зэс голтой алт болон  мөнгөөр бүрж бүх гоёл чимэглэлээ хийдэг. Ингэснээр Солонгос, Япон монет шиг харагддаг. Хэрэглэгчдэд  маш таалагддаг. Үнийн хувьд Монголынхоо зах зээлийг судалж тогтоодог.  Нөгөөтэйгүүр өмнө авсан чимэглэлээ загварыг өөрчлүүлж, түгжээ зэргийг нь солиулж болдог. Түүнчлэн чихний нүхний байрлалд нь тааруулж ээмгийг унждаг, шигтгэдэг зэргээр хийж өгдөг.
 
- Цаашдын хийхээр төлөвлөж байгаа ажил зөндөө байгаа байх сонирхуулаач?
 
- Манайх бүх аймагт борлуулагчтай. Түүгээрээ дамжуулан борлуулалтаа хийдэг. Энэ чиглэлийн бизнес хийдэг хүмүүсийг нэгтгэж нэг том үйлдвэртэй болж ажлын байрыг нэмэгдүүлэх юмсан гэж боддог. Энэ салбарыг дэмждэг төрийн байгууллага бараг байхгүй. Гэтэл зах зээл, орон зай нь хангалттай байна.  Магадгүй төрөөс бодлоготойгоор дэмжвэл ажлын байр хангалттай бий болгох салбар. Сургалт нэг хэсэг явуулж байгаад ажлаа хүчрэхгүй болохоор түр зогсоосон. Би банкнаас нэг ч удаа зээл авч байгаагүй. Харин 2010 онд хоёр сая төгрөгийн зээл авах гэж хорь гаруй цаас бүрдүүлсэн. Гэтэл гурван сарын хугацаанд маш өндөр хүүтэй эргүүлээд төлнө  гэхээр нь больсон.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.